2016
Мормоны Ном уншихыг тэдэнд заа
April 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Мормоны Ном уншихыг тэдэнд заа

Эмилиан Риү, Канадын Кьюбек муж

Би Швейцарийн Женев номлолд үйлчилж байхдаа салбарын ерөнхийлөгчөөр дуудагдаж, онцгойлон адислагдан, эхнэр маань Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдсан юм. Бид хоёр хүнд байдалд орсон энэ салбарыг сэргээхийн төлөө бүх чадлаараа ажиллаж билээ. Хэдийгээр энэ салбар 1960-аад онд байгуулагдсан ч энэ салбарт олон жилийн турш баптисм болоогүй бөгөөд 15 жилийн турш ямар ч номлогчийг номлолын талбарт илгээгүй байв.

Энэ салбарт тулгараад байсан олон хүндрэлтэй асуудлыг шийдэхэд Их Эзэний тусламж бидэнд хэрэгтэй байсан нь тодорхой байлаа. Намайг салбарын асуудлуудын талаар залбирсны дараа Их Эзэний Сүнс надад “Мормоны Ном уншихыг гишүүдэд заа, тэгвэл амжилтад хүрэх болно” хэмээн хэлсэн юм.

Бид тэр даруй Мормоны Номоо уншиж эхлэхийг гишүүдэд уриалахаар төлөвлөгөө гаргав.

Гайхамшигтай үр дүнд ч хүрлээ. Амар амгалан болон Сүнс салбарт маань эргэн ирэв. Шинэ гэр бүлүүд Сүмд нэгдлээ. Нэг залуу эрэгтэй үйлчлэх хүсэлдээ хөтлөгдөн, номлолд явав. Асуудалтай байсан гэр бүлүүд хүчирхэгжиж, гэр бүлүүд илүү дотно болцгоов. Энэ салбар одоо ч гэсэн үргэлжлүүлэн өсөж хөгжсөөр байгаа.

Бид салбарын гишүүдтэйгээ Мормоны Номын гайхамшигт хүчийг өөрсдийн биеэр гэрчилсэн. Мормоны Ном нь үнэхээр манай шашны болон сайн мэдээний мөн Есүс Христийн талаарх бидний гэрчлэлийн тулгуур чулуу юм. Бид үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Энэ нь төгсөшгүй бөгөөд хувиршгүй мэдлэгийн эх булаг билээ.

Энэ явдал бидэнд Мормоны Ном бол ах эгч нарт маань энэ дэлхийг бүрхэгч сүнслэг харанхуйн сүүдрээс гарахад туслах хамгийн баттай арга зам гэдгийг ойлгуулсан юм. Энэ ном амар амгалан, баяр хөөр, аз жаргал, Аврагч Есүс Христийг дагах хүчтэй хүсэл эрмэлзлийг бий болгодог.