Хүндэтгэлийн өдрөөр мэдрэх уйтгар гуниг
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Би Хүндэтгэлийн өдөрт дуртай байх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ч яаж гэдгээ мэдэхгүй байлаа.
Судруудад Хүндэтгэлийн өдрийг ариун өдөр, баясгалант сайхан өдөр, амралтын өдөр, тэмдэглэх өдөр гэж хэлсэн байдаг.1 Гэхдээ цөөн хэдэн жилийн өмнө, арван хэдэн настай байхдаа би Хүндэтгэлийн өдрийг ядаргаатай гэж боддог байв. Би амар амгаланг мэдрэхийн оронд сэтгэлийн дарамтыг мэдэрдэг байсан. Мөн би баяр хөөрийн оронд уйтгар гунигийг мэдэрдэг байсан. Би найдварын оронд, гэмшил мэдэрдэг байсан. Би Хүндэтгэлийн өдрөөр уйтгар гунигийг бүрэн мэдэрч байв.
Ням гаргийн өглөө бүр, хөнжил дотроо хүнээс ичмээр удаан нуугдсаныхаа дараа би эцэст нь ням гараг гэдгийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч, Сүм рүү явахдаа өмсдөг хувцсаа өмсдөг байлаа. Сүм дээр очоод би өнгөрсөн долоо хоногийнхоо тухай дүгнэн боддог байсан юм. Ариун ёслолын үеэр, би гаргасан алдаануудаа нэмж, энэ жагсаалтаа эхний хүнийг үг хэлэхээр босохоос өмнө дуусгаж чаддаггүй байлаа. Цуглааны үлдсэн хугацаанд Сүм дээр байх дургүй байгаадаа харамссан сэтгэлээсээ болж гэмшил төрөн, нулимсаа гаргахгүй байхыг хичээн өнгөрөөдөг байлаа.
Тэр өдөр бас л тийм байв. Би хийсэн сонголтуудынхаа талаар гэмшиж, ирээдүйн сонголтууддаа зовниж мөн одоогийн нөхцөл байдлын талаар бодоод уйтгарлан, гунигладаг байсан. Би сургууль, нэмэлт үйл ажиллагаа байгаа үед сатаардгаас бусад үед сөрөг зүйл бодож цагаа өнгөрөөдөг байв.
Би 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлсэн Хүндэтгэлийн өдөр хэрхэн баясгалант өдөр байдаг тухай үгийг сонсож, ахин дахин уншсаныхаа дараа Хүндэтгэлийн өдрөөр одоо мэдэрч байгаа зовлон гунигийг биш, харин амар амгалан, хайрыг мэдрэхийн төлөө залбирсан.2 Мөн хариулт нь ирсэн.
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ дээр төвлөр
Туулж байгаа зовлондоо бодлоо төвлөрүүлэхээ больж, харин Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагчтай харьцах харьцаан дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн сүнслэг бодол надад төрсөн юм. Би хийсэн буруу зүйлээ тунгаан бодохын оронд, амьдралд минь Тэдний хэрхэн оролцож байгааг тунгаан бодох цаг гаргав.
Сөрөг бодлууд орж ирэх үед би Бурханы болон Есүс Христийн талаар өөрийн мэддэг бас итгэдэг зүйлээ мөн Бурханы хүүхэд гэдгээ өөрөө өөртөө хэлж байсан. Тэр надад хайртай. Есүс Христ бол миний Ах бөгөөд миний төлөө Цагаатгал хийсэн. Тэд намайг баяр хөөртэй байж, Өөрсөд рүү нь эргэж ирээсэй хэмээн хүсдэг. Хүндэтгэлийн өдөр нь Бурханаас өгөгдсөн бэлэг юм.
Би энэхүү гэрчлэлдээ итгэлээ хэрэгжүүлж эхэлсэн.
Ариун ёслолыг идэвхтэй хүлээн авах
Юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдгээ өөрчилсөн минь ариун ёслолд хэрхэн хандаж байгаа талаараа бодоход хүргэсэн юм. Маш удаан хугацааны туршид би ариун ёслолыг өөрийгөө шийтгэх цаг болгосон байв. Гэтэл ариун ёслолын зорилго нь энэ биш шүү дээ. Ариун ёслол нь гэрээнүүдээ шинэчлэх ариун нандин ёслол юм. Энэ нь Есүс Христийн цагаатгах хүчээр дамжуулан дахин цэвэр болох боломж юм. Би итгэлээр болон наманчлагч сэтгэл зүрхтэйгээр ёслол, гэрээндээ анхаарал төвлөрүүлснээр өршөөлийн бэлгийг хүлээн авч, гэрээнүүдээ сахидгийг мөн Их Эзэний Сүнсийг хүлээж авснаар ариун ёслол амар амгаланг өгдөг болохыг ухаарсан (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү).
Ариун ёслолын туршид Христийн Цагаатгалыг бодох нь миний оюун санаанд өөр нэгэн бэлгийг авчирсан. Би өршөөгдөх боломжтой төдийгүй, Аврагч маань Өөр дээрээ миний шаналлыг авсан учраас би бас эдгээлтийг хүлээн авч чадах юм (Алма 7:11–12-ыг үзнэ үү). Түүний Цагаатгалаар болон ариун ёслолоор дамжуулан санаа зовнил, уйтгар гунигийн оронд би амар амгалан болоод хүч чадлыг Хүндэтгэлийн өдөр мөн өөр ямар ч өдөр олж авч чадна.
Мөн би тэрхүү амар амгаланг олсон юм. Миний Аврагч ням гаргуудад төдийгүй үргэлж надтай хамт байдаг!
Итгэлтэй байх дадлагыг тэвчээртэй хий
Энэ нь нэг долоо хоногт зассан зүйл биш байсан. Энэ нь хэцүү байсан бөгөөд цаг хугацаа шаардсан. “Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг” (Ром 8:25). Би анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйл дээрээ анхаарч, Хүндэтгэлийн өдрийг хайрлахын төлөө залбирч байсан.
Яваандаа, би тэр ариун өдөр амар амгалан болоод баяр хөөрийг олсон ба үргэлжлүүлэн хичээж байсан. Хэрэв үргэлжлүүлэн хичээгээгүй байсан бол би Хүндэтгэлийн өдрийн уйтгар гунигийг ахин мэдрэх байсан байх. Долоо хоног бүр Аврагч дээр болон Хүндэтгэлийн өдрийн зорилго дээр хичээнгүйгээр анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг ч гэсэн амар амгалан болоод баяр хөөр өгнө гэсэн амлалт нь үнэн гэдгийг би мэднэ.