2018
Урагш зүтгэх итгэл
2018 оны долоодугаар сар


Урагш зүтгэх итгэл

2007 оны 7-р сарын 24-нд Солт Лэйк Cити табернеклд Анхдагчдын өдрийн өглөөний үйлчлэл дээр өгсөн захиасаас эш татав.

Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэлээрээ зэмсэглэсэн Вилли гар тэрэгний бүлгийн гишүүд тулгарсан бэрхшээл, өлсгөлөнгөө даван туулж, урагш зүтгэсэн.

Gloucester countryside

Зүүн талд: Английн Глүсестэр дэх хөдөө нутгийн өнөөгийн байдал

ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЭДДИКЛӨҮД/stock.adobe.com

Миний хуваалцахыг хүсэж байгаа түүх Английн зүлэг нь халиурсан гүвээт хөдөө нутаг болох Глүсестэрт 1825 онд төрсөн Жон Бэннэтт Хокинсоор эхэлдэг. Тэр 1849 онд Сүмийн гишүүн болж баптисм хүртсэн бөгөөд тэр жилдээ хожмын үеийн гэгээнтнүүдийн бүлэгтэй хамт Хэнри Вэр нэртэй усан онгоцоор Америкийг зорин гарчээ. Тэр 1852 оны 8-р сард Ютад ирсэн бөгөөд Ютагийн суурьшлын эхний өдрүүдийн анхны мужаануудын нэг байжээ.

Түүний ирээдүйн эхнэр Сара Элизабет Мүлтон бас Английн хөдөө нутгаас ирсэн байв. Ирчестэр нь Лондон хотын хойд хэсгээс 105 км-ын зайтай, Бирмингэмээс зүүн тийш мөн адил зайтай Ривэр Ненэгийн ойролцоох жижиг тосгон юм. Сара Элизабет тэнд 1837 онд Томас Мүлтон, Эстер Марш хоёрын охин болж төржээ. Сара Элизабетын ээж нь түүнийг хоёрхон настай байхад насан өөд болсон бөгөөд аав нь 1840 онд Сара Дэнтонтэй гэрлэсэн.

1837 оны 6-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Хибэр С.Кимбалл (1801–1868) болон Сүмийн бусад удирдагч Англи улсад номлолын ажил хийж байв. Эдгээр номлогчоор заалгасан олон хөрвөгчийн дунд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Праттын (1807–1857) бичсэн Сэрэмжлүүлгийн дуу хоолой (A Voice of Warning) товхимлыг Мүлтоны гэр бүлд өгсөн гэр бүл байв. Үүнийг уншаад Томас, Сара хоёр хөрвүүлэгдэн, 1841 оны 12-р сарын 29-нд баптисм хүртжээ. Тэр үед тэдний гэр бүл дөрвөн настай Сара Элизабет, долоон сартай Мари Анн гэдэг хоёр хүүхэдтэй байв.

Европ дахь хөрвөгчдийн зүрх сэтгэлд цугларалтын сүнс хүчтэй байв. Тэд гэгээнтнүүдийн ихэнхтэй хамт байж болохын тулд Америк руу цагаачлахыг хүсэж байлаа. Бусад олон хүний адил, Мүлтоны гэр бүлийнхэнд энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэх хангалттай мөнгө байсангүй. Гэвч тэд шийдмэг байсан бөгөөд жимсний шилэнд мөнгөө хадгалж эхэлжээ.

Тасралтгүй цагаачлалын сан

1849 онд ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) Америк руу аюулгүй ирэхэд нь Сүмийн гишүүдэд туслахаар Тасралтгүй цагаачлалын санг үүсгэжээ. Энэ сангийн мөнгөн тусламжаар хамгийн анх аялсан хүмүүсийн бүлэг морин тэргээр аялсан бөгөөд энэ маягаар аялах нь удаан бас өртөг ихтэй байв. Тасралтгүй цагаачлалын сангийн тусламж авсан ч гэсэн энэ аяны зардлыг гаргаж чадах хүмүүс цөөхөн байлаа. Сүмийн удирдагчид гар тэрэг ашиглах талаар сонирхож мөн гар тэргээр аялах нь илүү хурдан бас хямдхан болохыг олж мэджээ.

