Хэцүү асуудлыг шийдэхэд тусалж чадах гурван зарчим
Итгэлээ хөгжүүлэх арга замаар хэрхэн хариулт эрэлхийлэхийг энд тайлбарлав.
Танд урьд өмнө нь Сүмийн эсвэл сайн мэдээний талаар асуух зүйл гарч байсан уу? Асуух зүйл байгаа болохоор өөрийгөө хангалттай итгэлгүй эсвэл өөрийн тань гэрчлэл хангалттай хүчтэй биш юм байна гэж та санаа зовж байсан уу?
Асуулттай байх нь зуурдын амьдрал дахь аяны ердийн нэгэн шаардлагатай хэсэг юм. Эдгээр нь таныг илүү ихийг ойлгож, илүү их итгэлтэй болоход хүргэнэ. Гэсэн хэдий ч хариулт олох гэсэн таны хандлага, зүтгэл болон үйлдэл үр дүнд нь нөлөөлж чаддаг.
Семинар дээр та нар мөнхийн үнэн рүү та нарыг удирдахад туслах сургаалын эдгээр гурван гол зарчмыг мэдэж авах болно.
-
Итгэлээр үйлд
Та асуух зүйл гарах үед Бурханд найдан мөн хариулт авахын төлөө Түүнд хандахыг сонгосноор итгэлээр үйлдэж болно. Бурхан “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) хариулт өгдөг. Эргэлзсэн үедээ өөрт байгаа гэрчлэлд тулгуурлах нь чухал юм.
“Итгэлдээ эргэлзэхээсээ өмнө эргэлзээндээ эргэлз.”1 —Ахлагч Дийтр Ф.Угдорф
“Мэддэг зүйлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа.”2 —Ахлагч Жэффри Р.Холланд
-
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь авч үз
Хэрвээ та асуултыг авралын төлөвлөгөө болон Аврагчийн сургаалуудын агуулгын хүрээнд авч үзэх юм бол Бурханы тэдгээрийг хэрхэн хардаг арга замаар аливаа зүйлийг харж эхлэх болно. Энэ нь дэлхийнхний биш, харин Бурханы үнэний жишгийг ашиглан, асуултууддаа хандахад тань тусална.
“Мөнхийн үнэнд зангуугаа тавих нь … бидэнд Есүс Христэд итгэх итгэлээс мөн бид мөнх амьдралд хүрэх зам дээр байгаа гэх мэдлэгээс ирэх амар амгаланг бидэнд өгөх болно.”3 —Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс
Хэрэв амьдралын тань сайн мэдээний гэрэл, баяр баяслыг халхлах аливаа зүйл байгааг олж мэдвэл үүнийг сайн мэдээний алсын хараагаар хараарай гэж би та нарыг урьж байна. Сайн мэдээний томруулдаг шилээр харж, амьдралын чухал бус, эмх замбараагүй асуудлуудад аз жаргалын агуу төлөвлөгөөг олж харах мөнхийн хараанд маань харанхуйлах боломжийг олгохгүйн тулд сэргэг бай.”4 —Ахлагч Гари И.Стивэнсон
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл
Бурхан үнэнийг эрэлхийлэх явцад тань ашиглаж болох олон эх үүсвэрийг танд өгсөн. Эдгээрт Ариун Сүнс, судрууд, гэр бүл, Сүмийн удирдагчид болон Есүс Христэд итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх Сүмээс гадуурх эх сурвалжууд багтдаг. Хариултуудыг эрэлхийлж байх үедээ найдвартай, найдваргүй эх сурвалжуудыг ялгаж үзэх тал дээр анхаараарай. Найдвартай эх сурвалжууд нь амьдралд тань Ариун Сүнсийг урьж мөн итгэлийг тань бэхжүүлнэ.
“Үнэний талаарх ойлголтоо өргөжүүлж, нэмэгдүүлэх хичээл зүтгэлээс тань баялаг ашиг тус … ирэх болно. Мэдлэгээ өргөжүүлэхийн тулд судруудыг болон бошиглогчдын тунхаглалыг ашигла.”5 —Ахлагч Ричард Г.Скотт (1928–2015)
“Бид бүх сайн ном болон бусад сайн эх сурвалжаас үнэнийг байнга эрэлхийлдэг. Хэрэв ариун журамтай, сайхан эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид эдгээр зүйлийг эрэлхийлдэг” [Итгэлийн тунхаг 1:13].”6 —Ахлагч Дийтр Ф.Угдорф
Та өөрөө үүнийг оролдоод үз!
