Исламын шашныг ойлгох нь
Сайн, муу янз бүрийн шалтгаанаар исламын шашин болон мусульманчууд сүүлийн үеийн мэдээнд гарахгүй өнгөрдөг өдөр гэж бараг байхаа больжээ. Тиймээс хожмын үеийн гэгээнтнүүд зэрэг исламын шашинтан бус олон хүн тэдний талаар сонирхож, тэр ч бүү хэл санаа зовдог болох нь ойлгомжтой. Бид мусульман хөршүүдтэйгээ ямар нэгэн зүйлээрээ адил уу? Бид хамтдаа амьдарч, ажиллаж чадах болов уу?
Юуны өмнө зарим түүхэн суурь мэдлэг өгөх нь тустай байж болох юм.
МЭӨ 610 онд дунд эргэм насны Мухаммед гэдэг араб худалдаачин эргэн тойронд нь үүссэн шашны төөрөгдлийн талаар эргэцүүлэн бодож, залбирахаар төрөлх хот Меккагийн ойролцоох гүвээ рүү гарчээ. Хожим нь тэрээр өөрийг нь өөрийн хүмүүст бошиглогч бол хэмээн дуудсан нэгэн үзэгдлийг хүлээн авснаа хэлсэн байдаг. Энэ үйл явдал (Бурханд) “захирагдах” гэсэн утгатай ислам (исс-ЛААМ) гэдэг үгээр нэрлэгддэг шашны эхлэлийг тавьсан байна. Исламын шашинд итгэгчийг мусульман (МУСС-лим) буюу “захирагдагч” хэмээн нэрлэдэг.
Түүнээс хойш Мухаммедыг 25 жилийн туршид нас барах хүртлээ олон илчлэлт хүлээн авсан гэж ярьдаг. Тэр эхлээд төрөлх хотынхоо оршин суугчидтай тэнгэрлэг шүүлт ирэх талаар анхааруулга өгч, сонсогчдоо наманчлахыг мөн бэлэвсэн, өнчин, ядуу хүмүүстэй зөв харьцахыг уриалж, нас барагсад бүгд амилах тухай болон Бурханы эцсийн шүүлтийн тухай номлож байсан байна.
Гэхдээ түүнийг болон дагагчдыг нь дооглон тохуурхах, мөрдөн хавчих явдал улам бүр ширүүссэн тул тэд хойд зүг рүү тэмээгээр 4 өдөр явах зайд орших Медина хот руу зугтахаас өөр аргагүй болсон аж.
Тэнд Мухаммедын гүйцэтгэдэг байсан үүрэг эрс өөрчлөгджээ.1 Тэрээр ердийн номлогч, сэрэмжлүүлэгч байснаа хууль тогтоогч, шүүгч, Арабын чухал хотын, улмаар Арабын хойгийн улс төрийн удирдагч болсон юм. Эртний итгэгчдийн байгуулсан энэ суурин газар исламын шашинд хууль, шударга ёсонд үндэслэгдсэн шашны дүр төрхийг өгчээ. Энэ нь уг шашны хамгийн өвөрмөц бөгөөд чухал онцлог шинж юм.
МЭӨ 632 онд Мухаммедыг нас барсны дараа түүний оронд исламын шашинтнуудын удирдагчаар хэн сонгогдох ёстой вэ гэдэг асуултаас үүдэн тэд хуваагдаж, хоёр үндсэн урсгал гарч ирэв.2 Энэ хоёр урсгалын хамгийн томыг нь Суннит гэдэг (энэ нь сунна буюу Мухаммедын уламжлалт зан үйлийг дагадаг гэдэг бөгөөд үе залгамжлах асуудал дээр харьцангуй уян хатан байдаг). Нөгөөх нь Мухаммедын хүргэн ‘Алигийн эргэн тойрны хүрээнд үүссэн бөгөөд Шийт ‘Али (‘Алигийн урсгал) гэж нэрлэгддэг ба одоо Шийт гэсэн нэрээр олонд танигджээ. Суннитуудаас ялгаатай нь шиатууд (шийтүүд буюу ший мусульманчууд гэгддэг) Мухаммедыг залгамжлан удирдах эрхийг бошиглогч Мухаммедын хамгийн ойрын эрэгтэй хамаатан болох ‘Али ба түүний удам угсааныхан залгамжлах ёстой гэж үздэг байна.
