2018
Аврагчийг таньж мэдэх нь
April 2018


Аврагчийг таньж мэдэх нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Та Есүс Христийн талаар ойлгож мэдсэнээр Түүний амар амгалан болон оршихуйг амьдралдаа урин авчирдаг.

Christ praying

Лиз Лемон Свиндлийн Бусад ес нь хаана байна зургийн хэсгээс

Аврагчийн талаарх бүх зүйлийг Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд гэх судруудаас уншиж байна гэж төсөөлөн бод доо. Ямар их цаг хугацаа, хөдөлмөр шаардагдах бол! Гэхдээ 2017 оны 1-р сард Рассэлл М.Нэлсон бидэнд яг үүнийг хийх буюу жишиг бүтээлүүд дэх Есүсийн хэлсэн, хийсэн бүх зүйлийг судлахыг уриалсан. Энэ төслийг хийж дуусгасан нь түүнийг “өөр хүн” болгосон гэж ерөнхийлөгч Нэлсон хэлсэн билээ. Тэрээр Есүс Христийн тухай илүү ихийг ойлгож мэдээд зогсохгүй Түүнд итгэх сүсэг бишрэлээ шинэчилсэн гэдгээ мэдэрчээ.1

Та ч мөн адил Христийн талаар ойлгож мэдсэнээр Түүнтэй илүү ойртох боломжтой. Та Христийн амьдрал, зорилгыг судалснаар амар амгаланг амьдралдаа урин авчрах ба энэ нь Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгийг танин мэдэхэд тусална. Эдгээр өсвөр үеийнхэн дараах хоёр асуултад хэрхэн хариулсныг үзнэ үү. (1) Танд Аврагчийн тухай ямар дуртай судрын түүх байдаг вэ мөн яагаад? (2) Түүнчлэн сайн мэдээнээс судлах нь хэрхэн танд амар амгаланг авчирсан бэ?

Би уяман өвчтэй арван хүний түүхэнд дуртай. Учир нь Христ Өөрт нь талархсан уяман өвчтэй нэгэн хүнийг асар их хайрласан. Тэрээр “Итгэл чинь чамайг эдгээлээ” (Лук 17:19; шүлэг 11–19-ийг үзнэ үү) хэмээсэн байдаг. Түүний хүн бүрд үнэхээр нинжин сэтгэлээр ханддаг байсанд би дуртай.

Сургуульд маань саяхан тохиолдсон зарим эмгэнэлт үйл явдлын улмаас хүн бүрд туйлын их амар амгалан, тайтгарал хэрэгтэй байгаа. Би семинарт суралцсанаар хүч чадал, амар амгаланг олж авсан. Семинарын багш нар судрууд болон сайн мэдээг хүн бүрийн онцлогт тааруулан заадаг. Семинарын анги, жирийн анги хоёрыг харьцуулахад эрс ялгаатай байгааг олж харах үнэхээр сайхан. Тэнд амар амгаланг авчирдаг тэс өөр мэдрэмж төрдөг.

Габриел С., 16 настай, АНУ, Колорадо

Итгэл болон Бурханы үгийн тухай Алмагийн түүх (Алма 32:18–43-ыг үзнэ үү) бид хайрыг таривал хайрыг хүлээн авдаг гэдгийг надад заасан. Алмагийн зорамчуудад тайлбарласнаар итгэл нь үртэй адил юм. Энэ нь ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр хараагүй ч үнэн гэдэгт итгэхийг хэлдэг. Хүн Бурханы үгэнд итгэж, сонсох хүсэлтэй байх үед итгэл нь өсдөг. Энэ бүхэн намайг тайван байж, зүрх сэтгэлээ хүчирхэгжүүлэн, Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаг мөн надад нигүүлсэнгүй ханддаг гэсэн гэрчлэлийг олж авахад тусалсан.

Би өдөр бүр судраас судалснаар бидний хүн нэг бүрийн төлөөх Аврагчийнхаа хайрыг илүү сайн ойлгодог. Энэ мэдлэг нь асуудалтай тулгарах үедээ тэд ганцаараа биш, яагаад гэвэл биднийг хайрладаг Бурхан бий гэдгийг сургуулийнхаа найзуудад тайлбарлахад надад тусалдаг.