Тэр үед Мүлтоны гэр бүл долоон хүүхэдтэй болсон байсан ба жимсний шилэнд хадгалсан мөнгөн дээрээ Тасралтгүй цагаачлалын сангаас тусламж авч мөн илүү хямд аргаар аялснаар тэдний цагаачлах хүсэл мөрөөдөл биелэх боломжтой болжээ. Есөн гишүүнтэй гэр бүлийн хувьд аялалдаа бэлтгэхийн тулд болгоомжтой төлөвлөх хэрэгтэй байв. Өөрсдийнхөө худалдаж авах шаардлагатай зүйлсэд зориулан мөнгө хадгалахын тулд тэд бараг жил шахам голдуу арвайн гурил иджээ.

Тэдний явах цаг дөхөхөд Томас эхнэр нь хөл хүндтэй байсан тул уг аяныг хийх тухайд эргэлзэж байв. Гэсэн ч Сара Дэнтон Мүлтон итгэлтэй эмэгтэй байсан бөгөөд эргэж буцалтгүй шийдсэн байв. Тэднийг Англиас явахаас өмнө номлогчдын нэг нь Сарад адислал өгсөн бөгөөд энэ адислалд, хэрвээ тэр Юта руу явах аваас гэр бүлийнхээ нэг ч гишүүнийг алдахгүйгээр Ютад аюулгүй хүрэх болно гэсэн амлалт өгөгджээ. Удахгүй арвуулаа болох гэж байсан гэр бүлд энэ нь маш сайхан зүйлийг амласан адислал байлаа.

Уг гэр бүлийнхэн 1856 онд Англи улсын Ливерпүүлээс Форнтон нэртэй усан онгоцоор гарсан бөгөөд далайд гарснаас хойш гуравхан өдрийн дараа бяцхан хүүгээ төрүүлжээ. Форнтон усан онгоцыг Дани, Швед, Английн 764 гэгээнтнийг зөөхөөр хөлсөлсөн байв. Тэднийг Жэймс Грэй Вилли гэдэг нэртэй номлогч удирдаж байлаа.

Зургаан долоо хоногийн дараа Форнтон Нью-Йорк хотын усан онгоцны боомтод орж иржээ. Тэгээд Мүлтоны гэр бүлийнхэн баруун зүгийг зүглэн, холын аялал хийхээр галт тэргэнд суужээ. Тэд Айова мужийн Айова Ситид 1856 оны 6-р сард ирсэн бөгөөд тэндээс гар тэрэгний бүлгүүдийн аян эхэлж байв. Тэднийг тэнд очсоноос гуравхан өдрийн дараа ахмад Эдвард Банкэрын гар тэрэгний бүлэг Айова Ситигээс гарсан бөгөөд бэлэн байсан гар тэрэгний олныг нь авч явав.

Гар тэрэгний бэрхшээл

Вилли бараг хоёр долоо хоног орчмын дараа Эдвард Мартинаар удирдуулсан гэгээнтнүүдийн өөр нэг гар тэрэгний бүлэгт нэгдэв. Эхний гурван гар тэрэгний бүлгийг шаардлагатай зүйлсээр нь хангаж явуулахаар шаргуу ажилласан Айова Сити дэх Сүмийн төлөөлөгчид олуулаа гэнэт оройтож ирсэн хүмүүсийг хангахаар сандралдан ажиллаж эхлэв. Эдгээр гэгээнтнийг аянаа цааш үргэлжлүүлэхээс өмнө тэд 250 гар тэрэг хийх хэрэгтэй байв.

Хөдөлмөрийн чадвартай эр хүн бүрийг гар тэрэг хийх ажилд оруулж, эмэгтэйчүүд нь аянд зориулан олон арван майхан оёв. Урьд өмнө гар тэрэг хийж үзээгүй эдгээр хүний олонх нь тодорхой зааврыг дагаагүйгээс болж олон янзын хэмжээ, даац бүхий гар тэрэгнүүдийг хийсэн нь хожим тэдэнд хүндрэл учруулсан юм. Шаардлагатай тооны гар тэрэг хэрэгтэй байсны улмаас тэд шинэ, ногоон модоор барих болж мөн зарим тохиолдолд дугуйг нь шир, тугалга ашиглан хийж байв. Гар тэрэг болгонд гэгээнтнүүдийн олонхынх нь хоол хүнс, бүх эд хогшил гэхээр зүйлийг ачдаг байжээ.

