2018
3-р бүлэг: Алтан ялтас
April 2018


3-р бүлэг

Алтан ялтас

Энэ бол “Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх”· нэртэй Сүмийн шинэ дөрвөн боть түүхэн өгүүллийн номын 3-р бүлэг юм. Уг ном 14 хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд Gospel Library аппликэйшны Сүмийн түүх хэсэгт болон гэгээнтнүүд.lds.org вэбсайт дээр тавигдана. Энэ оны сүүлээр уг номын 1-р боть хэвлэгдэн гарах хүртэл дараагийн хэдэн бүлгийг ирэх дугаарууддаа нийтлэх болно. Тэдгээр бүлэг нь Gospel Library аппликэйшн болон гэгээнтнүүд.lds.org вэбсайт дээр 47 хэлээр тавигдах юм. 2-р бүлэгт 1820 оны хавар Эцэг, Хүү хоёрыг харсан Иосефын Анхны үзэгдлийг дүрсэлнэ.

hill cumorah line drawing
Moroni appearing

Майкл Малм, Тэр намайг нэрээр минь дуудсан

Гурван жил, гурван ургац хураалт өнгөрөв. Иосеф гэр бүлийнхээ эдлэн газрын жилийн төлбөрийг төлөх мөнгө олохын тулд ихэнх өдрүүдэд газар хагалан, хөрсөө бэлтгэж, хөлсний ажил хийдэг байв. Тэр энэ ажлаасаа болоод сургуульдаа байнга явах боломжгүй байсан бөгөөд ихэнх чөлөөт цагаа гэр бүлтэйгээ эсвэл бусад ажилчидтай хамт өнгөрөөдөг байв.

Иосеф болон түүний найзууд нас залуу, санаа зовох зүйлгүй байсан ба тэд заримдаа тэнэг алдаанууд гаргадаг байлаа. Иосеф нэг удаа уучлагдана гэдэг нь дахиад наманчлах шаардлагагүй гэсэн үг биш гэдгийг ойлгожээ. Түүнд тохиолдсон гайхамшигт үзэгдэл ч бүх асуултад нь хариулж, төөрөгдлөөс нь бүрэн гаргаагүй юм.1 Тиймээс тэр Бурхантай ойр байхаар хичээж байв. Тэр Библиэ уншиж, өөрийг нь аврах Есүс Христийн хүч чадалд итгэн, өөр ямар ч сүмд нэгдэхгүй бай гэсэн Их Эзэний зарлигийг дагаж байлаа.

Бурхан Мосе, Аарон нарт болон Библи дээрх бусад хүнд илчилсэн шигээ саваа, чулуу гэх мэт биет зүйлсээр дамжуулан мэдлэгийг илчилнэ гэдэгт Иосеф тухайн бүс нутгийн олон хүнтэй адил, түүний дотор аавынхаа нэгэн адил итгэж байлаа.2 Нэгэн өдөр Иосеф хөршдөө худаг ухахад нь тусалж байхдаа газрын гүнд булсан нэгэн жижиг чулууг олжээ. Иосеф хүмүүс заримдаа алдагдсан эд зүйлс юмуу нуусан эрдэнэсийг олохдоо онцгой чулуунууд ашигладаг гэдгийг мэдэж байсан бөгөөд өөрийгөө тийм чулуу олчихсон байх гэж бодсон байна. Тэрээр уг чулууг ажиглаад, энгийн нүдээр олж харахааргүй зүйлсийг харжээ.3

Уг чулууг ашиглах бэлэг Иосефт өгөгдсөнд гэр бүлийнхэн нь гайхан биширч, үүнийг тэнгэрлэг тусламжийн тэмдэг гэж үзэж байв.4 Хэдийгээр Иосефт үзмэрч байх бэлэг байсан ч Бурханы таалалд нийцэж байгаа эсэхтээ тэр эргэлзэж байлаа. Тэр Эцэг, Хүү хоёрыг үзэгдэлд харсныхаа дараа мэдэрсэн өршөөл, амар амгалангийн мэдрэмжийг мэдрэхээ больжээ. Харин оронд нь сул дорой, төгс бус байдлаасаа болж буруутай мэт мэдрэмжийг үргэлж мэдрэх болсон байна.5

