2018
Сэйнт Жоржийн сайн хүмүүс
2018 оны долоодугаар сар


Сэйнт Жоржийн сайн хүмүүс

Клаудио Гонзалэз, Антофагаста, Чили

man thinking of st. george

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би 12 настай байхдаа ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн (1814–1901) АНУ-ын Юта мужийн Сэйнт Жоржид хуурай гангаас болж зовж байсан хожмын үеийн гэгээнтнүүдийн төлөө залбирч байгааг харуулсан Сүмийн киног үзсэн юм.

Ерөнхийлөгч Снөү “Их Эзэн, Сэйнт Жоржийн сайн хүмүүсийг адислаач” гэж залбирсан.

“Сэйнт Жоржийн сайн хүмүүс” гэдэг үгс миний залуу оюун ухаанд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Би Чилид амьдарч байхдаа “Сэйнт Жоржийн сайн хүмүүс” гэж ямар итгэлтэй гэгээнтнүүд байгаа бол гэж төсөөлөхийг хичээдэг байв. Би тэдэнтэй уулзахыг хүсэж байлаа.

30 гаруй жилийн дараа, 2005 онд манай гэр бүл хоёр дахь хүүгээ Юта мужийн Прово хотод Бригам Янгийн Их Сургуульд сурч байсан ах дээр нь аваачиж өгсөн юм. Очсон өдрийнхөө орой нь би “Би Сэйнт Жоржийн сайн хүмүүстэй очиж уулзмаар байна” гэж хэлэв.

Том хүү маань “Аав аа, Сэйнт Жорж их хол шүү дээ” гэж зөрөв.

Би “Аав нь онгоцны билетийг төлсөн. Аав нь хоолыг нь төлж байна. Аав нь бензиний үнийг ч төлж байгаа. Аав нь өөрийнхөө төлөө ганц л зүйл хийхийг хүсэж байна. Аав нь Сэйнт Жоржийн сайн хүмүүстэй л уулзмаар байна” гэж хариулсан юм.

Намайг тоглоогүйг мэдээд, хүү маань “За” гэж хэлсэн.

Маргааш нь бид 260 миль (418 км) хол машинаар явав. Сэйнт Жоржид очсоныхоо дараа бид ариун сүмд байдаг зочдод зориулсан төвд очиж мөн ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) өвлийн гэрийг очиж үзсэн. Бид бас табернеклд очиж үзсэн ба тэнд ерөнхийлөгч Снөүгийн “Сэйнт Жоржийн сайн хүмүүст” хандан ярьсан тэрхүү индрээс өөрийнхөө гэр бүлд хандан ярихад намайг урьсан юм. Бид хотоор алхаж, хүмүүстэй уулзаж, тэднийг ажиглаж байв. Тэд ердийн, итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд мэт санагдаж байсан.

Би гэр бүлээрээ тийшээ явсандаа баяртай байлаа. Биднийг Чили рүү буцаж очсоны дараа би “Сэйнт Жоржийн сайн хүмүүсийг” урьд өмнө нь харж байснаа ойлгосон юм.

Миний ажил мэргэжил, Сүмийн дуудлагаас болж би Чили даяар аялдаг байсан. Каламад би зарлигуудыг сахихыг хичээж байгаа залуучуудыг харж байсан. Ла Серенад би Сүмийн цуглаанууд дээр хүүхдүүдтэйгээ эртлэн ирдэг, сэтгэлээ зориулсан эцэг эхчүүдийг харж байсан. Антофагастад би өдөр бүр зөв зүйлийн төлөө тэмцэж байдаг хожмын үеийн гэгээнтнүүдийг харж байсан. Валлэнар, Копиапо, Калдэра, Токопилла болон бусад хотод би амьдрал нь хэцүү үед ч өвдөг сөхрөн залбирч, урагш зүтгэх гишүүдийг харж байсан.

Би хаана амьдардаг ч бай, ямар бэрхшээлтэй тулгарсан ч бай дуулгавартай дагаж, тэвчдэг, итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдийг хараад, “Энэ хүмүүс бол Сэйнт Жоржийн сайн хүмүүс” гэж дотроо боддог.