Хэдийгээр хоорондоо ийм санал зөрөлдөөнтэй байсан ч исламын шашныхан шашин шүтлэгийн хувьд Христийн шашинтнуудаас илүү нэгдмэл байсаар иржээ. Цаашилбал, МЭӨ 800-аад оноос хойш хэдэн зууны туршид исламын соёл иргэншил шинжлэх ухаан, анагаах ухаан, математик, гүн ухаан судлалын хувьд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байсан гэж хэлж болно.
Мусульман сургаал ба зан үйлийн эх сурвалж
Мухаммедыг нас барснаас хойш арав хориод жилийн дараа түүний илчлэлтүүдийг цуглуулан коран (“унших” буюу “өгүүлэх” гэсэн утгатай qara’a гэдэг араб үгээс гаралтай) гэх ном болгожээ. 114 бүлэгтэй Коран нь Мухаммедын тухай түүх биш юм. Сургаал ба Гэрээний нэгэн адил энэ нь зохиолын ном биш бөгөөд мусульманчууд үүнийг Мухаммедад өгсөн Бурханы үг (ба үгс) гэж үздэг.3
Үүнийг уншсан Христийн шашинтнууд эндээс танил сэдвүүдийг олж уншиж болно. Тухайлбал, энэ номонд Бурхан ертөнцийг долоо хоногт бүтээсэн, Тэр Адам, Ева хоёрыг Едений цэцэрлэгт байрлуулсан, тэднийг чөтгөр уруу татсан, тэдний уналт, дараагийн дуудагдсан бошиглогчдын (ихэнх нь бас Библид гардаг) нэрс зэрэг нь гардаг. Коранд эдгээр бошиглогчийг өөрсдийн хүслийг Бурханд захируулсан мусульманчууд хэмээн дүрсэлсэн.
Уг бичвэрт Абрахамыг Бурханы найз хэмээн тодорхойлж, олон удаа түүний тухай дурдсан байдаг.4 (Үүнээс гадна түүнийг хүлээн авсан илчлэлтүүдээ бичиж авсан хэдий ч тэдгээр нь алдагдсан гэж үздэг.5) Мөн Мосе, Фараон болон Израилийн хүүхдүүдийн Египетээс гарсан талаар гардаг байна.
Гайхалтай нь, Есүсийн эх Мариаг Шинэ Гэрээнд 19 удаа дурдсан байдаг бол Коранд 34 удаа дурдсан байдаг. (Үнэндээ тэр бол Коран сударт нэр нь дурдагдсан цорын ганц эмэгтэй юм.)
Коранд хамгийн их бичигдсэн сургаал бол tawhid (тау ХИЙД) сургаал бөгөөд үүнийг “монотейзм” буюу “ганц бурхан” гэж орчуулж болно. Энэ нь исламын шашны гол зарчмуудын нэг болох цор ганц онцгой тэнгэрлэг бие байдаг гэдгийг төлөөлдөг. “Тэр хүүхэдгүй, тэр өөрөө хэн нэгний хүүхэд ч биш” хэмээн Коран тунхаглаад, “мөн түүн шиг нэгэн нь үгүй”6 гэсэн байдаг. Үүнээс улбаалан гарах дараах зүйл нь исламын болон Христийн шашны хоорондын хамгийн чухал ялгаа мөн. Тухайлбал: Мусульманчууд Есүс Христийн эсвэл Ариун Сүнсний бурханлаг байдалд итгэдэггүй. Бас бүх хүнийг Бурханы эн тэнцүү бүтээсэн бүтээл гэсэн ч исламын сургаалын дагуу бид Түүний хүүхэд биш гэж дурдсан байдаг.
