2018
Ганцаараа байхдаа итгэлээ хадгалах нь
2018 оны долоодугаар сар


Ганцаараа байхдаа итгэлээ хадгалах нь

Дайн, өвчин тахал эсвэл өөр нөхцөл байдлаас болж Сүмийн эдгээр гишүүн улс орондоо цорын ганц гишүүн нь байхдаа хэрхэн итгэлтэй үлдэж чадсан тухай.

Өнөө үед ихэнх хожмын үеийн гэгээнтэн тойрог, салбаруудад уулзалдаж, “мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярихаар ойр ойрхон цугладаг” (Моронай 6:5). Гэхдээ эдгээр үгийг бичсэн бошиглогч Моронай өөрийн хүмүүсийг устгагдсаны дараа ганцаараа шавийн хувьд үлдсэн тэр үедээ хамгийн дурсамжтай үгээ бичсэн юм.

Сүмийн түүхийн туршид хожмын үеийн гэгээнтнүүд нөхцөл байдлаасаа болж ганцаараа үлдсэн ч итгэлээ хадгалж байв. Зарим нь Моронайн адил ирээдүйн үеийнхний төлөө гэрч, жишээ болж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөдөг. Зарим нь өөрсдийнхөө сүсэг бишрэлийг бусадтай хуваалцах боломжтой болох тэр өдрийг хүртэл хүлээдэг.

Энэ өдрийн төлөө олон жил залбирсан нь

Františka Brodilová

Зураг чимэглэлийг Kэн Спэнсэр

Франциска Бродилова дэлхийн 1-р дайн эхлэхээс нэг жилийн өмнө 1913 онд Вена дахь Сүмд элссэн бөгөөд 1929 он хүртэл Сүмийн бусад гишүүнтэй холбоо харилцаагүй байв.

Франциска Вэзэла Бродиловагийн гэрэл зургийг Visual Resources Library-ийн зөвшөөрлөөр нийтлэв

1913 онд нэгэн номлогч Вена дахь гэрийнх нь хаалгыг тогших үед Франциска Бродилова Сүмийн түүхэнд гүйцэтгэх үүргээ огт мэдээгүй байжээ. Түүнийг хөрвөгдсөнөөс хойш нэг жилийн дараа Авсри-Унгарын хаант улс Дэлхийн 1-р дайнд нэрвэгдэж, номлогчид гэр рүүгээ буцан, олон эрэгтэй гишүүн цэрэгт татагдсаны улмаас Франциска болон цөөн хэдэн эгч үлдэж, өөрсдөө цуглардаг байв.

Энэ нь Францискагийн хувьд олон жилийн турш Сүмийн гишүүдтэй харилцах цорын ганц харилцаа болж байжээ. Дайны дараа Францискагийн нөхөр Францискийг Чехословакийн шинэ засгийн газарт ажиллуулахаар амласан байв. Тэднийг Прага руу нүүсний дараа Франциска тэр улсдаа Сүмийн цорын ганц гишүүн нь байжээ. Хэдэн сарын дараа Франциск нас барж, Франциска хоёр жаахан охин Францэс, Жэйн хоёроо тэжээхээр ганцаараа хоцров.

Франциска хоёр охиндоо сайн мэдээг өөрөө заасан юм. Францэс “Би Сүмд өссөн. Сүм маань гэр орон маань байсан!” хэмээн дурсан ярьжээ.1 Франциска Австри дахь Сүмийн гишүүдэд захидал бичиж, Чехословак руу номлогч илгээхийг хүсжээ. 40 гаруй жилийн өмнө Прагад байсан сүүлчийн номлогч шоронд хоригдож, уг хотоос хөөгдсөн болохоор Сүмийн удирдагчид дурамжхан байв. Шинэ засгийн газар байгуулагдсан ч гэсэн Сүмийн удирдагчид тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй байх гэж эмээж байлаа.

Франциска шантралгүй үргэлжлүүлэн захиа бичсээр мөн номлол байгуулагдаасай хэмээн залбирсаар байжээ. 1928 онд, Францискаг арван жил ганцаараа байсны эцэст олон жилийн өмнө Прагад номлож байсан номлогч болох 83 настай Томас Бисинжер буцаж иржээ. Уг гэр бүлийн ганцаардал дууссан мэт санагдаж байв. Богино хугацааны дараа ахлагч Бисинжерийн эрүүл мэнд муудсан тул уг нутгаас явахаас өөр аргагүй болов.

