2018
Сонсохыг хүсээгүй зөвлөгөө
2018 оны долоодугаар сар


Сонсохыг хүсээгүй зөвлөгөө

Нэрийг нууцлав

Бразил, Порто Алэгрэ

couple holding hourglass

Getty Images-ийн зураг

Манай нөхөр бид хоёрыг шинэ бизнес эхлүүлэхээр шийдэх үед эхний гурван жил маш хэцүү байв. Бид ашиг олж чадахгүй, өрөнд орж байлаа. Бид шаргуу ажиллаж байсан ч гэнэтийн асуудал ар араасаа гарч, амьдралын маань тэр цаг үеийг хамгийн хүнд хэцүү үе болгосон юм.

Хадам ээж маань Христийн мэндэлсний баярын маргааш нь насан өөд болж, долоо хоногийн дараа нь шинэ жилийн өмнөх өдөр би маш хүндээр өвдөж, бүх зүйл дордов. Тэр үед бид дампуурлын байдалд орчихсон, машинаа ч алдчихсан, бүр хамгийн муу нь гэвэл эрүүл мэндийн даатгалаа алдчихсан байв.

Эцэст нь, намайг наад зах нь таван жил өвчлүүлсэн, маш хурдан явцтай хорт хавдар туссан гэж оношилсон юм. Энэ нь маш ноцтой байсан бөгөөд яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай байв. Надад богино хугацаа үлдсэн байсан бөгөөд шаардлагатай үнэтэй эмнэлгийн эмчилгээг төлөх мөнгө бидэнд байгаагүй.

Нөхөр бид хоёр бишоптойгоо уулзаж, тусламж хүссэн юм. Энэ нөхцөл байдал нь шуудхан хэлэхэд амь амьдралын асуудал байсан гэдгийг бид тайлбарласан. Бишоп маань санаа зовж байсан ч тусламж өгөхөөсөө өмнө, өөр нэг арга зам нээгдэж магадгүй тул ахиад жаахан хүлээх ёстой гэж сүнслэгээр өдөөгдөж байгаагаа хэлэв. Бидний итгэл хангалттай бол Их Эзэн шаардлагатай тусламжийг авах арга замаар намайг хангаж өгөх болно хэмээн тэр бидэнд батлан хэлж билээ.

Эхлээд бишопын хариулт уурыг минь хүргэж, би гомдсон. Бишоп, Их Эзэн хоёр хоёулаа намайг орхисон мэт надад санагдаж билээ. Гэхдээ би сайн мэдээний талаар гэрчлэлтэй байсан бөгөөд бишоп маань Бурханаас дуудагдсан гэдэгт итгэдэг байсан. Зүрх сэтгэл минь шаналж байсан ч би Тэнгэрлэг Эцэгт бишопоо үргэлжлүүлэн хайрлаж, хүндэлж, дэмжихэд минь надад туслахыг гуйн залбирсан. Ийнхүү залбирч байхдаа би тайвширч, Их Эзэн надад ямар нэг аргаар туслах болно гэдгийг мэдэрсэн юм.

Нөхөр бид хоёр итгэлтэйгээр урагшилж, шаардлагатай шинжилгээнүүдээ хийлгэн, мөнгөний хомсдолтой байсан ч мэс заслын цаг авсан. Мэс заслынхаа өмнөх өдөр бид бизнесээ сайн үнээр зарсан ба тэгснээр миний эмнэлгийн бүх зардлыг төлж чадсан юм.

Манай бишоп яагаад туслахаас түдгэлзсэний шалтгаан сая л надад тодорхой болж билээ. Надаар үнэ цэнтэй сүнслэг явдлыг мэдрүүлэхийн тулд тэр сүнслэгээр өдөөгдөн үйлдсэн байжээ. Энэ явдал надад хэдий зам нь аймаар, халшрам санагдаж байсан ч Аврагчид хэрхэн найдахыг заасан. Би сонсохыг хүсээгүй зөвлөгөөгөө бишопоосоо авсандаа талархаж байна. Бурхан гайхамшгийн Бурхан бөгөөд биднийг хэзээ ч орхидоггүй гэдгийг би мэднэ.