Залбирал: Гэрчлэл ба сэргээлтийн түлхүүр
2003 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.
Иосеф Смитийн үлгэр жишээ болон Сэргээлтийн загварыг дага. Судруудад ханд. Өвдөг сөгдөн залбир. Итгэлтэйгээр асуу. Ариун Сүнсийг сонс.
Сүмийн удирдагчдын хувьд биднээс “Би Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай хэрхэн гэрчлэлтэй болж болох вэ?” гэж үргэлж асуудаг.
Гэрчлэлтэй болж, хөрвөгдөхийн тулд судраас судлах болон залбирах зэргээр эхэлж, дараа нь тэвчээртэйгээр сайн мэдээний дагуу амьдарч, Сүнсэнд итгэж найдаж амьдрах хэрэгтэй. Иосеф Смитийн амьдрал болон Сэргээлтийн загвар энэхүү үйл явцын тод жишээ мөн. [Намайг] …та нартай Сэргээлттэй холбоотой үйл явдлуудыг хуваалцаж байх үед гэрчлэлд хүргэх алхмуудыг олж харахыг хичээгээрэй. …
Их будлиан
Иосеф Смит 1805 оны 12-р сарын 23-нд АНУ-ын Вермонт мужийн Шарон хотноо залбирч, Библиэс суралцдаг байсан гэр бүлд мэндэлжээ. Тэрээр өсвөр насандаа шашныг сонирхох болж, Христийн сургаалын талаар “санваартан санваартныхаа эсрэг, түүнчлэн хөрвөгч хөрвөгчийнхөө эсрэг” байдаг “их будлиан” болж байгааг олж мэдсэн байна (Иосеф Смит—Түүх 1:6).
Энэ будлиан нь … олон зуун жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Их урвалт хэмээн нэрлэгддэг байв. Төлөөлөгч Паул “Эхлээд итгэлээс салах явдал [гарахаас нааш]” Христийн өдөр “ирэхгүй” гэж хэлсэн (2 Тесалоник 2:3).
Христийн Амилалтаас хойш хэдэн арван жилийн дараа Түүний төлөөлөгчид алуулж, сургаал өөрчлөгдөн, санваар дэлхийгээс авагдав. Гэвч Паул бидний цаг үеийн талаар, “Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд [Их Эзэн] бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ” хэмээн бошиглосон юм (Ефес 1:10) юм. Тэрээр Христийн үнэн Сүмийг дэлхий дээр дахин сэргээнэ. …
Иосеф хариултыг олсон нь
Иосеф … , 14 настайдаа, “[шашны] санаа бодлын үймээн самуунтай” үед амьдарч байгаагаа мэдсэн. “Хэрэв [эдгээр сүмээс] аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ?“ хэмээн өөрөөсөө үргэлж асуудаг байлаа. (Иосеф Смит—Түүх 1:10).
Иосеф хариултыг олохоор Библийг судлав. “Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) хэмээн тэр Иаковын номоос уншлаа.
Иаковын зөвлөгөөг даган Иосеф Бурханаас асуухаар гэрийнхээ ойролцоох ойн цоорхойд очиж, залбирчээ. Тэрээр Бурханыг дуудахад “гэрлэн багана … доош бууж ирэн” үд дундын нарнаас илүү хурц гэрэлтэй байсан ба “хоёр Хүн” гарч ирэв. “Тэдний нэг … ярьж, [Иосефыг] нэрээр [нь] дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” гэж хэлэв. (Иосеф Смит—Түүх 1:16–17).
Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смиттэй ярилцжээ. Тэд түүний асуултад хариулан, түүнд Христийн үнэн Сүм дэлхийгээс алдагдсан болохыг заав. Иосеф Бурхан Тэргүүтэний эдгээр гишүүн тус тусдаа, өөр өөр биес болохыг мэдэж авсан. Тэд Иосефыг нэрээр нь мэдэж байсан ба түүний залбиралд хариулахад бэлэн байв. Тэнгэр нээгдэж, урвалтын шөнө дуусаж, сайн мэдээний гэрэл гэрэлтэж эхэллээ.
Иосефын нэгэн адил, бидний дундаас олон хүн үнэний гэрлийг эрэлхийлдэг. … Иосефын нэгэн адил бид судраас эрэлхийлэн, залбирч, … даруу [байж], итгэлээ хөгжүүлж [сурах] ёстой.
Моронай ба алтан ялтас
Анхны Үзэгдлийн дараах гурван жилийн туршид Иосеф [өөрийн сул тал болон төгс бус байдлынхаа улмаас байнга шантарч байсан гэдгээ хэлсэн байдаг]. Гэхдээ тэр итгэлээ алдаж, залбирлын хүчийг мартаагүй юм.
1823 оны 9-р сарын 21-нд, 17 настайдаа [Иосеф] өвдөг сөхрөн “[өөрийн] бүх нүглүүдээ өршөөнө үү” хэмээн гуйж … мөн “[Бурханы] өмнө хэрхэн зогсож байгаагаа” [мэдэхийг] хүссэн аж (Иосеф Смит—Түүх 1:29-ийг үзнэ үү). Түүнийг залбирахад гэрэл … гарч ирэн, тодрон тодорсоор, “тэр өрөөг үд дундынхаас илүү гэрэлтэй мэт бол[сон” байна (30-р шүлэг). Тэр гэрэлд “тансаг цав цагаан” орхимжтой нэгэн хүмүүн зогсож байлаа (31-р шүлэг). Тэр Иосефыг нэрээр нь дуудаад, өөрийгөө Моронай хэмээн танилцуулав. Тэрээр “[Иосефт] зориулсан нэгэн ажил Бурханд бий” гэдгийг, мөн “алтан ялтсууд дээр бичигдсэн” эртний цэдгийн тухай хэлсэн бөгөөд тэрхүү цэдэг хожим нь орчуулагдан Мормоны Ном болсон билээ. Уг номд сайн мэдээний бүрэн байдлын цэдэг агуулагдсан байв. (33-34-р шүлгийг үзнэ үү.) … Иосефт … тэр цэдэг нь … ойролцоох Кумора [гүвээнд] … булагдсан болохыг үзүүлсэн.
