Тэр бишоп гэж үү?
Зохиогч нь АНУ-ын Иллинойд амьдардаг.
Олон жилийн өмнө би идэвх султай байсан болохоор тухайн үед таньдаг байсан нэг гишүүн намайг бишопоор дуудагдсанд итгэж чадахгүй байлаа.
Санваарын гүйцэтгэх хорооны хурлын үеэр бүрэн цагийн номлогчид манай тойрогт бүртгэл нь байдаггүй нэгэн гишүүнтэй уулзсанаа ярив. Би түүнийг тэр даруй таньсан ба тэр эмэгтэй бид хоёр олон жилийн өмнө нэг тойрогт байсныг хэлж билээ.
Номлогчдын нэг нь “Тийм ээ, бишоп оо, тэр бас тэгж хэлсэн. Бас таныг бишоп гэдэгт их гайхсан янзтай байсан” гэж хэллээ.
“Тэр юу гэж хэлсэн бэ?” гэж би тэднээс асуухад
тэр эмэгтэй их гайхсан байдалтай байсан бас “Тэр бишоп гэж үү?” гэсэн гэж тэд хэлэв.
Би инээгээд, энэ эмэгтэй намайг 30 жилийн өмнө тэс өөр байснаар минь мэднэ гэдгийг тайлбарлалаа.
Дараа нь би энэ явдлын талаар бодож байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт гишүүн байсан энэ 30 гаруй жилийн хугацаанд амьдрал маань хэчнээн их өөрчлөгдсөн тухай тунгаан бодов. Би тойргийнхоо олон гишүүнийг 20 жилийн турш мэдэх бөгөөд салбарын ерөнхийлөгчөөр мөн бишопоор үйлчилсэн. Гэхдээ эдгээр гишүүний хэн нь ч намайг 30 жилийн өмнө ямар байсныг мэддэггүй юм. Би наманчлал, Есүс Христийн Цагаатгалын талаар заахдаа хааяа өнгөрсөн амьдралынхаа алдаа дутагдлаас хуваалцдаг байсан ч тойргийн ихэнх гишүүн Сүмд өнгөрүүлсэн миний амьдрал ямар гайхалтай аялал байсныг мэдэхгүй.
Би гэр бүлийнхээ хамт 1979 оны 5-р сард Сүмийн талаар мэдэж авсан бөгөөд энэ бол бидний байх ёстой газар гэдгийг тэр даруй ойлгосон юм. Бид 6-р сард баптисм хүртээд, эхэндээ бүгд идэвхтэй байсан боловч би тун удалгүй Сүмд явахаа больж, хуучин зуршлууддаа автсан юм. Би сайн мэдээний болон Сэргээлтийн үнэн байдалд хэзээ ч эргэлзэж байгаагүй, харин өөрийгөө Сүмийн сайн гишүүн байхад тохирох хүн биш гэж боддог байлаа.
1982 онд итгэлээ огт алдаж байгаагүй эхнэр маань архинаас үүдэлтэй байнгын хүчирхийллээс залхаж, салах өргөдөл гаргав. Тухайн үед гэр бүл маань АНУ-ын Оклахомад амьдарч байсан ч би өсөж торнисон Иллиной муждаа эргэн очсон юм. Би хамгийн чухал зүйл болох гэр бүлээ алдахад хүрээд байлаа.
Байгаа эсэхийг нь ч мэдэхээ больсон эсвэл хэрэв байгаа бол намайг аль хэдийн мартсанд тооцож байсан Бурханд хандан би өглөө, оройдоо өвдөг сөгдөн залбирч эхлэв. Би гурван сарын турш итгэлтэй залбирлаа. Нэг өглөө эрт босоод, чин сэтгэлээсээ залбирч байх үед агуу тайвшралын мэдрэмж намайг нөмрөн авч, би Бурхан амьд, Тэр намайг мэддэг, надад хайртай болохыг мэдэрсэн юм. Би дахиад нэг ч дусал архи уухгүй гэдгээ бас мэдсэн.
Тэр орой эхнэр маань утасдаж, салах бичиг баримт дээр гарын үсэг зуруулахаар над руу илгээх гэж байгаагаа хэллээ. Ярьж байхдаа тэр гэнэт “Чи нэг л өөр болсон байна. Чамайг дахиад уучихвий гэж надад огт бодогдохгүй байна. Би энэ бичиг баримтыг урж хаялаа” гэж хэлж билээ. Бид эргэн нийлж, хоёр жилийн дараа эхнэр маань гурав дахь хүүгээ төрүүлэв.
Намайг Сүмдээ бүрэн идэвхтэй болсон байх гэж бодож байгаа байх. Гэтэл би их зөрүүд байсан юм билээ. Би хэсэг хугацаанд эргэн очиж, ахлагчдын чуулгын багшийн дуудлага хүлээн авлаа. Гэвч би өөрийгөө багш байхад хангалтгүй байна гэж үзээд, дахиад л идэвх маань сулрав.
1991 онд бид нэг жижиг салбар руу нүүсэн юм. Бага хүү маань найман нас хүрэхээс хэдхэн сарын өмнө Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан эхнэр маань хүүгээсээ хэнээр баптисм хүртээхийг хүсэж байгааг нь асуужээ. Мэдээж тэр аавыгаа энэ ёслолыг хийгээсэй гэж хүсэж байв. Эхнэр маань хүүдээ тэр бараг бүтэхгүй байх даа гэж хэлсэн. Хүү маань тэр хариултыг хүлээн аваагүй бөгөөд аавыгаа идэвхтэй болгох зорилго тавьсан юм. Тэр зорилгоосоо няцаагүйгээр барахгүй тун удалгүй би скаутмастерээр үйлчилж, дараа нь хүүдээ баптисм хүртээн, Ариун Сүнсний бэлэг өгөв.
Намайг идэвхтэй болсноос хойших найман сар үйл явдлаар дүүрэн байлаа. Бид гэр бүлээрээ Чикагогийн Иллинойн ариун сүмд лацдан холбогдож, би дахин ахлагчдын чуулгын багшаар дуудагдав. Гэхдээ энэ удаад би дуудлагаа орхиогүй. Дараа нь би салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр дуудагдав. Таван сарын дараа би салбарын ерөнхийлөгч боллоо. Түүнээс хойш сарын дараа “Би салбарын ерөнхийлөгч гэж үү?” хэмээн бодож байснаа санаж байна.
Хэрэв би сайн мэдээнд өсч хөгжиж чадсан юм бол бусад хүн ч бас чадна гэж би олон жилийн туршид зовж шаналж буй олон гэгээнтэнд хэлсээр ирсэн. Энэ нь Аврагчийн болон Түүний Цагаатгалын жинхэнэ хүчийг ойлгож, Түүн рүү очих алхмуудыг хийснээс л зөвхөн шалтгаалдаг.
Би надад гайхалтай үлгэр жишээ үзүүлсэн эхнэр, хүүхдүүд мөн бүх итгэлтэй гэрийн багш, чуулгын удирдагч, бишопууд болон бусад итгэлтэй гэгээнтэнд мөнхөд талархаж явах болно. Сүүлийн 20 жил Их Эзэнд болон түүний гэгээнтнүүдэд үйлчлэх нь үнэхээр сайхан байна. Амьдрал маань миний төсөөлшгүй их зүйлээр адислагдсан.