2016
Ахмад номлогчид: Хэрэгтэй бөгөөд адислагдаж, хайрлагдсан хүмүүс
April 2016


Ахмад номлогчид: Хэрэгтэй бөгөөд адислагдаж, хайрлагдсан хүмүүс

Хосоороо номлолд үйлчлэх нь таны бодож байгаагаас илүү уян хатан, өртөг багатай мөн илүү их баяр хөөртэй байж болох юм.

the Malmroses serving in Ghana

“Та ирж, тусалж чадах уу?”

АНУ-ын Вашингтон мужийн Жэралд ба Лорна Малмроз нар урьд нь энэ асуултад хариулж байсан. Хуучин бишоп нь байсан номлолын ерөнхийлөгч нь тэднийг өөртэй нь хамт Вэст Индийн арлуудад үйлчлэхийг хүсэхэд тэд зөвшөөрсөн ажээ. Гадасны ерөнхийлөгч нь тэднийг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод байрлах Сүмийн удирдах газарт компьютерийн болон хүний нөөцийн үйлчлэлийн номлолд дуудахад тэд мөн л зөвшөөрчээ.

Хуучин бишоп, номлолын ерөнхийлөгч асан Рийд Робисон энэ удаад Гана улсын Аккра дахь номлогчийг бэлтгэх төвийн ерөнхийлөгчийн хувьд Малмрозынхныг дахин нэг удаа туслаач хэмээн дуудсан байна.

Ахлагч Малмроз “Бид Их Эзэнд итгэж чадна гэдгээ мэдсэн” гэснээ, “Тэгээд бид Түүнд дахин итгэхээр шийдсэн юм” гэж хэллээ. Тэд зөвшөөрч, өргөдлийн маягтуудаа бөглөн, дуудлагаа хүлээн авч, Ганад удалгүй очсон ажээ.

Хосоороо үйлчлэх нь

Малмрозынхны туршлага номлолд үйлчилж буй ахмад номлогчдын талаарх нийтэд сайн ойлгогдоогүй зарим зарчмыг харуулдаг.

  • Хоёр төрлийн номлол байдаг. Тухайлбал: (1) Сүмийн ерөнхийлөгч ахмад хосуудыг гэртээ юм уу гэрээсээ хол үйлчлэхэд дууддаг. (2) Гадасны ерөнхийлөгч орон нутгийн болон бүсийн хэрэгцээг хангахаар долоо хоногт 8-аас 32 цаг үйлчлэх Сүмийн үйлчлэлийн хос номлогчдыг дууддаг. Тэд ихэнхдээ орон нутагтаа амьдарч, үйлчилдэг боловч заримдаа гэрээсээ хол үйлчилдэг.

  • Номлолын ерөнхийлөгчдийг номлолынхоо хэрэгцээнд тохирох хосуудыг олоход урамшуулан дэмждэг бөгөөд хосууд хүсэлтээ ирүүлж болдог. “Бид хосуудыг номлолоо өөрсдөө шилж сонгож болно гэж байгаа юм биш” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тайлбарлалаа. “Дуудлага л бол дуудлага. … [Гэвч] бид ахмад хосуудтай үйлчлэлийнх нь сонголтын тухай ярилцаж, тэдний хаана, хэрхэн үйлчлэх талаарх бүхий л зүйлийг анхааралтай авч үздэг.”1

  • Номлолын ерөнхийлөгчид хосуудын ур чадварыг хэрхэн хамгийн сайн ашиглаж болох талаар тэдэнтэй зөвлөлддөг. “Ахмад номлогчийн хувьд хамгийн утга учиртай туршлага олж авахын тулд” “өөрийн ажиллахыг хүсэж байгаа болон ямар нэгэн зүйл санал болгохуйц ур чадвараа ашиглах боломжтой салбарт ажиллах хэрэгтэй” хэмээн ерөнхийлөгч Робисон хэлсэн юм.

