2018
Мормоны Ном амьдралыг өөрчилдөг
2018 оны долоодугаар сар


Мормоны Ном амьдралыг өөрчилдөг

Эдгээр хөрвөгч Мормоны Номыг уншсанаар итгэлээ хөгжүүлсэн.

couple reading the Book of Mormon

Гэрэл зургийг Коди Бэлл

Мормоны Ном нь Бурханы хүүхдүүд биднийг Есүс Христийн үнэн сургаалын талаар мэдлэгтэй болгоход зориулагдсан бэлэг үнэхээр мөн юм. Перугийн Лима хотод амьдардаг гишүүн Энрикэ Сэрпа Бустамантэ Мормоны Номыг биднийг хайрладаг эцэг эхийн захидал гээд, “Бидний Тэнгэрлэг Эцэг зөвлөгөө өгч, сайн сайхны төлөө удирдан залж, бүхий л цаг үед адислахын тулд бошиглогчдоор дамжуулан бидэнд ‘захиа’ бичсэн. Тэрээр маш ухаалаг төлөвлөгөө боловсруулан гаргасан бөгөөд биднийг адислалууд болон сайн мэдээг нь ойлгоход зүрх сэтгэлээ бэлдсэн яг тэр үед тэдгээр хайрын захидлыг хэрхэн өгөхөө мэддэг” хэмээн бичжээ.

Дэлхийн өөр өөр хэсэгт байдаг зарим хөрвөгчийг Сүмийн талаар анх суралцаж байхад Мормоны Номын яг юу нь гүн гүнзгий сэтгэгдэл тэдэнд төрүүлсэн тухай зарим гэрчлэлийг бид энд оруулав.

Есүс Христийн бас нэгэн гэрээ

Ezekiel Akeh

Би Нигерийн Ибаданд байдаг үеэл дүүгийнхээ гэрт Мормоны Номыг анх харсан юм. Би ном унших дуртай болохоор, яагаад үүн дээр “Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэж бичсэнийг ойлгохыг хүссэн тул уг номыг авч уншив.

Тухайн үед зөвхөн израильчуудын Аврагч гэдэг нь миний хувийн бодолтой зөрчилдсөн том асуудал байсан ба “Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэмээх дэд гарчиг нь Аврагч зөвхөн израильчуудын биш, харин ертөнцийн Аврагч юм гэж ойлгоход оюуныг минь нээж өгсөн билээ. Тэр нифайчууд дээр ирж, тэдэнд хууль, ёслолуудаа тогтоож өгсөн нь тохинууллынх нь талаар илүү ихийг мэдэх хүслийг надад төрүүлсэн.

Тэрхүү дэд гарчиг намайг Сүмийн талаар илүү ихийг мэдэхэд хөтөлсөн юм. Мормоны Номон дээрх үнэнийг өөрөө мэдэж авахын тулд залбир гэх зэрэг зөвлөгөөнүүдийг дагаснаар би Сүнсийг мэдэрч эхэлсэн (Моронай 10:4-ийг үзнэ үү). Есүс Христ амьд бөгөөд бид бүгдэд хайртайг би одоо мэднэ.

Эзэкиэл Акэ, АНУ, Айдахо

1 Нифай 8—“Урьд өмнө миний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат” жимс

1 Нифай 8:11–12-т Лихай амьдралын модны жимсний талаар “урьд өмнө миний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат. … Энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв” хэмээн дүрсэлсэн байдаг. Эдгээр шүлгийг уншихад надад уг жимс онцгой байсан юм байна гэсэн хүчтэй мэдрэмж төрж, би ч гэсэн түүнээс хүртэхийг хүссэн.

Би Лихайг маш сайн ойлгож байв. Хэрэв би Лихайн оронд байж, мөн тийм жимс үнэхээр байсан бол надад ч гэсэн адилхан бодол төрж, гэр бүлийнхэндээ ч мөн идүүлэхсэн гэж ихэд хүсэх байсан гэж бодож байв. Эцэг эх маань Сүмийн гишүүн хараахан болоогүй байсан миний хувьд энэ нь маш үнэн санагдсан бөгөөд одоо ч гэсэн эдгээр мөрийг уншихад сэтгэл зүрхний маань хүслийг илэрхийлж байгаа мэт санагддаг.