Гэхдээ мусульманчууд Есүсийг Бурханы нүгэлгүй, онгон эхээс төрж, хожмын өдрүүдийн үйл явдлуудад чухал үүрэг гүйцэтгэх хувь тавилантай бошиглогч байсан гэдэгт итгэдэг. Есүсийг Коранд олон удаа, хүндлэн биширч дурдсан байдаг.
Мусульманы гол сургаал ба зан үйл
“Исламын таван тулгуур багана” хэмээн нэрлэдэг исламын шашны гол сургаалыг Коранд биш, харин Мухаммедад зориулан бичсэн мэдэгдэлд хамгийн оновчтой хураангуйлан дүрсэлсэн. Үүнд:
1. Гэрчлэл
Хэрэв исламын шашинтнуудад нийтлэг итгэлийн бэлгэ тэмдэг гэж байдаг бол тэр нь шахада, “итгэлийн тунхаглал” буюу “гэрчлэл” юм. Энэ хэллэг нь “[Аллахаас] өөр ямар ч Бурхан байхгүй мөн Мухаммед Аллахын элч мөн болохыг би гэрчилж байна” гэж орчуулагддаг араб уншлагыг илэрхийлдэг. Шахада бол исламын шашинд орох үүд хаалга юм Үүнийг чин сэтгэлээсээ итгэж, давтан уншсанаар мусульман болдог.
Аллах гэдэг үг нь араб хэлний Бурхан гэсэн үг юм. Уг үгийг задлан авч үзвэл, al- ilah (“бурхан”) гэсэн хоёр үг нь оноосон нэр биш, харин цол хэргэм юм. Энэ нь еврей хэлний Элохим гэдэг үгтэй холбоотой.
Исламын шашинд санваар гэж байхгүй тул санваарын ёслолууд гэж байдаггүй. Мөн “сүм” гэж бас байдаггүй. Иймд шахадаг тунхаглах нь исламын шашны хувьд баптисмтай адил үйл юм. Исламын шашинд өнөө үед албан ёсны, нэгдсэн, дэлхийг хамарсан удирдлагын бүтэц гэж байдаггүй нь өөр утга санааг илэрхийлдэг. Тухайлбал, дэлхийн мусульманчуудыг ерөнхийд нь удирддаг удирдагч, тэднийг төлөөлөн ярьдаг хүн гэж байдаггүй. (Мухаммедыг хамгийн сүүлийн бошиглогч гэдгийг бараг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.) Энэ нь мөн террористууд эсвэл “буруу номтнуудыг” гишүүнчлэлээс хасах сүм байхгүй гэсэн үг.
2. Мөргөл
Мусульман биш олон хүн мусульманчуудын мөргөл үйлдэх ёс болох салаатыг (са-ЛААТ) мэддэг. Энэ нь өдөрт таван удаа, биеэрээ үйлддэг мөргөл юм. Коранд заагдсан шүлгийг давтан хэлж, духаа газарт хүргэх нь Бурханд даруухнаар захирагдаж байгааг илэрхийлдэг. Аль ч үед хийж болдог залбирлыг ду‘а гэдэг ба үүнийг хүссэн үедээ хэлж, биеэрээ мөргөх шаардлагагүй байдаг байна.
Баасан гаргийн үд дундын мөргөлийг мусульман эрчүүд заавал, харин эмэгтэйчүүд боломжоороо исламын сүм хийдэд (арабаар масчид буюу “мөргөлийн газар”) хийх ёстой байдаг. Тэнд хүйсээрээ тус тусдаа бүлгүүдэд хуваагдан, эгнэн зогсоод, масчидын имамын (арабаар ии-МААМ буюу aмaмa, “урд талд” гэсэн утгатай) удирдлаган доор залбирч, богино номлол сонсдог. Гэхдээ баасан гараг нь Хүндэтгэлийн өдөртэй яг ч адилхан биш юм. Хэдийгээр ихэнх мусульман оронд “амралтын өдрүүд” нь яум ал-жим‘а (“цугларалтын өдөр”) буюу баасан гарагт төвлөрдөг ч тухайн өдөр ажиллах нь гэм нүгэлд тооцогддоггүй.
