2016
Хоёр дахь боломж
April 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Хоёр дахь боломж

Кэйли Болдвин, АНУ, Aризона

violin

Би анх түүнтэй уулзахдаа хийлээ бариад явж байв.

Намайг хийлийн цүнхээ хөл хавьдаа савчуулсаар хоолны өрөө рүү явах хооронд тэрээр хөлөө чирсээр над руу ойртон ирлээ.

Тэрээр дөхөж ирснээ “Хийл” гэв.

“Тийм ээ” гэж би хэлэв.

Би өмнө нь хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ярилцаж байгаагүй болохоор юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэр намайг дагаж ширээн дээр минь ирээд, миний хажууд суун, хийлийн цүнх рүү заагаад,

“Хийл” гэж дахин хэлэв.

Намайг цүнхээ нээтэл түүний нүд гэрэлтлээ. Тэр хийлийн утсуудыг хамаа намаагүй татаж гарав. Хийлийнхээ утсыг тасрах вий гэж бодохоос зүрх минь хүчтэй цохилж, би бушуухан цүнхээ хаалаа. Тэр явахаасаа өмнө намайг тэвэрсэн.

Үүнээс хойш би түүнийг олон удаа харж билээ.

Тэр намайг харах бүрдээ мөрөөр минь тэвэрч, зулай дээр минь үнсдэг байв.

Би ахлах сургуулиа төгстлөө түүний ирж байгааг харах л юм бол зугтаадаг боллоо. Тэр намайг олж тэврээд, үнсэхэд нь би хэдэн хором хүчээр инээмсэглэх аядаад, үг дуугүй бушуухан холдон явдаг болсон юм.

Би түүнийг ахлах сургуулийн найрал хөгжмийн сүүлчийн тоглолтон дээрээ хараад, “Өө, үгүй ээ” гэж бувтнав. Тэр намайг тоглолтын дараа танхимын гадна найзуудтайгаа зогсож байхыг хараад дөхөн ирэв.

Түүнийг инээмсэглээд, тэврэх гэж гараа дэлгэхэд найзууд маань ухран зогслоо.

“Виллиам!”

Би эргэж хараад, бидэн рүү гүйн ирж байгаа нэг эмэгтэйг харав.

“Уучлаарай” гэж тэр эмэгтэй хэлээд, түүнийг гараас нь хөтлөв. “Виллиам хийлд дуртай юм. Тэр өнөө оройн тоглолтод өөрийг нь авчрахыг надаас гуйсан юм. Хонгор минь, явцгаая.”

Тэр мөчийг хүртэл би түүний нэрийг нь ч мэддэггүй байснаа анзаараагүй байжээ. Би Виллиамтай хоёр жилийн өмнө танилцсан ч түүнээс зугтаах гэж олон цаг зарцуулснаас биш түүнийг таньж мэдэх гэж хичээгээгүй байв. Виллиамыг ээжтэйгээ хамт явахыг хараад, би ичих шиг болж билээ.

Олон жилийн дараа би гэрлэж, Дауны синдромтой хөөрхөн хүү төрүүлсэн бөгөөд түүнийг Спэнсэр гэж нэрлэсэн юм. Би хүүгээ харахдаа Виллиамын тухай бодож, Спэнсэрт маань түүнтэй адил зүйлс тохиолдох болов уу хэмээн өөрөөсөө асуудаг байлаа. Түүний их үнсдэг, хэт чанга тэвэрдэг зэргээс нь болоод хүмүүс түүнээс зугтаах болов уу? Түүний хязгаарлагдмал байдал найз нөхдөд нь эвгүй байх болов уу?

Спэнсэрийг дөрвөн сартай байхад би түүнийг орон нутгийнхаа эмнэлэгт үзүүлэхээр авч очлоо. Би машинаас хүүгээ авахдаа эмнэлгээс гарч яваа хоёр хүнийг харав. Итгэхийн аргагүй байсан ч энэ хүмүүс Виллиам, түүний ээж хоёр байсныг би таньсан юм.

Намайг дөхөж очоод, “Виллиам!” гэж дуудахад зүрх минь хүчтэй цохилж байлаа.

“Сайн уу?” Тэр нүүр дүүрэн инээмсэглэж, машины зогсоол дундуур аажуухан алхсаар ирлээ. Тэр гараа өгч, миний гарыг урам зоригтой атгав.

“Чи сайн уу?” гэж би түүнээс асуув.

Түүнийг “хийл” гэж хэлэхэд, нүдэнд нь баяр баясгалан гэрэлтэж байлаа.

Хийл. Тэр намайг ч бас санаж байлаа. “Тийм ээ” гэж би нүдэндээ нулимстай инээгээд, “Би хийл тоглодог байсан шүү дээ” гэв.

Би түүнтэй ярилцахдаа, намайг Виллиамтай дахин уулзахыг ямар их хүсэж байсныг мэдэж байсан хайрт Тэнгэр дэх Эцэгийнхээ нигүүлсэлд зүрх сэтгэлдээ талархан залбирч байлаа. Хүүгийнхээ эрүүл мэндийн асуудалд дарагдан, ирээдүйд нь санаа зовнин байгаа залуу эх намайг олж харан, биднийг мэддэг гэдгээ надад сануулсан нэгэн туршлагыг өгсөнд би Бурханд талархалтай байна.