Порнограф гэр бүлд нөлөөлсөн үед эхнэр, нөхөр хоёр хоёулаа эдгэрч илаарших хэрэгтэй
Нөхрүүд нь порнографын асуудалд орооцолдоход тэдэнд төдийгүй эхнэрүүдэд нь Аврагчийн эдгээх хүч ирдгийг би өөрийн биеэр харсан.
Бишопоор үйлчилж байсан эхний зургаан сарын дотор тойргийн маань нэлээн хэдэн хос надад итгэж, нөхрүүдээ порнографын асуудалтай байгааг хэлсэн юм. Зарим тохиолдолд эхнэр нь энэхүү итгэхийн аргагүй нууцын талаар олж мэдэнгүүтээ цочролд орсон байхад, зарим нь олон сар, жилийн турш энэ тухай мэддэг байв.
Надад эдгээр хосын хүн нэг бүрийг өрөвдөх сэтгэл төрсөн бөгөөд би “[тэднийг] бөх гэгч нь хүлэх хүсэлтэй … түүний гинжийг сэгсрэн хаяхад” (2 Нифай 9:45) нь ах бүрд туслан, тогтмол, болгоомжтой зөвлөснөөр Аврагчийн гэтэлгэлийн хүчийг мэдэрсэн юм.
Хэдий тийм ч би тэдний эхнэрүүдтэй уулзаж байхдаа Сүнсийг хамгийн их мэдэрсэн. Зарим хүний шарх шинэхэн, заримынх нь олон жилийн зовлонгийн үр дүнд сорвижсон хэдий ч эдгээр эгч бүгдээрээ “Би чухам яачихсан учраас тэр надад татагдахаа больсон юм бол?” эсвэл “Яагаад тэр өөрийгөө надаас өөр хүнтэй хамт байгаагаар төсөөлдөг юм бол?” гэх зэрэг асуултуудаас үүдэлтэй сүнсний гүн шархаа эдгээхийг хичээж байгааг би олж мэдсэн юм.
Нөхөр нь нүгэл үйлдсэн тул нөхөрт нь л Аврагчийн анагаах хүчийг нээх түлхүүрүүд хамгийн их хэрэгтэй гэж бишоп бодож болох юм. Гэвч эхнэрийнх нь шарх, зовлон шаналлаа эдгээх хэрэгцээ нь нөхрийнх нь нүглээсээ болон тэсэхийн аргагүй хүслээсээ эдгэрэх хэрэгцээтэй адил чухал гэдгийг би ойлгосон билээ.
Бошиглогч Иаков нифайчуудад хандан ярихдаа “Мөн түүнчлэн Бурханд таалагдах зүйл болох Бурханы өмнө олон нь үлэмж энхрий болоод ариун мөн эмзэг мэдрэмж бүхий тэдгээр” (Иаков 2:7) хэмээн эхнэрүүддээ үнэнч бус байгаа эрчүүдийг буруушаажээ. Тэрээр цааш нь: “Та нар цэвэр эмзэг эхнэрүүдийнхээ зүрхийг эмтэлж, мөн тэдний өмнө өөрсдийн муу жишээнүүдийн учир, … мөн тэдний зүрхний мэгшилтүүд та нарын эсрэг Бурхан өөд дээш ирж байна” гэжээ (Иаков 2:35). Би тэрхүү мэгшилтийг өөрийн биеэр гэрчилсэн юм. Тэдгээр мэгшилт нь нөхрийнхөө порнографын хэрэглээнээс болж хууртагдсанаа мэдрэх хүчтэй мэдрэмжээс нь гарч буй төдийгүй нөхрийнх нь дотоод тэмцлээ илэрхийлэх доромжлолын үгс, ууртай ширүүн зан авираас болдог. Муу зуршил нь ил болоход, нөхөр нь эхнэрээ янз бүрийн зүйл хийсэн эсвэл хийгээгүйгээс өөрийг нь ийм байдалд хүргэсэн хэмээн буруутгах нь хэвийн үзэгдэл юм. Хамгийн эмгэнэлтэй нь, эхнэр нь тэдгээр гүтгэлгийг өөртөө шууд тусган авч, итгэх нь түгээмэл байдаг.
Нөхөр нь бага залуугаасаа порнографт донтсоноо илчилснээс хойш хэдхэн хоногийн дараа миний өрөөнд яг тийм байдалтай хос сууж байлаа. Эхнэр нь Халамжийн нийгэмлэгийн ангидаа сууж, 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр Линда С.Рийвс эгчийн “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт” хэлсэн үг дээр үндэслэсэн хичээлийг сонсож байхдаа өөрт нь ханддаг нөхрийнх нь зан авир багшийн дүрсэлсэн хандлагуудтай адил байгааг анзаарчээ. Хичээлийн дараа тэр эмэгтэй нөхрөөсөө энэ тухай асуутал нөхөр нь урт удаан хугацаанд хадгалсан нууцаа илчилсэн байна. Тэр эмэгтэйн аль хэдийн үгүй болсон өөрийгөө хүндлэх үзэл одоо тэсэхийн аргагүй их гомдлыг бий болгожээ. Тэд надтай эхний удаа уулзаж байхдаа гэрлэлт нь цаашид хэрхэн үргэлжлэхийг ч мэдэхгүй байсан. Би тэдэнд найдвар байгааг батлан хэлээд, эхний зөвлөгөөгөө өгч, дараа нь ганц ганцаараа тусдаа уулзахыг урьсан юм.
