Жинхэнэ аз жаргалд хүргэх зам
2017 оны 6-р сарын 8-нд Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үгээс авав.
Бидний хүн нэг бүр Их Эзэнийг хайрлаж, аз жаргалд хүргэх Түүний замыг дагах болтугай.
Тэнгэрлэг Эцэг юу юунаас илүү бидэнд жинхэнэ бөгөөд үүрдийн аз жаргалыг хүсдэг.
“Бидний аз жаргал бол Түүний бидэнд өгдөг сайн мэдээний сургаал, зарлиг, санваарын ёслол, гэр бүлийн харилцаа, бошиглогчид, ариун сүм, бүтээлийн гоо үзэсгэлэн, тэр ч бүү хэл саад бэрхшээлтэй нүүр тулах боломж зэрэг бүх адислалын зорилго юм. … Бидэнд энэ амьдралд аз жаргалтай байж, мөнх оршихуйд баяр баясгалангийн бүрэн байдлыг хүлээн авах боломжийг олгохын тулд Тэр Хайрт Хүүгээ Цагаатгал хийлгэхээр илгээсэн.”1
Газар сайгүй хүмүүс ямар нэгэн зүйлийг эрж хайж байдаг. Үнэндээ тэдний хувьд хайж буй зүйл нь аз жаргал юм. Гэвч энэ нь үнэнтэй адил “тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас” (С ба Г 123:12) олон хүн аз жаргалгүй байдаг.
Тэд жинхэнэ бөгөөд үүрдийн аз жаргалыг хаанаас олохоо мэдэхгүй тул түр зуурын таашаал өгөх зүйлсээс буюу эд зүйлс худалдан авах, зүй бус зан байдлаар зохисгүй үйлдэл хийн, дэлхийнхнээс нэр төр, сайшаал магтаал эрэлхийлэх эсвэл бие махбодын гоо үзэсгэлэн, дур булаам байдалд анхаарах гэх мэтээс аз жаргалыг эрэлхийлдэг.
Ихэнх тохиолдолд таашаалыг аз жаргалтай андуурдаг. Хүмүүс хэр зэрэг түр зуурын таашаал эрэлхийлнэ, тэр хэрээр илүү аз жаргалгүй болдог мэт санагддаг. Зугаа цэнгэл нь ихэвчлэн богино хугацаанд үргэлжилдэг.
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) “Чи түр зуурын таашаал авч болно, тийм ээ, гэхдээ чи баяр хөөр, аз жаргалыг олж авч чадахгүй. Аз жаргал бол мөнх амьдрал руу хөтөлдөг нарийн хэрнээ шулуун, хүний хөлд дарагдсан замын хажуугаас л олддог юм”2 гэж хэлсэн.
Харамсалтай нь олон хүний хувьд аз жаргалыг олоход хэцүү байдаг. “Аз жаргал нь сэтгэл санааны энгийн өөдрөг байдлаас илүүтэй утга учиртай, гүнзгий сэтгэл ханамжаар дүүрэн хангалуун амьдралыг хүрээлдэг сайн сайхан аж байдлыг хэлдэг” гэдгийг эрдэмтэд мэддэг.3
Аз жаргал бол нэг үйл явдлаас нөгөө рүү үсчихийн үр дүн биш гэдгийг судалгаа харуулдаг. Харин аз жаргалыг олж авахын тулд ихэвчлэн амьдралдаа илүү чухал ямар нэгэн зүйлийн төлөө урт удаан хугацааны туршид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг байна. Аз жаргал нь бидний санаатай үйлдлээрээ шууд харуулдаг дадал хэвшил, биеэ авч явах байдал, бодол санааны хэв загвараар тодорхойлогддог. Үнэндээ аз жаргалын маань ихэнх хэсэг бидний “хувь хүний хяналтан доор байдаг.”4
Судруудад байдаг болон орчин цагийн бошиглогч, төлөөлөгчдийн заадаг аз жаргалын замуудын заримынх нь ач холбогдлын талаар бүгдээрээ авч үзье. Тэдгээр зам дээр итгэлтэй, бат алхах нь өмнөө байгаа аяллынхаа туршид аз жаргалтай байх боломжийг бидэнд олгодог.
Ариун журам
Эдгээр замын эхнийх нь ариун журам бөгөөд энэ нь ёс суртахууны өндөр жишигт суурилсан бодол санаа, зан байдлын хэв загвар юм. Энэ нь Их Эзэний ариун сүмд орох боломжийг танд олгодог ариун явдал, ёс суртахууны цэвэр ариун байдалд төвлөрдөг. Ариун журамт хүмүүс цаанаасаа л хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн, сэтгэлийн хаттай хүмүүс байдаг. Тэд Ариун Сүнсийг хүлээн авахуйц зохистой бөгөөд Түүгээр удирдуулагддаг тул өөрсдөдөө итгэлтэй байдаг. Ариун журам нь зүрх сэтгэл, оюун санаанд эхэлдэг ба өдөр бүр хийдэг олон мянган жижиг шийдвэр, үйлдлийн нийлбэр юм.
“Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болно, мөн санваарын сургаал тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.
Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очир таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно; мөн эзэгнэл чинь үүрдийн эзэгнэл байх болно; мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам руу үүрд мөн мөнхөд урсах болно” (C ба Г 121:45–46).
Ерөнхийлөгч Томас С. Монсон: “Таны эрүүл саруул ухаан, ёс суртахууны цэвэр байдлаас илүү үнэ цэнтэй нөхөрлөл гэж үгүй. Өөрийн томилогдсон газраа цэвэр ариун, мөн тэнд байх зохистой гэдэгтээ итгэлтэй байх нь ямар гайхалтай сайхан мэдрэмж байх билээ”5 хэмээн хэлсэн.
Шударга байдал
Аз жаргалд хүргэх хоёр дахь зам бол шударга байдал юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015)
“Үүрдийн аз жаргал нь танд юу байгаагаас биш, харин та ямар хүн бэ гэдгээс ирдэг болохыг ойлго.
Жинхэнэ баяр баясгалан шударга зан чанараас ирдэг бөгөөд энэ нь тогтмол гаргаж байсан зөв шударга шийдвэр дээр үндэслэгдэн бий болсон хэв загварт суурилсан байдаг. … Гаргасан зөв шударга шийдвэрүүд тань таны хэн болохыг мөн танд юу чухал болохыг тодорхойлдог. Тэдгээр нь зөв зүйлийг үйлдэхэд улам бүр хялбар болгож өгдөг. Одоо болон амьдралынхаа бүхий л үед аз жаргалтай байхын тулд Их Эзэнд тууштай дуулгавартай бай”6 гэж хэлжээ.
Бид судраас судалж байхдаа Их Эзэний бидэнд өгсөн амлалтууд зөв шударга амьдрахад биднийг урамшуулан дэмждэг болохыг мэдэж авдаг. Тэдгээр амлалт нь ёс зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ буурч буй энэ дэлхийн амьдралын өдөр тутмын бэрхшээлтэй нүүр тулгарах үедээ ч бууж өгөхгүй байх урам зоригийг бидэнд өгснөөр бодгалийг маань тэтгэж, итгэл найдвар авчирдаг. Тиймээс бодол санаа, хэл яриа, үйлдэл маань Тэнгэрлэг Эцэгт хүргэх зам руу биднийг хөтөлж байгаа эсэхэд бид анхаарах хэрэгтэй.
Итгэлтэй байдал
Аз жаргалд хүргэх гурав дахь зам бол итгэлтэй байдал юм. Бурхан биднийг тэнгэрлэг зорилго, мөнхийн алсын хараа бүхий амьдралын эх үүсвэр болдог итгэлийн маань дагуу адисалдаг гэдгийг ойлгох нь чухал. Итгэл бол хичээнгүй байдлыг өдөөдөг бодит зарчим юм. Энэ нь бидний эерэг хандлага ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднээс хийхийг хүссэн бүх зүйлийг дуртайяа хийх хүслээс харагддаг. Энэ нь биднийг өвдөг сөхрөн, Их Эзэнээс удирдамж хүсээд мөн босож, Түүний хүсэлтэй нийцэх зүйлсийг гүйцэлдүүлнэ гэдэгт итгэж үйлдэхэд урамшуулдаг.
Таныг аяллаа цааш үргэлжлүүлэх явцад Их Эзэн Бурханы зарлигласан бүх зүйлийг хийх нь үү, үгүй юу гэдгийг чинь сорьж шалгана (Абрахам 3:25). Энэ бол мөнх бус амьдралд олж авах туршлагын нэгэн хэсэг юм. Энэ нь Христэд тууштай итгэн, Сүнсээр удирдуулж, Бурхан бидний хэрэгцээг хангана гэдэгт итгэж найдан, урагш тэмүүлэхийг биднээс шаарддаг.
Үнэхээрийн хэцүү байдалд орсон үедээ ч гэсэн та Христэд гуйвшгүй итгэдэг хэвээр байх ёстой гэдгээ бүү март. Хэрэв та тууштай байж чадах юм бол Их Эзэн амьдралын саад бэрхшээлийг даван туулах чадварыг тань өсгөн нэмэгдүүлнэ. Та сөрөг өдөөлтийг дарах боломжтой болж, бүр давж гарах боломжгүй мэт санагдах саад тотгорыг ч даван туулах чадварыг хөгжүүлнэ.