1823 оны 9-р сарын 21-нд Иосеф арван долоон настайдаа ах нартайгаа хамт байдаг дээврийн өрөөндөө сэрүүн хэвтэж байв. Тэрээр орой болтол гэрийнхнийгээ өөр сүмүүд, тэдний заадаг сургаалын тухай ярилцаж байхыг сонссон аж. Одоо бүгд унтацгааж, байшин нам гүм боллоо.6

Иосеф Бурханаас нүглийг нь өршөөхийг чин сэтгэлээсээ гуйн өрөөндөө, харанхуйд залбирч эхлэв. Их Эзэний өмнө ямар байдалтай байгааг нь мэдүүлэх, ойн төгөлд амласан сайн мэдээний мэдлэгийг нь өгөх тэнгэрлэг элчтэй харилцахыг тэрээр хүсэж байв. Бурхан урьд урьдын залбиралд нь хариулсан бөгөөд энэ удаад ч хариулна гэдэгт Иосеф бүрэн итгэлтэй байлаа.

Иосефыг залбирах үед орных нь хажууд нэгэн гэрэл тусаж, улмаар дээврийн өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэхүйц тод болжээ. Иосефыг дээш хартал, агаарт нэгэн тэнгэр элч зогсож байлаа. Уг тэнгэр элч бугуй болон шагай хүрсэн урттай, оёдолгүй цагаан өмсгөлтэй байв. Түүнээс гэрэл цацарч байсан бөгөөд царай нь цахилгаан мэт туяаран байлаа.

Иосеф анх хармагцаа айсан ч хоромхон зуур амар амгалангаар дүүрэв. Тэнгэр элч түүнийг нэрээр нь дуудаад, өөрийгөө Моронай гэж танилцуулсан юм. Тэрээр Иосефт Бурхан нүглийг нь өршөөсөн бөгөөд одоо түүгээр хийлгэх ажил байгааг мөн Иосефын нэр бүх хүмүүний дунд сайн болон муу аль алинаар нь яригдах болно гэж тунхаглажээ.7

Моронай ойролцоох гүвээнд булагдсан алтан ялтаснуудын тухай ярилаа. Уг алтан ялтаснууд дээр Америк тивд амьдарч байсан эртний хүмүүсийн цэдэг сийлэгдсэн байв. Тэр цэдэгт тэдний гарал үүслийн талаар өгүүлж, Есүс Христийн тэдэн дээр зочилж, Өөрийнхөө сайн мэдээний бүрэн байдлыг заасан тухай цэдэглэсэн байдаг.8 ялтаснуудтай хамт хоёр үзмэрчийн чулуу хадгалагдан буйг Моронай хэлэв. Эдгээр чулууг хожим нь Урим ба Туммим буюу хөрвүүлэгч гэж Иосеф нэрлэжээ. Их Эзэн Иосефт уг цэдгийг орчуулахад нь туслахын тулд эдгээр чулууг бэлтгэсэн байна. Эдгээр тунгалаг чулууг хамтад нь боон, алтан ялтаснуудтай бэхэлсэн аж.9

Моронай айлчлалынхаа үлдсэн хугацаанд Исаиа, Иоел, Малахи, Үйлсийн библийн номнууд дахь бошиглолоос эш татав. Их Эзэн удахгүй ирэх гэж буйг мөн хүн төрөлхтний гэр бүл Бурханы эртний гэрээг шинэчлэхээс нааш бүтээгдсэн зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг тэр тайлбарлав.10 Бурхан Иосефыг тус гэрээг шинэчлүүлэхээр дуудсаныг болон хэрэв тэр итгэлтэй байж, Бурханы зарлигуудыг сахивал ялтаснууд дээрх цэдгийг илчлэх нэгэн байх болно гэж Моронай хэлжээ.11

