Гэртээ байгаа мэт мэдрэмжийг дахин олж авсан
Жюди Рашер, АНУ-ын Колорадо
Би ахаасаа хүлээн авсан утасны дуудлагад бэлэн биш байлаа. “Ээж нас барчихлаа. Тэр унаад, толгойгоо цохисон байна” гэж ах хэлэв.
Би цочролд оров. Ээж маань нас барчихаж, харин би түүнтэй өнгөрсөн орой гэхэд л ярьж байсан шүү дээ. Би яагаад ийм явдал болсныг өөрөөсөө асуусаар л байв. Яагаад тэр намайг орхин одсоныг би ойлгохгүй байлаа. Би уурлаж бухимдсаар, хэдэн долоо хоногийн турш уурласаар байсан!
Эцэст нь би хэн нэгнийг буруутгахаар шийдлээ. Энэ бол Бурханы буруу. Тэрээр ээжийг минь надаас арай л эрт салгасан. Миний ээж амьдралын минь олон чухал үйл явдалд надтай хамт байгаагүй бөгөөд би энэ нь Бурханаас болсон гэж боддог байв. Би тухайн үед Сүмийн гишүүн байгаагүй ч сүсэг бишрэлтэй Христийн шашинтан байлаа. Би хүч чадал олж авахын тулд Бурханд найдахын оронд Түүнээс нүүр буруулан, амьдралдаа оруулахаа ч больсон юм.
Би ээжийгээ үнэхээр их санаж байв. Намайг өсөж торниж байх үед ээж, аав хоёр минь байсан учраас гэр орон маань аюулгүй газар байсан. Намайг хаа ч юу ч хийж байсан бай, ээжтэйгээ ярих юм уу цагийг хамтдаа өнгөрүүлэх мөч бүрд надад гэртээ байгаа мэт мэдрэмж төрдөг байв. Одоо миний дуртай, “гэртээ байгаа мэт” мэдрэмж үгүй болсон байлаа.
Он жилүүд өнгөрсөөр, би итгэлээ бараг бүрмөсөн алдсан байв. Яагаад ээж минь нас барах ёстой байсныг би ойлгохыг хичээж байсан ч юу ч надад амар амгаланг авчирсангүй. Гэтэл бараг нэг долоо хоногийн турш, энэ бүхнийг ойлгохын тулд тэнгэр өөд харах хэрэгтэй гэсэн бодол надад дахин дахин орж ирэх болов. Би үүнийг Сүмийн гишүүн байсан найздаа ярилаа. Тэр өөрийнхөө шашин шүтлэгийн талаар илүү ихийг мэдмээр байгаа эсэхийг надаас асуусан юм.
Би тухайн үед ойлгоогүй ч Сүнс миний бодгалийг бөх нойрноос минь сэрээсэн байлаа. Би сайн мэдээний талаар илүү ихийг суралцах тусам аюулгүй газрыг дахин олсон мэт мэдрэмжийг улам бүр мэдрэх болсон. “Гэртээ байна” гэсэн мэдрэмж надад эргэж ирэв.
Би 2013 оны 5-р сард баптисм хүртсэн. Итгэл маань эргэн ирсэнд би баярладаг. Би Бурханаас дахин нүүр буруулахаа больж, оронд нь Түүнийг хүлээн авсан юм. Ээж минь зуурдаар нас барсанд би өнөөг хүртэл харуусдаг ч Бурханд итгэх итгэлийнхээ улмаас хэзээ нэгэн өдөр ээжтэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ хамт үүрд мөнхөд “гэртээ байна” гэдгийг мэднэ.