Сайн өвөө, эмээ
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Эндрю сургуулийн Эцэг эхийн өдөрлөгөөр яах ийх талаар юу гэж бодохоо мэдэхгүй байв.
“Энд дэлхий дээр надад гэр бүл бий. Тэд надад сайн ханддаг” (Хүүхдийн дууны ном, 188).
“Эндрю! Автобус ирчихсэн шүү” гэж эмээ нь дуудав.
Эндрю хаалгаар яаран гарлаа. Тэр эмээ, өвөө, дүү Эми нар руугаа гараараа даллав. Эми сургуульд явахад дэндүү жаахан байсан учраас эмээ, өвөө хоёртойгоо гэртээ үлддэг байсан.
Эндрю сургуульдаа дуртай байлаа. Тэр завсарлагаанаар найзуудтайгаа тоглох дуртай. Тэр бас Мисс Кимбалл багшдаа дуртай байв.
Өглөөний завсарлагааны дараа Мисс Кимбалл “Дараагийн долоо хоногт бид Эцэг эхийн өдөрлөгтэй. Эцэг эхдээ, ирэхдээ ажил дээрээсээ бидэнд үзүүлэх ямар нэгэн зүйл авчраарай гэж хэлээрэй. Бид тэднийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлэв.
Эндрюгийн нүүр халуу оргих шиг болов. Түүнд аав, ээжийнхээ талаар хэлэх юу ч байсангүй. Тэр ээжийнхээ талаар сайн санадаггүй байв. Түүнийг жаахан байхад нь ээж нь орхисон байлаа. Тэр аавыгаа бүр огт мэддэггүй.
Бусад хүүхэд аав, ээжийнхээ талаар ярихыг нь Эндрю сонсов. Тонигийн ээж гал сөнөөгч, Жэссикагийн аав амьтны хүрээлэнд ажилладаг. Хүүхэд болгон аавыг нь сармагчин юм уу удаан хөдөлгөөнтэй амьтан авчраасай гэж хүсэж байв.
“Танай аав, ээж хоёр яах вэ?” гэж Тони Эндрюгээс асуулаа.
Эндрю доош тонгойн, хөл рүүгээ хараад, мөрөө хавчин, “Би өвөө, эмээ хоёртойгоо амьдардаг” гэж хэлэв.
Эндрю өвөө, эмээдээ хайртай. Гэхдээ тэд гоё ажил хийдэггүй. Эмээ нь хөнжил, нялх хүүхдийн хувцас зардаг байсан. Өвөө нь хоол зөөдөг том машин барьдаг байв. Эндрю Эцэг эхийн өдөрлөгөөр яах ийх талаар юу гэж бодохоо мэдэхгүй байлаа.
Тэр орой Эндрю Мормоны Номын эхний бүлгээс “Би, Нифай, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир, …” (1 Нифай 1:1) хэмээн уншив.
Эндрю “Би аав, ээжтэйгээ амьдардаггүй. Би өвөө, эмээтэйгээ л амьдардаг” гэж бодов.
Яг тэр үед Эми Эндрюгийн өрөөнд зөөлөн хөнжил тэвэрсээр орж ирлээ. Тэр үүнийгээ Эндрюд харуулахаар өргөж, “Эмээ хийсэн” гэж хэлэв.
“Тийм ээ, эмээ танд энэ хөнжлийг хийж өгсөн.” Эндрю инээмсэглэлээ.
Тэр эмээгийнхээ өөрийнх нь төлөө хийж өгдөг сайхан зүйлсийн талаар буюу сургуульд явахын өмнө өглөөний хоол хийж өгч, гэрийн даалгавар хийхэд нь туслан, Эми тэр хоёртой тоглоом тоглодог талаар бодов. Эмээ нь яг л ээж хүн шиг байдаг байв.
Тэгээд Эндрю өвөөгийнхөө талаар бодлоо. Өвөө нь орой бүр Эндрюд түүх уншиж өгдөг. Тэр бас гэрийн даалгаварт нь тусалдаг байлаа. Тэр бас Эндрюд дугуй яаж унахыг зааж өгсөн. Өвөө нь яг л аав хүн шиг байдаг байв.
Эндрю нүүр дүүрэн инээмсэглэлээ. Тэр эмээ, өвөө хоёртоо маш их талархаж байв. Гэхдээ тэр эмээ өвөөгөө сургууль дээр авчрах талаар санаа зовж байлаа. Гэхдээ бүх зүйл зүгээр болно доо. Тэр “Би буянт сайн эцэг эхгүй байж болно, гэхдээ би буянт сайн өвөө эмээтэй, тэр л маш онцгой сайхан зүйл” гэж бодлоо.
Эцэг эхийн өдөрлөг дээр Эндрю ангийн арын хэсэгт өвөөтэйгөө суун, бусад хүүхдийн эцэг эхийн ярихыг сонсож суув. Тонигийн ээж гал сөнөөгчийнхөө хувцсыг авчирчээ. Тэр хүүхэд болгонд гал сөнөөгчийн малгайгаа өмсүүлж үзүүлэв. Жэссикагийн аав амьтны хүрээлэнгээс яст мэлхий авчирч үзүүлсэн.
Мисс Кимбалл “Эндрю, чиний ээлж” гэж хэлэв.
Эндрю өвөөгийнхөө хамтаар ангийн урд хэсэг рүү алхлаа. Тэр гүнзгий амьсгаа аваад, “Манай өвөө том машин барьдаг бас хоол хүргэж өгдөг. Тэр олон хүнтэй уулздаг бас маш их шаргуу ажилладаг” гэж хэлэв.
Эндрюг өвөө рүүгээ харахад өвөө нь инээмсэглэж байв. Тэгээд өвөө нь том машин барьдаг талаараа ярилаа. Тэр бас ажлаасаа авчирсан амттанаа хүүхэд бүрд өгөв. Эндрюгийн ангийн хүүхдүүд өвөөгөөс нь ажлынх нь талаар олон зүйл асуужээ.
Эндрю өвөөгөө ирсэнд маш их баяртай байв. Тэр өвөө, эмээ, Эмитэйгээ хамт нэг гэр бүл бөгөөд тэд буянт сайн хүмүүс.