Тэнгэр элч явахаасаа өмнө Иосефт ялтаснуудад анхаарал тавьж, заавар хүлээн авахаас бусдаар хэнд ч тэдгээрийг үзүүлж болохгүй, уг зөвлөгөөг эс дагаваас тэр устгагдах болно гэж анхааруулсан байна. Тэгээд гэрэл Моронайн биеийн эргэн тойронд хуралдан, тэрээр тэнгэр рүү дээшлэн одсон юм.12

Иосефыг уг үзэгдлийн талаар тунгаан бодож хэвтэх үед гэрэл өрөөг дахин дүүргэж, Моронай ирээд, урьдын захиасаа дахин хэлчихээд, яваад өглөө. Гурав дахь удаагаа дахин нэг ирээд, нөгөө захиасаа хэлэв.

“Иосеф, анхааралтай байх ёстой шүү. Чамайг ялтсуудыг авахаар явах үед оюун санаа чинь харанхуйлагдах болно. Бүхий л төрлийн хилэнц оюун санаанд чинь орж ирэн, Бурханы зарлигуудыг дагахад чинь саад болно” гэж тэр хэллээ. Иосефыг өөрийг нь дэмжих хэн нэгэн рүү чиглүүлэх үүднээс Моронай үзэгдлүүдийн талаар аавдаа хэлэхийг ятгажээ.

“Тэр чиний үг бүрд итгэх болно” гэж тэнгэр элч амласан байна.13

Маргааш өглөө нь Иосеф аавыгаа үзэгдэл, тэнгэр элчүүдэд итгэдгийг мэдэж байсан ч Моронайн талаар юу ч хэлсэнгүй. Харин тэд өглөөг Алвинтай хамт ойролцоох талбай дээр ургац хурааж өнгөрүүлжээ.

Ажиллахад хэцүү байлаа. Иосеф өвсний хадуураа урагш, хойш савлан, өндөр ургасан тариа будааг хадаж буй ах нартайгаа мөр зэрэгцэн ажиллахыг хичээж байв. Гэвч тэрээр Моронайн айлчлалаас болоод шөнийн турш унтаагүй байсан бөгөөд эртний цэдгүүд болон тэдгээрийг булсан гүвээний л тухай бодож байв.

Төд удалгүй тэр өвс хадахаа больсныг Алвин ажиглалаа. “Бид ажиллах ёстой. Эс бөгөөс ажлаа дуусгаж чадахгүй нь байна” гэж тэр Иосеф руу хашгирав.14

Иосеф хэчнээн шаргуу, хурдан ажилласан ч Алвиныг гүйцэж чадахгүй байлаа. Ахмад Иосеф хэсэг хугацааны дараа Иосефыг цонхигор царайлан, өвс хадахгүй байгааг анзаарав. Хүүгээ өвдсөн байна гэж бодсон тэр “Гэртээ харь” гэж хэллээ.

Иосеф аавынхаа үгэнд орж, бүдчин барин гэр рүүгээ явав. Гэвч тэр хашаа давах гэж оролдохдоо эцэж туйлдан газарт уналаа.

Тэрээр газарт хэвтэж байхдаа Моронайг дахин өөрийнх нь дээр, гэрлээр хүрээлэгдэн зогсож байгааг хүчээ шавхан харав. “Миний хэлсэн зүйлийг яагаад аавдаа хэлсэнгүй вэ?” гэж тэр асуулаа.

Иосеф аавыгаа итгэхгүй байх вий гэж эмээснээ хэлжээ.

