Аврагчийн тухай мэдлэгээ хуваалцацгаая
2017 оны 5-р сарын 5-нд Бригам Янгийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн чуулган дээр хэлсэн “Аврагчийн тухай мэдлэг” үгээс авав.
Бидний захиас бол амар амгалангийн захиас бөгөөд та бүхэн түүнийг номлох элчүүд билээ. Та шинэ, сонирхолтой технологийн хэрэгслүүдээр дамжуулан номлож болно.
Бид бол хожмын үед байгуулагдсан Есүс Христийн Сүмийнхэн мөн. Их Эзэн Өөрийн эртний шавь нарт зааварчилсны адил бид хожмын өдрүүдэд “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд [тунхаглах]” (Марк 16:15) үүрэг хүлээсэн.
Энэ номлол, захиас болон үүний ард буй эцсийн зорилгыг эртний бошиглогч Нифай: “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээн товч дүгнэсэн байдаг.
Мозая номноос бид Мормоны Номын эртний бошиглогч Бенжамин хаан хэрхэн бүх нутаг даяарх өөрийн хүмүүсийг ариун сүмийн талбайд цуглуулж, цамхаг босгуулж, тэдэнд заасан тухай уншдаг. Тэрээр зааж байхдаа өнөө цаг үеийн талаар: “Мөн үүнээс гадна, би та нарт хэлнэ, нэгэн Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд тархах тэр цаг ирэх болно” (Мозая 3:20) хэмээн бошиглосон байдаг.
“Аврагчийн тухай мэдлэг”
Гэр бүл дотроо нандигнаж мөн бусдад өгч болох хамгийн эрхэм бэлгүүдийн нэг бол “Аврагчийн тухай мэдлэг” буюу Есүс Христийн талаар мэддэг зүйл юм.
Цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн нээлттэй зэрэгцэн бүх хүн төрөлхтний гэгээрэл, технологийн дэвшлийн хурдацтай хөгжил ирсэн. Энэ нь үйлдвэрлэлийн эрин үе болон харилцаа холбооны хэрэгслүүдийг авчирч, Бенжамин хааны бошиглол биелэгдэх боломжтой болгосон.
Би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд “бүх дэлхийд Христийн нэрний” (С ба Г 107:23) тусгай гэрчээр дуудагдан, Олон нийттэй харилцах алба болон Харилцаа холбооны үйлчилгээний хороонд тодорхой үүрэг даалгавар гүйцэтгэж, бидэнд байгаа хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан “Аврагчийн тухай мэдлэг”-ийг дэлхий даяар түгээх гэсэн энэхүү бошиглолын биелэлтэд анхаардаг юм.
“Бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд”
Түүхээс харахад, сонин хэвлэлийн хөгжил дэвшил, радио телевизийн нээлт зэрэг нь Сэргээлтийн захиасыг дэлхий даяар тараах боломжтой болгосон. Бид үүний олон жишээг мэддэг ба заримыг нь тод санадаг.
Анхны үзэгдлээс хойш арван жилийн дотор, Сүм зохион байгуулагдахаас нэг сарын өмнө Мормоны Ном 5000 хувиар хэвлэгджээ. Тэр цагаас хойш 175 гаруй сая хувь хэвлэгдсэн байна.
Аль ч ням гаргийн өглөө та 5000 дахь удаагийн нэвтрүүлгээ хийх гэж байгаа Хөгжимт өгүүлэмж нэвтрүүлгийг сонсох юм уу үзэж болно. Анхны нэвтрүүлэг нь 1929 онд радиогоор шууд явагдсан юм. 1949 онд Ерөнхий чуулганыг телевизээр анх удаа шууд дамжуулжээ.
Сонирхолтой нь, 1966 онд ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) ирээдүйд болох зүйлсийн талаар: “Тийм их хүч нөлөөтэй илрээгүй нээлтүүд нь нэг бол хүмүүнийг адисална, эс бөгөөс сүйрүүлнэ. Тэдгээрийг удирдах нь хүмүүний гарт өгөгдсөн хамгийн агуу үүрэг хариуцлага байх болно. … Энэ цаг үе хэмжээлшгүй аюул, хэлж барамгүй боломжуудаар дүүрэн юм”1 гэж ярьж эхэлсэн юм.