Тухайлбал, ихэнх африк хүн францаар ярьдаг тул ахлагч Малмрозын франц хэлээр ярьдаг нь тус болно гэдгийг ерөнхийлөгч Робисон мэдсэн ажээ. Ерөнхийлөгч Робисон “Би түүнийг аялалд оролцож, визний асуудлыг хариуцна байх гэж төсөөлсөн” хэмээн ярив. “Гэвч түүнийг энд ирэхэд, жинхэнэ сонирхдог зүйл нь биш болохыг би мэдэрсэн. Тиймээс би түүнийг компьютерийн ур чадвараа ашиглахад урив. Тэр манай системийг хялбарчилж, хэрэгтэй тайлангуудыг боловсруулан, өчнөөн олон цагийг хэмнэхэд тусалсан юм.” Ахлагч Малмроз номлогчдод, ялангуяа францаар ярьдаг номлогчдод гэр бүлийнхээ нэрсийг бэлтгэж, ариун сүмийн ажлыг хийхэд нь тусалдаг. Малмроз эгч эмнэлгийн мэргэшсэн туслах байсан тул номлолын эмч, сувилагч нартай хамт ажиллахаар томилогдсон байна.

Тэрээр замыг бэлтгэдэг

Малмрозынхантай адил, бусад хос ч бас Их Эзэнд итгэх үед Тэр замыг нь бэлтгэдэг гэдгийг мэдэж авчээ. Яг л тийм зүйл Филиппиний Кабитэ мужийн Кавит хотын Алвин болон Коразон Риета нарт тохиолджээ.

the Rietas serve in the Philippines

“Бид үйлчлэхээр шийдэхээсээ хоёр жилийн өмнөөс гэр бүлийнхээ бизнесийн талаар баттай төлөвлөж эхэлсэн” гэж ахлагч Риета тайлбарлалаа. “Манай хүү, охин хоёр коллежээ төгссөн болохоор бизнесээ хариуцаж болох байсан ч бизнесийн асуудлуудаа хэн шийдэж байх, үйлчлүүлэгчид маань бидний төлөвлөгөөнд хэрхэн хандах бол зэрэгт бид эргэлзэж байв.”

Риета эгч мөн өндөр настай ээжийгээ орхин явахдаа санаа нь зовж байжээ. “Биднийг хол байхад ээж минь нүд аньчих вий гэхээс би айж байсан” гэж тэр ярив. “Би бас сайн мэдээг заахад бэлэн биш байгаагаа мэдэрсэн.”

Тэд бишоптойгоо болон Давао номлолд саяхан үйлчлээд ирсэн хостой зөвлөлджээ. “Тэд Их Эзэн хос бүрийн ар гэрийн асуудал, гэр орон, номлолын хөрөнгийн эх үүсвэрийн талаар шийдвэр гаргахад нь туслан удирддаг гэсэн хүчтэй гэрчлэлээ хуваалцсан” хэмээн Риета эгч хэлэв.

“Бид удирдамж эрэлхийлснээр” “айдас маань шийдвэрлэгдэж, бидний бизнес асуудалтай байсан ч амжилттай явагдаж, үйлчлүүлэгчид маань бас баяртай байгаагаа илэрхийлэн, тус дэм үзүүлж, өвчтэй ээжийг маань асрахдаа гэрийнхэн маань хоорондоо илүү ойр дотно болсон. Их Эзэн үнэхээр бидэнд тусалдгийг бид ойлгож эхэлсэн” гэж Риета ах ярив.

Риетагийнхан одоо Филиппиний Кагаяан дэ Оро Номлолд гишүүд, удирдагчдыг дэмжин үйлчилж байна.