“Тэр итгэнэ ээ” гэж Моронай батлаад, өнгөрсөн шөнийн захиасаа давтан хэллээ.15

Хүүгээ тэнгэр элч болон түүний захиасын талаар хэлэх үед Ахмад Иосеф мэгшин уйлжээ. “Бурханаас ирсэн үзэгдэл байна” гэж тэр хэллээ. “Үүнийг дага.”16

Hill Cumorah

Крэйг Димондын агаараас авсан Кумора гүвээ болон түүний эргэн тойрны газрын гэрэл зураг.

Иосеф гүвээ рүү яаран явав. Урьд шөнө нь Моронай ялтаснуудыг хаана байгаа талаар үзэгдэлд харуулсан учраас тэр хаашаа явахаа мэдэж байлаа. Ойр хавьцаа байдаг хамгийн өндөр гүвээ гэрээс нь бараг 5 километрийн зайд байв. Тус гүвээний оройгоос холгүй, баруун талд нь байх томоохон чулуун доор ялтаснуудыг булсан байлаа.

Тэрээр алхан явахдаа ялтаснуудын талаар бодсоор байв. Хэдийгээр тэдгээр нь ариун нандин гэдгийг мэдэж байсан ч хэр үнэд хүрэх бол гэсэн сонирхлоо дарахад хэцүү байлаа. Тэр урьд нь хамгаалагч сүнснүүдээр хамгаалагдсан эрдэнэсийн талаар хууч яриа сонсож байсан ч Моронай болон түүний ярьсан ялтаснууд эдгээр түүхээс өөр байв. Моронай бол Бурханы сонгосон үзмэрчид уг цэдгийг аюулгүй хүргэхийн тулд Бурханаар томилогдсон тэнгэр элч байсан юм. Ялтаснуудыг алтаар хийсэн учраас биш, харин Есүс Христийн талаар гэрчилж байсан учраас үнэ цэнтэй байсан билээ.

Гэвч Иосеф гэр бүлээ ядуурлаас гаргах хангалттай баялгийг олж авах газрыг яв цав мэдэж байгаа тухайгаа бодохгүй байж чадсангүй.17

Иосеф гүвээн дээр ирээд, үзэгдэлд харсан газраа олж, чулууны захаар буй шороог зайлуулж, оройг нь цухуйтал ухав. Дараа нь тэр модны том мөчир олоод, түүгээрээ чулуун доогуур ивж, дээш өргөв.18

Чулуун доор ёроол, ханыг нь чулуугаар хийсэн хайрцаг байв. Иосеф хайрцаг дотор алтан ялтаснууд болон үзмэрчийн чулуунууд, цээжний хуяг байгааг харлаа.19 Ялтаснууд эртний бичээсүүдийг агуулж байсан бөгөөд нэг талдаа гурван цагиргаар холбогдсон байв. Ялтас бүр 15 сантиметрийн өргөн, 20 сантиметрийн урттай байлаа. Ялтасны зарим хэсэг нь хоорондоо лацдагдсан байснаас хэн ч унших боломжгүй байв.20

Гайхаж бахадсан Иосеф ялтаснууд хэр үнэд хүрэх бол гэж дахин бодлоо. Тэрээр тэдгээрт хүрэхээр завдах үед цахилгаанд цохиулах мэт болжээ. Гараа угз татан авсныхаа дараа тэрээр дахиад хоёр ч удаа ялтаснуудад хүрэхээр завдахдаа цахилгаанд цохиулах мэт болсон байна.

“Би яагаад энэ номыг авч чадахгүй байгаа юм бол?” гэж тэр дуу алдлаа.

“Учир нь чи Бурханы зарлигуудыг дагасангүй” гэж ойр хавьд нэгэн дуу сонсдов.21

Иосеф эргэж хараад, Моронайг харлаа. Тэр өнгөрсөн шөнийн захиасыг санаад, уг цэдгийн үнэн зорилгыг умартсанаа ойлгожээ. Түүнийг залбирч эхлэхэд, оюун санаа, бодгаль нь Ариун Сүнсийг мэдрэв.