3. Өргөл
Закат (за-КААТ буюу “ариусгагч нэгэн” гэсэн утгатай) нь ядууст туслах, масчид болон исламын шашны бусад үйл ажиллагааг дэмжихэд зориулан буяны өргөл өргөхийг хэлдэг. Ерөнхийдөө үүнд мусульман хүн тогтоосон хамгийн доод хэмжээнээс дээгүүр гарсан бүх хөрөнгийнхөө 2.5 хувийг өгөх ёстой байдаг. Зарим мусульман шашинтай оронд энэ өргөлийг төрийн байгууллагууд цуглуулдаг бол зарим оронд энэ нь сайн дурынх байдаг ажээ.
4. Мацаг барих
Жил бүр билгийн тооллын Рамадан сарын турш нар мандахаас нар жаргах хүртэл сүсэг бишрэлтэй мусульманчууд хоол, унд, бэлгийн харьцаанаас татгалздаг. Тэд мөн уг сарын турш ядууст чиглэгдсэн онцгой буяны үйлсэд өөрсдийгөө зориулж, Коран уншдаг.7
5. Мөргөл үйлдэхээр явах
Эрүүл саруул, хөрөнгө мөнгөний боломжтой мусульманчууд амьдралдаа дор хаяж нэг удаа Мекка руу мөргөл үйлдэхээр явах ёстой. (Исламын шашны хоёр дахь ариун хот болох Мединад очиж болох ч тийшээ заавал очихыг шаарддаггүй.) Итгэлтэй мусульманчуудын хувьд ийнхүү үйлдэх нь асар их сүнслэг бөгөөд сэтгэл хөдөлгөм үйл явдал болдог ба энэ нь өөрийн биеэр Ерөнхий чуулганд оролцох эсвэл ариун сүмд анх удаа орж байгаатай адилхан юм.
Өнөөгийн зарим асуудал
Исламын шашны тухайд мусульман биш хүмүүсийн санааг зовоодог гурван зүйл нь шашны хүчирхийлэл; исламын буюу шариатын хууль; эмэгтэйчүүдэд хандах хандлага юм.
Зарим хэт даврагч бүлгийнхэн жихад гэдэг үгийг “ариун дайн” гэсэн утгаар хэрэглэдэг ч яг үнэндээ энэ үг нь “зөвхөн” залбирал хийж, судар судлахын оронд “бодит ажил хийх” гэсэн утгатай.
Мусульман хуульч, гүн ухаантнууд жихадын талаар олон янзын ойлголттой байдаг. Хуулийн жишиг эх сурвалжуудад дурдахдаа, тухайлбал, цэргийн жихад үйл ажиллагаа нь хамгаалах чанартай байх бөгөөд эсрэг талд анхааруулга өгч, өдөөн хатгасан үйлдлээ зогсоох боломж олгох ёстой гэсэн байдаг. Өнөөгийн зарим хуульч болон мусульман гүн ухаантан жихад гэж исламын шашинтнуудад ашигтай эсвэл дэлхийг ерөнхийд нь сайжруулах зорилготой ямар ч бодит үйлийг хэлж болно хэмээн маргалддаг. Мухаммед жихадыг “их жихад,” “бага жихад” гэж хоёр төрөл болгон ангилсан гэж үздэг ба сүүлийнхийг нь дайн байлдаан хэмээсэн байдаг. Харин их жихад гэдэг нь шударга бусын эсрэг мөн зөв шударга амьдрахын тулд өөрөө өөртэйгөө тэмцэх гэсэн утгатай.