1974 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) ирж буй өдрийн талаар үзсэн үзэгдлээ дүрслэхдээ: “Их Эзэн энэ дэлхийг олон … хиймэл дагуулаар адисалсан. Тэдгээр нь өндөрт, тэнгэрт байрлаж, дэлхийн гадаргуугийн өнцөг булан бүрд нэвтрүүлгийн дохиоллыг дамжуулж байна. … Эдгээр хиймэл дагуул бол дэлхий даяарх нэвтрүүлгийн ирээдүйд болох зүйлсийн зөвхөн эхлэл нь билээ. … Их Эзэн энгийн бидэнд төсөөлшгүй их ололт амжилт өгөхөөр тэсэн ядан байгаа гэдэгт би итгэдэг”2 гэжээ.
Бид Бенжамин хаан, ерөнхийлөгч Маккэй болон ерөнхийлөгч Кимбаллын бошиглолууд нь интернэтийн хөгжлийн улмаас хөгжсөн өнөөгийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн технологийн хурдацтай дэвшилтэй зэрэгцэн яг таг биелж буйг амьдралынхаа хугацаанд гэрчилсээр байгаа мэт санагддаг.
Мөн Их Эзэний хаант улсыг дэлхий дээр байгуулахад эдгээр технологийг ашиглах тодорхой загвар байдаг. Би ийм жишээнээс та бүхэнтэй хуваалцмаар байна.
LDS.org болон Mormon.org
1996 онд Сүм албан ёсоор энэ вэбсайтыг зурвас илгээх болон харилцаа холбооны хэрэглүүр болгон хэрэглэж эхэлжээ. Түүнээс хойш Сүмийн захиалгаар 260 орчим вэбсайт хийгдсэн. Үүнд мөн Сүмийн гишүүд амьдардаг бараг бүх улс оронд, тухайн орон нутгийн хэл дээр ашиглаж болох вэбсайтууд багтдаг.
Эдгээр вэбсайтын талаар хоёр танил жишээг би хуваалцъя. Нэг дэх нь 1996 онд байгуулагдсан LDS.org вэбсайт бөгөөд өнөөдөр жилд 24 сая гаруй шинэ хүн, долоо хоног бүр дунджаар 1 сая гаруй хүн уг сайтад зочилдог. Олон гишүүн энэ сайтаас заах хөтөлбөр болон өнгөрсөн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг олж авдаг. Хоёр дахь нь Сүмийн гишүүн биш хөршүүд болон найз нөхдөдөө сайн мэдээг танилцуулах зорилготой Mormon.org вэбсайт юм. Уг сайт нь жилд 16 сая гаруй давхардаагүй хандалттай байдаг.
Зөөврийн хэрэгслийн аппликэйшн
Технологийн асар хурдацтай өөрчлөлтийг даган хөгжихөд тодорхой хэмжээний хичээл зүтгэл, нөөц баялаг хэрэгтэй болдог нь мэдээж. Ухаалаг утас зохион бүтээгдсэнтэй холбоотойгоор зөөврийн хэрэгсэл дэх асар их хэмжээний өгөгдлийг хянах, ашиглах боломж гарсан. Энэ өгөгдлүүдийн ихэнх нь зөөврийн хэрэгслийн аппликэйшн буюу “апп“ хэлбэрээр зохион байгуулагддаг. Сүмийн санхүүжүүлсэн хамгийн анхны апп 2007 онд гарсан.
“Аврагчийн тухай мэдлэгээ” түгээхэд зөөврийн хэрэгслийн аппликэйшнуудыг үр ашигтай хэрэглэсэн олон жишээ бидэнд бий. Та нар өөрсдөө амархан олоод мэдчихэж болох энэ олон аппликэйшны агуулгыг би дүрслэн ярихгүй. Гэхдээ та нарын мэдэж байж магадгүй хэдэн аппликэйшныг би энд дурдъя.
-
Сайн мэдээний номын сан
-
Мормон суваг
-
ХҮГ хэрэгсэл
-
ХҮГ хөгжим
-
Гэр бүлийн мод
Эдгээрийг сая сая хэрэглэгч долоо хоног бүр хэдэн сая удаа ашигладаг.
Сошиал медиа
Сошиал медиаг хувь хүн болон байгууллагуудад виртуал хамтлаг ба сүлжээнүүдээр дамжуулан мэдээлэл, санаа, бусад хэлбэрийн илэрхийлэмжийг үзэх, бүтээх, хуваалцах боломж олгодог компьютер удирдлагын технологи гэж тодорхойлдог.