“Хараач” гэж Моронай зарлиглалаа. Иосефт өөр нэгэн үзэгдэл өгөгдсөн бөгөөд тоо томшгүй олон элчээр хүрээлэгдсэн Сатаныг тэр олж харав. “Сайн болон муу, цэвэр ариун болон бузар бусармаг, Бурханы алдар суу болон харанхуйн хүч, энэ бүгдийг үзүүлсэн шалтгаан нь чамайг уг хоёр хүчний ялгааг танин мэдэж, ёс бус нэгнээр хэзээ ч нөлөөлүүлж, удирдуулахгүй байгаасай гэсэндээ юм” гэж тэнгэр элч тунхаглажээ.

Тэрээр цэдгийг хүлээн авахын тулд зүрх сэтгэлээ ариусгаж, оюун санаагаа хүчирхэгжүүлэхийг Иосефт зааварлав. “Их Эзэнийг дуулгавартай дагах итгэл, залбирлаар л эдгээр ариун нандин зүйлийг олж авах ёстой” гэж Моронай тайлбарлав. “Үүнийг энэ дэлхийн алдар суугийн төлөө эд баялаг, хөрөнгө хураахын тулд энд хадгалаагүй юм. Тэдгээрийг итгэлийн залбирлаар лацадсан.”22

Иосеф хэзээ ялтаснуудыг авч болохоо лавлажээ.

“Хэрэв өөртэйгөө зөв хүнийг хамт авчирвал есдүгээр сарын хорин хоёр дахь өдөр” хэмээн Моронай хэллээ.

“Зөв хүн нь хэн юм бэ?” гэж Иосеф асуув.

“Чиний ууган ах.”23

Иосеф хүүхэд байхаасаа л ууган ахдаа найдаж болно гэдгээ мэддэг байжээ. Энэ үед Алвин хорин таван настай байсан бөгөөд хүсвэл өөрийн гэсэн фермтэй болох цаг нь иржээ. Гэхдээ тэр гэр бүлийнхээ ферм дээр үлдэж, эцэг эхдээ нас нь өтлөх үед амьдралаа төвхнүүлж, газраа хамгаалахад нь туслахаар шийдсэн байна. Тэр буурь суурьтай, ажилч хичээнгүй байсан бөгөөд Иосеф түүнийг маш их хайрлаж, хүндэлдэг байв.24

Иосеф Их Эзэний ялтаснуудыг итгэл тээн авах хүн болохын тулд мэргэн ухаан, хүч чадлыг ахаасаа суралцах хэрэгтэй байсан гэж Моронай мэдэрсэн байх.

Тэр орой Иосеф гэртээ ирэхдээ ихэд ядарсан байв. Гэтэл түүнийг хаалгаар орж ирэнгүүт гэрийнхэн нь тойрч зогсоод, гүвээнээс юу олсон талаар нь мэдэхийг хүсэв. Иосеф тэдэнд ялтаснуудын талаар ярьж эхлэхэд Алвин түүнийг ямар их ядарсан байгааг хараад зогсоожээ.

“Унтахаар явцгаая. Бид өглөө эрт босоод, ажиллахаар явах ёстой” гэж тэр хэллээ. Тэдэнд маргааш нь Иосефын түүхийг сонсох хангалттай цаг олдох байв. “Хэрэв ээж оройн хоолоо эрт хийчихвэл бидэнд бүхэл оройжингоо суугаад, чамайг сонсох хангалттай цаг гарах болно”25 гэж тэр хэлэв.

Маргааш орой нь Иосеф гүвээн дээр болсон зүйлийн тухай хэлэхэд Алвин түүнд итгэв. Алвин гэрийнхээ хамгийн том хүүгийн хувьд өтөлж буй эцэг эхийнхээ материаллаг байдалд анхаарал тавих үүрэг хариуцлагаа үргэлж мэдэрдэг байв. Тэр дүү нартайгаа хамт илүү тав тухтай байхын тулд гэр бүлдээ зориулан илүү том байшин барьж эхэлсэн байна.

