2018
Тэр газар чинь энэ байна
April 2018


Тэр газар чинь энэ байна

Симеон Нах

Нигери, Аба

man standing in the temple

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Миний аав сүсэг бишрэлтэй Христийн шашинтан байсан бөгөөд Есүс Христэд итгэлтэй байхыг надад заасан. Тэрхүү итгэл 1960-аад оны сүүлээр намайг армид алба хааж байхад болсон гурван жилийн иргэний дайнаас амьд гарахад тусалсан юм. Гэвч дараа нь би төөрөлдөж, Сүмд явахаа болив.

Би 1981 онд Нэгдсэн Улсад сургуульд сурахаар ирэхдээ миний амьдралд Бурхан хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Хоёр жилийн турш би Массачусеттсийн Бостонд өөр өөр сүмд явсан бөгөөд нэг нь ч надад таалагдсангүй. Би Сүнсийг мэдрэхгүй байсан тул хайхаа ч больсон юм.

1984 онд миний эхнэр Мабел Нигериэс над дээр ирснээс хойш удалгүй надад Бурхантай дахин илүү ойртож, сүмд харьяалагдах оргилуун хүсэл төрөх болов. Нигериэс зочилж ирсэн найз маань намайг сүмийг хайж байгааг мэдээгүй ч Мормоны Ном гэдэг номтой нэгэн сүмийн тухай дуулснаа надад ярилаа.

Үүний дараа би сүмийг үргэлжлүүлэн хайв. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг нэгэн сүмийг оллоо. Гэгээнтэн гэх үг миний анхаарлыг татаж билээ. Би гэгээнтэн хэмээн нэрлэгдсэн гишүүдтэй сүм байдаг гэдгийг мэддэггүй байсан ба тэр ням гарагт уг сүмд очиж үзэхээр шийдлээ.

Миний оролцсон ариун ёслолын цуглаанд хүмүүс дууллуудыг хүндэтгэл бишрэлтэйгээр дуулж; пристүүд нь талх, усыг адисалж; цуглааныг дэг журамтай, даруу төлөв явуулав. Төгсгөлд нь би үүдний танхим руу гараад, уг цуглааны талаар бодож байтал нэрээр минь дуудахыг сонслоо.

Сүнсний дуу хоолой “Симеон” гэж дуудаад, “тэр газар чинь энэ байна” гэв.

Яг тэр мөчид хоёр номлогч над руу ирж, өөрсдийгөө болон Мормоны Номыг танилцуулав. Би тэдэн рүү хараад, “Би Мормоны Номын талаар юу ч мэдэхгүй, харин Библийг бол мэднэ. Би бэлэн байна” гэж хэлсэн юм.

Тэд надад авралын төлөвлөгөөг зааж эхлэв. Сар хүрэхгүй хугацааны дараа би баптисм хүртсэн юм. Удалгүй эхнэр минь Сүмд нэгдсэн. Түүнээс хойш хэдэн жилийн дараа бид хоёр Вашингтон Ди Си ариун сүмд лацдан холбогдож мөн таван хүүхэд маань бидэнтэй холбогдсон билээ.

Ариун сүмд олон зүйл надад илчлэгдсэн ч намайг анх сүмд очиход сонссон “Тэр газар чинь энэ байна” гэх үгсийг ариун сүмд мөн ч олон удаа надад илчлэлтээр баталж байв. Ариун Сүнснээс ирсэн тэрхүү үгсийн нөлөө миний болон эхнэр, үр хүүхдүүдийн минь амьдралыг үүрд мөнхөд өөрчилсөн билээ.