Уг жимс Бурханы хайр болон Түүний сайн мэдээг төлөөлж байсныг мэдэж авахаас ч өмнө энэ нь онцгой байсныг би мэдэж байлаа. Бүр сүүлд уг жимсний утга учрыг ойлгосныхоо дараа би үүнийг судар дээр ямар гайхалтай зөв дүрсэлсэн юм бэ гэж бодож билээ.

Судруудад үнэхээр бошиглогчдын цэдэглэсэн үнэн болон Бурханы үг хадгалагдсан байдаг.

Юн Жин Ём, Өмнөд Солонгос, Гиеонги муж

Иаков 5:74—Бурханд үйлчлэх хүсэл

Josef Gutierrez

Би Сүмийн талаар суралцаж байхдаа Иаков 5:74-ийг уншсан. Уншсан мөчөөс эхлэн уг шүлэг санаанаас маань гараагүй юм. Амьдралынхаа туршид би өмнөх сүмийнхээ маш идэвхтэй гишүүн нь байсан бөгөөд үргэлж Бурханд үйлчлэх хүслийг өвөрлөж явдаг байв. Тэр ч бүү хэл, хэзээ нэгэн цагт Түүнд үйлчлэхийн тулд гүн ухаан, шашин судлалаар суралцахыг хүсдэг байлаа. Би гүн ухаанаар суралцах элсэлтийн шалгалтандаа аль хэдийн тэнцсэн байв.

Гэвч би уг судрыг анх уншсанаа хэзээ ч мартахгүй. Энэ нь ХҮГ-ийн Сүмийн үйл ажиллагаанд анх удаа оролцсоны маргааш орой байсныг би санаж байна. Ангиудын хоорондох завсарлагааны үеэр самбар дээр номлогчдын үйлчлэх насыг бууруулсан талаарх ерөнхийлөгч Томас С.Монсоны хүлээн авсан илчлэлтийг тавьсан байхыг би олж харсан.

Тэр орой би Иаков 5:74-ийг уншаад, Бурханд үйлчлэх ёстой юм байна гэдгээ мэдэж билээ. Яагаад ч юм бэ, өөрсдийн амьдралыг Түүнд зориулсан надтай чацуу залуухан хоёр номлогчийг хараад, би ч гэсэн тэдэнтэй адилхан үйлчилж болно гэдгээ мэдсэн. Тэр Сүмийн цуглааны өмнөх орой би баптисм хүртэхээр, харин маргааш орой нь номлолд явахаар шийдэж билээ. Би Филиппиний Сэбу Зүүн номлолын сайхан хүмүүст үйлчилснийхээ дараа одоо гэртээ нэр төртэй буцаж ирчихээд байна.

Жозэф Гүтиррэз, Филиппин, Батангас

Иносын ном—Нүглийн өршөөл

Jennifer Andreski

Би анх Мормоны Номыг уншиж байхдаа хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байлаа. Би уучилж өршөөх талаар, ялангуяа өөрийгөө уучлах дээр асуудалтай байсан ба өршөөл хүлээн авахуйц зохистой эсэхээ ч мэдэхгүй байв. Номлогч эгч нарын нэг нь надад хариултаа судраас олж болно мөн хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал үүнийхээ талаар залбирах ёстой бөгөөд хэрэгтэй судар тань гарч ирнэ гэж хэлсэн. Би судраа нээж, хуудаснуудыг эргүүлж байгаад, зогссон газраасаа уншихаар шийдсэн ба Иносын номын 4–6-р шүлэг гарч ирсэн юм. Уншсаны дараах яг тэр мөчид Мормоны Ном үнэн гэдгийг би мэдсэн.

Жэннифэр Андрэски, АНУ, Калифорни

Мозая 27—Өөрчлөгдөх боломж

Maria Gracia Henrique Gonzalez

Анх удаа Мормоны Номыг уншихад надад Мормоны Номын Мозая дээрх Алмагийн хүү Сүмийг үгүйсгэн, устгахыг завдаж буй талаар өгүүлсэн хэсэг хамгийн их таалагдсан. Гэхдээ түүнд огцом өөрчлөгдөхөд хүргэсэн нэг зүйл тохиолдсон нь Ариун Сүнс байсан бөгөөд энэ нь түүнийг итгэгч болгосон. Хүн бүрд өөрчлөгдөх боломж өгөгдөж байх ёстой болохоор энэ нь надад маш их таалагдсан.