Харин одоо Иосеф тэдний сүнслэг сайн сайханд санаа тавьж байгаа санагдав. Түүний орой бүр ярих алтан ялтаснууд, тэдгээрийг бичсэн хүмүүсийн талаарх яриа гэр бүлийнхнийх нь сонирхлыг татдаг байжээ. Гэр бүл нь илүү эвсэг дотно болж, гэр орон нь амар амгалан, аз жаргалтай байв. Ямар нэгэн гайхамшигтай зүйл болох гэж байгааг гэрийнхэн нь бүгд мэдэрч байлаа.26

Моронайн айлчлалаас хойш хоёр сарын дараа нэгэн намрын өглөө Алвин ходоод нь хүчтэй базалсан тул гэртээ орж ирэв. Тэр эвхрэлдэн, амь тэмцэн байхдаа тусламж дуудахыг ааваасаа хүсжээ. Эмч ирээд, Алвинд нэгэн шохойн эм их хэмжээгээр өгсөн нь байдлыг улам дордуулав.

Алвин өвчиндаа тарчлан орондоо олон хоног хэвтжээ. Тэр өөрийгөө үхэх гэж байна гэж бодон, Иосефыг дуудлаа. “Цэдгүүдийг авахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Өгөгдсөн бүхий л зааврыг хүлээн авч, зарлигийг сахихдаа итгэлтэй байгаарай”27 гэж Алвин хэлжээ.

Төд удалгүй тэр нас барж, гэр бүл нь уй гашууд автав. Оршуулах ёслол дээр номлогч Алвиныг там руу явсан гэсэн утгатай юм хэлсэн бөгөөд түүний үхлийг Бурхан биднийг аврахаар хөндлөнгөөс оролцохоос нааш тохиолдож болох зүйлсийн талаар бусдад өгөх сэрэмжлүүлэг болгожээ. Ахмад Иосеф цухалдангуй байв. Хүү нь сайн залуу байсан бөгөөд Бурхан хүүг нь яллана гэж тэр бодохгүй байлаа.28

Алвиныг явсны дараа ялтаснуудын талаарх яриа ч төгсгөл болов. Тэрээр Иосефын тэнгэрлэг дуудлагыг үнэн сэтгэлээсээ дэмждэг байсан бөгөөд ялтаснуудын талаарх аливаа яриа нь түүний үхлийг сануулж байв. Гэр бүлд нь тэвчихэд хэцүү байлаа.

Иосеф Алвиныг маш их санаж байсан бөгөөд түүний үхэл ялангуяа өөрт нь их хүнд тусжээ. Цэдгүүдийг авахад нь тусална гэдэгт том ахдаа найдаж байсан түүнд одоо хөсөр хаягдсан мэт санагдаж байлаа.29

statue of Moroni

1823 оны 9-р сарын 22-ны үдэш Иосеф Смит Мормоны Номын ялтаснуудыг анх харсан мөн яг 4 жилийн дараа гаргаж авсан газрын дурсгалд зориулан Моронайн хөшөөг Кумора гүвээний оройд сүндэрлүүлжээ.

Гүвээ рүү явах өдөр ирэхэд Иосеф ганцаараа явав. Алвин байхгүй учраас Их Эзэн өөрт нь ялтаснуудыг итгэл хүлээлгэн өгнө гэдэгт тэр эргэлзэж байлаа. Гэхдээ тэр ахынхаа зөвлөснөөр Их Эзэний өгөх зарлиг бүрийг сахина гэж бодож явав. ялтаснуудыг авах талаарх Моронайн зааварчилгаа тодорхой байжээ. “Чи тэдгээрийг гартаа бариад, шууд гэр рүүгээ явах ёстой. Тэдгээрийг нуу”30 гэж тэнгэр элч хэлэв.