Мөн гар тэрэг болгонд ихэнхдээ 400–500 фунт буюу 180–230 кг-д багтах гурил, ор дэр, хоол ундны хэрэгсэл болон хувцас хунар ачиж байв. Гар тэргэн дээр хүн бүрд 8 кг ачаа ачих зөвшөөрөл өгсөн байжээ.

Томас Мүлтон болон түүний гэр бүлийн гишүүд арвуулаа дахин ахмад Виллигийн удирдлаган доор дөрөв дэх гар тэрэгний бүлэгт хуваарилагдсан байв. Энэ бүлэг 400 гаруй гэгээнтнээс бүрдсэн бөгөөд хөгшин хүмүүсийн тоо ердийнхөөс олон байжээ. Тэр оны 9-р сарын тайланд “404 хүн, 6 тэрэг, 87 гар тэрэг, 6 шар үхэр, 32 үхэр, 5 луус” гэж жагсаан бичсэн байв.1

Мүлтоны гэр бүлд бүхээгтэй нэг, бүхээггүй нэг гар тэрэг тус тус ноогджээ. Томас эхнэрийнхээ хамт бүхээгтэй тэргийг чирж байв. Шинээр төрсөн нялх Чарлэс болон түүний эгч Лиззи (Софиа Элизабет) энэ гар тэргэнд суудаг байжээ. Лотти (Шарлотт) уруудаж явах үед л гар тэргэнд сууж болдог байв. Найман настай Жэймс Хибэрийг алдчихгүйн тулд олсоор бүслээд, тэрэгнээс уян ард нь алхуулдаг байсан байна. Нөгөө хүнд гар тэргийг нь хоёр том эгч нь болох Сара Элизабет (19), Мари Анн (15) хоёр болон хоёр эрэгтэй дүү Виллиам (12) болон Жозеф (10) нар чирдэг байжээ.

1856 оны 7-р сард Мүлтоны гэр бүлийнхэн Айова Ситигээс гарч, баруун зүгийг чиглэсэн 1300 милийн (2090 км) аянаа эхлэв. Тэд 26 өдөр аялсныхаа дараа Небраска мужийн Винтер Квортэрст (Флоренс) иржээ. Винтер Квортэрс Солт Лэйк Сити хоёрын хооронд ямар ч том хот байхгүй учраас заншсан ёсоор тэд тэнд хэдэн өдрийг өнгөрөөж, гар тэргээ засан, хангамжаа нөөцөлж авав.

Виллигийн бүлгийнхнийг Винтер Квортэрсээс гарахад бэлэн болох үед улирал дуусах дөхөж байсан учраас цааш явах уу эсвэл хавар болтол эндээ үлдэх үү гэдгийн талаар шийдэхээр зөвлөл хуралдсан байна. Уг замаар өмнө нь явж байсан зарим хүн ингэж оройтож аялах нь их аюултай гэдгийг сэрэмжлүүлж байв. Гэхдээ ахмад Вилли болон бүлгийн олон гишүүн Флоренсэд өвөлжих байр байхгүй байсан болохоор цааш явах хэрэгтэй гэж үзжээ.

Нөөцийн хомсдол

Виллигийн бүлгийн гишүүд 8-р сарын 18-нд аяллаа хангалттай нөөцгүйгээр эхэлсэн бөгөөд хоол хүнсээ Форт Ламари (одоогийн Вайоминг мужийн Ламаригийн хойд хэсэг) дээрээс нөөцөлж чадна гэж бодож байв. Өөрсдийн авсан сэрэмжлүүлгийн улмаас тэд тэрэг болгонд нэмэлт 45 кг гурил хийсэн бөгөөд Солт Лэйк Ситигээс илгээх хангамжийн тэрэгтэй тааралдана гэж бодож байжээ. Гэтэл хангамжийн тэрэгний жолооч нар аян замыг туулан ирж байгаа цагаачид одоо байхгүй гэж бодоод, Виллигийн бүлгийг тэдэн дээр очихоос өмнө 9-р сарын сүүлээр Солт Лэйк Сити рүү буцсан байв.