Франциска урам нь хугарсан боловч гадаадад байгаа гишүүдэд болон Сүмийн удирдагчдад үргэлжлүүлэн захиа бичихээр шийджээ. Түүний цуцашгүй байдал шагнагдаж, 1929 оны 7-р сарын 24-нд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Видцөү (1872–1952) Прагад бүлэг номлогчтой хамт ирсэн юм. Тэр орой Франциска уг бүлгийнхэнтэй хамт Карлстэйн Харшийн ойролцоох толгод руу авирч, тэнд ахлагч Видцөү сайн мэдээг номлохын тулд Чехословакийг онцгойлон адисалж, албан ёсоор номлолыг зохион байгуулав. Хожим Франциска: “Цөөхөн хүн л бидний мэдэрсэн баяр хөөрийг ойлгож чадна. Бид энэ өдрийн төлөө олон жилийн турш залбирч байлаа”2 хэмээн бичжээ.

members in Czechoslovakia with Elder Widtsoe

1929 онд ахлагч Жон А.Видцөү сайн мэдээг номлохын төлөө Чехословакийг онцгойлон адислах үед Франциска (хоёулаа дунд талын эгнээнд) тэнд байжээ.

Салбар нь бараг 6 сар орчим Францискагийн гэрт цуглаж байв. Франциска яваандаа Мормоны Номыг чех хэл рүү орчуулахад нь охидодоо тусалсан бөгөөд одоогийн Бүгд Найрамдах Чех Улсад Сүм зохион байгуулагдахад тусалсан юм.

Францискагийн адил олон хожмын үеийн гэгээнтэн ганцаардмал байдлыг туулсан. Дараах эрэгтэй, эмэгтэйчүүд өөрсдийн төрсөн нутагт сайн мэдээг анх хуваалцаж, Сүмийг зохион байгуулалцсан хүмүүсийн дунд байсан бөгөөд энэ нь бусад хүнд хожим нь гэгээнтнүүдтэй нөхөрлөх боломжийг олгосон юм.

Үнэн итгэлийн байнгын бэлэг

Japanese Saints

Удирдах ахлагчийн хувьд Фужия Нара (хар костюмтай) 1924 онд Япон дахь номлолыг хаагдсаны дараа гишүүдтэй холбоотой үлдэх үүрэг хариуцлагыг хүлээжээ.

Японы номлол 1924 онд хаагдахад олон гишүүнд орхигдсон, төөрөлдсөн мэт санагдаж байв. Япон дахь 160 орчим гишүүнийг удирдах үүрэг уг нутгийн удирдах ахлагч Фужия Нара дээр буусан бөгөөд тэрээр төмөр замын ажил эрхэлж байсан учир энд тэнд тархсан гишүүдтэй уулзах боломжтой байдаг байв. Фужия айлчлан уулзах боломжгүй үедээ Shuro (Далдуу модны навч) гэдэг нэртэй сэтгүүлийг хэвлэн, үүндээ сайн мэдээний захиасуудыг хуваалцаж, цааш цаашдын хэцүү жилүүдэд үлдсэн гэгээнтнүүдээ урамшуулснаар тэдэнтэй холбоотой байдаг байжээ.

Фужия ажлаасаа болж Манчурия руу нүүж, оронд нь орсон удирдах ахлагч 1937 онд гэнэт нас барснаар Японы гишүүдтэй тогтоох холбоо тасарчээ. Фужия “Бид Солт Лэйк Сититэй ямар ч холбоогүй байсан хэдий ч энд Сүм дахин нээгдэнэ гэдэгт итгэлтэй байсан”3 гэж хэлжээ.

Дэлхийн 2-р дайны үеэр Фужия Токио руу буцаж ирээд, тэнд хөршүүддээ номлон мөн долоо хоног тутам Ням гаргийн хичээлийн цуглаануудыг зохион байгуулдаг байв. Дайны дараа Фужия Америкийн армид үйлчилж байсан хожмын үеийн гэгээнтэн болох Эдвард Л.Клиссолдын үлдээсэн, уг орны Сүмийн гишүүдийг өөртэй нь холбоо барихыг хүссэн бичгийг олжээ. Фужия тэр даруй Эдвардын зочид буудлын өрөөнд очив. Эдвард Токио дахь хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаануудад очихдоо бараг 100 шахам хүн оролцож байгааг хараад их гайхсан байна.

