10 минутад дуулал тоглож сур!
Хэрэв та өмнө нь хэзээ ч төгөлдөр хуур тоглож байгаагүй боловч сурахыг үргэлж хүсдэг бол танд боломж байна. Танд хэрэгтэй зүйл бол даралтат хөгжим. Танай гэрт даралтат хөгжим байхгүй бол энэхүү өгүүллийг төгөлдөр хуур эсвэл даралтат хөгжимтэй газар авч очоод, сурч эхэлж болно.
Энэ хичээл тун энгийн бөгөөд хялбархан тул та хичээлийн төгсгөлд дуулал тоглож чаддаг болсон байна. Үнэндээ та энэ хичээл дээр байгаа дууллын аяыг 10 орчим минутад тоглож сурах боломжтой!
Бэлэн үү? Эхэлцгээе!
Төгөлдөр хуур тоглоход бэлтгэх нь
-
Та төгөлдөр хуурынхаа урд суугаад, хуруунуудаа товчлуур дээр байрлуулан, тохойгоо бага зэрэг нугалсан байхаар тааруулж суудлаа хойшлуул.
-
Суудлынхаа голд, товчлуурынхаа төвийн чанх урд суу.
-
Суудлынхаа урд ирмэгт нуруугаа цэхлэн, жингээ урагш төвлөрүүлэн суу.
-
Хөлөө газар тавь.
-
Тухтай, цэх суу.
-
Хөгжмийн нот ба товчлуураа сайн харахуйц гэрэл сайтай байхад анхаар.
-
Бос. Хоёр гараа сул унжуулж, гараа амраа. Таны гар бөмбөг барьж буй мэт төрөлхийн хагас нугаларсан байдалтай байгааг анзаар. Буцаж суухдаа гараа тиймэрхүү хагас нугаларсан байдлаар товчлуур дээр тавь.
-
Гараа товчлуур дээр байрлуулан, хуруунуудаа цагаан товчлуурын том талбарын гол хавьд байхаар байрлуул. Алгаа товчлуурын дээхэн тал руу харуул. Гэхдээ яг товчлуурууд дээр болон товчлууруудын доод талын модон дээр алгаа тавьж болохгүй.
-
Хурууны өндөгний үзүүр хэсгээр товчлуурт хүрнэ. Хуруунуудаа нугаларсан байдалтай байлгах бөгөөд хурууны доод үеэ л хөдөлгөнө. Товчлуураа дарахдаа хурууны үеүдээ нугаларсан байдалтай байлгана.
Хуруунуудаа дугаарлан тоглох нь
Товчлуур бүр дээр зөв хуруугаа байрлуулахын тулд энд харуулсны дагуу хуруунуудаа дугаарла. Энэ хуудсан дээрх нотны харалдаа хурууны дугааруудыг бичсэн байгаа.
Хуруу бүр нэг товчлуурын дээр байхаар аль нэгэн таван бүлэг товчлуурын дээр гараа байрлуул. Энд үзүүлсний дагуу товчлууруудыг зөв хуруугаараа даран, хурууны дугааруудаа давт. Иш нь дээшээ нотнуудыг баруун гараараа тоглоно. Иш нь доошоо нотнуудыг зүүн гараараа тоглоно.
“Тэр хотын хэрэмнээс гадна” дууллыг тоглох нь
Хуруунуудаа доор харуулсны дагуу товчлуур дээр байрлуул.
Хоёр ба гурваараа байх хар товчлууруудыг ашиглан зөв байрлуул.
Харуулсны дагуу дугаарласан хуруунуудаараа энэ дууллыг тогло. Иш нь дээшээ нотнуудыг баруун гараараа, иш нь доошоо нотнуудыг зүүн гараараа тоглоно. Сайн тоглодог болтлоо дууллыг давт. Дээрх есөн алхамд дурдсан, хуруугаа сайн техниктэй болгох зарчмуудыг дага.
Ингээд та төгөлдөр хуур болон энгийн дууллын ая тоглож сурлаа. Та бусад дууллыг тоглохын тулд өргөлт, хэмнэл, нотны талаар зарим үндсэн зарчмыг сурах шаардлагатай.
Хамгийн сайхан зүйл нь юу вэ гэвэл, таны сая сурсан хичээл бол Сүмийн даралтат хөгжмийн сургалт номын нэгдүгээр хичээл юм. Уг номыг Сүмийн хангамжийн төвөөс зургаан хэл дээр авах боломжтой.1 Дагаж хийхэд хялбар хичээлийн заавар нь таныг өөрөө бие даан эсвэл хэсэг бүлгээрээ сурахад тусална. Та гэр бүлийн үдшийн үйл ажиллагаан дээрээ гэр бүлээрээ хамтдаа төгөлдөр хуур сурч болох юм. Энэхүү сургалтыг зургаахан долоо хоногт дуусгаж болно.
Хувиараа хөгжим тоглож сурах нь суралцагчдын анхаарал төвлөрөлт, хичээл сургуульдаа гаргах амжилт, сэтгэн бодох чадвар зэргийг сайжруулахад тусалдаг болохыг олон судалгаа харуулдаг.2
Бид хөгжмийн чадвараа хөгжүүлэхэд суралцсанаар Их Эзэний бидэнд өгсөн авьяасыг хөгжүүлж, мэдлэгээ дээшлүүлэн, Түүний хаант улсыг байгуулахад авьяас, мэдлэг чадвараа ашиглах олон өөр арга замыг мэдэж авдаг.