Иосеф гүвээн дээр ирээд, чулууг хөшин дээшлүүлж, чулуун хайрцган дотроос ялтаснуудыг гаргаж ирлээ. Хайрцган дахь бусад зүйл ч бас үнэ цэнтэй учраас тэдгээрийг гэр рүүгээ явахаасаа өмнө далдлах хэрэгтэй юм байна гэсэн бодол түүнд төрөв. Тэр ялтаснуудыг гаргаж тавиад, хайрцгийг таглах гээд эргэж харав. Эргээд ялтаснуудаа авах гэтэл алга болчихсон байлаа. Айж түгшсэн тэрээр өвдөг сөхрөн, тэдгээрийг хаана байгааг мэдэхийн төлөө залбирчээ.

Моронай гарч ирэн, дахиад л заавруудыг дагаагүйг Иосефт хэлсэн байна. Тэр ялтаснуудыг аюулгүй газар аваачихаасаа өмнө газар тавьсан төдийгүй хараанаасаа салгажээ. Залуу үзмэрч Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэх хүсэлтэй байсан ч эртний цэдгүүдийг хамгаалах чадвартай болоогүй байв.

Иосеф сэтгэлээр унахад Моронай түүнд дараа жил ялтаснуудыг авахаар эргэн ирэхийг зааварлажээ. Мөн тэрээр Бурханы хаант улсад зориулсан Их Эзэний төлөвлөгөө, урагш өнхөрч эхэлж буй агуу ажлын талаар түүнд илүү олон зүйлийг заалаа.

Гэсэн хэдий ч Тэнгэр элчийг явсны дараа Иосеф гар хоосон гэртээ ороход гэрийнхэн нь юу гэж бодох бол гэдэгт санаа зовнин, гүвээ уруудан гунигтай гэгч нь алхав.31 Түүнийг гэртээ ороход тэд хүлээж байлаа. Аав нь түүнээс ялтаснуудыг авсан эсэхийг асуув.

“Үгүй. Би авч чадсангүй” гэж тэр хэллээ.

“Чи тэдгээрийг харсан уу?”

“Би харсан. Гэхдээ авч чадсангүй.”

“Хэрэв би чиний оронд байсан бол авах байсан юм” гэж Ахмад Иосеф хэлэв.

“Та юу хэлж байгаагаа мэдэхгүй байна. Их Эзэний тэнгэр элч зөвшөөрөөгүй учраас би авч чадсангүй”32 гэж Иосеф хэллээ.

Эшлэлүүд

  1. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 4–5, in JSP, H1:220 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, 1, in JSP, H1:11.

  2. “Joseph Smith as Revelator and Translator,” in JSP, MRB:xxi; Turley, Jensen, and Ashurst-McGee, “Joseph the Seer,” 49–50; мөн Мозая 8:17; Алма 37:6–7, 41; Сургаал ба Гэрээ 10:1, 4-ийг үзнэ үү (Revelation, Spring 1829, at josephsmithpapers.org).

  3. Бушмэн, Rough Stone Rolling, 48–49; Bushman, “Joseph Smith as Translator,” 242. Сэдэв: Seer Stones (Үзмэрчийн чулуу)

  4. Lucy Mack Smith, History, 1845, 95; мөн Алма 37:23-ыг үзнэ үү.

  5. Joseph Smith History, circa Summer 1832, 4, in JSP, H1:13–14; Иосеф Смит—Түүх 1:28–29; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:218–20 (draft 2).

  6. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [10].

  7. Joseph Smith History, circa Summer 1832, 4, in JSP, H1:13–14; Иосеф Смит—Түүх 1:29–33; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:218–22 (draft 2); Pratt, Interesting Account, 6, in JSP, H1:524; Hyde, Ein Ruf aus der Wüste, 17–20-ийг үзнэ үү. Сэдэв: Angel Moroni (Тэнгэр элч Моронай)

  8. Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:88.