Сүм “Аврагчийн тухай мэдлэг”-ийг түгээхийн тулд 2010 оны үеэс сошиал медиа хэрэглээний ач холбогдолтой ашиглалтыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь хурдтай бөгөөд давшингуй тоон харилцаа холбооны хэлбэр бөгөөд өөрчлөлтийн хурдаараа бараг юутай ч зүйрлэшгүй юм.
Сошиал медианы харагдахуйц нэг шинж чанар бол аливаа хүн нэг платформыг мэддэг болоход юм уу ямар нэгэн хүндрэлгүй болж эхэлмэгц шинэлэг, томоохон, илт сонирхолтой эсвэл илүү сайн платформ гарч ирдэг явдал юм.
Сүмийн харилцаа холбооны хэрэгсэл болгон ашигладаг сошиал медиагийн таван платформын тухай би товч тайлбарлая.
1. Фэйсбүүк дэлхий даяар 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй. Энд хэрэглэгчид өөрсдийн онлайн найзуудын нийгмийн сүлжээг байгуулдаг.
2. Инстаграм бол зураг, видео бичлэгүүд дээр төвлөрсөн сошиал сайт юм.
3. Пинтерест нь яг л виртуал мэдээллийн самбартай адил. Энд самбарт “зүү” гэгдэх үзүүлэн зургуудыг хаддаг. Эдгээр зураг нь урам зориг өгөх үг хэллэгүүд эсвэл хүсэл эрмэлзэл бүхий зургууд байдаг.
4. Жиргээ нь “жиргэлт” гэж нэрлэдэг 280 тэмдэгт бүхий богино зурвасыг илгээх, унших боломжийг хэрэглэгчдэд олгодог нийгмийн сүлжээ юм.
5. Снаапчатад тэр даруй эсвэл 24 цагийн дотор алга болдог гэрэл зураг, богино хэмжээний видео бичлэгүүд тавигддaг.
Бид байгууллагын хувьд эдгээр сошиал медиа сайтуудыг хүчирхэг арга замаар ашигладаг юм.
Фэйсбүүк
Хэдэн жилийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд сэтгэл санааны хямралын талаар сүнслэгээр нөлөөлсөн захиас хуваалцсаныг та санаж байгаа байх.3 Түүний энэ хэлсэн үгээр богино хэмжээний видео бичлэг хийсэн нь зөвхөн фэйсбүүк дээр гэхэд хүмүүс хоёр сая гаруй удаа үзэж, олон мянган лайк, шэйр буюу хуваалцсан, дэмжсэн саналуудыг хүлээн авсан байна.4
Инстаграм
2016 оны 8-р сард ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф өөрийн ач хүү Эрикт сайн мэдээний зарчмуудыг зааж буй видео бичлэгээ Инстаграм дээр тавьсан. Та нар хаана зааж байсныг нь тааварлаж чадах уу? Онгоцны кабинд заасан.5 Ерөнхийлөгч Угдорфын Инстаграм дахь постыг мянга мянган хүн үзэж сонирхон, олон эерэг санал үлдээсэн.
Мөн 2017 оны 11-р сард Сүм өөрийн Инстаграм хаяг дээр, номлолд үйлчилж буй эгч нарын тухай асуусан залуу насанд хүрсэн эмэгтэйчүүдийн асуултад ахлагч Даллин Х.Өүкс, М.Рассэлл Баллард нарын хариулж буй видео бичлэгийг тавьсан юм. Яг энэ постыг хүмүүс 112000 гаруй удаа үзжээ.
Пинтерест
Пинтерест дээр LDS.org-оос авч тавьсан болон гишүүдийн хувь хүнийхээ хувьд бусдыг сүнслэгээр урамшуулсан олон зуун мэдээллийг олж харж болно.
Тухайлбал, олон хүн өнгөрсөн эдүгээгийн бошиглогчдын үгсийг хуваалцдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсоны сургаалуудаас “Амьдралд өдий төдий зүйл бидний зан төлөвөөс шалтгаалдаг”6 гэсэн нэгэн мэдээллийг оруулсан байдаг.
