2018
Тэр нэгэн цэлмэг ням гаргийн өглөө
April 2018


Сайн мэдээний сонгодог бүтээл

Тэр нэгэн цэлмэг ням гаргийн өглөө

2006 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Тэр өдөр Их Эзэн үхлийн хүлээсийг тайлан, амилсан юм. Тэрээр булшнаас бүх хүн төрөлхтний Аврагч болж алдар суутай босож ирсэн билээ.

Mary Magdalene at the tomb

Амилалт гэж сүнс болон бие махбод төгс байдалд эргэн нэгдэхийг хэлдэг болохыг бид мэднэ. …

Та үүнийг төсөөлж байна уу? Амьдралынхаа ид сайхан үед байсантай адилаар үүрд амьдрах ямар байхыг та төсөөлж байна уу? Хэзээ ч өвдөхгүй, хэзээ ч өвчин мэдрэхгүй, мөнх бус оршихуйд биднийг үргэлж хавчдаг зовлонд хэзээ ч дарамтлуулахгүй гээд төсөөлөөд үз дээ?

Амилалт нь Христийн шашинтны итгэл үнэмшлийн төвд байдаг. …

… Аврагч булшнаас босохдоо … өөр хэний ч хийж чадахгүй нэгэн зүйлийг хийсэн. Тэр зөвхөн Өөрийнхөө төлөө төдийгүй амьдарч байсан бүх зөвт болон хилэнцэт хүний төлөө үхлийн хүлээсийг тасдсан. …

… Тэрээр уг бэлгийг бүх хүнд хүртээлтэй болгосон билээ. Энэ гайхалтай сайн үйлээр Тэрээр хайртай нэгнээ алдсан хүмүүсийн бодгалийг үгүйрүүлэн хоосруулж, дотроос нь идэж сүйрүүлдэг уй гашууг зөөлрүүлсэн юм.

Би Христийг загалмай дээр цовдолсон тэр баасан гараг ямар аймшигтай байсан бол гэж боддог.

… Газар доргиж, харанхуй бүх газрыг нөмөрч, …

Түүний амийг авахаар эрэлхийлж байсан нүгэлт хүмүүс баясаж, …

тэр өдөр сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуу урагдсан.

Магдалын Мариа, Есүсийн эх Мариа хоёр хоёул уй гашуу, цөхрөлд автсан юм.… Тэдний хайрлан, хүндэтгэж явсан гайхалтай нэгэн эр загалмай дээр амьгүй болж, дүүжлэгдэн байв. …

Төлөөлөгчид ч их цочирдсон байлаа. Есүс буюу усны мандал дээгүүр алхалж, үхэгсдийг амилуулж байсан тэдний Аврагч ёсон бус хүмүүсийн гарт орсон байв. …

Энэ бол үгүйрүүлэн хоосруулж, дотроос нь идэж сүйрүүлдэг уй гашуугаар дүүрсэн баасан гараг байлаа. …

Энэ дэлхийн түүхийн эхэн үеэс хойших бүх өдрөөс хамгийн хар бараан өдөр нь тэр баасан гараг байсан хэмээн би боддог.

[Гэвч] найдлага тасраагүй. Ням гарагт Их Эзэн үхлийн хүлээсийг тайлан, амилсан юм. Тэрээр булшнаас босож, бүх хүн төрөлхтний Аврагч болж, алдар суутай ирсэн билээ.

Мэлмэрэх нулимсаар дүүрсэн байсан нүд агшин зуур хуурай болсон юм. Зовлон, уй гашуугийн залбирлыг шивнэн хэлэх амнаас магтаалын үгс гарч байв. Учир нь Есүс Христ, амьд Бурханы Хүү эдүгээ үхэл гэдэг бол зөвхөн нэгэн шинэ, гайхамшигтай туршлагын эхлэл гэдгийг нотлон … тэдний өмнө босож ирсэн байлаа.

Бидний хүн нэг бүрд өөрийн гэсэн баасан гараг буюу орчлон ертөнц тэр чигээрээ сүйрч, бидний амьдрал утга учиргүй мэт санагдах тийм өдрүүд байх болно. …

Гэвч би үхлийг ялан дийлсэн Есүс Христийн нэрээр та бүхэнд ням гараг ирэх болно гэдгийг гэрчилж байна. Биднийг уйтгар гунигт автан, харанхуйд байх үед ням гараг ирнэ.

… Биднийг уй гашууд автах эсэхээс үл хамааран ням гараг ирэх л болно. Энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд ням гараг ирнэ.

Би та бүхэнд Амилалт үлгэр домог биш гэдгийг гэрчилж байна. Түүнийг харсан хүмүүсийн хувийн гэрчлэл бидэнд бий. Иерусалимд болон Америк тивд амьдарч байсан мянга мянган хүн амилсан Аврагчийг гэрчилсэн байдаг. Тэд Түүний гар, хөл, хавирган дахь сорвинд гар хүрсэн. …

Амилалтын дараа шавь нар сэргэж, дэлхий даяар аялан, … Есүс бол Христ бөгөөд амьд Бурханы амилсан Хүү гэдгийг зоригтойгоор гэрчилж байлаа.

Тэдний дундаас олон хүн … амь насаа алдаж, амьсгал хураахдаа амилсан Христийг гэрчилж байсан.

Амилалт нь үүнийг гэрчилсэн хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. Энэ нь бидний амьдралыг өөрчлөхгүй гэж үү?

Бид бүгд булшнаас босох болно. …

Бид дэлхийн Аврагчийн амьдрал, мөнхийн золиослолын ачаар дотны хайртай хүмүүстэйгээ дахин учран золгоно.

… Тэр өдөр Мессиа бүхнийг ялан дийлсэн тул бид үүрд мөнх амьдарч чадна гэдэгтээ баясах болно.

Ариун сүмд хүлээн авдаг ариун нандин ёслолуудын ачаар энэ мөнх бус байдалд өнгөрүүлсэн асар богино амьдралыг орхин одох мөч бидний мөнхийн холбоосоор уяж холбосон харилцааг удаан салгаж чадахгүй.

Үхэл бол бидний оршихуйн төгсгөл биш гэдгийг би гэрчилж байна. …

Бид Тэнгэрлэг Эцэгийн хайрт хөвгүүд, охидын хувьд өөрсдөдөө ирсэн энэ үнэлж баршгүй бэлгүүдийг болон бүгд булшнаас алдар сууд босож ирэх тэр цэлмэг нэгэн өдрийн амлалтыг ойлгон, талархаж амьдрах болтугай.

… Бидний баасан гараг хэр харанхуй бүрхэг байхаас үл хамааран ням гараг ирнэ.