Таны хийж чадах олон зүйл бий

Зарим хос бие махбодын хязгаарлагдмал байдалдаа эргэлздэг бол АНУ-ын Юта мужийн Кийт, Жэннилин Мауермэн нарт тэр нь асуудал биш байлаа. Кийт олон жилийн өмнө Калифорнийн Лос Анжелес ариун сүмд гэрлэснээсээ хойш дөрвөн сарын дараа цэрэгт татагдаж, дайнд явжээ. Нисэх хүчний багийн ахлагч тэрээр газрын мина дэлбэрэхэд бусад цэрэгтэй хамт урд эгнээнд явж байсан аж. Тэр хоёр хөлгүй болсон байна. Түүнийг гэртээ эргэн ирэхэд Женнилин түүн рүү гүйн очжээ.

Кийт “бид мөнхөд гэрлэсэн учраас би санаа зовох хэрэггүй гэдгээ мэдэж байсан” гэж хэлсэн юм. Мөн тэрээр “Эхнэр маань намайг үргэлж дэмжсээр ирсэн. Тэр одоо ч гэсэн намайг өдөр бүр дэмждэг” гэж хэлэв.

the Mauermans serving in military relations

Тэд Мауермэн эгчийг тэтгэвэртээ гарахаар номлолд үйлчлэхээр шийджээ. Гэвч ахлагч Мауермэн хоёр хөлгүй байгаа нь асуудал учруулах болов уу? “Надад хийж чадахгүй зүйлс үргэлж байсан,” “гэхдээ бас миний хийж чадах олон зүйл бий. Бидэнд тохирох газар байгаа гэдгийг ч бид мэдэж байсан” хэмээн тэр ярьсан юм.

Тэд өргөдлийн маягтаа бөглөж байхдаа цэргийн алба хаасан гэж тэмдэглэжээ. Тэд удалгүй Сүмийн Цэргийн харилцах албанаас дуудлага хүлээн авсан байна. “Надад цэргийн баазуудад нэвтрэх эрх бүхий үнэмлэх байсан тул тэд биднийг цэргийн харилцаа хариуцсан номлолд санал болгохыг зөвшөөрөхийг хүссэн юм.”

Мауермэнийхэн АНУ-ын Хойд Каролина мужийн цэргийн баазад үйлчлэхээр дуудагдсан билээ. Ахлагч Мауермэн дурсан ярихдаа: “Гадна хаалган дээрх хаяг нь ‘Форт Брагг, Нисэх хүчний анги’ гэсэн байсан. Харуул бидэнтэй ‘Эцсээ хүртэл!’ гэсэн нисэх хүчний уриаг хэлж мэндэлсэн нь энэхүү үгсийг олон жилийн дараа анх удаа сонссон минь байлаа. Би Форт Браггт өмнө нь хэзээ ч ирж байгаагүй ч гэртээ байгаа юм шиг санагдаж билээ. Номлолын дуудлага маань бидэнд яг тохирсон болохыг мөн Их Эзэн надад санаа тавьдгийг би мэдсэн юм.”

“Бид бие даах чадвартай, сэтгэлийн хаттай болох мөн гэрлэлтээ хүчирхэгжүүлэх талаар хичээлүүд заадаг байсан” гэж Мауермэн эгч ярив. “Эхэндээ бид өөрсдийн түүхийг ярих дургүй байсан ч хуваалцах нь ямар их өөрчлөлтийг бий болгож байгааг ойлгосон юм. Цэргүүд болон тэдний эхнэр, нөхрүүд биднийг хараад, ‘Та нар хийж чадсан юм бол бид ч бас хийж чадна’ хэмээн хэлдэг байв.”

Мауермэнийхэн Хойд Каролинад үнэхээр гайхалтай туршлага хуримтлуулсан тул дахин номлолд үйлчлэхийг хүсчээ. Өнөөдөр тэд Сүмийн цэргийн харилцаа хариуцсан газарт үйлчлэхээр долоо хоногт хоёр удаа Орем хот дахь гэрээсээ Солт Лэйк хот руу 40 бээр (64 км) зам туулан очдог. Тэд мөн Прово хот дахь номлогчийг бэлтгэх төвд ахмад номлогчдод заадаг. Тэндээс тэд үйлчлэхийн тулд саад бэрхшээлийг даван туулсан хэн нэгэн хүн бүлэг бүрд байгааг олж мэджээ.