жиргээ
Өнгөрсөн жилийн Христийн амилсны баярын өглөө хийсэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын жиргээг хүмүүс 210000 удаа үзжээ. “Тэр энд байхгүй. Учир нь тэр амилсан” (Матай 28:6) гэсэн богино бөгөөд энгийн захиас нь гүн гүнзгий, өнө удаан үргэлжлэх үр нөлөөтэй болохыг ахлагч Бэднар харуулсан юм.
Снаапчат
Эцэст нь хэлэхэд, ерөнхийлөгч Монсоны Тэргүүн Зөвлөлийн нэг захиас бичгийн зураг болон үгс саяхан снаапчатад тавигдсан байна.
Эдгээрээс урган гарах эрсдэл
Эдгээр шинэ технологийн бүхий л давуу талыг магтаж, тэдгээрийн зохих хэрэглээг тайлбарласан болохоор одоо тэдгээртэй холбогдох зарим эрсдэлийн тухай ярих нь тустай гэж би бодож байна.
Сошиал медиад эсвэл зөөврийн хэрэгслийн аппликэйшнуудад зарцуулдаг цаг хугацааны талаар бид бүгд анхаарах ёстой. Сошиал медиаг ашиглах нь нүүр тулсан бодит харилцааг багасгах эрсдэлтэй бөгөөд энэ нь манай залуусын нийгмийн ур чадварын хөгжлийг бууруулах магадлалтай юм.
Зохисгүй агуулгатай холбоотой аюулыг ч онцлох нь зүйтэй. Нийгэмд порнографт донтох аюул нүүрлэж байгаа нь Сүмийн гишүүд, гэр бүлүүдэд сөргөөр нөлөөлж, зовоож байна.
Эцэст нь би шинээр гарч ирж буй өөр хоёр эрсдэлийг ярья. Эдгээр нь үндсэндээ хүн бүрд, ялангуяа залуу эмэгтэйчүүдэд болон мянганы ээж, эхнэрүүдэд нөлөөлж байна. Би энэ хоёр эрсдэлийг “үнэн бодит байдлыг хэтрүүлэх,” “харьцуулснаас болж уруу дорой харагдуулах явдал” хэмээн нэрлэдэг. Эдгээр эрсдэлийг дүрслэх хамгийн сайн арга бол жишээ хэлэх явдал гэж би боддог.
Ерөнхийд нь хэлэхэд, сошиал медиад тавигддаг зургууд амьдралыг хамгийн сайхнаар, бүр ихэнхдээ бодит бус байдлаар харуулдаг. Тэдгээр нь гэрийн гайхалтай засал чимэглэл, аялал зугаалгын сайхан газар, уран нарийн чимэглэсэн хоол хүнсний зургаар дүүрэн байдаг. Аюул нь мэдээж хэрэг олон хүн энэ виртуал үнэн бодит байдлын хэтрүүлэгтэй адилгүй байгаадаа сэтгэлээр унадагт байгаа юм.
Зээ дүү минь Пинтерест дээрх төрсөн өдрийн “шарвингаар” хийсэн бялууны мэдээллээс санаа аван, яг адил зүйлийг хийснээ саяхан тавив. Тэрээр үүгээрээ зохисгүй дарамт хавчлага үүсгэхийн оронд өөрийн “Пинтерест бүтэлгүйтэл”-ийг (шарвингийн зургийг үзнэ үү) нийтэлж, бусдад сүнслэгээр нөлөөлөхөөр шийджээ.
Бид бодит байдлыг хэтрүүлсэн зураг хараад, үүнд илүү бодитой хандаж, хошигносон байдлаар хүлээн авч, урам хугарах мэдрэмжийг арай цөөн удаа мэдэрч сурах байх гэж найдаж байна. Мөн энэ нь ихэнхдээ харьцуулснаас болж өөрийгөө уруу дорой харагдуулахад хүргэдэг.
“Харин тэд өөрсдийгөө … хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ” (2 Коринт 10:12) гэсэн Паулын үгээс харахад ийм харьцуулалт зөвхөн бидний энэ цаг үеийн тэмдэг биш бөгөөд өнгөрсөн цаг үед ч бас байсан аж.
