Итгэлийн хөрөг
Виктор Барбинягра
Украйн, Харьков
Виктор төрөх байсан хугацаанаасаа гурван сарын өмнө төржээ. Үүний улмаас тэр нэлээд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд долоон нас хүртлээ алхаж чаддаггүй байв. Виктор өөрт нь тулгарсан бэрхшээлийг үл тоон, баяр хөөртэй хүн байхаар шийдсэн юм. Тэр бусадтай харьцаж, тэдэнд хайраа үзүүлснээр баяр хөөрийг мэдэрдэг.
Гэрэл зурагчин Лэслий Нилссон
Намайг төрөх ёстой байсан хугацаанаасаа гурван сарын өмнө төрөхөд эмч нар намайг юу ч хийх чадваргүй нэгэн байх болно гэж хэлж байсан ч ээж минь надад туслах олон аргыг байнга оролдож үздэг байв. Олон жилийн турш би хэд хэдэн эмчилгээ хийлгэсэн ч алхаж чаддаггүй хэвээр байлаа.
Эцэст нь, ээж минь алхаж эхлэхэд маань тусалж магадгүй нэгэн эмчилгээг олсон юм. Уг эмчилгээг хийлгэхээс өмнө ээж номлогчдоос надад адислал өгөхийг гуйхаар шийджээ. Бид адислал хүлээн авсныхаа дараа эмч дээр очив. Эмчилгээ нь биеийн хөдөлгөөний өөр өөр дасгал байв. Тэр дасгалуудыг хийснийхээ дараа би аажмаар алхаж эхэлсэн юм.
Заримдаа би хөгжлийн бэрхшээлтэй байгаадаа уурлаж унтууцдаг ч үүнийгээ харуулахгүй байхыг хичээдэг. Би уг нь баяр хөөртэй хүн бөгөөд бухимдлаа бусдад үзүүлдэггүй.
Өсвөр насны хүүхэд байхдаа сэтгэлээр унах үе надад байсан.
Би сүмд явахыг хүсэхээ больсон. Би Бурханаас “Би яагаад ийм байгаа юм бэ? Та яагаад намайг сайжруулж чадахгүй гэж? Яагаад би бусадтай сайхан харилцаа холбоотой байдаггүй юм бэ?” гэж асуудаг байв. Эдгээр асуултаас болж би сэтгэлээр унан, маш их гуниглах болсон. Өөрийнхөө нөхцөл байдлыг яаж өөрчлөхөө мэдэхгүй байсан тул амиа хорлох нь магадгүй хариулт нь ч байж болох юм гэж би боддог болж билээ.
Гэвч дараа нь би ээжийнхээ талаар, ээжид маань ямар байхыг бодсон. Ээж минь маш ихээр харамсаж, өөрийгөө ямар нэгэн зүйл буруу хийлээ эсвэл миний төлөө хангалттай зүйл хийсэнгүй гэж бодох болов уу гэж би бодсон. Тэр л мөчид би амьд үлдэж, үргэлжлүүлэн амьдрахаар шийдсэн билээ.
Эцсийн эцэст, би өөрийгөө аз жаргалтай хүн гэж мэдэрдэг.
Би бусад бүх хүнтэй адил өөрийн гэсэн асуудал бэрхшээлтэй. Тэдгээр нь бусдынхаас бага эсвэл их биш ч, бас бид тэдгээрийг 100 хувь шийдэж чадахгүй байж болох ч асуудал бэрхшээлээ туулан, баттай урагшилж чадна гэдгийг би мэднэ.
Энэ амьдралд бидний хэн байгаагаас үл шалтгаалан хүн бүрд зориулсан төлөвлөгөө Их Эзэнд байдаг гэдгийг би мэднэ.
Ээж маань надад хамгийн царайлаг хүн хамгийн аз жаргалгүй хүн ч байж болно, тэгвэл хамгийн царай муутай хүн туйлын аз жаргалтай хүн ч байж чадна гэж хэлдэг байсан юм.
Сүмийн ачаар би Бурханы төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө учраас, юунаас ч үл хамааран та аз жаргалтай байж чадна гэдгийг мэддэг. Аз жаргал бол бидний дотоод сэтгэлийн асуудал бөгөөд гадны зүйл биш гэдэгт би итгэдэг.
Итгэлтэй байж, Бурханд найдсанаар мөн сайн мэдээний дагуу амьдарснаар аз жаргал ирдэг. Энэ нь бидэнд зөв хандлагатай байхад мөн өөрсдөдөө байгаа зүйлийг өөрсдийгөө сайжруулахын тулд ашиглахад тусалж чадна.
Хүн бүрийн хувьд ирээдүйд ямар нэгэн сайн сайхан зүйл хүлээж байдаг бөгөөд ямар ч сөрөг зүйл тохиолдсон бай та түүнийг даван туулж чадна.
Амьдралын хамгийн чухал зүйл нь хүмүүстэй харьцах явдал байдаг учраас би хүмүүсийг хайрлахыг хичээдэг. Гэр бүл минь бидний ирээдүй, бидний бүх зүйл учраас би гэр бүлээ хайрлахыг хичээдэг. Би өөрт байгаа бүхний төлөө Бурханд талархаж явдаг.
Хүнд хүчрийг туулж байгаа хүмүүст хандан хэлэхэд, би өөрсдийгөө энэ мөчид байгаагаар нь, бүх дутагдалтай чигээр нь хүлээн зөвшөөрч, илүү сайжирч чадна гэдэгтээ итгэ гэж хэлье.