Бүх нийтийн хэл

Ютагийн Рэнди, Лоу Эллэн Ромрелл нар Бразилын Кюаба Номлолд дуудагдахдаа санаа зовж байжээ. Хэдийгээр ахлагч Ромрелл залуу байхдаа Бразилд номлолд үйлчилсэн ч тэрээр португаль хэлээ мартсан аж. Ромрелл эгч португаль хэл мэддэггүй. Хэлээ судалж, хичээн чармайсны ачаар ахлагч Ромреллийн португаль хэл сэргэж, Ромрелл эгч ч бас хэл сурч эхлэв. Тэдний укулэлэ тоглох чадвар ч мөн адил сайжирчээ.

“Би укулэлэг авчрахаар төлөвлөөгүй,” “харин ахлагч Ромрелл авчрахаар шийдсэн бөгөөд үр нөлөөг нь харахад гайхалтай байна хэмээн Ромрелл эгч хэлсэн юм. Бид сонирхогчдод заахдаа болон гишүүдийг идэвхжүүлж, тэдэнтэй нөхөрлөхдөө мөн хүмүүсээр дуулал дуулуулахдаа үүнийг ашиглах нь сайхан байдаг. Бид хэлээ сурч байгаа бөгөөд дуулал ч бас хүмүүст сүнсийг хүчтэй мэдрүүлдэг” хэмээн ярьсан билээ.

the Romrells playing a ukulele

Түүний португаль хэл сайжирсаар байгаа бол тэр харин хөгжмийг аль хэдийн гарамгай сайн тоглодог болсон. “Хөгжим хүмүүсийг нэгтгэдэг” гэж тэр хэлдэг. “Би айлчлах үедээ тэдний хэлсэн бүх зүйлийг ойлгодоггүй ч бид дуулах үедээ тэдэнтэй холбогддог юм.” Ромреллийнхэн сургуулиудад Америкийн Талархлын баярын тухай ярихаар уригдахдаа талархлын тухай дууллыг укулэлэ тоглон дуулжээ. Ромрелл эгч арай энгийн зэмсэг болох төгөлдөр хуурыг сүмд дуулал дуулахад тоглодог.

Харин португаль хэлний хувьд? “Хэдий сайн мэдэхгүй ч сурсан цөөн үг маань хэрэг болдог” гэж тэр хэлэв. “Зүгээр л сайн уу хэмээн хүмүүстэй мэндлэх нь их чухал. Та сурч байгаагаа тэдэнд харуулах хэрэгтэй. Энгийн байж, Сүнсэнд найд.” Сүнс хүн бүрийн ойлголцдог хэл гэдэг нь мэдээж шүү дээ.

Гэртээ үйлчлэх нь

Ютагийн Паул, Мар Жийн Льюис нар хамтдаа гурван номлолд (Нью-Йоркийн Палмирагийн ариун сүм; Хятадын Хонконгийн ариун сүм; Хорват, Серб, Словений институт, семинар зэрэгт) үйлчилжээ. Тэднийг дахин нэг номлолд үйлчлэхээр бэлтгэж байх үед гадасны ерөнхийлөгч нь “Та нар энд өөрсдийнхөө гадсанд үйлчилж, амьдарч буй газрынхаа номлолд туслах боломжтой юу?” хэмээн асуужээ.

the Lewises serving at home

“Бид энд шинээр ирсэн тул энэ нь гайхамшигтай боломж байлаа” хэмээн Льюис эгч ярив. “Бид залуу ахлагч, эгч нартай хамт үйлчилж, номлолын ерөнхийлөгчтэй ойр байж, дүүргийн болон бүсийн хурлуудад суун, тойргийн номлолын удирдагчидтай хамт ажилладаг.” Тэд мөн сонирхогчид ба идэвх султай гишүүдийн гэрт зочлон очдог.