Далын ахлагч Ж.Дэвн Корнишын хэлснээр “Бид өрсөлдөж, харьцуулснаар өөрсдийгөө дэмий шаналган зовоодог. Бид өөрсдийн үнэ цэнийг өөртөө байгаа эсвэл байхгүй зүйлсээр мөн бусдын үзэл бодлоор хуурамч байдлаар шүүдэг. Хэрэв бидэнд харьцуулалт хийх шаардлага гарвал урьдын байдлаа өнөөдрийнхтэй эсвэл бүр ирээдүйд ямар байхыг хүсэж байгаатайгаа л харьцуулж байя.”7
Сошиал медиа дэлгэрэхээс нэлээн хэдэн жилийн өмнө авахуулсан энэхүү манай гэр бүлийн зурагт (дараагийн хуудсанд) байгаа нэгэн нууцаа би хуваалцъя. Хэрвээ энэ зургийг өнөөдөр авахуулсан бол энэ нь нийтлэгдэж, нэг гэр бүлийн, хувцасныхаа өнгийг хослуулсан, хүмүүжилтэй, хөөрхөн дөрвөн хөвгүүн гэр бүлийн эв найртай зураг авахуулах боломжинд дуртай байгаа мэт харагдах байсан байх. Та яг бодит түүхийг нь мэдэхийг хүсэж байна уу?
Би эхнэрээсээ хүлээн авсан утасны дуудлагыг одоо ч гэсэн санадаг. “Гари, чи хаана байна? Бид зурагчны гадаа байдаг студид байна. Зургаа авахуулахад бүгд бэлэн. Хөвгүүдийг хувцаслаж, өнгийг нь хослуулж, бэлэн болгоход тийм ч амар байсангүй. Чи бараг ирчихсэн үү?’ гэв.
Би бүр мартчихсан, ажлаасаа ч гараагүй байлаа! Хагас цаг хоцроод очиход, намайг байхгүйд сайн зүйл болоогүй бололтой, замбараагүй байдалтай байв.
Юу болоо вэ? Том хүү минь цэцэрлэгийн талбайгаар гүйж, алимны мод олон, хэдэн алим түүгээд, бусад хөвгүүн рүү шидэж эхэлжээ. Тэр гурав дахь хүүгийн маань араас алим шидэж, унагаасан тул гурав дахь хүү маань уйлж гарав.
Ийм зүйл болж байхтай зэрэгцэн, хоёр дахь хүүг маань суух үед өмд нь бага зэрэг дээш болжээ. Бусад хүүхэд түүнийг ээжийнх нь гаргаж тавьсан сүмд явахдаа өмсдөг оймсыг биш, харин спорт цагаан оймс өмссөнийг харчихаж. Ээж нь түүнээс “Чи яагаад сүмийн оймсоо өмсөөгүй билээ?” гэж асуухад
Тэр “Надад таалагддаггүй юм, загатнуулаад байдаг” гэж хариулав
Тэднийг ярьж байхад хоёр настай хүү минь талбайгаар гүйж байгаад ямар нэгэн зүйлд бүдрэн унаж, хамраас нь цус гарснаас хоолойтой цагаан цамц руу нь цус дусаж, толботуулав. Яг энэ үед би ирсэн байлаа. Зургаа аврахын тулд хоолойтой цамцыг нь эргүүлэн, энгэрийг нь ард тал руу нь харуулж өмсгөн, цусны толбыг зургийн аппаратаас нуув.
Том хүү минь ийш тийш гүйж, алим шидэж байхдаа унаад, өвдгөндөө өвсний томоос том ногоон толботой болжээ. Иймээс энэ зурагт түүний гарыг бодлоготойгоор байрлуулж, өвсний толбыг нь халхалсан байгаа юм.
Гурав дахь хүүгийнхээ тухайд хэлэхэд, уйлснаас болж улайсан нүдийг нь зүгээр болтол бид 20 минут хүлээсэн.
Бас бага хүүгийн минь цусан толбо цамцных нь ард талд байгаа гэдэг нь ойлгомжтой.
Хоёр дахь хүүгийн маань гарыг бодлоготойгоор спорт оймсыг нь халхалж байхаар байршуулсан тул бүх юм адилхан байлаа.
Гари миний бие хоцорч ирснээс энэ бүх зүйл болсон хэмээн би бас асуудалд оров.
Тиймээс та бүхэн манай гэр бүлийн энэ сайхан зургийг хараад, “Бид яагаад аж амьдралаа зохицуулаад, яг эднийхэнтэй адил зураг мэт төгс гэр бүл байж болохгүй гэж?” хэмээн харамсаж магад. Та нар ийм биш гэдгийг мэдэж байгаа!
