Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Бошиглол ба хувийн илчлэлт
Есүс Христийн үнэн Сүм сэргээгдсэн бөгөөд өнөөдөр дэлхий дээр оршин байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм тэнгэрээс удирдамж байнга хүлээн авдаг амьд бошиглогч, төлөөлөгчдөөр удирдуулсаар ирсэн билээ.
Энэ бурханлаг хэв маяг эрт дээр үед ч байсан юм. Бид Библээс “Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” (Aмос 3:7) гэдгийг мэдэж авдаг.
Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан бидний цаг үед дахин ярьсан. Тэр бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг илчилсэн. Тэр Өөрийнхөө ариун санваарыг түлхүүрүүд ба бүх эрх, чадал, санваарын хүчийн ариун чиг үүргүүдийн хамт сэргээсэн билээ.
Бидний өдрүүдэд амьд бошиглогч, төлөөлөгчид Бурхан Эцэг ба Их Эзэн Есүс Христээс хүлээн авсан эрх мэдлээр үг хэлэх, сургах, удирдан чиглүүлэх эрхтэй. Их Эзэн бошиглогчид “Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, мөн би өөрийгөө зөвтгөх нь үгүй; мөн тэнгэр хийгээд газар үгүй болсон ч, миний үг алга болох нь үгүй, харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” хэмээн хэлжээ (С ба Г 1:38).
Бид жилд хоёр удаа болдог Ерөнхий чуулганы үеэр Их Эзэний бидэнд хандсан үгийг Түүний үйлчлэгчдээс сонсох боломжоор адислагддаг. Энэ бол үнэлж баршгүй боломж юм. Гэхдээ уг боломжийн үнэ цэн нь бид тэдгээр үйлчлэгчид өгөгдсөн үгсийг яг тэр Сүнсний нөлөөн дор хүлээн авч чадаж байгаа эсэхээс хамаардаг (С ба Г 50:19–22-ыг үзнэ үү). Тэд тэнгэрээс удирдамж хүлээн авдаг шиг бид ч бас хүлээн авч байх ёстой. Энэ нь биднээс адил хэмжээний сүнслэг хүчин чармайлт гаргахыг шаарддаг.
“Гэрийн даалгавраа хий”
Хэдэн жилийн өмнө Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн нэг нь надаас түүний Ерөнхий чуулганд бэлтгэсэн үгийг уншиж өгөхийг хүссэн юм. Би тэр үед тухайн чуулгын шинэхэн гишүүн байлаа. Надад итгэл найдвар хүлээлгэн, Их Эзэний ярих байсан үгийг олоход түүнд туслах боломжтой болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. “Энэ бол хэлэх үгийн маань 22 дахь ноорог байгаа юм” гэж тэр надад инээмсэглэн хэлэв.
Тэгэхэд би бидний хайрт, хүндэт ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) гуайн ихэд анхааруулж хэлж байсан: “Сонс, хэрэв чи илчлэлт хүлээн авахыг хүсэж байгаа бол гэрийн даалгавраа сайн хийж бай” гэсэн зөвлөгөөг санаж билээ.
Би тэрхүү 22 дахь нооргийг сайтар уншиж, тунгаан бодоод, залбирсан юм. Би Ариун Сүнсний нөлөөн дор хамаг чадлаараа түүнийг судлав. Чуулганы гишүүн үгээ хэлэх цаг болох үед би гэрийн даалгавраа хийсэн байлаа. Би түүнд тусалсан эсэхээ мэдэхгүй ч тэрхүү үгийг сонсохдоо өөрчлөгдсөн гэдгээ мэддэг. Миний уншсан болон түүний хэлж байсан үгсээс илүү утга учир бүхий захиас надад ирсэн юм. Үг бүр нь нооргон дээрээс уншсанаас илүү агуу утга учиртай байлаа. Тэрхүү захиас надад зориулагдаж, миний хэрэгцээнд тохирсон зүйл байв.
Бурханы үйлчлэгчид илчлэлт ба сүнслэг удирдамж хэрэгтэй хүмүүст зориулан Түүний өгөх захиасыг хүлээн авахын тулд мацаг барьж, залбирдаг. Энэ явдлаас мөн үүнтэй адилхан олон туршлагаас миний мэдэж авсан зүйл бол бид амьд бошиглогч, төлөөлөгчдийг сонсоод агуу үр ашгаас нь хүртэхийн тулд өөрсдөө илчлэлт хүлээн авах төлөөсийг төлсөн байх ёстой явдал юм.
Их Эзэн захиасыг нь сонсдог хүн бүрд хайртай бөгөөд хүн бүрийн зүрх сэтгэл, нөхцөл байдлын талаар сайн мэддэг. Тэр хэрхэн засаж зүгшрүүлэн, ямар урам дэм өгөхийг мөн эрэгтэй, эмэгтэй хүн бүрд мөнх амьдралд хүрэх замаа олж сонгоход сайн мэдээний ямар үнэн хамгийн их тус болж чадахыг мэднэ.
Бид Ерөнхий чуулганы захиасуудыг сонсож, үзсэнийхээ дараа “Би юуг хамгийн сайн санаж байгаа билээ?” гэж асуух нь бий. Их Эзэн бидний хүн нэг бүрийг: “Би Тэнгэрлэг Эцэгээ болон Аврагчаа баярлуулахын тулд юу хийх ёстойг хэлэх Сүнсний дуу хоолойг зүрх сэтгэлдээ мэдэрсэн тэр агшныг хэзээ ч мартахгүй” гэж хариулна хэмээн найддаг.
Ерөнхийлөгч Лийгийн хэлсэнчлэн, бид бошиглогч, төлөөлөгчдийг сонсохдоо үүнийг хүлээн авна гэсэн итгэлтэйгээр хөдөлмөрлөвөл тэрхүү хувийн илчлэлтийг хүлээн авч чадна. Би энэ нь үнэн гэдгийг өөрийн туршлагаас мөн Сүнс гэрчилснээр мэддэг.