Эргэцүүлэл
Зааварчилгаа ойлгомжтой байна уу?
Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг байсан бөгөөд өнгөрсөн жил нас барсан.
Унадаг дугуйн аялал маань Их Эзэний замын газрын зургийг байнга эргэн харж, хянаж байх ёстой гэдгийг ойлгоход тусалсан юм.
Хэдэн жилийн өмнө би өөрийн эгч, бэр эгч мөн түүний охинтой хамт Францад дугуйгаар аялж билээ. Өглөө бүр бидэнд яг дагах юм бол биднийг тэр өдрийн очих ёстой газарт хүргэх гурван хуудас нарийн зааварчилгаа өгдөг байв. Бид усан үзмийн талбайг өнгөрөн явж байтал, зааварчилгааны дагуу хойд зүг рүү 165 тохой (50 м) яваад, зүүн гар тал руу эргэж 330 тохой (100 м) явахыг зөвлөсөн байсан. Ихэнх тохиолдолд зааварчилгаа нь чухал замын тэмдэг ба дайран өнгөрөх гудамжнуудын нэрсийг зааж өгч байв.
Нэгэн өглөө бид сонирхол татсан гудамжаар орж явтал уг газар зааварчилгаанд тусгагдаагүй болохыг тэр даруй анзаарлаа. Бид тэрхэн зуур төөрөлдөж, хамгийн сүүлд зөв байсан гэж мэдэх газар руугаа буцаж, тэнд очоод хааш явахаа олохоор шийдсэн юм.
Яг л бодсоныхоо дагуу бид тэнд очоод, зааварчилгаанд заасан байсан ч анзааралгүй өнгөрсөн замын жижиг тэмдгийг олж харав. Удалгүй бид дахин зөв зам дээрээ гарч, зааврын дагуу аяллаа үргэлжлүүлж болохуйц бүх зүйл ойлгомжтой болсон байлаа.
Энэ явдал оньсого мэт байсан дараах асуултад маань хариулт өгсөн юм. Хэн нэгэн хүн сайн мэдээний талаар гэрчлэлтэй байсан мөртлөө яагаад Сүмээ орхин явдаг юм бол? Хэрэв бид буруу зүг рүү (нүгэл рүү) эргэх юм уу Бурханы зарлигуудыг дагахдаа алдаа гаргавал, зааварчилгаа (Бурханы үг) ойлгогдохоо больдог юм байна гэдэг нь надад тодорхой болсон юм. Өгөгдсөн газрын зураг нь бидний байгаа газарт тохирохоо больдог гэсэн үг. Хэрэв бид хэт хадуурч холдоогүй л бол алдаа гаргасан нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, буцаж эргэх (наманчлах) эсвэл Бурханы зарлигласны дагуу зөв гэж мэдэж байсан тэр замаа дагах талаар дахин шийдвэр гаргаж болно.
Байгаа газарт маань зааварчилгаа тохирохоо больсон үед бид ихэнхдээ зааварчилгаа зөв эсэхэд эргэлздэг. Бид буцаж явахын оронд зааварчилгааг буруутгаж, түүнийг дагахаа бүр больдог. Эцэст нь хэлэхэд, бид очих ёстой газрынхаа талаарх алсын хараагаа алдсанаар төөрөлдөж, түр зуурын сонирхол татахуйц сайхан газруудаар явдаг ч тэдгээр нь биднийг очих ёстой газарт маань хүргэдэггүй.
Бид өдөр бүр судраас суралцах боломжтой. Мөн бид зургаан сар тутамд Сүмийнхээ ерөнхий чуулганд оролцох боломжоор хангагдсан байдаг. Энэ л цаг үед бид замынхаа газрын зургийг сайтар харж, судалж, хаана хүрэх ёстойгоо баталгаатай мэдэж авах нь чухал биш гэж үү? Би нэгэн удаа Ерөнхий чуулганыг сонсож байхдаа хэдийгээр бид төгс бус ч гэлээ, хэрэв бид зааварчилгаануудаа бүрэн ойлгож байвал зөв зам дээр явж байгаагаа мэдэж болох юм гэдгийг мэдэрсэн юм.
Зөв чигийг дагах нь биднийг энэ амьдралын хүрэх ёстой газруудад хүргэх учир бид судраас суралцаж, амьд бошиглогчдын зөвлөгөөг дагаснаар явж буй замаа хянан, шаардлагатай үед зүг чигээ өөрчлөх боломжтой болж, эцэст нь селестиел гэртээ хүрч очих болно.