Тусгаарлагдсан мэт санагдаж байна уу? Хурдаа сааруулахыг хичээгээрэй
Хэн ч “Би хүлээх дуртай” гэж хэлж байгаагүй. Гэхдээ тэгж хэлж байх хэрэгтэй байж магадгүй.
Аалз болон могойны хажууд удаан дугаарлан зогсож хүлээхийг хар дарсан зүүднийхээ хувийн жагсаалтад оруулдаг бол та ганцаараа биш.
Бид оочерт зогсох, замын хөдөлгөөнд түгжрэх эсвэл автобус харуулдан зогсохдоо хүлээх дургүй байдаг.
Бидний аз болж хүлээлт нь хар дарсан зүүд мэт болсон бөгөөд өдөр тутам тохиолддог энгийн зүйл биш хааяа тохиолддог зүйл болоод байна. Өнөөдөр бид хүлээх цаг гэж байхгүй эрин үед амьдарч байна. Технологи нь бүх зүйлийг хурдасгаж байгаа болохоор бидний нэг зүйлд анхаарал тавих хугацаа алтан загас хүлээхээс ч богино болоод байна (яг үнэн шүү).1 Бид хүлээх хэрэгтэй болоход ихэвчлэн утсаа оролдож цагаа өнгөрөөхийг хичээдэг.
Технологи юм уу цаг ашиглан үр дүнтэй байхад буруу зүйл байхгүй. Гэхдээ хурд болон байнгын сатаарал нь биднийг нэгэн чухал зүйлээс холдуулдаг байж болох юм.
Судраас илүү зүйл
Саяхан надад сүнслэг байдлын хувьд нэгэн хэвийн болсон мэт санагдаж байв. Би үүнийг ойлгож чадахгүй байлаа. Би Сүмд явж, хурдхан залбирч, судраа хальт харчихдаг байсан. Би заримдаа сүнслэг өдөөлт мэдэрч байсан ч ерөнхийдөө ямар нэг хэмжээгээр тусгаарлагдсан мэт санагдаж байв.
Энэ тухай Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахдаа сэтгэл зовнин хэлэхэд “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” (Дуулал 46:10) гэсэн үгс санаанд орж ирж билээ.
Тэмцэлдэхээ больж гэдэг үгийг тодруулж, доогуур нь зурж, тодоор бичсэн мэт байв.
Би бүх зөв зүйлийг хийж байсан ч тэдгээрийг хурдан, анхаарлаа бага төвлөрүүлэн хийж байсан байх. Би сайн мэдээний дагуу амьдрахдаа сатаарсан байдлаар хандаж байв.
Хэрвээ би сатаарсан байдлаар өнгөц хандаж оролцож байх юм бол шашны ямар ч дадал надад Бурхан Тэргүүтэнтэй холбогдох гүн гүнзгий сүнслэг холбоог авчирч чадахгүй. Энэ эшлэл ямар нэг ухаалаг судраас хавьгүй илүү зүйл юм. Бурханыг мэддэг болж, өөрийн хүсэн мөрөөдөж байсан тэнгэрлэг мэдлэгтэй холбогдохын тулд би хурдаа сааруулж тэмцэлдэхээ болих хэрэгтэй байв.
Энэхүү сүнслэг өдөөлтийг дагах нь амархан байгаагүй. Гэхдээ энэ нь бүхий л өөрчлөлтийг гаргасан юм.
Одоо, хурдаа сааруулаарай …
Нифай “хичээнгүйлэн хайгч тэр олох болно; мөн Бурханы нууцууд нь тэдэнд Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу” хэмээн заасан (1 Нифай 10:19; тодотгол нэмэв).
Үүнийг задалж үзье. Бурханы нууцуудыг судалж мэдэхэд хичээнгүйлэн эрэлхийлэх шаардлагатай. Энэ нь байнгын, ухамсарлан хийх дадал бөгөөд нэг удаа Google дээрээс хайх зүйл биш юм. Дараа нь нууцууд энд тэндээс ил гараад ирдэггүй ч яваандаа задлагддаг. Энэ үйл явцад цаг хугацаа хэрэгтэй. Мөн тэрхүү цаг хугацаа маш чухал! Тунгаан бодож мөн эрэлхийлэхэд зарцуулах цаг хугацаа нь Сүнсний хүчээр дамжуулан хариултуудыг авчрах Сүнстэй холбогдох цаг хугацааг бидэнд өгдөг.
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) бясалгал нь “шашны ямар нэг сэдэв дээр үргэлжлүүлэн, гүн төвлөрөн бодох” буюу Их Эзэний дэргэд очих хамгийн ариун … хаалгануудын нэг юм”2 хэмээн тунхаглажээ. Бид хурдаа сааруулснаар илчлэлтийн үүд хаалгыг нээж чадна. Бид дэлхийн нийтлэг хандлагаас гарч, тэнгэрийн зүйлстэй холбогдож чадна. Бидэнд тэр хаалга хэрэгтэй. Бид хурдаа сааруулах хэрэгтэй.
Үүнд хичээл зүтгэл шаардагддаг
Миний хувьд, хурдаа сааруулах гэдэг нь өвдөг сөгдөн, залбирахдаа чанга ярихыг хэлдэг. Бишрэнгүй байдалтай байж, үгээ сонсогдохоор хэлэх нь надад анхаарлаа сайн төвлөрүүлэхэд тусалдаг. Хурдаа сааруулах гэдэг нь судрын бодит номноос уншиж мөн тэмдэглэлийг бодитой хөтлөхийг хэлдэг. Энэ нь илүү хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг бөгөөд энэхүү нэмэлт хичээл зүтгэл, цаг хугацаа нь “сэрж мөн чадвараа сэргээх” сайн цаг үе юм. Тэгснээр Сүнсийг болон үнэнийг хүсэх хүслийг “өөрсөддөө хөгжихийг” мөн гэрчлэлийн тэр үрэнд “үндэслэн, мөн ургаж, тэгээд үр жимс авчрахыг” зөвшөөрдөг (Алма 32:27, 37).
Бид хэдэн товч дараад л, хүссэн мэдээлэл болгоноо олж авч чаддаг бол сүнслэг ойлголт болон хөрвөлт нь цаг хугацаа болон хичээнгүй зүтгэлийг шаарддаг. Яаж хурдаа сааруулж, сайн мэдээнд хичээл зүтгэл гаргах нь чухал биш, харин хийх нь л чухал! Бэлэн мэдээлэл өгөгдсөн үед бид сурч мэдэх өөрсдийн оролцооны ихэнхийг үгүй болгодог. Бид Сүнстэй холбогдох боломжуудаа багасгадаг.
Өдөр тутмын ажлыг хялбарчилж, цагийг илүү үр дүнтэй ашиглах боломж олгодог технологи, хөгжлийг бид дуртайяа хүлээн авч болно. Гэхдээ үүнтэй хамт олонтоо ирдэг сатаарсан амьдрал, өнгөц бодлыг сонгон авч болохгүй. Хүлээхээс халшрахын оронд бид үүнийг хурдаа сааруулах, бясалгах мөн Сүнстэй холбоогоо гүнзгийрүүлэх боломж хэмээн хүлээн авч болно.