Ариун байдал
Аз жаргалд хүргэх өөр нэгэн зам бол ариун байдал ба энэ нь сүнслэг болон ёс суртахууны хувьд төгс байхтай холбоотой. Ариун байдал нь сэтгэл зүрх, хүсэл эрмэлзэл цэвэр ариун байгааг харуулдаг. Бид ийм бурханлаг зан чанарыг хөгжүүлэхийн тулд хэрхэн өдөр бүр өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд тэжээхээр хөдөлмөрлөж болох вэ?
Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) дараах байдлаар энэ асуултад хариулсан. Тэрээр: “Бид дадлага сургуулилтаар өөрсдийн сүнслэг хувилбарыг хөгжүүлдэг. … Бид залбирч, өдөр бүр сайн үйлс хийн, бусадтай хуваалцсанаар сүнсний дасгал сургуулилтаа хийх ёстой. Бид өдөр бүр судраас суралцан, [гэр бүлийн үдэш] хийж, цуглаанууддаа оролцож, ариун ёслолоос хүртэх замаар сүнсээ тэжээх ёстой. …
Зөв шударга хүн өдөр бүр наманчлах хэрэгтэй гэдгээ мэддэг учраас өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг”7 гэсэн байна.
Ариун байдлын өөр нэгэн чухал хэсэг бол ариун сүмд гэрээнүүд хийж, тэдгээрийг сахихтай холбоотой. Хэрэв бид итгэлтэй байх юм бол эдгээр гэрээ нь биднийг өөрийн хүч чадал, харах өнцгөөс хальж, илүү их өндөрлөгт хүргэх боломжтой. Бид ариун сүмд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн өмнө хийдэг ёслол, гэрээнүүддээ үнэнч байх юм бол Есүс Христийн сайн мэдээний амлагдсан бүх адислал биднийх болох боломжтой. “Аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрах загварын нэгээхэн хэсэгт шүтэн бишрэх ба Их Эзэнтэй гэрээ хийх боломжтой ариун сүмийг барих нь ордог (2 Нифай 5:16, 27-г үзнэ үү).
Энэ замд онцолбол зохих нэг зүйл бол бид сүнслэг байдлаа хөгжүүлэн, ёс суртахууны хувьд цэвэр ариун байхад анхаарах ёстой явдал юм.
Дуулгавартай байдал
Бурханы бүх зарлигийг сахих нь аз жаргалд хүргэх өөр замуудтай холбоотой. Нифайчууд леменчүүдээс салсныхаа дараа “Их Эзэний тогтоол, дүрэм, зарлигуудыг бүх зүйлд, Мосегийн хуулийн дагуу даган мөрдөж байсан” (2 Нифай 05:10)-ыг үзнэ үү) тул тэд үлэмж ихээр дэгжин хөгжсөн. Энэхүү загвар нь “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрахын өөр нэгэн чухал хэсэг билээ.
Ерөнхийлөгч Монсоны зааснаар “Бид зарлигуудыг сахивал амьдрал маань илүү аз жаргалтай, утга учиртай, ээдрээ багатай болно. Бид бэрхшээл, асуудлуудаа давж гарахад илүү амар болж, [Бурханы] амласан адислалыг хүлээн авах болно.”8 Тэр мөн “Бид хайж буй мэдлэг, хүлээж буй хариултуудаа болон энэхүү түвэгтэй, хувирамтгай дэлхийн бэрхшээлүүдийг даван туулахад туслах хүч чадлыг Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаснаар л олж авч чадна”9 гэж хэлсэн.
Аврагч бидэнд
“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. …
Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” (Иохан 14:15, 21) хэмээн заасан.
Амь биеэ үл хайрлах байдал ба хайр
Аз жаргалд хүргэх хамгийн сайн арга зам бол амь бие үл хайрлан зүтгэж, хайрлах—бүх амьд бодгаль бүрд санаа тавин, сонирхож, ямар нэгэн байдлаар энэрэх явдал юм. Хайр бол бидний болон бусдын амьдралыг баяжуулж, адислах аз жаргалд хүргэх шулуун зам юм. Энэ нь Аврагчийн хэлснээр дайснууддаа хүртэл хайраа үзүүлэхийг хэлнэ (Матай 5:44-ийг үзнэ үү).
Ингэснээр та Бурханыг хайрла гэсэн агуу зарлигийг биелүүлнэ. Та бузар булай, уналтад хүргэгч, гашуун тааламжгүй салхины дээгүүр өнгөрөх болно. Жинхэнэ бөгөөд үүрдийн аз жаргал зөвхөн бид “бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ [хайрлах]” (Матай22:37; мөн Дэд хууль 6:5; Марк 12:30; Лук 10:27-г үзнэ үү) үед л ирдэг.
Бидний хүн нэг бүр Их Эзэнийг хайрлаж, “бидний оршихуйн эцсийн зорилго ба загвар”10 болох аз жаргалд хүргэх Түүний замуудыг дагахыг сонгох болтугай.