Ахмад номлогчийн хором
Ахмад хосуудын хувьд гайхамшигтай дурсамж бий болгох хамгийн шилдэг арга замуудын нэг бол номлолд хамтдаа үйлчлэх явдал юм.
60, 70 гарсан найзууд маань ямар нэг юмыг мартаж санах үед бид ой тогтоолт нь муудаж байгааг ихэвчлэн “ахмадын хором” гэж тоглоомоор хэлдэг шүү дээ. Харин би өөр төрлийн ахмадын хором буюу үүрд хоногшин үлдэх дурсамж бүхий гайхамшигтай хормын талаар яримаар байна. Энэ бол ахмад номлогчид Их Эзэний яг хүссэн зүйлийг хийж байгаагаа ухаарах тэрхүү хором юм. Тэд ийм дурсамжтай мөчүүддээ:
-
Хуваалцах амьдралын туршлага, бусдыг адислахын тулд ашиглаж болох авьяас, чадвар, сургаалын мэдлэг өөрсдөд нь байгааг;
-
Тэдний үлгэр жишээ хүүхдүүдэд нь төдийгүй хүүхдүүдийнх нь хүүхдүүдэд адислал болохыг;
-
Үйлчлэх явцдаа өнө мөнхийн нөхөрлөл үүсгэж байгааг;
-
Гэрлэлт нь өдөр ирэх тусам улам бүр хүчирхэгжиж байгааг;
-
Их Эзэний нэрээр үйлчлэх нь хэчнээн сайхан болохыг ухаардаг.
Дурсамж бий болгох мөчүүд
Хайрт ахмад хосууд аа, та нарын ихэнх нь ийм мөчийг мэдрэхийн төлөө хичээх хэрэгтэй. Чилид үйлчилж байсан ахмад хосын хийсэн зүйлийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын ярьсан түүхийг санаарай. Залуу ахлагчдын нэгнийх нь аав өөд болсон байна. Номлолын ерөнхийлөгч уг номлогчийн байгаа газарт тэр даруй очиж чадахааргүй хол байжээ.
Ахлагч Холланд “Тэр газарт нэгэн сайхан сэтгэлтэй [төлөв даруухан] номлогч хос үйлчилж байсан бөгөөд тэд номлогч дээр ирж, номлолын ерөнхийлөгчийг холбоо барьтал дэргэд нь байж, түүнийг халамжилж, санаа тавьж байв. Манай номлолуудад гайхалтай сайн залуу номлогчид байдаг байсан. Гэхдээ тэр ахмад хосын энэхүү ахлагчийн төлөө хийсэн зүйлийг ямар ч залуу номлогч хийж чадахгүй билээ”1 гэж хэлсэн.
Тэр мөчид тэдэнд байсан энэ чадвар бол ердөө л залуу ахлагчид яг хэрэгтэй үед нь нинжин сэтгэлээр хандсан явдал юм. Тэд Христийнхтэй адил хайрын хэлээр ярихаас илүү өөр зүйл хэлэх хэрэггүй байсан. Ач, зээгийнх нь төрсөн өдөр эсвэл нэрийн адислал чухал байж болох ч тэд эдгээрт санаа зовоогүй. Харин тэд, Их Эзэн аль нэг хүүхдийнхээ амьдралыг адислахдаа өөрсдийг нь хаана байгаасай гэж хүссэн, тэрхүү газарт нь байхыг л чухалчилсан. Тэд хүссэн учраас л Их Эзэн Өөрийг нь төлөөлөхийг тэдэнд зөвшөөрсөн юм.
Үйлчлэл хийхэд үргэлж таатай байдаггүй
Үнэнийг хэлэхэд, гэрээсээ явах нь ямар ч ахмад номлогчид тааламжтай санагддаггүй. Иосеф Смит, Бригам Янг, Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф нарын хэнд нь ч гэрээсээ явах сайхан байгаагүй. Тэд ч бас хүүхдүүдтэй мөн ач, зээ нартай байсан бөгөөд тэдэндээ бидний адил хайртай байсан. Гэсэн ч тэд бас Их Эзэнд хайртай бөгөөд Түүнд үйлчлэхийг хүсэж байсан билээ. Бид хэзээ нэгэн өдөр энэ эрин үеийг байгуулахад тусалсан тэдгээр үнэнийг баримтлагчтай уулзах болно. Бид тэдэнтэй уулзах үедээ үйлчлэх боломжоос татгалзаагүйдээ баясах болно.