“Бид хэзээ ч уулзах боломжгүй байх байсан гайхалтай хүмүүстэй уулзсан,” “тэдний зарим нь явах замаасаа татгалзсан хүмүүс байсан. Тэднийг эргэн ирж, ёслолуудыг хүлээн авч, ариун сүм рүү явахыг харах нь гайхамшигтай адислал юм” гэж Льюис эгч хэлэв.

Ахлагч Льюис “Олон хос номлолд үйлчлэх тухай бодохдоо гэр орон, машинаа яах билээ, эсвэл гэр бүлийнхээ чухал зүйлд оролцохгүй өнгөрөх вий хэмээн санаа зовдог” гэж хэлэв. “Бид гэртээ амьдарч, машинаа ч барих боломжтой байгаа. Номлогчийн үүрэгтэй маань зөрчилдөхгүй бол бид гэр бүлийнхээ үйл ажиллагаанд оролцож болно. Бид ачийгаа төрөхөд ч бас энд байсан.”

Гэр бүлийн адислалууд

Харин Льюисийнхэнтэй нэг гадсанд харьяалагддаг Жилл, Кент Сорэнсэн нар гэр бүлээ хүчирхэгжүүлэх хамгийн шилдэг арга бол гэрээсээ хол үйлчлэх явдал хэмээн үздэг. Сорэнсэн эгч хэлэхдээ “Хосууд номлолд явахгүй байгаагаа ач зээ нар, асуудалтай байгаа гэрлэсэн хүүхдүүд, хүүхэдтэй болох гэж буй охид, өндөр настай эцэг эх гээд олон зүйлээр шалтагладаг. Гэр бүл хамгийн чухал бөгөөд та тэднийгээ өдөр бүр санадаг. Гэхдээ номлолд явах нь номлогчийн ажил ч бас чухал юм гэсэн хүчирхэг захиасыг өгдөг юм” гэжээ.

Үүнээс гадна ахлагч Сорэнсэн “Одоо цагт байнга холбоо барих маш олон арга зам бий болсон” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Сорэнсэнийнхэн гурван жилийн өмнө бишоп нь тэднийг номлогчийн үйлчлэлийн тухай бодож буй хосуудад зориулан сар бүр галын дэргэдэх цугларалт хийхийг хүссэнээр номлогчийн аяллаа эхлүүлжээ. “Энэ талаар байнга ярьсаар байгаад, сүүлдээ бид өөрсдөө явахаар шийдсэн!” гэж Сорэнсэн эгч ярив. Тэд Жиллийн өвөө, эмээгийн 50 жилийн өмнө үйлчилсэн Күкийн арлуудад үйлчлэхээр дуудагджээ.

the Sorensons teaching Bible classes

Өнөөдөр тэд бусад үүргийнхээ хажуугаар сургуулиудад Библийн хичээл заахаар уригдсан.

“Бид Христийг хад хэмээн ярьдаг” гэж ахлагч Сорэнсэн хэлэв. “Бид сурагчдад жижиг чулуу өгөөд, тэднийг Христ дээр хад мэт бат бөх үлдэхэд зоригжуулдаг. Одоо биднийг хаашаа ч явсан, хүмүүс биднийг харахаараа ‘Бат бөх хад!’ гэж хэлдэг болсон.”

Ирж, тусал

Хэрэв та бүрэн цагийн номлолд эсвэл Сүмийн үйлчлэлийн номлолд явахаар төлөвлөж байгаа бол эдгээр хос танаас ерөнхийлөгч Робисоны Жэралд, Лорна Малмроз хоёроос асуусан шиг “Та ирж, тусалж чадах уу?” л гэж асуух болно. Таны хэрхэн үйлчлэхээс үл хамааран, та хэрэгтэй, та хувь нэмрээ оруулж чадна, та адислагдан, хайрлагдах болно гэсэн амлалтыг тэд танд өгөх болно.

Эшлэл

  1. Ахлагч Жэффри Р.Холланд: LDS Church Desperately Needs More Senior Missionaries,” Deseret News, 2011 оны 9-р сарын 14, deseretnews.com.