Бид сайн мэдээнээс хуваалцахдаа хэр амжилттай байсан бэ?
Шинээр хөрвүүлэгдсэн болохоор эхнэр бид хоёр хэрхэн номлогч байх талаар сайн мэддэггүй байв. Гэсэн ч бид хоёр сайн мэдээг 100 хүнтэй хуваалцах зорилго тавьсан юм.
Миний эхнэр Эвэржойс бид хоёр Зимбабвегийн зүүн хил дээрх Мутарэ гэдэг жижиг хотынх. Бид хоёр баптисм хүртэж, гишүүний баталгаагаа хүлээн авсныхаа дараа удалгүй номлолын ажил хийнэ гэдэгтээ баяртай байсан. “Талбай нь цагаан аль хэдийн хадахад бэлэн байна” (C ба Г 33:7) гэдгийг уншаад, номлогч байх талаар ихийг мэдээгүй ч бид “хадуураараа хадаж, мөн бүх хүч, оюун, мөн чадлаараа хураах” хэрэгтэй юм байна гэж шийдсэн.
Бид хоёр Мутарэ хотын нэг дүүрэгт шинээр нээгдсэн Дангамвура салбарын гишүүд байв. Тэр үед 1991 онд уг салбар 25 гишүүнтэй байсан. Удалгүй биднийг салбарын номлогчоор дуудав. Бид хоёр манай бүсэд үйлчилж байсан ахмад хос номлогчдоос их зүйл сурч авсан юм. Тэд бид хоёрт өөрсдөдөө зорилго тавихыг санал болгосон.
Бид хүн бүртэй сайн мэдээ хуваалцахыг хүсэж байсан учраас салбарын номлогч байх эхний жилдээ 100 хүнтэй хуваалцах зорилго тавив. Бид туршлагагүй байсан байх. Гэхдээ энэ нь бидэнд хүрч болох зорилго мэт санагдаж байсан. Их Эзэн бидэнд тусална гэдэгт бид найдаж байлаа.
Сүмийн цуглаанууд дээр бид дуулал дуулж байгаад, хөгжмийн нуугдмал авьяастай байснаа олж мэдэж билээ. Бид авьяасаа ашиглахаар шийдэн, сайн мэдээг сонирхож байгаа гэдгээ мэдэгдсэн хүмүүстэй заахаар уулзах үедээ тэдэнд зориулан, заримдаа тэдэнтэй хамт дуулдаг болж эхэлсэн. Биднийг ариун дууллыг дуулах үед Сүнс бидэнтэй хамт байж, бидний зааж байсан хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндсөн юм. Бас сэргээгдсэн сайн мэдээний захиас ч тэгж нөлөөлсөн. Бид бүх хүнийг хожмын үеийн гэгээнтэн эсэхээс нь үл хамааран салбарынхаа найрал дуунд элсэхийг урьсан бөгөөд олон хүн найрал дуунд элссэн. Илүү олон хүн сайн мэдээний талаар мэдэж авч, олон нь баптисмын ус руу орсон юм.
Бид номлолд үргэлжлүүлэн хичээж зүтгэх үедээ Сүмд нэгдсэн гэр бүлүүдийн төлөө мацаг барин, залбирч байсан. Орон нутгийн маань бусад хүн эдгээр гэр бүлийн зөв шударга жишээг харж байгааг бид мэдэрч байв. Бид гэр бүлүүдэд заахыг хүссэн илүү олон урилга хүлээн авсан бөгөөд бидний заадаг хүмүүсийн дунд хойшид гишүүн болохуйц хүмүүс олон байв.
Сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдарснаар шинээр баптисм хүртсэн хосууд илүү ойр дотно мөн илүү хайраар дүүрэн болдог. Эцэг эхчүүд сайн мэдээний соёл уламжлалтай нийцэхгүй уламжлалаа орхиж чадаж байв. Тэд архи, тамхинаас холдож, хүүхдүүддээ зөв зарчим зааж байсан. Өнгөрсөн үедээ дэлхийн зүйлсэд дэндүү их автсан байсан олон хүн одоо Сүмд дуудлага хүлээн авч чаддаг болсон. Тэд салбартаа болон орон нутагтаа адислал болсон юм. Их Эзэний мутар тэдний амьдралд хүчит өөрчлөлтийг авчирсан.
Тэр үед Мутарэд асар их хавчлага гарч байсан ч энэ нь Сүмийн өсөлтийг зогсоогоогүй билээ. Эсэргүүцэл нэмэгдэхийн хэрээр Сүмийн тухай ойлгож мэдэхийг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа мэт санагдсан. Жишээлбэл, төрд цэргийн алба хааж байсан эрчүүд Сүмийг буруутгахаар зүс буруулан ирээд, Сүнсээр нөлөөлөгдөж байсан. Хожим нь олон нь баптисм хүртэж мөн санваарт томилогдсон юм.
Их Эзэний тусламжтайгаар бид анх тавьсан зорилгоосоо илүү олон хүнтэй сайн мэдээг хуваалцсан. Бид бусдад хүрч хандах арга зам хайхад бэлэн байсан учраас орон нутагтаа олон хүний амьдралд хүчит өөрчлөлт гарахыг нүдээр үзэх боломжтой байсан юм.