Зарим хүн гэртээ амьдрангаа үйлчлэхийг илүүд үздэг. Аазэ Шумахер Нэлсон (Нэлсон ахын хамаатан биш) цус харвасны улмаас тэргэнцэр дээр суудаг болсныхоо дараа, нөхөр Донтойгоо хамт номлолд үйлчлэх удаан хугацааны хүсэл мөрөөдөл нь биелэхгүй болсонд санаа зовж байжээ. Тэгтэл хөрш нь тэдэнд бишопын агуулахад Сүмийн үйлчлэлийн номлогчоор үйлчилдэг тухайгаа ярьжээ. Тэд түүнээс урам авснаар агуулахын ахлах ажилтантай ярилцан, өргөдлийн маягт бөглөж, гэрийнхээ ойролцоо байдаг агуулахад долоо хоногийн хоёр өдөр үйлчлэхээр дуудагдсан юм.
“Зүгээр амарч, хэвтээд, ‘Өө, би одоо ямар ч хэрэггүй болсон хүн’ гэж бодох амархан. Гэхдээ одоо би хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Энэ нь миний хувьд гэрчлэл болж байна” хэмээн Аазэ Нэлсон хэлсэн юм.
Та нар үнэхээр хэрэгтэй хүмүүс
Хэрэв та нар өөрсдийгөө хэрэггүй гэж бодож байгаа бол хэрэгтэй хүмүүс гэдгийг тань би баталж байна. Ахмад хосуудыг номлолдоо хүлээн авч, үйлчлүүлэхийг хүсэхгүй нэг ч номлолын ерөнхийлөгч Сүмд байхгүй. Ахмад номлогчид залуу ахлагч ба эгч нарыг сүнслэг байдлаар нь хүчирхэгжүүлдэг. Тэд үүрэг хариуцлагадаа илүү сайнаараа үйлчлэхэд бусдад тусалж, дэмжлэг болж өгдөг. Сүмийн гишүүн болоод хэдхэн жил болж байгаа удирдагчийн хувьд олон жилийн туршлагатай гишүүнээс тусламж авах нь ямар чухал утга учиртай болохыг та нар төсөөлж байна уу? Ахмад номлогчид ихэнхдээ бишоп, салбарын ерөнхийлөгчдийн залбирлын жинхэнэ хариулт болдог.
Бид номлолын ерөнхийлөгчдийг номлолынхоо хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ахмад хосуудыг хайж олоход урамшуулан дэмждэг. Бишопууд үйлчлэх боломжтой хосуудыг хайж олох хэрэгтэй. LDS.org дээр ахмад хосуудын үйлчилж болох боломжуудыг харуулсан уртаас урт жагсаалт бий. Гэхдээ хамгийн чухал нь хосууд өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгээсээ одоо энэ нь тэдний хамтдаа номлолд үйлчлэх цаг мөн эсэхийг асуух хэрэгтэй. Энэ бүх хэрэгцээн дотроос үйлчлэх хүсэлтэй байна гэдэг нь хамгийн чухал юм (С ба Г 4:3-ыг үзнэ үү).
Би ахмад номлогчдын ажлыг магтан сайшаахын зэрэгцээ үйлчлэхийг хүсэж байгаа ч үйлчлэх боломжгүй олон хүн байгааг ойлгож байна. Насны болон эрүүл мэндийн асуудал, гэр бүлийн гишүүдийн чухал хэрэгцээ шаардлагыг хүндэтгэх шалтгаан гэж үзэж болно. Үйлчлэх хүсэл тань дүрэлзэн асаж байгаа ч иймэрхүү хүндрэл байгаа бол та бусдыг гар хөлөө болгон үйлчилж мөн шаардлагатай санхүүгийн тусламж үзүүлж болно.
Ахмад хосууд аа, та нар хаана байгаагаасаа мөн хэн гэдгээсээ үл шалтгаалан ахмад номлогчийн энэхүү гайхалтай хормыг хамтдаа бүтээх боломжийн төлөө залбираарай. Тэнгэрлэг Эцэг танд юу хийхээ мэдэхэд тань туслах болно.