Зүрх сэтгэлийн амар амгалан
Би найман настайдаа бошиглогч, ерөнхийлөгч Дэвид О.Маккэйг (1873–1970) харж билээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк мужийн Палмира дахь Сүмийн шинэ барилгыг онцгойлон адислахаар ирсэн байлаа. Манай гэр бүл тэрхүү онцгойлон адислах үйл явцад оролцсон юм. Мөн өөр бусад олон хүн ирсэн байв. Бид бүгдээрээ бошиглогчийг харахдаа баяртай байлаа.
Би жаахан байсан тул түүнийг олон хүний дундаас олж харахад хэцүү байв. Гэхдээ л би ерөнхийлөгч Маккэйгийн хайрыг мэдэрч чадсан. Хэсэгхэн зуур би түүний цагаан үс, эелдэг төрхийг ажиглан харав. Би “Бурханы бошиглогч ийн харагддаг байх нь ээ” гэж бодсон. Би бошиглогчдын талаар судраас уншсан боловч энэ бол миний хувьд анх удаа бошиглогч эсвэл ерөнхий эрх мэдэлтнийг өөрийн нүдээр харсан явдал байлаа. Би бошиглогчид бодит хүн болохыг ойлгосон. Тэд биднийг хайрладаг! Би тэр өдөр мэдэрсэн хайр, амар амгаланг үргэлж дурсах болно.
Намайг арваннэгэн настай байхад тохиолдсон нэгэн явдал зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдрэхэд надад тусалсан юм. Гадасны чуулган болох гэж байсан бөгөөд би гадасны найрал дуунд дуулах гэж байв. Би маш их баяртай байлаа! Би сайхан цагаан цамц өмсөөд үнэхээр онцгой сэтгэгдэлтэй байв. Бидний дуулсан дуунд Иохан 14:27-д байдаг Есүсийн “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” хэмээх шүлгийн үгс орсон байв.
Энэ үгс зүрх сэтгэлд минь гүнзгий нөлөөлж, түүнээс хойш би тэдгээр үгийг мартаагүй. Би тэр үгсийг дуулахдаа үнэн гэдгийг нь мэдэж байсан. Есүс Христийг дагах нь амар амгаланг мэдрэхэд тусалдаг гэдгийг Ариун Сүнс надад хэлж буйг би мэдэрсэн. Түүнээс хойш сорилттой тулгарах үед маань энэ судар надад санагдаж, амар амгаланг өгдөг болсон билээ. Бага байхдаа мэдсэн үнэн маань миний амьдралыг бүхэлд нь адисалсан юм.