Биднийг дахин уулзтал
Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх нь
The Latter-day Saints Millennial Star, 1894 оны 4-р сарын 23, 258–261-ээс авав; цэг таслал, том үсгийг стандартын дагуу өөрчилсөн болно.
Та нарын хэд нь Бурханы өгнө хэмээн амласан тэдгээр бэлгийг эрэлхийлж байна вэ?
Христийн Сүмийн эрэгтэй, эмэгтэй хүн бүр итгэлийнх нь дагуу Бурханы тааллаар оногдсон Бурханы Сүнсний бэлгүүдийг авч болдог. …
Та нарын хэд нь … Бурханы өгнө хэмээн амласан тэдгээр бэлгийг эрэлхийлж байна вэ? Та нарын хэд нь гэр бүлээрээ тойрон суухдаа эсвэл өөрийн нууцхан газарт Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө бөхийхдөө өөртөө өгөгдсөн эдгээр бэлэгт сэтгэл хангалуун байдаг вэ? Та нарын хэд нь Есүсийн нэрээр эдгээр хүч чадал, бэлгээр дамжуулан Өөрийгөө харуулахыг Эцэгээс гуйдаг вэ? Эсвэл та хаалга нээгдэж, хаагдаж байдаг шиг энэ тухай ямар нэгэн зүйл мэдрэхгүйгээр мөн итгэлээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэхгүйгээр баптисм хүртэн, Сүмийн гишүүн болж, Сүмд үлдсэндээ сэтгэл ханан, үүнийг хийсэн учраас аврагдах нь гарцаагүй гэж бодож, өдрийг үлгэн салган өнгөрүүлж байна уу? …
… Би Бурхан өвчтөнүүдийг дуртайяа эдгээж, сүнснүүдийг ялган таних болон мэргэн ухаан, мэдлэг, бошиглолын бэлгийг мөн бусад хэрэгтэй бэлгийг өгөхөд бэлэн байдаг гэдгийг мэднэ. Хэрэв бидний хэн нь ч төгс биш юм бол биднийг төгс болгох бэлгүүдийн төлөө залбирах нь бидний үүрэг мөн. Би дутагдалтай юу? Би зөндөө их дутагдалтай. Миний үүрэг юу вэ? Би эдгээр дутагдлаа засах бэлгүүдийг өгөхийг гуйн, Бурханд хандан залбирах үүрэгтэй. Хэрэв би ууртай бол удаан тэсвэрлэдэг мөн сайхан сэтгэлтэй энэрлийг гуйн залбирах үүрэгтэй. Би атаархаж, жөтөөрхдөг үү? Тийм бол атаархаж жөтөөрхдөггүй энэрлийг гуйн залбирах нь миний үүрэг юм. Сайн мэдээний бүх бэлгийн төлөө залбирах хэрэгтэй. Тэдгээр нь үүний тулд өгөгддөг. … Ямар ч хүн “Өө, би ийм л юм чинь, үүнийг даван туулж чадахгүй” гэж хэлэх ёсгүй. Ингэлээ гээд тэр зөвтгөгдөхгүй. Учир нь Бурхан төгс бус зүйлсээ засах хүчийг өгч, тэдгээрийг үгүй хийх бэлгүүдийг өгөхөөр амласан. Хэрэв хэн нэгэнд мэргэн ухаан дутагдвал, Бурханаас мэргэн ухааныг гуйх нь түүний үүрэг. Бусад бүх зүйлийг гуйж болно. Энэ нь Бурханы Сүмийн зорилго юм. Тэр Өөрийн гэгээнтнүүдийг үнэнд төгс төгөлдөр байгаасай гэж хүсдэг. Иймээс Тэр эдгээр бэлгийг өөрсдийн олон сул талыг үл харгалзан энэ дэлхий дээр төгс хүмүүс байхыг эрэлхийлэгчдэд өгдөг. Бурхан тэдний төгөлдөржихөд шаардлагатай тэрхүү бэлгүүдийг өгөхөөр амласан билээ.