2018
Эцэст нь мөнхийн гэр бүл болов
2018 оны долоодугаар сар


Эцэст нь мөнхийн гэр бүл болов

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

“Газарт лацадсан болгон чинь тэнгэрт лацдагдах болно” (Хиламан 10:7).

Зураг
Finally a Forever Family

Миа “Гэр бүлүүд мөнх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? гэж асуугаад, тоглоомны нэг жижиг хэсгийг урагш хөдөлгөлөө. Тэр сайн найз Зөүитэйгээ том өрөөнд нь тоглоом тоглож байв. Ханан дээр нь “Гэр бүлүүд мөнх” гэсэн бичигтэй зураг байлаа. Миад энэ нь сайхан сонсогдож байв.

Зөүи “Энэ нь бүр нас барсныхаа дараа ч гэр бүл хэвээр үлдэнэ” гэсэн үг гэж тайлбарлав. Тэр нэг хөзөр тавиад, тоглоомын хэсгээ хөдөлгөв.

Миа өрөөг тойруулан харав. Бүх зүйл ердийн харагдаж байлаа. Буйдан, ширээ, дэрнүүд, зурагт гээд. Гэсэн ч Зөүигийн гэр өөрийнхөөс нь өөр санагдаж байв. “Чамд мөнхийн гэр бүл байдаг уу?” гэж Миа асуув.

Зөүи тоглоомоосоо толгойгоо өндийлгөн, инээмсэглэж, “Тийм! Манай аав, ээж хоёр ариун сүмд гэрлэсэн болохоор бид мөнхөд хамтдаа байж чадна” гэж хэлжээ.

“Тийм учраас танай гэр өөр санагддаг юм уу?” гэж Миа асуув.

Зөүи тээнэгэлзсэн байдалтайгаар “Өөр өө?” гэж асуув.

Миа Зөүигийн гэрт байдаг мэдрэмжийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байв. Энэ нь баяр хөөртэй, халуун дулаан мэдрэмж байлаа. Гэхдээ тэгж хэлэх гэхээр инээдтэй сонсогдохоор байв. “Зүгээр ээ.” “Үргэлжлүүлээд тоглоё” гэж тэр хэлэв.

Тэр орой Миа Зөүигийн мөнхийн гэр бүлийн талаар бодохгүй байж чадсангүй. Тэр Зөүигийн гэр бүлд байдаг мэдрэмжинд маш дуртай байв. Миагийн гэр бүл цөөн хэдэн өдрийн дараа Канадын Онтарио руу нүүх гэж байв. Тэр шинэ гэр нь ямар мэдрэмж төрүүлэх бол гэж бодож байлаа.

“Ээж ээ, Зөүигийн гэр маш баяр хөөртэй санагдах юм” гэж Миа өөрийг нь хөнжлөөр хучих үед ээждээ хэлэв. “Манай шинэ гэр тийм мэдрэмж төрүүлээсэй гэж би хүсэж байна.” Миа аав, ээж, дүү нартаа хэчнээн их хайртайгаа бодлоо. “Би бас гэр бүлээ мөнхийнх байгаасай гэж хүсэж байна.”

Ээж нь түүнийг чимээгүйхэн сонсож байв. Тэгэхэд ээж нь “Би ч бас” гэж хэлэв.

Маргааш нь ээж нь Зөүигийн ээж рүү утасджээ. Тэр Зөүигийн гэр бүл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд явдгийг олж мэдэв.

Аав, ээж хоёрыгоо юм баглаж байх хооронд Миа тэдэнд “Би тэр сүм рүү явмаар байна” гэж хэлжээ. Тэдний байшин бараг хоосон болсон байв.

Аав нь нэг хайрцгийг скочдож байхдаа “Зөүигийн ээж бидэнд Сүмийн байр олоход тусална” гэж хэлсэн гэв.

Миа инээмсэглэсэн ба чээж нь халуу оргив. Тэдний шинэ гэр Зөүигийн гэр шиг халуун дулаан, баяр хөөртэй байж магадгүй!

Миагийн гэр бүл шинэ гэртээ төвхнөөд, сүм рүү явж эхэлжээ. Тэнд хүмүүс нь маш найрсаг байв. Хүн бүр нэг нэгнээ “ах,” “эгч” гэж дуудаж байсан. Миа дүү нартайгаа Хүүхдийн хэсэгт явав. Тэр дуу дуулж, судруудаас унших дуртай байв.

Удалгүй хоёр залуухан эмэгтэй Миагийн гэрт хүрч иржээ. Тэд номлогчид байсан бөгөөд тэдний нэрийг Жастин эгч, Рамос эгч гэдэг. Тэд Миагийн гэр бүлийнхэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс болон Мормоны Номын талаар хэлж өгсөн. Миа сайн мэдээний талаар сонсох маш их дуртай байлаа. Эрэгтэй дүү нар нь хүртэл чимээгүй суугаад, сонссон гээч!

Миа, Рамос эгч, Жастин эгч хоёрт Зөүигийн гэрийн талаар ярьж өгөв. “Би Зөүигийн гэр бүлийн адил мөнхийн гэр бүлтэй байхыг хүсэж байна.”

Рамос эгч “Тэнгэрлэг Эцэг бид бүгдийг мөнхийн гэр бүлтэй байхыг хүсдэг, бас биднийг аз жаргалтай байхыг хүсдэг” хэмээн нүүр дүүрэн инээн хариулсан.

Удалгүй Миагийн гэр бүл баптисм хүртэхээр шийджээ.

Зөүигийн гэр бүлийнхэн Онтарио руу явж, тэдний баптисмд оролцсон юм. Жилийн дараа тэд дахин ирэв. Энэ удаа Миагийн гэр бүл ариун сүмд лацдан холбогдож байв.

Лацдан холболтын өдөр Миа цав цагаан хувцас өмсөөд, гэр бүлийнхэнтэйгээ ариун сүмийн гадаа зогсож байлаа. Тэд бүгдээрээ нүүр дүүрэн инээмсэглэж байсан. Миа халуун дулаан, амар амгаланг мэдэрч, баяртайгаар “Бид одоо мөнхийн гэр бүл болчихлоо” гэж хэлжээ.

Аав нь “Тийм ээ, бид мөнхийн гэр бүл” гэж хэлэв.

Хэвлэх