Хожим нь Фужия “Энэ бүхний туршид хамгийн агуу, байнгын бэлэг нь үнэн итгэлийг мэдэж, хүлээн авах явдал байлаа. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийг болон Ариун Сүнсийг мэдэх гэсэн үг байв”4 гэж хэлжээ.

Хавайд Сүмийг байгуулсан нь

Jonathan Napela

Хавай дахь анхны хөрвөгчдийн нэг Жонатан Напэла Мормоны Номыг хавай хэл дээр орчуулахад тусалжээ.

Жонатан Напэлагийн зургийг Church History Library and Archives-ын зөвшөөрлөөр нийтлэв

Жонатан Х.Напэла эхнэр Китигийнхээ хамт 1851 онд баптисм хүртэхээсээ өмнө Мауи арал дээр бусдын хүндэтгэл хүлээсэн шүүгч байв. Жонатаныг Сүмд нэгдсэнээс болж шүүгчийн суудлаа шилжүүлэхийг шаардсан бөгөөд тэр хавай хэлээр ярьдаг хүмүүсийн дунд Сүмийг өсгөн бэхжүүлэхэд хүчээ зориулав. Жонатан номлогч Жорж К.Каннонд уг хэлийг зааж, Мормоны Номыг орчуулахад туслан, гадаад хэл дээр номлогчдыг сургах хамгийн анхны хөтөлбөрийг бий болгожээ.

Үүний үр дүнд гурван жилийн дотор Хавай үндэстний 3 000 гаруй хүн Сүмд нэгдэв. Жонатан “Энэ бол Бурханы Сүм гэдэг нь бидэнд маш илэрхий байдаг. Энэ арлууд дээр Ариун Сүнсийг хүлээж авч болохын тулд Бурханы ач ивээлээр, Их Эзэн Есүс Христээр дамжуулан хүчтэй итгэлтэй болсон олон хүн бий” гэж бичжээ.5

1872 онд Кити Напэла уяман өвчин туссан бөгөөд Молокай дахь уяман өвчтөнүүдийн колони руу нүүх шаардлагатай болов. Гэгээнтнүүдтэй үлдэхийн оронд Жонатан өөрийг нь бас хамт оруулахыг колониос хүсжээ. Тэр эрүүл мэндийн албанд хандан, “Үлдсэн богино хугацаанд нь би эхнэртэйгээ хамт байхыг хүсэж байна” гэж бичсэн байв.6 Уг өргөдлийг зөвшөөрсөн бөгөөд Жонатан Молокай дахь салбарын ерөнхийлөгч болов. Жонатан католик шашны прист Эцэг Дамиэнтэй хамтран, тахалд нэрвэгдсэн хүмүүст тохинуулахаар нэгдэн ажиллаж байв. Жонатан колонид байхдаа уяман өвчин тусаж, улмаар нас барсан юм.

“Би Бурханы мутарт зэмсэг нь байгаадаа баяртай байдаг”

Friedrichs and Hoppe families

Вилхэлм Фридрик (зүүн талаас хоёр дахь), Эмил Хоппэ (ард талын эгнээний голд) хоёр Аргентин дахь анхны баптисмуудад оролцов.

Фридрикийн болон Хоппэгийн гэр бүлийнхэн 1920-оод оны эхээр Германаас Аргентин руу нүүхдээ тэндхийн цорын ганц хожмын үеийн гэгээнтнүүд байв. Вилхэлм Фридрик, Эмил Хоппэ хоёр шинэ очсон нутагтаа сайн мэдээг хуваалцахыг оролдож, товхимол тараан мөн цуглаанд ирэхэд бусдыг урьж байв. Вилхэлм “Тэнгэрлэг Эцэг Сайн мэдээг хүлээж авах чин үнэнч найзуудыг илгээнэ гэдэгт би бүрэн найдаж байна. Яагаад гэвэл би Бурханы мутарт зэмсэг нь байгаадаа баяртай байдаг”7 гэж бичжээ.

Гэсэн хэдий ч тэд том бэрхшээлүүдтэй тулгарсан. Гэр бүлүүд хол зайтай амьдардаг байсан бөгөөд хамтдаа цуглахын тулд хоёр цаг явах хэрэгтэй байдаг байв. Эмил Аароны санваарын дикон, Вилхэлм багшийн зэрэгтэй байсан учраас тэд ариун ёслол адислах, санваарын адислал өгөх зэрэг ёслолуудыг гүйцэтгэх боломжгүй байв.