Мариа Д., 17 настай, Испани, Гуадалахара

Christ with children

Дэл Парсоны Христ ба Мормоны Номын хүүхдүүд зургийн хэсгээс

Би Аврагч Америк тивд айлчлан ирж, хүүхдүүдийг Өөр рүү нь ирэхэд урьдаг 3 Нифай 17 дахь хэсэгт дуртай. Тэр тэдэнтэй хамт сууж, хүн нэг бүртэй цагийг хамт өнгөрүүлдэг. Энэхүү гайхалтай түүх надад Есүс Христ гэж хэн болох, Тэрээр бидний хүн нэг бүрийг ямар их хайрладаг болохыг харуулдаг. Түүний тусламж хэрэгтэй үед ч гэсэнТэрээр бидний хүн нэг бүрийн хажууд сууж байдаг гэдэгт би итгэдэг.

Энэ жил би судраас өдөр бүр нэг хуудас уншина гэж өөртөө амласан. Харин би ийнхүү хийснээр өдөр бүр уншихыг хүсэн хүлээдэг болсон юм. Би цаг зав гарган судруудын үгс болон түүхийг ойлгохыг хичээснээр илүү ихийг сурч мэдсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийнхаа талаар сурч мэдсэнээр Тэдэнтэй илүү ойр байх болсон билээ. Энэ нь миний амьдралыг үнэхээр амар амгалан болгосон.

Анна К., 17 настай, АНУ, Монтана

Христ Америк тивд ирээд, тэдний дунд өвчтэй, зовж зүдэрсэн хүмүүс байгаа эсэхийг асууж, тэднийг эдгээдэг. Дараа нь тэр бяцхан хүүхдүүдийг адисалсан. (3 Нифай 17-г үзнэ үү.) Үүнийг би үнэхээр сэтгэл уярам, хүчирхэг түүх гэж боддог. Би бяцхан хүүхдүүдэд хайртай. Хүүхдүүд цэвэр ариун тул хүмүүс тэднийг илүү ихээр хайрлаж байгаад би дуртай. Энэ түүх Аврагчийн бидний төлөөх хайр ямар гүн гүнзгий болохыг надад харуулдаг. Тухайн үед Тэрээр хийе гэсэн зүйлээ бүгдийг нь хийхуйц хангалттай их хайраар хүмүүсийг хайрлаж чадсан учраас өнөөдөр ч гэсэн биднийг хайрлаж чадна.

Исаиа 53:3-т Аврагч бол “уй гашуугийн хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн” хэмээсэн байдаг. Би Христийн Цагаатгалыг болон бидний төлөө туулсан бүхнийг мөн нүглээ наманчилбал хэрхэн өршөөгдөж болох талаар бодох үед үнэхээр амар амгаланг мэдэрдэг. Мормоны Номд гардаг Мозаягийн хөвгүүд, Аммон, Залуу Алма гээд олон хүн өмнө нь алдаа гаргаж байсан ч өршөөгдсөн. Тэд Христэд хандан, наманчилж, өнөөдөр бидний суралцаж болох гайхалтай үлгэр жишээ болж чадсан. Би ч гэсэн өршөөгдөх боломжтой гэдгийг мэдэх нь надад амар амгаланг авчирдаг.

Алина Т., 18 настай, АНУ, Орегон

Есүс нэгэн хуримын үеэр ээжийнхээ хүссэнээр усыг дарс болгон хувиргадаг тухай түүх миний хамгийн дуртай судрын түүх юм. Есүс эмэгтэйчүүдийг, тэр тусмаа ээжийгээ хүндэлдэг гэдгээ харуулсан учраас би энэ түүхэнд дуртай (Иохан 2:1–11-ийг үзнэ үү). Энэ түүх хүүхдүүдийг эцэг эхээсээ айснаасаа биш, харин хэмжээлшгүй их хайрладаг болохоор тэдэнд дуулгавартай байхыг урамшуулдаг. Есүс Христийн үлгэр жишээг хүн бүр дагахыг эрэлхийлэх ёстой. Эхийгээ гэх Түүний хайр хэзээ ч дундраагүй бөгөөд эцэг эхээ хайрлах бидний хайр ч бас дундрах ёсгүй. Энэ ч бас миний дуртай судрын хэсэг юм. Түүний үйлдсэн гайхамшиг үйлчлэл байсан бөгөөд бид ч бас бусдад туслан гайхамшгийг бүтээж чадна.

Судруудад байдаг энэ болон бусад түүх надад амар амгаланг авчирсан. Хэрэв би Христээс суралцаж, Түүний сургаалуудыг дагахыг үргэлж хичээх юм бол нэгэн өдөр хайртай Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очиж чадна гэдгээ мэдэх үнэхээр сайхан.

