2016
Таны үйлчлэлд баярлалаа
April 2016


Сүмд үйлчлэх нь

Таны үйлчлэлд баярлалаа

Та бол Наувугийн өдрүүдээс өнөөг хүртэлх хугацаанд бие биенээ хайрлах сэтгэл, сүнслэг өдөөлтөөр дүүрэн байж, айлчлагч багшийн хувьд нэг нэгэндээ үйлчилдэг байсан тэр эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл юм.

visiting teachers

Би таны нэрийг болон хэдэн настай болохыг чинь ч мэдэхгүй. Би таны талаар өөр ямар ч зүйлийг мэдэхгүй. Харин би таныг Жоанны айлчлагч багш гэдгийг мэддэг. Таныг бүх зүрх сэтгэлээрээ, чин сэтгэлээсээ үйлчилдэг учраас би танд талархаж явдаг юм.

Миний бэр Жоанн (нэрийг нь өөрчлөв) шиг идэвх султай эгчийнд айлчлагч багшаар очих нь тийм ч амархан зүйл биш гэдгийг би мэднэ. Ялангуяа тэр эгч тийм ч найрсаг биш бол. Эхэндээ тэр таныг ирээсэй гэж хүссэн гэдэгт би эргэлзэж байсан. Гэвч Жоанны хэлснээр та түүнд жинхэнэ найз шиг нь ханддаг байсан юм билээ. Та түүний ямаршуу байгааг харахаар эргэж очдог байсан бас түүнийг байгаагаар нь л хүлээж авсан.

Жоанн хүүтэй минь гэрлэснээс хойш 19 жил өнгөрөхөд анх удаа айлчлагч багштай болсноо дурдсан нь энэ л дээ. Тэр таныг хэр тогтмол ирдгийг, мөн хэчнээн ухаалаг, эелдэг зөөлөн ханддагийг саяхан надад ярьж өгсөн. Та түүнийг өвчтэй байхад олон ч удаа тусалж, тэр ч байтугай манай ач охиныг Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт хүргэж өгөхийг санал болгож байсан гэсэн.

Сүүлийн арван жилийн туршид хүү, бэр хоёр маань гэр бүлтэйгээ манайхаас хэдэн зуун бээрийн хол амьдарч байсан. Би тэднийг хэрхэн хайрладаг шиг бусад олон хүн тэднийг хайрлаж, халамжлаасай хэмээн үргэлж залбирч байсан бөгөөд тэд надтай ойр амьдардаг байсан бол би хэрхэн туслах байсантай адил тэдэнд бусад хүн туслаасай гэж нүдэндээ нулимстайгаар Тэнгэрлэг Эцэгээс гуйж байсан билээ. Жоанны хэлснээр, та бол миний залбирлын хариу юм.

Жоанн, манай хүү хоёр мэргэн ухааны үгийг дагадаггүй, сүмд явдаггүй боловч сайн хүмүүс хэвээр байж, хүүхдүүдээ хайрладаг. Ямар ч байсан таны нүдийг Жоанны татдаг тамхины утаа бүрхчихээгүй л юм байна. Та түүнийг сүмд явдаг, явдаггүйгээр нь тодорхойлоогүй. Та түүнтэй танилцсанаараа түүнийг охиноо сүмд явуулж, гэрчлэлтэй болгохыг хүсдэг тийм л хайр татам ээж болохыг мэдэж авсан. Жоанныг хагалгаанд орох үед та түүнийг эрүүл мэндээ өөрөө хохироосон эсэхийг лавлахын оронд түүнд оройн хоол авчирч өгсөн.

Та миний ач охинд сайн үлгэр жишээ үзүүлж байгаад би ямар их талархаж байна гээч. Тэр таныг хүн болгонд санаа тавьдаг, хайраа илэрхийлэхийн тулд чадах бүхнээ хийдэг нэгэн гэж харж, үлгэр жишээ авна. Та нэг өдөр машингүй байхдаа, түүнд жигнэмэг авчирч өгөхийн тулд бага хүүхдүүдийнхээ хамт бүтэн бээр алхаж ирсэн тухай тэр надад ярьсан.

“Би чиний тухай болон ээжийн чинь тухай бодож байгаад, та нарт нэг сайхан зүйл хийхийг хүссэн. Зүгээр л тэгмээр санагдсан” гэж та түүнд хэлсэн байсан.

Айлчлагч багшийнхаа дуудлагад хичээл зүтгэл гаргаж байгаад тань би хэчнээн их талархаж байгаагаа танд хэлмээр байна. Та бол Наувугийн өдрүүдээс өнөөг хүртэлх хугацаанд бие биенээ хайрлах сэтгэл, сүнслэг өдөөлтөөр дүүрэн байж, айлчлагч багшийн хувьд нэг нэгэндээ үйлчилдэг байсан тэр эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл юм. Та идэвх султай бэр дээр минь ирэхдээ үйлчлэл, хайрыг чин сэтгэлээсээ харуулж чадсан билээ.

Танд баярлалаа.