Орчин үеийн гурван анхдагчийн аялал
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Гурван залуу Сүмд нэгдээд, хэрхэн өөрсдөдөө болон гэр бүлдээ итгэлийн өвийг бий болгосон тухай түүхээ хуваалцав.
Би Австралийн Мелборнд номлолд үйлчилж байхдаа гадаад оюутнуудаас бүрдсэн тойрогт үйлчилдэг байсан юм. Тэднийг ням гаргийн ангид анхдагчдын тухай ярилцаж байхад би, тэд өөрсдөө бараг бүгдээрээ дөнгөж хөрвөгдөөд байсан бас тэдний хэнийх нь ч өвөг дээдэс Хойд Америкийн хөндийг туулаагүй учраас энэ хичээлийг хэр их сонирхох бол доо гэж бодож байлаа.
Олон гадаад оюутан уг түүхүүдийг маш их сонирхсон нь миний гайхлыг төрүүлсэн юм. Тэдний зарим нь эдгээр гадаад оюутан анхдагчидтай адил шинэ хөрвөгчид байсан бөгөөд өөрсдийн амьдарч байсан бүсэд Сүмийг байгуулахын тулд золиослол хийсэн болон хувийн ямар нэг байдлаараа эртний гэгээнтнүүдтэй холбогдож байгаагаа дурдсан юм. Эдгээр гишүүний заримын хувьд тэдний төрөлх нутагт Сүм маш жижиг эсвэл огт байдаггүй байсан. Тэд орчин үеийн анхдагчид байсан бөгөөд ирээдүйн үеийнхэнд зориулан шашны шинэ өвийг бий болгож байв.
Орчин үеийн анхдагчдын эгнээнд элссэн хөрвөгчдийн заримд тохиолдсон явдлыг хуваалцъя.
Гэр бүлээ шинэ арга барилаар хүндлэх нь
Нами Чан, Тайвань, Таоюань
Тайвань дахь манай гэр бүл болон хамаатнуудын олонх нь Буддын шашинтай. Би залуу байхдаа Хятадын шинэ жилээр болон бусад баяраар өвөг дээдэстээ мөн олон бурханд зориулан өргөл өргөхөд бэлдэхэд нь тусалдаг байснаа санаж байна. Энэ нь манай гэр бүлийн уламжлал байсан бөгөөд өвөг дээдсээ дурсан тэмдэглэж, өөрийн гэр бүлд амар амгалан болон хөгжил дэвшлийг авчирдаг арга зам байв.
Хамаатнуудын маань зарим нь орон нутгийн Христийн сүмд элсэхэд эхэндээ энэ нь манай гэр бүлд нөлөө үзүүлээгүй. Гэтэл Чинг Мин фестивалийн үеэр, өвөг дээдэстээ мөргөж, тэдний булшин дээр утлага уугиулах үед манай Христийн шашинтай хамаатнууд үүнд оролцохоос татгалзсан. Тэд Арван зарлигийг, ялангуяа “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй” (Египетээс гарсан нь 20:3) хэмээх зарлигийг дагахаар шийдсэн гэдгээ хэлсэн юм. Манай гэр бүл өмнө нь өөр шашны талаар ярьж байгаагүй бөгөөд тэр өдрөөс эхлэн Христийн шашин нь манай гэр бүлийнхний нүдэнд уламжлалыг устгадаг гэж бодогдож, сөргөөр үзэгдэж эхэлсэн билээ.
Би их сургуульд явж байхдаа гудамжинд ХҮГ номлогчидтой тааралдсан юм. Ер нь бол, би тэдний хэлэх зүйлийг сонирхоогүй. Гэхдээ надад тохиолдсон зарим үйл явдал тэдний захиасыг сонсоход зүрх сэтгэлийг маань бэлтгэсэн байв. Тэдэнтэй уулзаж байхдаа би залбирахыг мөн Мормоны Номыг уншихыг зөвшөөрсөн бөгөөд надад зааж байсан зүйлсийн талаар хувийн гэрчлэлтэй болж эхэлсэн. Гэхдээ эцэг эх маань Христийн шашны эсрэг бодолтой байсан болохоор би тэдэнд баптисм хүртэх хүсэлтэй байгаагаа хэлэхийг хүсээгүй. Би анх номлогчидтой уулзсанаасаа хойш олон сарын дараа аав, ээж хоёртоо баптисм хүртэхийг мөн номлолд үйлчлэхийг хүсэж байгаагаа хэлсэн юм. Тэд ууртай байсан ч би зөв сонголт хийж байгаагаа мэдэж байв.
Надад анхдагч өвөг дээдэс байхгүй ч гэсэн би тэдний золиослолыг ойлгодог юм шиг санагддаг. Зарим уламжлалаа орхин, гэр бүлийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах нь хэцүү байдаг. Одоо ч гэсэн, Сүмд нэгдээд таван жил болсны дараа мөн номлолд үйлчилсний дараа ч манай гэр бүл миний шийдвэрийг бүрэн дүүрэн дэмждэггүй. Гэхдээ тэд хүлээн зөвшөөрдөг болсон. Сүмд нэгдсэнээр би гэр бүлээ шинэ арга замаар хүндэлж, гэр бүлийн түүхээ бичин, өвөг дээдсээ эрж хайх боломжтой болсон. Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаарх миний гэрчлэл гэр бүлтэйгээ гарч болох ямар ч зөрөлдөөнийг шийдвэрлэхэд тусалдаг.
