Аз жаргал бол сэтгэл санааны байдлаас ч илүү чухал зүйл
Бидний оршихуйн зорилго бол баяр баясгалантай байх явдал хэмээн бидэнд заасан (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Тэгвэл яагаад заримдаа аз жаргалыг олж авахад хэцүү мэт санагддаг юм бэ? Магадгүй, бид аз жаргал гэж чухам юу болохыг мөн … юу биш болохыг ойлгодоггүйгээс болдог байх.
Аз жаргал гэж юу вэ?
Хамгийн энгийн түвшинд илэрхийлэх юм бол аз жаргал гэдэг нь таны оюун санааны байдал сэтгэл хөдлөлийн тань хэвийн тэнцвэрт түвшингээс илүү өндөр түвшинд түр зуур очихыг хэлнэ.1 Өөрөөр хэлбэл, энэ нь сайхан мэдрэмж төрөх гэсэн үг юм.
Найзтайгаа хошигнох, хөгжилтэй тоглоом тоглох, тэр байтугай ганц зүсэм бяслагт бялуу идэх гээд сайхан мэдрэмж төрүүлдэг олон арга зам байдаг боловч энэ нь хэзээ ч урт удаан үргэлжилдэггүй. Бид ихэнхдээ тэрхүү сайн сайхан мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд нэгээс нөгөө рүү үсчдэг. Гэхдээ үүрд үргэлжилдэг аз жаргал гэж байдаг юм болов уу?
Байдаг хэдий ч энэ нь таны бодсоноос хамаагүй нарийн мэдрэмж байдаг учраас бид ихэвчлэн анзааралгүй өнгөрөөдөг. Үр бүтээлтэй амьдрал бол адал явдлаар дүүрэн бөгөөд өдрүүд тань амар хялбар, баяр хөөрөөр бялхсан, хэзээ ч төгсөшгүй дардан зам мэт байх ёстой хэмээн дэлхийнхэн бидэнд хэлдэг. Гэвч үнэндээ “аз жаргалтай хүмүүний ёсоор” (2 Нифай 5:27) амьдрахын тулд та байнга баяр хөөрийг мэдрэх хэрэггүй юм. Үүрд үргэлжлэх аз жаргал буюу бидний нэрлэдгээр жинхэнэ аз жаргал гэж гүн сэтгэл хөдлөлийн хүчтэй илрэлээс илүүтэй нам гүм, сайн сайхан мэдрэмжийг байнга мэдэрч байхыг хэлнэ. Зугаа цэнгэл, дур таашаал замхран алга болдог бол жинхэнэ аз жаргал мэдрэгдээд өнгөрөх бус, харин илүү урт удаан үргэлжилдэг. Таашаал авах гэдэг нь сэтгэл хөдлөлийн тэнцвэрт түвшингээс дээш нь өргөдөг бол жинхэнэ аз жаргалыг олж авна гэдэг нь уг тэнцвэрийг өргөхтэй адил байдаг.2
Магадгүй та тогтвортой үргэлжлэх аз жаргалыг олж авахын тулд тогтвортой өсөж хөгжин; өвчин шаналал, зовлон зүдгүүрээс ангид байхыг шаарддаг гэж боддог байж болно. Гэвч судалгаанаас харахад, эдгээр таатай нөхцөл байдал нь аз жаргалыг баталгаажуулж, харин таагүй нөхцөл байдал нь аз жаргалд саад болдоггүй аж. Харин таны аз жаргалд нөлөөлдөг бүх хүчин зүйлээс хийж буй сонголт тань хамгийн их нөлөөлдөг байна.3 Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Үлиссэс Соарэс дараах зүйлийг заасан. Тэрээр: “Аз жаргалыг бидний зориуд хийсэн санаатай үйлдлийг харуулдаг дадал зуршил, зан төлөв, бодол санааны хэв загвараар тодорхойлдог” гэжээ. Аз жаргал гэдэг нь сэтгэл санааны хувьд сайхан байхыг эсвэл санаа зовох зүйлгүй амьдрахыг хэлнэ гэхээс илүүтэй бидний хянаж чадах үзэл бодол, амьдралын арга замыг хэлнэ. Ерөнхий сэтгэл санааны байдалд удамшил, хүмүүжил яах аргагүй нөлөөлдөг ч үүнд бидний хувийн сонголт нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Товчхондоо “аз жаргал бол хэний ч хийж чадах сонголт юм.”4
Би хэрхэн аз жаргалтай байж чадах вэ?
Тэгэхээр бид аз жаргалтай байхыг яг хэрхэн “сонгож” болох вэ? Бидний аз жаргалын бяслагт бялууны нууц орц юу юм бол? Ахлагч Соарэс үүнийг тайлбарлахдаа, жинхэнэ аз жаргал “амьдралд илүү чухал ямар нэгэн зүйлийн төлөө урт хугацааны хичээл зүтгэл гаргахыг” шаарддаг гэсэн байдаг. Үүнтэй адил, фашистуудын еврейчүүдийг хоморголон устгасан үйл явдлаас амьд үлдсэн, алдарт сэтгэл зүйч Виктор Франкл аз жаргал бол “өөрөөсөө илүү агуу үйлд амьдралаа зориулсан хувь хүнийг дагалддаг үр нөлөө”5 хэмээн хэлжээ.
Бидэнд зориулан Бурханы бэлдэж өгсөн замаас илүү өөр ямар агуу зам байх билээ дээ? Бид аз жаргалыг эрэлхийлэхдээ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнөөс цаашхыг хайх хэрэггүй. Эцсийн эцэст, үүнийг “аз жаргалын төлөвлөгөө” гэж нэрлэдэг нь ч учиртай! (Aлма 42:8, 16). Бурханы төлөвлөгөөг дагах нь аз жаргал авчирдаг гэдгийг олон судар гэрчилдэг (2 Нифай 2:13; Хиламан 13:38-ыг үзнэ үү). Хэдийгээр зөв шударга амьдрал нь биднийг сэтгэлийн бүх зовлонгоос хамгаалдаггүй ч энэ амьдралд аз жаргалыг амсаж, ирэх дэлхийд өргөмжлөл, мөнхийн баяр баясгалан руу хөтлөх хамгийн тохиромжтой нөхцөл байдалд аваачдаг.
Аз жаргал нь итгэлийн нэгэн адил таны үйлдлээс хамааран суларч эсвэл хүчирхэгжиж байдаг. Та агшин зуурын зугаа цэнгэлийн төлөө цаг заваа зарцуулах юм бол таны аз жаргал “аливаа салхи бүрд туугдах” (Ефес 4:14) болно. Харин та зөв шударга амьдрахыг хичээвэл ямар ч салхийг намжаах дотоод амар амгалан, сайн сайхан мэдрэмжийг өөртөө хөгжүүлэх болно. Харин та итгэлийг зугаа цэнгэлээс дээгүүр тавих юм бол “үнэнээр [гэмшигч] хийгээд баяр баясгаланг даруухнаар [эрэлхийлэгчийн]” (Алма 27:18) олж авдаг тэрхүү жинхэнэ баяр баяслыг олж авч чадна.