Мариа Грациа Энрикэ Гонзалэз, Чили, Маулэ

Мозая 27:28–29—Аз жаргал ба гэтэлгэл

Шинэ гишүүн миний хувьд, Мозая 27:28–29 надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Их Эзэн надад нигүүлсэнгүй хандаж, нүгэлт амьдралаас маань гэтэлгэсэнд би талархаж байсан ба одоо ч талархсан хэвээр. Баптисм хүртэхээсээ өмнө би өөрийгөө аз жаргалтай хүн гэж бодож байсан ч сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсны дараа мэдэрсэн аз жаргалыг түүнтэй харьцуулахын аргагүй. Би хэзээ ч гайхалтай ирээдүй хүлээж байгаа гэдэгт ийм итгэлтэй, баттай байгаагүй.

Би Алмагийн “Та нар түүнчлэн амьдралын модны жимснээс хүртэгсэд байж болохын тулд ирэгтүн мөн наманчлалд баптисм хүртэгтүн” (Алма 5:62) гэсэн урилгыг хүлээн авсныхаа дараа Залуу Алмагийн бичсэний адил “Би хамгийн харанхуй ангалд байсан; харин эдүгээ би Бурханы гайхамшигт гэрлийг харнам. Бодгаль минь мөнхийн зовлонд тарчилж байв; гэвч би шүүрэгдлээ, мөн бодгаль минь цаашид дахин өвдөх нь үгүй” (Mозая 27:29) гэсний адил тайвшрал, амар амгалан төрүүлэх чөлөөлөлтийг мэдэрч билээ. Энэ хэсэг надад амьдралын шинэ эхлэл, шинээр олж авсан аз жаргал маань Есүс Христ бол миний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал дээр суурилсан байсан гэдгийг ойлгоход тусалсан. Харин одоо миний Аврагч шударга ёсны төлбөрийг өмнөөс минь төлж, надад наманчлах бүрдээ тэрхүү гэтэлгэгч хайрыг ахин дахин мэдрэх боломжийг олгосонд би үргэлж талархах болно.

Мари-Шантал Хөүг, Кaнад, Oнтариа

Тэр жижигхэн хөх ном

Venu Bhaskar Nakka

Би Энэтхэгт төрсөн бөгөөд тэнд номлогчидтой уулзаж мөн анх удаа сүмд очсон. Тэр ням гараг Христийн амилсны баярын ням гараг байв. Ажлынхаа хуваариас болж би сүмд оройтож ирээд, өсвөр үеийнхний Ням гаргийн хичээлийн ангид оролцсон ба номлогчдын нэг нь хичээл зааж байсан юм. Тэр миний урьд өмнө харж байгаагүй нэг хөх номноос судруудыг эш татсан боловч Библи шиг сонсогдож байв. Түүнийг зааж байх үед, миний зүрх сэтгэлд хүчтэй мэдрэмж төрж, би ч бас энэ номыг өөрийн болгох хэрэгтэй гэдгээ мэдсэн юм.

Би хичээлийн дараа шууд түүн дээр очоод, “Надад энэ ном хэрэгтэй” гэж хэлэв. Уг ном нь түүний өөрийнх нь хувийн судар байсан болохоор тэр үүнийг надад өгч болохгүй байсан тул надад бариулж, үзүүлсэн юм. Би өмнөх нүүрэн дээр нь алтан үсгээр “Мормоны Ном” гэж бичсэнийг харсан. Өөрийн гэсэн тийм номтой болох хэрэгтэй гэсэн мэдрэмж надад дахин төрөв. Уг номлогч миний хаягийг аваад, надад нэг хувийг авчирч өгөхөөр амласан юм. Мэдээж, номлогчид манай гэрт удалгүй ирж, надад өөрийн гэх Мормоны Номын хувийг гардуулж билээ. Тэгээд тэд надад сонирхогчийн хичээлийг зааж эхэлсэн.

Тэр жил Христийн амилсны баяр миний амьдралд итгэмээргүй бэлгийг авчирсан нь Мормоны Ном байсан юм. Тэр жижигхэн хөх ном амьдралд минь амийн сүнсийг авчирсан ба надад үүнээс сурах боломж байсанд би маш их талархдаг.

Вэнү Баскар Накка, АНУ, Калифорни муж