“Гол руу үсэр!”
Элвин Жером Ласеда
Филиппиний Пампанга
Нэгэн өдөр эмээ маань авга эгчид хоол бэлдээд, надаас хүргэж өгөхийг гуйв. Тэр бямба гаргийн үдээс хойш халуун байсан бөгөөд би эмээгийнхээ зараалаар явахын оронд өөр олон зүйл хийхийг хүсэж байлаа. Би эмээгээсээ миний оронд үеэлүүдийн маань нэгийг явуулахыг гуйсан ч тэр заавал намайг явах ёстой гэж зүтгэв.
Цагийн дараа би эмээгийнхээ гуйлтыг биелүүлэх ёстойгоо мэдэрч эхэлсэн. Би хоолыг аваад, авга эгчийнхээ байшин руу алхлаа. Тэднийх нэлээн зайтай байдаг болохоор би очоод удна гэж төлөвлөөгүй байв.
Авга эгч маань таван сартай хүүхэдтэйгээ хамт мангоны хоёр зулзган модны хооронд бэхэлсэн дүүжин орон дээр хэвтэж байхыг би харав. Эдгээр мод байшингийн араар урсах голын дэргэд байдаг байлаа. Би хоолоо өгөхөөр тэдний зүг алхав. Гэнэт дүүжин орны олс тасарч, авга эгч маань хүүхдийнхээ хамт гол руу өнхрөн унах нь тэр. Би айснаасаа болоод хөшиж орхив. Би хэрхэн сэлэхийг ч мэддэггүй байсан ба туслах өөр хүн эргэн тойронд байсангүй. Би юу хийхээ мэдэхгүй байлаа.
Тэр даруй би “Үсэрч ор!” гэх Сүнсний дуу хоолойг сонсов.
Би эргэлзэлгүй шууд ус руу үсрэн орж, азаар хэдхэн мөчийн дотор хүүхдийг олсон ба авга эгч маань ч уснаас гарч чадав. Би уснаас хүүхдийг аван гарч ирэхдээ болсон зүйлд итгэж ч чадахгүй байлаа. Би сэлж чадахгүй мөртлөө гол руу үсрэн орсон хэдий ч Сүнсийг сонссон учраас нялх үеэлийнхээ хамт живэхээс аврагдсан байв.
Ариун Сүнсээр дамжуулан Бурханы өгдөг удирдамж, өдөөлтийг танин мэдэж, сонсох нь ямар чухал болохыг би ойлгосон. Би эцсийн эцэст эмээгийнхээ гуйлтыг биелүүлж, авга эгчийнхээ гэрт хоол хүргэж өгсөндөө талархдаг. Бид сүнслэг өдөөлтийг мэдрэх чадвартай байхыг хичээх ёстой бөгөөд тэгснээр бид Бурханы хүүхдүүдэд туслах мутар нь байж чадна гэдгийг би мэднэ.