2016
Би хожмын үеийн гэгээнтэн гэдгээсээ болж сургууль дээрээ шоолуулдаг. Би итгэдэг зүйлийнхээ төлөө зогсох хэрэгтэйг мэддэг ч энэ нь үнэхээр хэцүү байдаг! Би хэрхэн хангалттай зоригтой болох вэ?
April 2016


Асуулт, хариултууд

“Би хожмын үеийн гэгээнтэн гэдгээсээ болж сургууль дээрээ шоолуулдаг. Би итгэдэг зүйлийнхээ төлөө зогсох хэрэгтэйг мэддэг ч энэ нь үнэхээр хэцүү байдаг! Би хэрхэн хангалттай зоригтой болох вэ?”

Энэ нөхцөл байдалтай тэмцэхэд танд зориг хэрэгтэй. Эцсийн эцэст Есүс Христ “Та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш гэрэлтүүл” (C ба Г 115:5) хэмээн тушаасан. Гэхдээ гэрлээ урагш гэрэлтүүлэх зоригтой байна гэдэг нь таныг дооглож буй хүмүүсийн эсрэг үнэнийг ярьж болно эсвэл ярихгүй байж болно гэсэн үг юм.

Аль нь ч байсан, аливаа сөрөг зүйлд чамайг сайжруулах боломж олго. Чи гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байхдаа бусад хүн чамайг дооглож байсан ч үнэнийг ярихад эсвэл зүгээр л зөв зүйлийг үргэлжлүүлэн хийхэд чамд тусалж чадах тийм чимээгүй зоригийг хөгжүүлж чадна.

Бусдаар гоочлуулах нь сэтгэлээр унагаж болох ч бусад хүн чамаар дамжуулан Христийн хайрыг мэдэрч болохын тулд чи энэрлээр дүүргэгдэхийн төлөө залбирч чадна гэдгээ санаарай (Моронай 7:48-ыг үзнэ үү). Нөхцөл байдал бүр өөр өөр байдаг тул тохиолдол бүрд хэрхэн Христийнхтэй адил арга замаар хандаж болохоо мэдэхийн тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Нөхцөл байдлаас хамааран, чамайг дооглож тохуурхсан хүмүүстэй ганцаарчлан уулзаж ярилцах эсвэл итгэлийнхээ дагуу үргэлжлүүлэн амьдарснаар нөхөрсөг бус элэг доогийг зүгээр л тоохгүй өнгөрөх нь хамгийн сайн арга зам байж болно. Чиний хэлэх үгсийг бусад хүн сонсохыг хүсэхгүй байвал сайхан сэтгэл, уучлал, чин сэтгэлийн үлгэр жишээ тань чиний тэдэнд илгээж чадах хамгийн сайн захиас болж болох юм.

Жинхэнэ зоригийг харуул

Чи тэднээс шоолохоо болихыг хүсэх хангалттай зоригтой байсан ч чамайг шоолдог хүмүүс шоолохоо болихгүй байж болох юм. Гэвч чи өөрийнхөөрөө, хожмын үеийн гэгээнтэн шиг амьдрах зориг гаргаснаар тэд больж болно. Чамайг үүнийг мэдэхээс өмнө Тэнгэрлэг Эцэгийн баталсан туяа чиний амьдралд буй тэрхүү сэргээгдсэн сайн мэдээг олж харахад тэдний нүдийг нээж болохын тулд чиний дээр гэрэлтэх болно.

Брайт У., 17 настай, Нигери, Имо муж

Энгийн зүйлсээс хүч чадал ол

Залбирал ба мацаг барилт чухал юм. Учир нь Есүс Христ энэ дэлхий дээр байхдаа маш их доог тохуутай учирч байсан шиг чамайг ч гэсэн сургууль дээрх тоглоом шоглоом, түвэгтэй асуудлуудтай тулгарахад залбирал, мацаг барилт тусална. Эдгээр нь чамд бусдыг хайрлах илүү их хайр, тэвчээрийг хөгжүүлэхэд тусална.

Волтэр К., 15 настай, Перу, Хаэн

Залбирлаар удирдуулах нь

Олон жилийн турш би сургуульдаа ганцаараа Сүмийн гишүүн байсан юм. Дотны найзууд маань намайг ойлгож байсан ч сургуулийн бусад найз маань шоолдог байв. Нэгэн өдөр би залбираад, намайг шоолоход бусдыг уриалдаг хүүхдүүдийн нэгтэй ярилцмаар санагдлаа. Би түүнд уурлахгүй байгаагаа тайлбарлаад, надаар хүндлүүлэхийг хүсвэл намайг ч бас хүндлэхийг түүнээс хүссэн юм. Нэг багш маань бидний яриаг сонссоноосоо хойш, ямар нэгэн зүйл болоход намайг байнга хамгаалдаг болж билээ. Чамайг ийм хүмүүстэй ярилцах үед Их Эзэн чамтай хамт байх болно гэдгийг би мэднэ.

Шанела С., 14 настай, Филиппин, Пангасинан

Гэрчлэлээ хөгжүүл

Эхлээд бусадтай хуваалцмаар байгаа үнэнийхээ талаар бодит гэрчлэлтэй бол. Чамайг тохуурхаж буй хүмүүсийг хайрла, Бурхан зөрчилдөөнийг хэзээ ч дэмждэггүй тул тэдэнтэй бүү маргалд (3 Нифай 11:29-ийг үзнэ үү). Хамгийн чухал нь үргэлж Сүнстэй хамт байхыг хичээ. Сүнс чамайг илүү их хайраар дүүрэн мөн зоригтой байхад тусалж, чиний үгсийг хүчирхэг болгоно.

Жулиа Ф., 19 настай, Герман, Хэссэ

Дайснаа хайрла

Би тиймэрхүү нөхцөлд байж үзсэн. Хэрэв чи итгэлтэй байж, өөрийгөө даруусгавал, “дайснуудаа хайрлаж, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбирах” хүч чадал, итгэлээр адислагдах болно (Матай 5:44). Би хэрхэн хүчтэй байх талаарх судруудыг судлахыг уриалж байна. Ганцаардсан үедээ итгэлтэйгээр залбир. Ром 8:31-д хэлэхдээ, “Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?” гэсэн байдаг. Бурхан чиний дэргэд байна. Бүх зүйл боломжтой.

Рийган Т., 15 настай, АНУ, Юта

Бүү ай

Шашныхаа тухай илүү олон удаа ярих эсвэл ийм боломж олгох зүйлсийг зориуд хий. Би бас иймэрхүү нөхцөлд байж үзсэн ба “Би ХҮГ байхдаа дуртай” гэж үүргэвчин дээрээ бичсэн. Тэгснээр би хэд хэдэн удаа номлогч байх боломжтой болсон бөгөөд бусад хүнд ХҮГ гэдгээ мэдэгдэхээс айдаггүй гэдгээ харуулсан юм. Чи юу ч хийсэн бай, тэдэнд боломж бүү олго. Тэдний төлөө, бас өөрийнхөө төлөө залбир. Удалгүй та бусдын бодгалийг аврахад анхаарч байгаагаа анзаарна. Та Эцэгийн сайн мэдээний үнэнийг тэдэнд хэлэхээс айхаа болино.

Саванна П., 14 настай, АНУ, Техас