Энн Р., 17 настай, Австрали, Викториа

Надад Христийн усан дээгүүр алхдаг түүх таалагддаг. Тэрээр бүх төлөөлөгчийн сууж байгаа завь руу дөхөн очиж, Петрийг усан дээр гарч, нааш ирэхийг урьдаг. Петр эхлээд итгэлтэй байж, усан дээгүүр алхдаг боловч дараа нь итгэлээ алдсанаар живж эхэлдэг. Тэгээд Христ гараа сунган түүнийг барьж авдаг (Матай 14:25–33-ыг үзнэ үү). Христ үргэлж бидний амьдралд гар бие оролцож, биднийг хамгаалж байдаг тул энэ түүх надад онцгой санагддаг.

Би өглөөгүүр судраас судалдаг учраас сурсан зүйл маань надад тус болж, тухайн өдрийг илүү сайхан болгодог. Судраас судлаагүй үед надад тухайн өдөр тийм ч баяртай эсвэл хөгжилтэй байдаггүй ба зүгээр л сайхан санагддаггүй. Судраас өглөө бүр уншихдаа би Ариун Сүнсийг өдрийн турш надтай хамт байхад урьдаг тул тухайн өдөр надад илүү сайхан санагддаг.

Жэймс К., 17 настай, АНУ, Аляска

Christ and the rich young man

ХЭЙНРИХ ХОФФМАНЫ “ХРИСТ БА БАЯН ЗАЛУУ ЭР”

Би Христ болон баян залуу эрийн түүхэнд (Марк 10:17–22-ыг үзнэ үү) дуртай. Энэ нь Бурханыг бүхний түрүүнд тавих талаар ихээхэн ойлголт, төсөөллийг надад өгдөг. Дэлхийн өмч хөрөнгөө нэг бүрчлэн бүгдийг зарахыг хүсэх нь бараг хүн бүрд биелүүлэхэд хүндхэн хүсэлт байх болов уу. Гэхдээ Бурханыг өмч хөрөнгөнөөсөө дээгүүр тавина гэдэг нь бидний хүн нэг бүрийн энэ амьдралдаа суралцах ёстой зүйлсийн нэг гэж би боддог. Есүс Христийн биднийг гэсэн хязгааргүй хайр үнэхээр гайхамшигтай. Энэ нь амьдралдаа олж авч болох ямар ч мөнгө хөрөнгө, эд зүйлсээс илүү гэдэг нь тодорхой.

Судраас унших нь надад амар амгаланг өгч, тайтгаруулахаас гадна илүү их мэргэн ухаан, ойлголтыг авчирдаг. Хэдийгээр би судраас судлахын хүчийг үргэлж мэдрэх боломжгүй байж болох ч судар унших нь миний амьдралд эергээр нөлөөлж, Сүнсийг мэдэрч, Түүний өдөөлтийг танин мэдэхэд тусалдаг гэдгийг мэднэ.

Ючень Ч., 19 настай, Тайвань, Тайжун

woman touching the hem

Хайди Дэйнис Дарлигийн Христийн хувцасны хормойд нэгэн эмэгтэй хүрсэн нь зургийн хэсгээс

Христ үхлүүт байсан жаахан охин дээр очихоор явж байтал цус алддаг өвчтэй нэгэн эмэгтэй Түүний хувцсанд дөнгөж хүрээд, эдгэрдэг. Христ тэр эмэгтэйг Өөрт нь хүрснийг мэдрээд, эргэн харж, түүнтэй ярьдаг (Лук 8:43–48-ыг үзнэ үү). Өөр хүнд туслахаар явж байсан хэдий ч Христ тэр эмэгтэйд цаг гаргасан. Христ бидний хүн нэг бүрд ч бас цаг гаргадаг.

Би сургуульд явж, балетын хичээл авч эсвэл өөр ажил төрөл гээд тун завгүй байдаг. Энэ бүгдийг хийх гэсээр байгаад надад ганцаар байх эсвэл амар амгаланг мэдрэх цаг зав гардаггүй. Би судраа унших юмуу залбирах үедээ л амар амгаланг мэдэрдэг. Үүнийг мэдрэх нь бас завгүй амьдралаасаа завсарлага авах нь сайхан байдаг. Би амар амгаланг мэдрэх мөчүүддээ Аврагчид илүү ойртон, сайн мэдээнд өсөж хөгждөг.

Зои Б., 17 настай, АНУ, Юта

Эшлэл

  1. Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчид ба удирдлага мөн тэнгэрлэг хууль” (Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8), broadcasts.lds.org; “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган; “Аврагчийн үгээс суралц,” Лиахона, 2018 оны 1-р сар, 56–59-ийг тус тус үзнэ үү.