Би тэдгээр уулзалтад бэлтгэн байнга залбирахын зэрэгцээ, LDS.org дээр байгаа Ministering Resources вэб сайтаас порнограф хэрэглэгчдийн хань ижилд дэмжлэг үзүүлэх тухай зөвлөгөөнүүдийг судалсан бөгөөд тэндээс дараах зүйлсийг уншсан юм: “Эхнэр, нөхөр хоёрт тэднийг хайрлаж, тэдэнд санаа зовж байгаагаа тус тусад нь илэрхийл. Тэрээр ханийнхаа порнографын хэрэглээнд эсвэл муухай ааш авирт нь хариуцлага хүлээхгүй бөгөөд хүчирхийлэгч зан байдлыг нь тэвчих шаардлагагүй гэдгийг тодруулж хэл.”
Би энэ эгчтэй уулзахдаа яг ингэж зөвлөсөн бөгөөд дээр нь нэмж, нөхрийнх нь үйлдлүүд түүнтэй огт холбоогүй, түүний хийсэн эсвэл хийгээгүй зүйлсээс шалтгаалаагүй, харин ч нөхрийнх нь өөрийн дотоод зөрчлөөс болсон гэдгийг батлан хэлсэн юм. Энэ үгсийг сонсоод тэр эмэгтэйн тайвшрахыг би харсан бөгөөд тэдгээр үг үнэн болохыг нотлох Сүнсний баталгааг мэдэрсэн. Ярилцлагын төгсгөлд тэрээр санваарын адислал өгөхийг надаас хүсэв. Тэр өөрийн нөхцөл байдлыг гэр бүл, найз нөхдөөсөө нууцалсан тул ганцхан надаас л адислал хүсэж болохыг би ойлгосон юм.
Би эдгэрэх үйл явцад нь туслахын тулд нөхрийг нь тухайн газарт байх хожмын үеийн гэгээнтний донтолтоос ангижрах цуглаанд урьж, эхнэрийг нь хань ижил, гэр бүлийн гишүүдэд зориулсан цуглаанд явахад урамшуулан дэмжив. Тэрээр зовлонг нь ойлгох бусад эгчтэй уулзаж, тайтгаран, адилхан зовлонг туулж, дахин нийлсэн хосуудыг хараад, итгэл найдвар төрснөө надад хэлсэн.
Энэ хостой анх уулзсанаас хойш хэд хэдэн сар өнгөрч, тэдэнтэй олон удаа харилцах тусам тэднийг улам бүр хайрлаж, сэтгэл зовних болсон байв. Тэдний цаашдын аян зам саад бартаагүй байхгүй ч, сараас сард нөхөр нь хүсэл тачаал, порнографаас хол байж мөн түүний эхнэр өөрийн үнэ цэнэ, өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлсэн байхыг харах нь миний хувьд баяр хөөр юм.
Тэдэнтэй саяхан ярилцах үед, урьд нь уулзахад байдаг байсан зовлон шаналал, нулимс нь байнгын инээмсэглэл, бүр инээд хөөрөөр солигдсон байлаа. Гэхдээ магадгүй хамгийн гол үр дүн нь тэдний гэрлэлт үргэлжлэхээр барахгүй, гайхалтай сайхан байж, өргөмжлөгдөх боломжтой гэх итгэл найдвар төрсөн явдал юм.
Харамсалтай нь, бүх хос ийм үр дүнд хүрэхгүй гэдгийг би хүлээн зөвшөөрдөг билээ. Порнограф ашигладаг хүн ахиц гаргахаас татгалзвал зарим гэрлэлт бүтэлгүйтдэг. Нөхөр нь ямар замыг сонгосноос үл хамааран эхнэрт нь тусалж, зөвлөх нь сүнслэгээр нөлөөлөгддөг гэдгийг би мэднэ. Би ийм нөхцөлд буй ямар ч эгчийг бишоп нь үл тоомсорлож, дутуу үнэлэн, буруугаар ойлгохгүй байгаасай хэмээн найдаж байна. Бишопын үйлчлэл бол Аврагч зүрх сэтгэл нэг бүрийг, тэр бүү хэл “гүнзгий шархнуудаас цоорч” (Иаков 2:35) үлдсэн тэдгээр зүрхийг бүрэн эдгээх хүчээ харуулдаг гол эх булаг юм.