Өнөөгийн исламын террористууд шашны үндэслэлтэй гэх боловч энэ нь бодит байдалд шашинтай бараг ямар ч холбоогүй нийгэм, улс төр, эдийн засгийн хүндрэлийг авчирдаг.8 Түүгээр ч барахгүй, дэлхийн мусульманчуудын дийлэнх нь террорист хүчирхийлэлд нэгддэггүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.9
Шариат нь мусульман биш хүмүүсийн санааг зовоодог өөр нэгэн асуудал юм. Коран болон Мухаммед, түүний дотны туслахуудын хэлсэн үгс, хийсэн үйлийг агуулсан товч тэмдэглэл болох хадит-аас үүссэн шариатын хууль нь мусульманчуудын биеэ хэрхэн авч явах загварыг гаргаж өгөхийн зэрэгцээ Кораны шүлгүүдийг тайлбарладаг мусульман сахилгын дүрэм юм.10 Шариатын хуулинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцаслалтын (хижаб буюу гивлүүр гэх мэт) талаарх дүрэм орсон байдаг ба зарим мусульман оронд үүнийг албан ёсоор мөрддөг байхад зарим оронд энэ нь хувь хүний сонголт байдаг байна. Шариат нь мөн хувийн ариун цэвэр, залбирлын цаг, агуулга, гэрлэлт, салалт, өв залгамжлалын талаарх дүрмүүдийг хамардаг. Тиймээс мусульманчууд шариатын хуульд захирагдахыг хүсэж байгаагаа судалгаагаар илэрхийлснээрээ улс төрийн мэдэгдэл хийж эсвэл хийгээгүй ч байж болох юм. Тэд зүгээр л мусульман амьдралаар чин сэтгэлээсээ амьдрахыг хүсэж байгаагаа илэрхийлж байж болно.
Мусульман биш олон хүн исламынхны эмэгтэйчүүдэд хандах хандлагын талаар бодохдоо шууд олон эхнэртэй байх ёс болон гивлүүрийн талаар боддог. Гэхдээ соёл заншлын бодит байдал нь илүү ээдрээтэй юм. Коран дахь олон шүлэгт эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эн тэнцүү гэж тунхагласан байхад заримд нь хараат болгон тэмдэглэсэн байдаг. Исламын шашинтай олон оронд, ялангуяа исламын шашин нэвтрэхээс өмнө овог аймгийн ёс заншилтай эсвэл өмнө нь өөр уламжлалтай байсан орнуудад эмэгтэйчүүдийг хараат, сул дорой гэж үздэг. Гэхдээ мусульманчуудын эмэгтэйчүүдийн үүргийг авч үзэх өнцөг нь улс орон бүрд төдийгүй улс орон дотроо ч өөр өөр байдаг.
Исламын шашны талаарх хожмын үеийн гэгээнтнүүдийн үзэл бодол
Өөр өөр итгэл үнэмшилтэй хэдий ч хожмын үеийн гэгээнтнүүд бид мусульманчуудтай харилцаа холбоогоо хэрхэн тогтоож чадах вэ?
Юун түрүүнд бид мусульманчуудын “хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх” (Итгэлийн тунхаг 1:11) эрхтэйг хүлээн зөвшөөрөх ёстой. 1841 онд Науву хотын зөвлөлд байсан хожмын үеийн гэгээнтнүүд “Каталок, пресбитриен, методист, баптист, хожмын үеийн гэгээнтэн, квакэр, епископал, универсалист, юнитариан, сухаммедчууд [мусульманчууд] болон бусад шашны бүх бүлгэмд” “чөлөөтэй, эн тэнцүү эрхийг”11 олгон, шашны эрх чөлөөг баталгаажуулсан хуулийг батлалцсан.