  9. Иосеф Смит—Түүх 1:35; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:222 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, 4, in JSP, H1:14; Oliver Cowdery, “Letter IV,” LDS Messenger and Advocate, Feb. 1835, 1:65–67; Turley, Jensen, and Ashurst-McGee, “Joseph the Seer,” 49–54; “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, 1859 оны 7-р сар, 164. Сэдэв: Seer Stones (Үзмэрчийн чулуу)

  10. Иосеф Смит—Түүх 1:36–41; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5–6, in JSP, H1:222–26 (draft 2); Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:88–89.

  11. Оливер Каудери, “Letter IV,” LDS Messenger and Advocate, Feb. 1835, 1:78–79; Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [11].

  12. Иосеф Смит—Түүх 1:42–43; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 6, in JSP, H1:226 (draft 2).

  13. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [10]–[11]; Оливер Каудери, “Letter IV,” LDS Messenger and Advocate, Feb. 1835, 1:79–80; Оливер Каудери, “Letter VII,” LDS Messenger and Advocate, 1835 оны 7-р сар, 1:156–57; Иосеф Смит—Түүх 1:44–46; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 6–7, in JSP, H1:230–32 (draft 2); Joseph Smith, Journal, 1835 оны 11-р сарын 9–11, in JSP, J1:88–89.

  14. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [11]; мөн Smith, William Smith on Mormonism, 9-ийг үзнэ үү.

  15. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [11]; Smith, Biographical Sketches, 82; Joseph Smith—History 1:48–49; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7, in JSP, H1:230–32 (draft 2); Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:89.

  16. Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:89.

  17. Оливер Каудери, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, 1835 оны 10-р сар, 2:195–97. Сэдэв: Treasure Seeking “Эрдэнэсийн эрэлд”

  18. Оливер Каудери, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, 1835 оны 10-р сар, 2:195–97; Иосеф Смит—Түүх 1:51–52; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 6–7, in JSP, H1:230–32 (draft 2); мөн Пакэр, “A Study of the Hill Cumorah,” 7–10-ыг үзнэ үү.

  19. Иосеф Смит—Түүх 1:52; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7, in JSP, H1:232 (draft 2). Сэдэв: Gold Plates (Алтан ялтас)

  20. Иосеф Смит, “Church History,” Times and Seasons, 1842 оны 3-р сарын 1, 3:707, in JSP, H1:495.

  21. Оливер Каудери, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, 1835 оны 10-р сар, 2:197–98; see also Pratt, Interesting Account, 10, in JSP, H1:527–29.

  22. Оливер Каудери, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, 1835 оны 10-р сар, 2:198–99.

  23. Knight, Reminiscences, 1; Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:89; Иосеф Смит—Түүх 1:53–54; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7, in JSP, H1:232–34 (draft 2); мөн Жэссий, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” 31-ийг үзнэ үү.

  24. Joseph Smith, Journal, Aug. 23, 1842, in JSP, J1:116–17.

  25. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [12]; book 4, [3]; Smith, Biographical Sketches, 83.

  26. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [1]–[3]; Smith, Biographical Sketches, 86–87; мөн Lucy Mack Smith, History, 1845, 89; and Bushman, Refinement of America, 425–27-г үзнэ үү. Сэдэв: Joseph Sr. and Lucy Mack Smith Family (Ахмад Иосеф, Люси Мак Смитийн гэр бүл)

  27. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [3]–[5].

  28. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [6]–[8]; “Wm. B. Smith’s Last Statement,” Zion’s Ensign, 1894 оны 1-р сарын 13, 6.

  29. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [7]; Joseph Smith, Journal, Aug. 23, 1842, in JSP, J2:116–17.

  30. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [2]–[3].

  31. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [2]–[3]; Smith, Biographical Sketches, 85–86; Knight, Reminiscences, 1; Иосеф Смит—Түүх 1:54; Lucy Mack Smith, History, 1845, 88 мөн Жэссий, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” 31-ийг үзнэ үү.

  32. Смит, Biographical Sketches, 86.