Флоренсэд байхдаа Мүлтоны гэр бүлийнхэн 10 хүнтэй тэдний гэрийн ачаа дэндүү хүнд байсан учраас нэг хайрцагтай нөөцөө ардаа орхих нь зөв гэж боджээ. Тэр үед тэд Ливерпүүлд нэг ачаа, усан онгоцон дээр хайрцагтай хувцас, Нью-Йорк хотод авдартай хувцас болон Айова Ситид хувийн ихэнх зүйлээ хийсэн авдраа орхичихоод байв. Аян замын туршид ч тэд өөрсдийн ачааг хөнгөлөх арга замыг хайж байв.

Scotts Bluff National Monument

АНУ-ын баруун Небраскагийн Скоттс Блафф дахь Үндэсний дурсгалт газар

ГЭРЭЛ ЗУРГИЙГ GETTY IMAGES-ЭЭС

Мүлтоны гэр бүлийнхэн болон тэдгээр гар тэрэгний бүлгийн гайхамшигтай эрэгтэй, эмэгтэйчүүдийн өдөр тутамд тохиолдож байсан зовлонг өнөөгийн амьдралын таатай орчныг таашаадаг хүмүүст ойлгоход хэцүү байж болох юм. Бид цэврүүтсэн гар хөл, хөндүүр бие, тоос шороо, шавар шавхай, наранд түлэгдэх, ялаа шумуул, хошууран давхих зэрлэг үхэр сүрэг, замд дайралдах индианчууд зэргийг төсөөлж чадах уу? Бид гол гатлахад, ялангуяа хурдтай урсаж байгаа гүнзгий голоор гар тэрэгтэй хөндлөн гатлах үед элс болон хальтрах хад чулуу ямар хэцүү болохыг төсөөлж чадах уу? Хангалттай хоол идээгүйгээс ямар их ядардгийг бид ойлгож чадах уу?

Аян замдаа Мүлтоны хүүхдүүд ээжтэйгээ хамт өөрсдийн хурдан багасаж буй нөөцөнд нэмэр болгохын тулд зэрлэг буудайг зулгааж авахаар тал руу явдаг байжээ. Нэг хэсэг уг гэр бүлийнхэн бүхэл өдрийн туршид 3 хүний дунд нэг алим, нэг арвайн талх хувааж идэж байв.

9-р сарын 12-ны үдэш Британи улсаас буцаж ирж байгаа номлогчид тэдний буудал дээр ирэв. Тэднийг эхнэрийн маань элэнц өвөө болох Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Франклин Д.Ричардс (1821–1899) удирдаж байжээ. Ахлагч Ричардс бусад хүний хамт уг гар тэрэгний бүлгийн бэрхшээлийг хараад, Солт Лэйк хөндий рүү яаралтай явж, аль болох хурдан тусламж илгээхээ амлажээ.

9-р сарын 30-нд Виллигийн бүлгийнхэн Солт Лэйк Ситигээс зүүн тийш 400 милийн (645 км) зайд байдаг Вайомингийн Форт Ламарид хүрэв.

10-р сарын эхэн болж, өвөл эхэлж байсан бөгөөд уг бүлгийнхэн цааш урагшлахаар оролдох явцад бэрхшээл нь улам ихсэж байлаа. Нөөц хангамж маш бага байсан болохоор ахмад Вилли гурилаа эрэгтэйчүүдэд 15 унц буюу 425 гр, эмэгтэйчүүдэд 13 унц, хүүхдүүдэд 9, нялх хүүхдүүдэд 5 унцаар хуваарилахаас аргагүйд хүрэв. Тэд удалгүй ширүүн салхи, будрах цастай тулгарах гэж байв. 10-р сарын 20-ны өглөө гэхэд 10 см гүнзгий цас орсон байсан бөгөөд майхан болон тэрэгний бүхээгнүүд цасанд дарагдан нурсан байлаа. Тэр шуурганы өмнөх шөнө уг бүлгийн таван гишүүн бас ачааны хэд хэдэн мал хүйтнээс мөн өлсгөлөнгөөс болж нас барсан байсан бөгөөд дараагийн гурван өдөрт таван гишүүн нас барав. Эмэгтэйчүүд болон хүүхэд, өвчтэй хүмүүсээ эхэлж тэжээн, олон хүч чадалтай эр ямар ч хоолгүй явахаас өөр аргагүй болж байжээ.

