2018
Өрөвч сэтгэлээр бусдад тусламжийн гараа сунга
2018 оны долоодугаар сар


Тохинууллын зарчим:

Өрөвч сэтгэлээр бусдад тусламжийн гараа сунга

Та Аврагчийн өрөвч сэтгэлийн үлгэр жишээг дагаснаар бусдын амьдралыг өөрчилж чадна гэдгээ олж мэдэх болно.

Christ healing the blind

Жорж Кокко, Итгэл чинь чамайг эдгээлээ

Өрөвч сэтгэл нь бусдын зовлонг ойлгохын зэрэгцээ уг зовлонг нь нимгэлэх буюу хөнгөлөхөд туслах хүсэлтэй байхыг хэлнэ. Аврагчийг дагах гэрээ нь “нэг нэгнийхээ ачааг … үүрэлцэ[н]” (Мозая 18:8) өрөвдөн хайрлах гэрээ юм. Бусдыг харж хандах үүрэг даалгавар нь Их Эзэний адил: “эргэлзэгсдэд өршөөнгүй бай[ж]” (Иуда 1:22) үйлчлэх боломж билээ. Их Эзэн “хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун” (Зехариа 7:9) хэмээн зарлигласан.

Аврагчийн өрөвч сэтгэл

Өрөвч сэтгэл нь Аврагчийн тохинууллын хөдөлгөгч хүч байсан юм (хажуу талын хэсэг дэх “Өрөвч сэтгэлт Аврагч”-ийг үзнэ үү). Түүний бусдыг өрөвдөх сэтгэл тоо томшгүй олон удаа эргэн тойрныхондоо тусламжийн гараа сунгахад хүргэсэн. Тэрээр хүмүүсийн эрэлт хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг ялган таньснаар хамгийн тохиромжтой арга замаар тэднийг адислан, зааж сургаж байв. Биднийг зовж шаналах үед өргөн дэмжих гэсэн Аврагчийн хүсэл өрөвч сэтгэлийн дээд зэргийн илрэл болох үйлдэл буюу хүн төрөлхтний нүгэл болон зовлон шаналлын өмнөөс Цагаатгал хийхэд хүргэсэн билээ.

Бид үйлчилж байхдаа хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн туслах Түүний чадавхыг үлгэрлэн дагахыг хичээнгүйлэн чармайх ёстой. Бид зөв шударга амьдарч, Сүнсний өдөөлтийг сонссоноор утга учир бүхий арга замаар бусдад туслах боломжтой.

Бусдыг өрөвдөн хайрлах бидний гэрээ

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг өрөвч сэтгэлтэй байхыг хүссэн (1 Коринт 12:25–27-г үзнэ үү). Бид Түүний жинхэнэ шавь болохын тулд бусдыг, ялангуяа тусламж хэрэгтэй хүмүүсийг өрөвдөн хайрлах сэтгэлийг өөрсдөдөө хөгжүүлэн, үзүүлэх ёстой (С ба Г 52:40).

Бид баптисмын гэрээгээрээ дамжуулан Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар өрөвч сэтгэлээ хөгжүүлэх хүсэлтэй болохоо гэрчилдэг. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Ариун Сүнсний бэлэг бидэнд үүнийг хийхэд тусалдаг болохыг заасан. Тэрээр: “Та бол Есүс Христийн Сүмийн гэрээт гишүүн. …

“Чухамхүү тийм учраас та уй гашуу, бэрхшээл бүхий ачааг үүрэн, урагш тэмүүлэхээр тэмцэж буй хүнд туслахыг хүсдэг. Та тэр хүмүүсийн ачаа дарамтыг хөнгөн байлгаж, тэднийг тайвшруулахад Их Эзэнд тусална хэмээн амласан. Та Ариун Сүнсний бэлэг хүлээн авахдаа тэдгээр ачааг хөнгөлөхөд туслах хүчийг хүлээн авсан билээ”1 хэмээн хэлсэн.

Жишээлбэл, Орос дахь нэг эгч гэр бүлийн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас жил гаруй хугацаанд Сүмдээ явж чадаагүй байна. Салбарынх нь өөр нэгэн эгч түүнд өрөвч сэтгэлээр тусламжийн гараа сунган, ням гараг бүр утасдаж, сүм дээр хэлсэн үг, заасан хичээл, номлолын дуудлага, шинээр төрсөн хүүхдүүд болон салбарын тухай өөр бусад мэдээг дуулгадаг байжээ. Уг эгчийн гэр бүлийн нөхцөл байдал шийдвэрлэгдэхэд, найз нь түүн рүү долоо хоног бүр утасдаж байсны ачаар түүнд салбарынхаа нэгэн хэсэг хэвээр байгаа мэт санагдсан ажээ.

Эшлэл

  1. Хэнри Б.Айринг, “Тайтгаруулагч,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 137.