Сайн мэдээнээс баяр хөөр олох нь
Харри Гуан, АНУ, Юта
Би Хятадад өссөн ба хэзээ ч сүмд явж байгаагүй ч гэсэн өөрийгөө Христийн шашинтан гэж боддог байсан. Би Бурхан болон Есүс Христийг сонирхдог байсан бөгөөд Христийн сургаал маш их тайвшрал авчирдаг гэж боддог байлаа.
Би коллежид сурахаар Нэгдсэн Улс руу нүүж, тэндээ орон нутгийн Христийн сүмд явж эхлэв. Цөөн хэдэн сарын дараа би Бригам Янгийн Их Сургуульд явах талаар бодож байгаа хэдэн найзаасаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай сонссон юм. Би Христийн сүм дэх хэд хэдэн оюутнаас хожмын үеийн гэгээнтнүүдийн тухай асуухад, тэд “мормончуудаас” хол байхыг чин сэтгэлээсээ сэрэмжлүүлсэнд ихэд гайхаж билээ. Би эхлээд тэдний зөвлөгөөг сонссон бөгөөд долоо хоног орчмын дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юм үзэж байхдаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын үг хэлэхийг харсан юм. Тэр хэлсэн үгэндээ Сүмийн гишүүд бусад шашинд хүндэтгэлтэй хандах ёстойг дурдсан байв (lds.org/prophets-and-apostles дээрээс “Faith, Family, and Religious Freedom”-ийг үзнэ үү). Би ахлагч Холландын үгийг сонсоод, энэ Сүмийн талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй юм байна гэж мэдэрсэн. Энэ нь Сүнс байсныг би одоо мэднэ.
Би Сүмд явж, хожим нь номлогчидтой уулзсан. Тэдний заасан зүйл, ялангуяа Авралын төлөвлөгөө миний сэтгэлийг хөндсөн юм. Намайг баптисм хүртэхээр шийдэхэд аав, ээж хоёр маань тийм ч баяртай байгаагүй ч өөрөө шийдвэр гаргах насанд хүрсэн гэдгийг маань хүлээн зөвшөөрсөн. Өвөө, эмээ хоёрыгоо хэдэн сарын дараа Америкт над дээр айлчилж ирэхэд нь би тэдэнд сайн мэдээний талаар заах боломжтой байсан юм. Тэр хоёр хоёулаа баптисм хүртэхээр шийдсэн.
Сайн мэдээ надад маш их баяр хөөрийг авчирсан бөгөөд намайг эхнэр минь болох хүн рүү хөтөлсөн. Энэ нь миний хийсэн болон хойшид хийх бүх золиослолыг хариулахуйц үнэ цэнтэй билээ.
Хойч үеийнхэнд зориулж замыг бэлтгэх нь
Брүк Киникини, АНУ, Хавай
Би 15 настай байхдаа Сүмд орсон ч хүүхэд байхаасаа л сүмд явж итгэл, гэрчлэлээ хөгжүүлдэг байсан. Би гэр бүлдээ цорын ганц гишүүн нь байсан ч итгэлтэй найзууд маань намайг хайрлаж, өөрсдийн үлгэр жишээгээр удирдан дагуулж байлаа.
Эртний анхдагчдын адил би хэзээ ч хөлдүү хөндийг туулан, гар тэрэг түрээд алхах шаардлагагүй байсан. Үнэндээ, би Сүмд нэгдэхдээ олон бэрхшээл туулаагүй. Мэдээж, би зарим найзаасаа салж, ганцаараа Сүмд явж мөн семинарт оролцож байсан. Гэхдээ энэ нь миний гэр бүлд ямар нөлөө үзүүлсэн мөн үзүүлж байгаа талаар бодох үедээ би гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн маань нэг байсныг мэддэг. Баптисм хүртэх, ариун сүмд лацдан холбуулах, гэрээнүүддээ үнэнч үлдэх шийдвэр маань миний гурван хөөрхөн хүүхдийн амьдралд болон хойч үеийнхэнд мөнхөд эерэг нөлөө үзүүлэх хэлхээ холбоог үүсгэсэн.
Анхдагч байна гэдэг нь бусдын төлөө замыг бэлдэх гэсэн үг юм. Сүмийн итгэлтэй гишүүн байснаараа миний хүлээн авсан олон адислалын нэг нь бусдыг Христэд авчрахад туслах боломжтой байх явдал юм гэж би бодох дуртай. Хавайн Мауи арлын 15 настай охин эсвэл төгөл дэх 14 настай хөвгүүний даруухан залбирал зэрэг жижиг мэт санагдах үйл явдлууд өнгөрсөн, одоо, ирээдүйд гэр бүлүүдийн амьдралыг өөрчилж чадна.
Орчин үеийн анхдагчид зөвхөн хөрвөгчид биш юм. Бид хойч үеийнхэнд итгэлтэй байдлын удаан хадгалагдах өвийг үлдээхийг эрэлхийлснээр бүгдээрээ анхдагч болох боломжтой.