Халамжийн бүлгүүд илгээгдэв

Sweetwater River

АНУ-ын Вайоминг мужийн Мартины агуйн ойролцоох Свийтвотэр гол

Свийтвотэр голын Роки Рижээс доош 3 км-ийн зайтай газар уг бүлгийнхэн буудаллаж, даарч өлсөн, хүнд хэцүү нөхцөлд шуурга өнгөрөхийг хүлээж байлаа.

Франклин Д.Ричардсын бүлгийнхэн Солт Лэйк Ситид хүрээд, тэр даруй ерөнхийлөгч Янгад уг цагаачдад учирсан хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлжээ. Хөндийд байсан гэгээнтнүүд дараа жил хүртэл өөр цагаачид ирэхгүй гэж бодож байсан бөгөөд тэдний нөхцөл байдлын талаарх мэдээ түймэр мэт хурдан тархав.

Хоёр өдрийн дараа буюу 1856 оны 10-р сарын 6-нд Хуучин табернеклд Ерөнхий чуулган болжээ. Индэр дээрээс ерөнхийлөгч Янг тусламж үзүүлэхээр дараа өдөр нь явах эрчүүдийг болон хоол хүнс, хангамж нөөц ачиж явах луус, морины тусламжийг хүсэв.2

Жон Бэннэтт Хокинс тэр өдөр Хуучин табернеклд байсан бөгөөд тусламж хүссэн дуудлагад хариулав. Тэр Солт Лэйк Ситигээс халамжийн бүлгүүд болгон илгээгдсэн зуу зуун хүний нэг байжээ. 10-р сарын 21-ний орой тэдгээр аврагч тэрэг эцэст нь Виллигийн буудалласан газар хүрч ирэв. Тэднийг баяр хөөр, талархлаар дүүрэн, хөлдөж, өлсөж үхэх дөхсөн хүмүүс угтсан байна. Энэ нь миний элэнц өвөө, эмээ болох Жон Бэннэтт Хокинс болон Сара Элизабет Мүлтон хоёрын анхны уулзалт байсан юм.

10-р сарын 22-нд аврагчдын зарим нь бусад гар тэрэгний бүлэгт туслахаар цаашилсан бөгөөд Вилли бүлгийн үлдсэн тэргүүдийг Виллям Х.Кимбалл удирдан, Солт Лэйк Сити рүү чиглэн хөдөлжээ.

Гар тэргийг түрэх чадалгүй ядарсан хүмүүс хувийн эд зүйлээ тэргэн дээр тавиад, хажууд нь алхаж байв. Алхаж чадахгүй хүмүүс тэргэн дээрээ сууж байсан. Тэднийг Роки Риж дээр очих үед ахиад цасан шуурга бууж ирэв. Тэд хадан уулын хяраар өгсөх зуураа хөлдөж үхэхгүйн тулд өөрсдийгөө хөнжлөөр ороох хэрэгтэй байв. Тэдний бүлгийн 40 орчим хүн нас барчихаад байлаа.3

Маш хүйтэн байсан учраас уулын хяраар хөндлөн гарахдаа гэгээнтнүүдийн олон нь гар хөл, нүүрээ хөлдөөсөн байв. Нэг эмэгтэйн нүд хөлдсөнөөс болоод сохор болсон байв.

Мүлтоны гэр бүлийнхэн найман хүүхэдтэйгээ гүнзгий хөр цасан дундуур хоёр гар тэрэг татаж, түрж байгааг төсөөлж байгаа биз дээ. Нэг гар тэргийг нь Томас эхнэртэйгээ хамт түрж байсан ба дээр нь чухал ачаа болох Лотти, Лиззи болон нялх Чарлэс нар байсан бөгөөд бүсэлхийгээрээ олсоор уяулсан бяцхан Жэймс Хибэр ард нь унан тусан чирэгдэн алхаж байв. Нөгөө гар тэргийг нь Сара Элизабет болон нөгөө гурван хүүхэд нь чирч, татаж байжээ. Нэгэн найрсаг, ахмад настай эмэгтэй бяцхан Жэймс Хибэрт хүнд хэцүү байгааг хараад, гар тэрэгний ард алхангаа түүний гараас барин алхав. Энэ найрсаг үйлдэл түүний баруун гарыг аварсан бөгөөд түүний зүүн гар хасах градусын хүйтэнд ил байсан учраас хөлдсөн аж. Тэднийг Солт Лэйк Ситид ирсний дараа түүний зүүн гарын хэд хэдэн хурууг тайрчээ.