Дараах жишээнүүд энэ нь хэрхэн хийгдэж болохыг үзүүлнэ. Эдгээр нь бүрэн дүүрэн хариулт биш, зөвхөн залуу эрэгтэй, эмэгтэйчүүд эдгээр асуултад хэрхэн өөрсдөө хариулахыг хичээж болохыг харуулсан жишээ гэдгийг анхаараарай. Та хариултыг нь олж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд, асуух зүйлтэй байгаа сэдвээрээ үргэлжлүүлэн суралцаж мөн залбирах хэрэгтэй.
Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг яагаад муу зүйлс тохиолдохыг зөвшөөрдөг вэ?
Итгэлээр үйлд. Би Бурханы миний төлөөх хайрыг мэдэрч байсан бөгөөд Бурхан яагаад муу зүйлс тохиолдохыг зөвшөөрдгийг ойлгодоггүй ч гэсэн Түүний амьдардаг гэдгийг мэднэ.
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь авч үз: Сонгох эрх нь авралын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг юм. Бурхан биднийг дэлхий рүү саад бэрхшээл туулж, шийдвэр гарган мөн бие махбодтой болгуулахаар илгээсэн. Хүмүүст шийдвэр гаргахыг зөвшөөрнө гэдэг нь заримдаа хүмүүсийг буруу сонголт хийхэд мөн бусад хүний амьдралд нөлөөлөх болно гэсэн үг. Байгалийн гамшиг, хөгжлийн бэрхшээл, үхэл зэрэг буруу сонголтоор ирдэггүй зовлон бэрхшээл нь Бурханд итгэх итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх боломжийг олгодог.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл. Бидний хэцүү зүйлийг туулдаг шалтгааны талаар судрууд болон орчин үеийн бошиглогчид юу гэж хэлдэг вэ? “Саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно; Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно” (С ба Г 121:7–8). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Бурхан биднийг хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй, бидэнд тулгарсан бэрхшээлүүдэд маань тусламж үзүүлэхгүйгээр биднийг хэзээ ч орхидоггүй”7 гэж хэлсэн. Би яагаад бэрхшээлтэй тулгарах ёстойгоо мэдэхгүй ч Есүс Христ надад болон бүх хүнд зориулж Цагаатгалыг гүйцэтгэсэн гэдэгт итгэдэг. Би саад бэрхшээлтэй тулгарсан үедээ амар амгалан, хүч чадал, туслалцаа дэмжлэг авахын тулд Түүнд болон Тэнгэрлэг Эцэгт хандаж чадна (Алма 7:11–12-ыг үзнэ үү).
Ариун Сүнс надтай ярьж байгааг би хэрхэн мэдэх вэ?
Итгэлээр үйлд. Надад хэзээ сүнслэг өдөөлт хүлээж авч байгаагаа хэлэх нь заримдаа хэцүү байдаг ч бусдын гэрчлэлийг сонсож, судар уншсанаар Түүний зөвлөгөөг сонсохыг үргэлжлүүлэн хичээх юм бол Сүнс надад туслах болно гэдгийг би мэднэ.
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь авч үз. Зөв болох зүйлийг хийхээр сүнслэг өдөөлт хүлээн авч болохын тулд Бурхан бидэнд Ариун Сүнсний бэлэг өгдөг. Би сайн зүйлийг үйлдэхээр сүнслэг өдөөлт авч байгаа бол энэ нь миний өөрийн бодол мэт санагдсан ч гэсэн Сүнснээс ирж байгаа гэдгийг нь мэдэж чадна.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл. Судруудад “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” (С ба Г 112:10) хэмээн заадаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Чин сэтгэлийн хүсэл болон зохистой байдал нь бидний амьдралд илчлэлтийн сүнсийг урьдаг”8 хэмээн заасан. Хэрвээ би даруу байхыг мөн Сүнсний хувьд зохистой байхаар чадах бүхнээ хийхийг хичээж байгаа бол Их Эзэн надад хариулт авахаар удирдуулахад минь туслах болно. Тэрээр Сүнс надтай ямархуу байдлаар ярьдгийг зааж өгнө.
Дүгнэлт
Асуулттай байх нь итгэл дутагдаж байгаа тэмдэг биш; энэ нь харин өсөн нэмэгдэж байгаа гэрчлэлийн үзүүлэлт байх нь олонтоо. Та итгэлээр үйлдэн, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь авч үзэж, тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголтыг эрэлхийлэхдээ Есүс Христэд итгэх илүү их итгэлийг болон асуултандаа тустай хариултыг олж авч чадна.