Тэнгэрлэг Эцэгт өгөх песо
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Хойд Каролинад амьдардаг.
“Зарлигуудыг сахь. Үүнд аюулгүй байдал ба амар амгалан буй” (Children’s Songbook, 146).
Ана бингээ идэж дууслаа. Бин нь зөөлөн бөгөөд амттай байв. Ана эмээгийнхээ хийсэн бинд дуртай. Өглөөний ундны хамгийн гоё нь бин байдаг байв.
Абуэла эмээ нь аяга тавгаа угаахыг Ана харлаа.
Энэ бол бусад өглөө шиг жирийн нэг өглөө байв. Гэхдээ нэг л зүйл өөр байлаа.
Абуэла уг нь хоол хүнс авахаар зах руу явдаг байсан юм. Гэтэл өнөөдөр явсангүй. Өнөөдөр хоол хүнс авах мөнгө байсангүй.
“Маргааш бид юу идэх юм бол?” гэж Ана бодлоо.
Дараа нь Ана нэг зүйлийг санав. Тэр хаана мөнгө байгааг мэддэг шүү дээ! Урьд шөнө Абуэла хэдэн песог жижиг цагаан даавуунд хийхийг тэр харсан юм.
“Абуэла, та мартаа юу? Танд хоол авах мөнгө байгаа шүү дээ.”
“Ямар мөнгө?” гэж Абуэла асуулаа.
Ана нөгөө мөнгийг авчрахаар гүйв. Ана зоостой жижиг уутыг сэгсрэн үзүүлэв. Жин! Жин!
Абуэла инээмсэглэв. “Ана, наадах чинь бидний аравны нэг. Наадах чинь Түүний мөнгө.”
“Гэхдээ маргааш бид юу идэх юм бэ?” гэж Ана асуулаа.
“Санаа зовох хэрэггүй дээ. Тэнгэрлэг Эцэг бидэнд тусална гэдэгт би итгэлтэй байна” гэж Абуэла хэлэв.
Маргааш өглөө нь Абуэла Анад хамгийн сүүлчийн эрдэнэ шишийн бинг өгөв. Тэгээд тэр сандал дээрээ суулаа. Тэр даашинзан дээр улаан цэцэг хатгангаа өөрийнхөө жаахан байсан үеийн тухай ярьж байв. Тэрээр огт санаа зовсон шинжгүй байв.
Тэгтэл Ана хаалга тогшихыг сонслоо. Ана хаалга нээхээр гүйв.
“Авга ах Педро!”
“Та хоёр дээр очмоор санагдаад” гэж авга ах Педро хэлэв. Тэр ширээн дээр гурван ууттай зүйл тавилаа. Нэг уутанд нь бин хийх эрдэнэ шишийн гурил байв. Нөгөөд нь мах. Бас нэг уутанд захаас авсан шинэ ногоонууд байв.
Абуэла “Өө хайрт хүү минь. Би чамд бөөрөнхий махтай хамгийн гоё шөлөө хийж өгье!” гэлээ.
“Таны хийдэг шөл энэ дэлхийн хамгийн амттай нь” гэж авга ах Педро хэлэв.
Ана инээн, алга ташлаа.
Тэгснээ гэнэт алга ташихаа болив. Түүнд мэдмээр байгаа нэг зүйл байв. “Aбуэла, та авга ах Педрог ирнэ гэдгийг мэдэж байсан юм уу? Тэгээд л та санаа зовохгүй байжээ?”
“Үгүй ээ. Намайг аравны нэгээ төлөхөд Тэнгэрлэг Эцэг адислах болно гэдэгт би итгэдэг. Тэр үнэхээр адисалсан!” гэж Абуэла хэллээ.
Ана Абуэлаг тэврэв. Тэр Мексикийн хамгийн аз жаргалтай охин мэт санагдав. Абуэла тэр хоёр Тэнгэрлэг Эцэгт итгэдэг. Одоо тэр Абуэлагийнхаа хийсэн амтат шөлийг идэхийг тэсэн ядан хүлээж байна!