Та ичимхий байсан ч
Их Эзэнд найд. Сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэл бүрд тань Тэрээр та нарыг адислах болно.
Би Бразилд номлолын шинэ ерөнхийлөгч байхдаа хэдэн ахлагчтай ярилцлага хийсэн юм. Би нэгнээс нь өөрийнхөө талаар ярихыг хүсэв.
“Би их ичимхий” гэж тэр хэлсэн юм. Бүрэг ичимхий зан нь үйлчлэлд нь саад болж магадгүй хэмээн түүний санаа зовж байв.
“Би түүнээс Их Эзэн чамайг сайн номлогч байхад тусалж чадна гэж чи бодож байна уу? гэж асуув.
“Би Их Эзэн бүхнийг хийж чадна гэдэгт итгэдэг.”
“Өөртөө туслах боломжийг Түүнд олго. Чи үүнийг хийж чадах уу?” гэж би асуув.
“Чадна” гэж тэр хэлэв.
Түүнийг гарч явах үед “за даа, бүтнэ гэж л найдъя даа” хэмээн бодсоноо нуух юун.
Хэдэн долоо хоног өнгөрсний дараа удалгүй нөгөө номлогчид дахин ярилцлагад орохоор ирэв. Энэ удаа нөгөө ичимхий ахлагчийн хамтрагч “Ерөнхийлөгч өө, би таныг түүнд юу гэж хэлснийг мэдэхгүй ч энэ нь түүнд үнэхээр тусалсан шүү. Тэр хүмүүстэй ярихдаа их сайн болсон” гэж хэлэв. Би үүнийг сонсоод, түүнтэй дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа.
Тэр миний өрөөнд орж ирээд доош харан зогссоноо,
“Надад сайхан мэдээ байгаа” гэж хэлэв. Тэрээр “Би ичимхий хэвээр байгаа ч надад туслахыг Их Эзэнээс гуйсан. Тэгээд би амаа нээж, ярьж эхэлсэн. Тэгээд яасныг та мэднэ шүү дээ? Би одоо цаг үргэлж ярьж байгаа. Би бүр юу хэлэхээ ч санадаггүй. Гайхалтай нь хүмүүст тэр нь их таалагддаг. Тэд Сүнсийг мэдэрдэг. Тэд намайг болон миний тэдэнд хэлэх гэж байгаа зүйлсийг ойлгодог” гэж билээ.
Энэ номлогч Их Эзэнд итгэж найдсанаар хэрхэн өөрчлөгдсөнийг нь хараад би гайхаж билээ. Тэр олон хүнд аз жаргал авчрах агуу зэмсэг болсон байв.
Айдсаа ялан дийлэх нь
Бид сайн мэдээг хуваалцахдаа заримдаа их сандардаг. Гэвч энэ ичимхий номлогчийн жишээгээр, хэрэв бид Түүнд итгэвэл Их Эзэн биднийг удирдах болно. Ариун Сүнс бидэнд юу хэлэхээ мэдэхэд маань туслах болно (2 Нифай 32:2–3-ыг үзнэ үү), хүмүүс Сүнсийг мэдэрсэн үедээ илүү эерэг ханддаг. Олон хүн бидний итгэдэг зүйлсийг сонирхдог бөгөөд илүү ихийг мэдэхийг хүсдэг.
Агуу баяр хөөр
Тэнгэрлэг Эцэг сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлд маань биднийг удирдаж, бид үүнээс агуу баяр хөөрийг мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна. Чухамдаа тэрхүү баяр хөөр нь энэ амьдралд төдийгүй ирэх дэлхийд бидэнд байх болно. (С ба Г 18:16-г үзнэ үү.) Энэ нь та ичимхий байсан ч өөрийн дасаж сурсан орчноос гарч, өөр зүйл хийх сайн учир шалтгаан юм.