Сошиал медиа болон номлолын ажил
Бид үнэн бодит байдлыг хэтрүүлэх болон харьцуулснаас болж уруу дорой харагдуулах зэрэг аюул, эрсдэлийг мэддэг байх хэрэгтэй болохыг та нар ойлгосон байх. Энэ дэлхий ихэнхдээ сошиал медиад харагддаг шигээ тийм ч аз жаргалтай байдаггүй. Гэсэн хэдий ч эдгээр харилцаа холбооны платформоор дамжуулан олон сайн зүйлс ирсэн, ирсээр ч байх болно.
Сошиал медиаг номлогчийн ажилд ашиглах арга замуудын тухай зарим шинэ удирдамжийг Номлогчийн албанаас 2017 онд гаргасан. Бидэнд байгаа олон дижитал эх сарвалжийг хүчирхэг, хялбар, энгийн бөгөөд дээд зэргийн үр дүнтэй аргуудаар ашиглаж болно.
Технологийн хэрэглээг зүй зохистой бөгөөд сүнслэгээр нөлөөлөгдсөн арга замуудаар ашиглах олон боломж бий. Бид өсөж буй үеийнхэнд технологийг зөв зохистой ашиглахыг зааж, үүнийг буруу ашиглахаас мөн холбогдох аюулд орохоос сэрэмжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Энэ нь технологийн үр ашиг нь холбогдох эрсдэлүүдээсээ илүү гэдгийг бидэнд нотолж өгдөг.
“Элчүүд ямар сайхан юм бэ”
Би энэхүү захиасын талаар гүн гүнзгий тунгааж, залбирч байх үедээ нэгэн өглөө сэртэл “Амар амгалангийн сайн мэдээг бидэнд номлодог элчүүд ямар сайхан юм бэ”8 гэсэн дууны энгийн шүлэг санаанд минь орж ирсэн.
Бидний захиас бол амар амгалангийн захиас бөгөөд та бүхэн үүнийг номлох сайхан элчүүд билээ. Та үүнийг эдгээр шинэ, сонирхолтой технологийн хэрэгслүүдээр дамжуулан хийж чадна. Бид амар амгалангийн сайн мэдээг тун амар аргаар номлох чадвар бүхий цаг хугацааны бүрэн дүүрэн байдалд, онцгой дэлхий дээр амьдардаг.
Бидэнд өнөө цаг үеийг төгс тодорхойлж, бидний өдрүүдэд чиглэл өгдөг эртний бошиглогчдын “Мөн үүнээс гадна, би та нарт хэлнэ, нэгэн Аврагчийн талаарх мэдлэг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс бүрийн дунд тархах тэр цаг ирэх болно” (Мозая 3:20) хэмээх бошиглолын үгс бий.
Бидэнд мөн орчин цагийн илчлэлтээр ирсэн, бидний цаг үе, нөхцөл байдалд тохирсон бөгөөд удирдамж өгдөг үгс бий. “Бид Христийн шавь нарын хувьд Бурхан бол Мөнхийн Эцэг гэдгийг болон Түүний хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөг мөн Түүний Хүү Есүс Христийг дэлхийн Аврагч гэдгийг гэрчилж; хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн бодит байдлыг тунхаглан; Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд эдгээр сүнслэгээр өдөөгдсөн хэрэгслийг зөв зохистой, илүү үр дүнтэй ашиглах цаг болсон гэдэгт итгэдэг”9 гэсэн ахлагч Бэднарын үгийг би эш татмаар байна.
Би та нарын хүн нэг бүрийг сайхан элчүүдийн хувиар амар амгалангийн захиасыг номлохын тулд өөрийн үүргийг анхааралдаа бүрэн аваасай гэж уримаар байна. Бүгдээрээ “Аврагчийн талаарх мэдлэгээ” бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст хуваалцахын тулд үүргээ биелүүлцгээе. Үүнийг хийх хамгийн сайн арга зам нь танд болон таны гэр бүлд тохирдог онцгой арга замаар хийх явдал юм. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүслийг алдаршуулж, бишрэн хүндэтгэж, гэр бүл, хайртай нэгэн, найз нөхөд, сошиал медиа дээрх найзууддаа Аврагчийн тухай мэдлэгийг авчрахын тулд та нарын хүн нэг бүр блог бичих, пин хийх, лайк дарах, шэйр хийх, найзлах, снааплах, гүйлгэн унших зоригтой байна гэдэгт би найдаж байна.