Дараа өдөр нь Иосеф ялтаснуудыг олсон боловч тэдгээрийг авчрах цаг арай болоогүй байлаа. Моронай Иосефт ирэх дөрвөн жилийн турш яг тэр өдөр уг газарт ирж өөртэй нь уулзахыг зааварласан аж (52–53-р шүлгийг үзнэ үү). Иосеф дуулгавартай дагав. Жил бүр тэр гүвээ рүү явж, Моронайгаас Христийн Сүмийн Сэргээлтийн талаар “заавар” (54-р шүлэг) авч байлаа. …
Иосеф ялтаснуудыг 1827 оны 9-р сарын 22-нд 21 насандаа хүлээн авав. Тэр мөн ялтаснуудыг орчуулах Урим ба Туммим гэгддэг эртний хэрэгслийг хүлээн авсан байна. Энэ ариун нандин хөрвүүлэгчийг ашиглан Ариун Сүнсний хамтаар Иосеф орчуулгын ажлаа эхэлсэн. …
Сэргээлт өрнөж эхлэв
23 насандаа Иосеф ялтаснуудыг орчуулж байхдаа [өөрийн бичээч] Оливер [Каудерийн] хамт нүглүүдийн ангижралын тулд хийгдэх баптисмын талаарх шүлэгтэй таарчээ. … Тэд илүү ихийг мэдэхийг хүссэн бөгөөд Иосеф юу хийхээ мэдэж байлаа.
1829 оны 5-р сарын 15-нд [Иосеф, Оливер хоёр] Их Эзэнээс асуухаар ой руу очив. Тэднийг залбирч байхад Иохан Баптист “гэрэлт үүлэн дотор” үзэгджээ (Иосеф Смит—Түүх 1:68). Тэр … амьд байхдаа Аврагчид баптисм хүртээсэн [бөгөөд] Бурханы эрх мэдлээр тэрхүү ёслолыг хийж гүйцэтгэх санваарын түлхүүрүүдийг атгадаг байв.
… Иохан … [Иосефын толгой дээр, дараа нь Оливерынх дээр] гараа тавьж, тэдэнд [хоёуланд нь] Аароны санваар хүртээсэн байна (С ба Г 13; Иосеф Смит—Түүх 1:68–69-ийг үзнэ үү). … 1829 оны 5-р сарын сүүлээр эсвэл 6-р сарын эхээр төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Иосеф, Оливер хоёрт дээд санваар буюу Мелкизедек санваарыг хүртээв.
Мормоны Номын орчуулга тэр 6-р сард дууссан бөгөөд уг ном 1830 оны 3-р сарын 26-нд хэвлэгдэн гарав. … Хэдэн өдрийн дараа 4-р сарын 6-нд Сүм албан ёсоор зохион байгуулагджээ. … Паулын бошиглосноор Христийн эртний Сүм дэлхий дээр дахин байгуулагдсан байв.
Гэвч Сэргээлтийн ажил дуусаагүй байлаа. … [Энэ эрин үед баригдсан хамгийн анхны ариун сүм болох Көртландын ариун сүм] … 1836 оны 3-р сарын 27-нд онцгойлон адислагдав. Долоо хоногийн дараа буюу 4-р сарын 3-нд тэнд нэгэн уулзалт болсон аж. Хүндэтгэлийн, чимээгүй залбиралд, … Их Эзэн Есүс Христ [Иосеф, Оливер хоёрт үзэгдэв.] … Мосе, Елиас, Елиа нар мөн [Көртландын ариун сүмд] үзэгдэн, Иосефт [санваарын түлхүүрүүдийг өгсөн] (С ба Г 110).
Бидний дагах загвар
Ах, эгч нар аа, бид загварыг олж харж байна уу? Анхны үзэгдэл, Моронайн айлчлал, Мормоны Номын ирэлт, санваарын сэргээлт, Есүс Христ Өөрийн ариун сүмд үзэгдсэн гэх мэт Сэргээлттэй холбоотой чухал үйл явдал бүр залбирлаар эхэлсэн. …
[Олон удаа] би сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэсэн Бурханы Сүнсний үгүйсгэхийн аргагүй гэрчийг цээжин дотроо шатаж буй гал мэт мэдэрсэн. … [Хэрэв та нар эдгээр зүйлийг өөрсдөө мэдэхгүй байгаа бол,] Мормоны Номон дахь Моронайн: “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно. Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” гэсэн урилгыг хүлээн авахыг би та нарт зөвлөж байна (Moронай 10:4–5). …
… Иосеф Смитийн үлгэр жишээ болон Сэргээлтийн загварыг дага. Судруудад ханд. Өвдөг сөгдөн залбир. Итгэлтэйгээр асуу. Ариун Сүнсийг сонс. … Мөн “Хэрэв та нар … [Их Эзэний] зарлигуудыг дагахад хичээнгүйлэн, мөн та нар хүлээн авна гэдэгтээ найдсаар, мөн [Тэнгэрлэг Эцэгээс] итгэлтэйгээр асуух аваас, эдгээр зүйлүүд та нарт лавтайяа мэдүүлэгдэх болно” гэдгийг би Есүс Христийн нэрээр амлаж байна (1 Нифай 15:11).