1924 онд Хилдэгард Хоппэ охин төрүүлсэн боловч охин нь хоёр сарын дараа нас баржээ. Хилдэгард гашуудаж, нялх үрийнхээ нэрийг Сүмийн цэдэгт хэрхэн багтааж болох тухай асуусан юм. Үүний улмаас Вилхэлм Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдагчидтай харилцаж эхэлжээ.

Нэг жил хагасын дараа Буэнос Айрэс дахь өсөн нэмэгдэж байгаа хөрвөгчидтэй уулзуулахаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллардыг (1873–1939) бусад хэдэн номлогчтой хамт илгээсэн аж. 1925 оны 12-р сард ахлагч Баллард тэнд очоод, хэд хэдэн хөрвөгчид баптисм хүртээж, салбарыг зохион байгуулав. Христийн мэндэлсний баярын өдөр ахлагч Баллард Өмнөд Америкийг номлолын ажлын төлөө онцгойлон адисалж мөн уг тив дээрх анхны номлолыг зохион байгуулжээ.

Сайн мэдээг Түүний хүмүүст буцаан авчрах нь

Assard and Affoué families

Филлип болон Аннэлис Ассард (зүүн талд) хоёр Люсиен, Агате Аффоуе хоёртой Зааны Ясан Эрэгт уулзсан ба тэд тэндхийн цорын ганц гишүүд биш байсандаа баяртай байв.

Филлип, Аннэлис Ассард хоёр 1980 онд номлогчдыг Германы Келн дахь гэрийнх нь хаалгыг тогших үед өөрсдөдөө сайхан амьдрал босгочихоод байлаа. Тэд тэр даруй сайн мэдээг хүлээн авсан бөгөөд “адислалуудаар цутгагдах” мэт санагдсан байна. Филлип удалгүй сэргээгдсэн сайн мэдээг хуваалцахаар өөрийн төрсөн нутаг болох Зааны Ясан Эрэг рүү буцаж очих хүчтэй хүслийг мэдэрчээ. Филлип “эхнэртэйгээ хамт олон удаа залбирч, мацаг барьсны дараа 1986 онд гэр бүлийнхээ болон ард түмнийхээ байдлыг сайжруулахын тулд, өөрийн хүлээж авсан зүйлийг тэдэнд өгөхөөр Зааны Ясан Эрэг рүү буцахаар шийдсэн”8 гэж дурсан ярьсан.

Германаас явахаасаа өмнө Филлип Сүмийн удирдагчидтай зөвлөлдсөн байв. Зааны Ясан Эрэгт Сүмийн ямар ч байгууллага байхгүй байсан ч тэнд өөр улсад байхдаа Сүмд элссэн хэд хэдэн гишүүн байв. Ассардын гэр бүлийнхэнд тэдний нэрийг өгсөн бөгөөд тэд дараа жилийн туршид тэдний хүн нэг бүрд хичээнгүйлэн захидал бичжээ. Яваандаа, Ассардын гэр бүлийнхэн бусдын итгэлийн очийг асаасан төдийгүй тэдэнд гэртээ Ням гаргийн цуглаануудыг хийж эхлэх зөвшөөрөл өгөгджээ. Цаашдаа тойрог салбарууд үүсэж, 1997 онд Зааны Ясан Эрэг дэх анхны гадас зохион байгуулагджээ.

Эшлэлүүд

  1. Frances McOmber, in Ruth McOmber Pratt, “Frantiska Vesela Brodilova,” unpublished manuscript (2009), 18.

  2. Františka Brodilová, in Pratt, “Frantiska Vesela Brodilova,” 25.

  3. Fujiya Nara, in Lee Benson, “Japanese Member Survives Adversity,” Church News, Feb. 17, 1979, 7.

  4. Fujiya Nara, in Benson, “Japanese Member Survives Adversity,” 7.

  5. Jonathan Napela, in “Foreign Correspondence: Sandwich Islands—Minutes of Conference, Makawao, April 1st, 1852,” Deseret News, Nov. 27, 1852, 4.

  6. Jonathan Napela, in Fred E. Woods, “A Most Influential Mormon Islander: Jonathan Hawaii Napela,” The Hawaiian Journal of History, vol. 42 (2008), 148.

  7. Wilhelm Friedrichs, letter, dated Mar. 5, 1924, Argentine Mission Correspondence, Church History Library.

  8. Robert L. Mercer, “Pioneers in Ivory Coast,” Liahona, Mar. 1999, 19.