11-р сарын 9-ний үдээс өмнө Аравны нэгийн оффисын байрны үүдэнд гар тэрэгтэй зовж зүдэрсэн хүмүүс зогссон байсан бөгөөд энэ нь одоогийн Солт Лэйк Ситигийн Иосеф Смитийн Дурсамжийн байр байрладаг газар юм. Тэдний олных нь хөл, үе мөч хөлдсөн байв. Аян замд нь 69 хүн нас баржээ. Гэхдээ Англид байхдаа авсан адислалаар Мүлтоны гэр бүлийнхэнд өгсөн амлалт биелсэн юм. Томас, Сара Дэнтон Мүлтон хоёр нэг ч хүүхдээ алдаагүй.

Авралаас хайр дурлалд

Уг бүлгийнхний ирэхийг тэсэн ядан хүлээж, халамжлан туслахад бэлэн байсан Солт Лэйкийн зуу зуун иргэн тэднийг тосон авав. Мүлтоны гэр бүлийнхнийг үхлийн аюулаас аврахад тусалсан залуу аврагчдын нэгэнд талархсан талархал Сара Элизабетийн хувьд удалгүй хайр дурлал болон хувирсан байна.

1856 оны 12-р сарын 5-нд, сайн сайхныг хүссэн хайртай хүмүүсийнхээ дунд Сара Элизабет өөрийг нь аварсан хүн болох Жон Бэннэтт Хокинстой гэрлэжээ. Тэд дараагийн 7-р сард Хишгийн өргөөнд энэ амьдралд болон үүрд мөнх лацдан холбуулжээ. Тэд Солт Лэйк Ситид суурьшсан бөгөөд гурван охин, долоон хүүгээр адислагдав. Охидын нэг нь болох Эстер Эмили манай өвөө Чарлэс Расбандтай 1891 онд гэрлэсэн юм.

7-р сарын 24-нд бид Анхдагчдын өдрийг тэмдэглэдэг бөгөөд Солт Лэйкийн хөндий болон АНУ-ын баруун хэсгийн нийгмийг барьж босгохын тулд бүхнээ зориулсан бусад олон анхдагчийн төлөө баяр талархлаа илэрхийлдэг. Бид бас бусдын дагах сайн мэдээний замыг бадруулсан, бадруулж байгаа дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтэн анхдагчдадаа талархлаа илэрхийлж байна.

Тэднийг юу хөдөлгөсөн бэ? Тэднийг юу урагшлуулсан бэ? Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэл тэднийг хөдөлгөж, урагшлуулсан. Би анхдагчдын зээнцэр хүүгийн хувьд тэдний туулсан зовлон бэрхшээл дэмий өнгөрөөгүй гэдгийг гэрчилж байна. Тэдний мэдэрч байсан зүйлийг би мэдэрдэг. Тэдний мэдэж байсан зүйлийг би мэддэг бөгөөд үүний талаар гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. F.D. Richards and Daniel Spencer, “Smith, Marilyn Austin, Faithful Stewards—the Life of James Gray Willie and Elizabeth Ann Pettit, 95–120,” history.lds.org.

  2. Brigham Young, “Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252-ыг үзнэ үү; мөн түүнчлэн LeRoy R. Hafen and Ann W. Hafen, Handcarts to Zion (1981), 120–121-ийг үзнэ үү.

  3. Форт Ламарид хүрэхээс өмнө уг бүлгийн 19 хүн нас барснаас долоо нь далайн усан онгоцонд, дөрөв нь Айова Ситид нас баржээ. Форт Ламари болон өвлийн эхэн сар хүртэл ахиад 19 хүн нас барсан ба ихэнх нь аврагч бүлгийнхнийг ирэхийн өмнөх өдрүүдэд нас баржээ.