Сүүлчийн үг
Та ариун сүмд орох зохистой байж чадна
2016 оны дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.
Сүмийн гишүүдээсээ бид ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой амьдраасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Ариун сүмийг хол, магадгүй хүрч чадахгүй зорилго гэж битгий хараарай. Ихэнх гишүүн маань бишоптойгоо хамт ажиллан, шаардлага хангахын төлөө тууштай байж, гэм нүглээ бүрэн наманчилснаар бүх зөв шударга жишигт харьцангуй богино хугацаанд хүрч чадна. Үүнд өөрсдийгөө уучлах хүсэлтэй байж мөн сул тал, нүглүүд нь ариун сүмд ороход саад болж байна гэдэгт төвлөрөхгүй байх хэрэгтэй.
Аврагчийн Цагаатгал Бурханы бүх хүүхдийн төлөө хийгдсэн. Түүний гэтэлгэгч золиослол нүглээ үнэхээр наманчилсан хүмүүсийн төлөөх шударга ёсны шаардлагыг хангадаг. Үүнийг судар дээр:
“Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно” (Исаиа 1:18).
“Би тэдний нүглийг дахин санахгүй” (Иеремиа 31:34) хэмээн маш уран сайхан тодорхойлсон байдаг.
Шударга зарчмуудаар амьдрах нь танд болон таны гэр бүлд аз жаргал, биелүүлсэн гэх сэтгэл ханамж болон амар амгаланг авчирна гэдгийг бид амлаж байна. Насанд хүрсэн болон өсвөр насны гишүүд маань зохистой байдлаа ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудад хариулахдаа өөрсдөө тодорхойлдог. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн болон Түүний сайн мэдээний Сэргээлтийн гэрчлэлээ нэмэгдүүлж, Ариун Сүнсний тохинууллыг мэдрэх нь чухал шаардлага юм.
Хүн бүрийг ариун сүмд орохуйц зохистой болохын тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээсэй хэмээн бид чин сэтгэлээсээ хүсдгийг ойлгоорой. Амьдрал тань аль зүгт явж байгааг залбирч тодорхойлон, Сүнсний удирдамжийг эрэлхийлж, ариун сүмд ороход хэрхэн бэлдэх талаар бишоптойгоо ярилцаарай. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “та нарын хувьд ариун сүмд орохуйц зохистой байхын төлөө ажиллахаас илүүтэй чухал зорилго гэж үгүй”1 гэж хэлсэн.
Бидний хүн нэг бүр Аврагчийг хүндэтгэн, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, Түүний эрхэм нандин ариун сүмүүдэд өөрсдийгөө харахын төлөө би залбирч байна. Ингэснээр бид Түүний ариун зорилгуудыг биелүүлж, Их Эзэний болон Түүний Сүмийн энэ амьдралд хийгээд мөнхөд хүртээх адислалуудад өөрсдийгөө мөн гэр бүлээ бэлтгэж чадах болно.