Итгэлийн хөрөг
Ракотомалала Алфонс
Мадагаскар, Сародроа
Ракотомалалаг сайн мэдээг сонирхож эхлэх үед хамгийн ойр байрлах сүм Сародроад байх түүний тосгоноос 50 километрийн зайд Антсирабэ хотод байдаг байв. Ракотомалала нэг найзынхаа хамт ням гараг бүр тийшээ явах арга замаа олжээ.
Өнөө үед Сародроад ням гараг бүр 100 гаруй гишүүн цуглардаг жижиг цуглааны байр бий. Тосгоныхон нь сайн мэдээг хүлээн авахыг Ракотомалала харсан. Сародроагаас дөрвөн номлогч номлолд үйлчилсэн бөгөөд Сүм улам өссөөр байна.
Коди Бэлл, гэрэл зурагчин
Өвөөгөө өвдөхөд би түүнтэй хамт байхаар Антсирабэ руу явсан юм. Номлогчид гэрт нь хэд хэдэн удаа ирсэн байлаа. Өвөө бид хоёр Сүмийн гишүүд байгаагүй ч номлогчдыг ирэхэд өвөө маань дуртай байдаг байв. Нэгэн орой тэд өвөөд маань адислал өгч, дараа нь гэр бүлийн үдэш хийгээд бидэнд Мормоны Номыг өгсөн юм.
“Энэ номыг уншаад үнэн эсэхийг нь Бурханаас асуугаарай” гэж тэд хэлэв.
Би Сародроад эргэж ирээд, Мормоны Номыг үнэн гэж боддоггүй байсан тул уншихыг хүссэнгүй. Гэтэл нэгэн өдөр би нэлээн хүнд өвдөж, гэртээ хэдэн өдөр байх болов. Би хийх юм хайж байхдаа Мормоны Номыг олоод уншиж эхэллээ.
Хожим нь би Антсираб руу эргэн очиж, номлогчидтой уулзав. Тэд надад Мормоны Ном болон бошиглогч Иосеф Смитийн талаар илүү ихийг заасан юм. Бидэнд бошиглогч хэрэггүй, өнөөдөр ямар ч бошиглогч байхгүй гэж би тэдэнд хэлэв. Номлогчид надаас Бурханд хандан залбирч, өнөө үед бошиглогч байгаа эсэхийг асуухыг хүслээ. Бурхан надад хариулна гэж тэд амласан юм. Би залбираад, номлогчдын хэлсэн зүйл үнэн болохыг мэдэрсэн.
Би сүмд явахыг хүсэж байсан ч надад автобусны мөнгө байгаагүй. Би найз Разафиндраваонасолотойгоо энэ талаар ярихад тэр бид миний дугуйг унаж болно шүү дээ гэж хэлэв. Бид ням гараг бүр Сародроагаас Антсирабэ хүртэл нэг талдаа хоёр цаг явдаг байлаа. Намайг дугуй унан ядрах үед найз минь дугуйг унаж, би ард нь суудаг байв. Харин түүнийг ядрахад бид хоёр байраа сольдог байлаа.
Эцэст нь би болон Разафиндраваонасологийн гэр бүлийнхэн Сүмд нэгдсэн юм. Сародроад салбар нээгдэх хүртэл бид Антсирабэд сүмд явдаг байв. Бид тосгондоо сүмд явах боломжтой болсондоо ямар их баяртай байсан гээч!
Разафиндраваонасологийн аав салбарын ерөнхийлөгчөөр дуудагдсан юм. Нэгэн өдөр тэр надтай уулзаад, намайг номлолд явахыг урамшуулан дэмжив. Би үйлчилж чадна гэдэгтээ итгэхгүй байсан боловч тэр намайг чадна гэж ятгав. Би Мадагаскар Антананариво номлолд үйлчлэх дуудлагыг хүлээн авсан билээ. Одоо би гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Би гэр бүлдээ талархдаг бөгөөд энэ Сүм үнэн гэдгийг мэдэхэд маань тусалсан олон туршлагыг хуваалцаж чадна.