Мөн бид манай Сүмийн удирдагчид исламын шашныг үүсгэн байгуулагчид талархлаа илэрхийлэхдээ ихэнхдээ онцгой эерэг ханддаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, 1855 онд Христийн шашинтай олон хүн Мухаммедыг антихрист хэмээн буруушаахад Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жорж А.Смит (1817–75), Парлей П.Пратт (1807–57) нар исламын шашны түүхийн талаар өргөн мэдлэг, дориун ойлголттой гэдгээ харуулаад зогсохгүй, Мухаммедыг сайшааж, дэлгэрэнгүй сургаал айлдсан байдаг. Ахлагч Смит Мухаммедыг хиймэл шүтээн шүтэхийн эсрэг номлох “зорилгоор Бурхан өсгөн хүмүүжүүлсэн нь гарцаагүй” хэмээн онцлоод, хожмын үеийн гэгээнтнүүдийн адил өөрсдийнхөө тухай “үнэн шударга түүх” бичүүлж чадахгүй зовж байгаа мусульманчуудыг өрөвдөн хайрлаж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний яг дараахан ахлагч Пратт Мухаммедын сургаал болон мусульман нийгмийн ёс суртахуун, дэг жаягийг биширч байгаагаа илэрхийлсэн байдаг.12
1978 онд Тэргүүн Зөвлөл энэ шашны талаар хамгийн сүүлд албан ёсны мэдэгдэл гаргасан. Үүнд Мухаммедыг “дэлхийн шашны агуу удирдагчдын” нэг болохыг дурдаад, тэр тэдний нэгэн адил “Бурханы гэрлээс тодорхой хэсгийг хүлээн авсан. Бүхэл бүтэн улс үндэстэнг гэгээрүүлж, илүү өндөр түвшний ойлголтыг хувь хүмүүст өгөхийн тулд ёс суртахууны үнэнийг [энэ удирдагчдад] Бурхан өгсөн” хэмээн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл, Н.Элдон Таннэр, Марион Г. Ромни нар бичжээ.13
Адил төстэй суурин дээр босгох нь
Хожмын үеийн гэгээнтнүүд болон мусульманчууд Есүс Христийн тэнгэрлэг байдал, Аврагчийн хувьд Түүний гүйцэтгэсэн үүрэг, орчин цагийн бошиглогчдын дуудлага зэрэг чухал асуудлаар ялгаатай авч үздэг ч бидэнд адил төстэй олон зүйл бий. Тухайлбал, Бурханы өмнө ёс суртахууны хариуцлага хүлээдэг; хувийн зөв шударга байдал, сайн сайхан, шударга нийгмийг байгуулахын төлөө зүтгэх ёстой мөн амилж, Бурханы өмнө шүүгдэхээр зогсоно гэдэгт бид адилхан итгэдэг.
Мусульманчууд болон хожмын үеийн гэгээнтнүүдийн аль аль нь бат бөх гэр бүлд болон ядуус, гачигдагсдад туслах тэнгэрлэг зарлигт нэн чухал ач холбогдол өгдөг ба итгэлээ шавь байснаар төдийгүй үйлдлээрээ харуулдаг гэдэгт итгэдэг. Хожмын үеийн гэгээнтнүүд болон мусульманчууд мөр зэрэгцэн алхаж, боломж гарвал шашнаас улам бүр холдсоор байгаа дэлхийд улам бүр ойртон, хөршүүд болж байгаа энэ цаг үед нийгэмд хамтарч ажиллахад болохгүй зүйл үгүй. Шашинд итгэх нь зарим шүүмжлэгчийн үзсэнчлэн зөвхөн хэрүүл тэмцэл, хүчирхийллийн эх үүсвэр биш, харин биднийг сайн үйл хийх хүчирхэг хүчин болгодгийг хамтдаа харуулж чадна.
Коран сударт бидний өөр өөр үзэл бодолтой ч хамтдаа амар тайван амьдрах арга замыг дараах байдлаар бичсэн байдаг. “Хэрэв Бурхан хүссэн байх аваас тэр та нарыг нэгэн нийгэмд оруулах байсан. Гэвч Тэр та нарт өгсөн зүйлээрээ та нарыг сорихыг хүссэн. Тиймээс сайн үйлээрээ нэг нэгэнтэйгээ өрсөлд. Та нар бүгд Бурханд эргэн ирэх бөгөөд тэр та нарын санал нийлдэггүй байсан зүйлсийн талаар ярих болно”14 хэмээжээ.