Би судар судлах үйл явцаа хэрхэн сэргээж болох вэ?
Сара Кийнэн
АНУ, Юта
Номлолоосоо гэртээ эргэж ирээд ердөө гурван сар болж байхад надад судраас уншихад хэцүү болж эхэлсэн юм.
Би номлолдоо өдөр бүр судар уншдаг байсан ба гэртээ очихдоо үргэлжлүүлэн уншина гэж амласан байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам олон зүйл ийнхүү уншихад саад болж байгаа мэт санагдах болсон. Би гэрийн даалгавар ихтэй байх юм уу, ажил хийгээд завгүй эсвэл зүгээр л их ядарсан байдаг байв. Шалтаг гаргах бүрд судраас унших хугацаа маань багассаар, эцэст нь би бараг уншихаа болив.
Би нэгэн орой Мормоны Номоо нээж, нэг шүлэг уншихаар төлөвлөлөө. Миний уншсан тэр шүлэг надад судруудад “Бурханы таалалт үгийг, тийм ээ, шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч тэрхүү үг” (Иаков 2:8) байдаг гэдгийг сануулсан юм.
Би энэ шүлгийг тунгаан бодоод, судраас судлахаа больсноор надад ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг ойлгов. Би сургууль дээрээ илүү их бухимдан, сүмдээ ч бас хайхрамжгүй хандах болж, Бурханаас улам бүр холдсон мэт мэдрэх болсон юм. Миний бодгальд сударт байдаг Бурханы эдгээгч үгс хэрэгтэй байв. Би нэн чухал зүйлсээ эргэн харах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.
Би судар судлах үйл явцаа сэргээх талаар найз нөхөд, гэр бүл, Сүмийн удирдагчдаасаа зөвлөгөө авав. Би гурван зүйл тус нэмэр болж болохыг олж мэдсэн юм.
Нэгдүгээрт, оройн цагаар судраас судлах нь миний хувьд үр дүн багатай болохыг би ойлгосон. Өглөөгүүр судлах нь өглөө уншсан сургаал, зарчмуудын талаар өдрийн турш тунгаан бодох боломжийг надад өгдөг байв.
Хоёрдугаарт, бидэнд гэр бүлийнхэнтэйгээ хамт судраас уншихыг заасан байдаг ч би их сургуульд, гэр бүлээсээ хол байсан тул нэг өрөөнд амьдардаг хүмүүс болон найзуудтайгаа хамт судар уншиж эхлэв. Энэ нь намайг үүргээ мартахгүй байхад тусалсан бөгөөд сайн мэдээний талаар гайхалтай ярилцлага өрнүүлэхэд хүргэдэг байлаа.
Гуравдугаарт, би судраас судалж байхдаа хүлээн авсан сүнслэг өдөөлт, бодол санаагаа бичиж тэмдэглэж эхлэв. Энэ нь намайг уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, Сүнсний дуу хоолойг илүү сайн олж танихад тусалсан.
Судраас судлах үйл явц амьдралын маань чухал хэсэг дахин болсноор би хийх ёстой бүх зүйлээ хийж дуусгах хангалттай цаг зав, эрч хүчтэй болсноо олж мэдсэн юм. Хамгийн гол нь би судраас уншиж, тунгаан бодсоноор Бурхантай эргэж ойртсоноо мэдэрсэн билээ. Одоо би судраас унших цаг зав гаргахдаа амар амгаланг мэдэрч, бодгалиа эдгээж чаддаг болсон.