2018
Сүнслэг өдөөлтөд мэдрэг байцгаая
2018 оны долоодугаар сар


Сүнслэг өдөөлтөд мэдрэг байцгаая

Газар хөдлөлт, догшин салхи, дүрэлзэн асах түймрээс илүү хүч гэж байдаг. Гэхдээ энэ нь чимээгүй, намуухан бөгөөд хэрвээ бид үүгээр удирдуулахыг хүсвэл үүнд анхаарал тавих ёстой.

stormy day vs sunny day

Зураг чимэглэлийг Ирэна ФРЭЙТЭС

2010 оны 2-р сарын 27-ны шөнийн 3 цаг 34 минутад Чили улсын ихэнх хэсэгт 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, сая сая хүнд айдас, түгшүүр, сэтгэлийн зовлон авчирсан юм.

Хэд хоногийн дараа би энэ газар хөдлөлтийн төвд ойрхон байдаг гадасны чуулганыг удирдахаар томилогдов. Газар хөдлөлт ба доргилтын дараах түлхэлт чуулганд оролцох хүмүүсийн оролцоонд нөлөөлөх байх гэж би бодож билээ. Чуулганы хуралдаан болгоны оролцогчдын тоо өмнөх чуулгануудын оролцогчдын тооноос их байсныг хараад би их гайхсан.

Уг газар хөдлөлт гадасны гишүүдэд Бурханд ойр байх, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах, цуглаандаа оролцдог байх зэрэг нь хэчнээн чухал болохыг түр ч болов сануулсан ажээ. Түүнээс хойш хэдэн долоо хоногийн дараа би гадасны ерөнхийлөгч рүү утасдсан юм. Би Сүмийн цуглаанд оролцогчдын тоо өндөр хэвээр байгаа эсэхийг асуув. Доргилтын дараах түлхэлтийн хүч буурсны дараа Сүмд ирсэн хүмүүсийн тоо буурсан гэж тэр хариулсан.

2001 оны 9-р сард АНУ-ын Нью-Йорк хотод Ворлд трэйд центр (Дэлхийн худалдааны төв) устгагдсан гунигт үйл явдлын дараа ийм байдал давтагдсан юм. Мянга мянган хүн өөрсдөдөө хэрэгтэй байсан оюун санааны амар амгалан болон тайвшралыг эрэлхийлэн өөр өөрсдийн харьяалагддаг сүм рүүгээ явж байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ эрэл хайгуул багасаж, бүх зүйл хэвийн байдалд эргэж орсон. Итгэл, гэрчлэл, байнгын хөрвөлтийг хөгжүүлдэг зүйл бол газар хөдлөлт, шуурга, байгалийн эсвэл хүний үүсгэсэн гамшиг, зовлон биш юм.

Елиа болон намуун, зөөлөн дуу хоолой

Бошиглогч Елиагийн өдрүүдэд Ахаб Израилийн хаан байв. Ахаб Фоеникийн гүнж Иезебелтэй гэрлэжээ. Тэр эмэгтэй израильчуудыг шүтээн шүтэхийг оролцуулан Фоеникийн заншилтай танилцуулсан. Елиа Ахаб хааны өргөөнд олон байдаг Баалын пристүүдийг шалгаасны дараа Иезебел уг бошиглогчийн амийг хөнөөхөөр сүрдүүлсэн бөгөөд Елиа аглаг буйд руу зугтав. (Хаадын дээд 18:4, 13, 19, 21–40; 19:1–4-ийг үзнэ үү.)

Аглаг буйдад Елиа тэнгэр элчээр тэжээлгэсний дараа Хореб уул руу 40 өдөр 40 шөнө явжээ (Хаадын дээд 19:5–8). Их Эзэний үг аглаг буйдад Елиад иржээ. Түүнийг шөнө хоносон агуйгаасаа гарч ир хэмээн хэлсэн байна. Түүнийг уулан дээр Их Эзэний өмнө зогсох үед “асар их хүчтэй салхи” босож, маш хүчтэй салхилснаас хад болон уулсыг цуулан буталсан “хэдий ч салхин дотор Их Эзэн байсангүй.” Тэгээд газар хөдөлсөн боловч “газар хөдлөлтийн дотор Их Эзэн байсангүй.” Тэгтэл гал гарсан боловч “Их Эзэн гал дотор байсангүй” (Хаадын дээд 19:11–12). Шуурга, газар хөдлөлт мөн гал нь догшин ширүүн байсан хэдий ч эдгээр нь Их Эзэний бошиглогчид хандсан дуу хоолойн илрэл байгаагүй юм.

Байгалийн эдгээр хүчтэй үзэгдлийн дараа “намуун хүнгэнэх дуу” Елиад ирж, тэр түүнийг сонсов (Хаадын дээд 19:12–13). Их Эзэний тайвшруулам зөөлөн дуу хоолой Сири, Израилийн дараагийн хаанаар хэн хэнийг сонгохыг мөн өөрийг нь залгамжлах бошиглогчоор Елишаг сонгох ёстойг түүнд хэлжээ.

Дуу хоолойг олж сонсох нь

Елиад амьдралын болон тохинууллынх нь хүнд хэцүү цагт юу хийхийг нь хэлж өгсөн тэрхүү дуу хоолой Бурханы хүслийн дагуу хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг Түүний хүүхэд бүрд одоо ч боломжтой юм. Гэхдээ харанхуй, төөрөлдөм замаар явахад биднийг урьдаг чанга, дэлхийн дуу хоолойнуудын дунд бидэнд юу хийх, юу хэлэхийг, Бурханы биднийг хэн болоосой хэмээн хүсэж байгааг хэлж өгдөг намуун, зөөлөн дуу хоолойг бид хаанаас олж сонсож чадах вэ?

Нифай: “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3) гэж бидэнд зөвлөсөн.

Бид дээр нь найрлаж болох Христийн үгийг хаанаас олж чадах вэ? Бид энэ үеийн оршин суугч бидэнд зориулан цэвэр ариун байдалд бичигдэн мөн хадгалагдсан судруудад, ялангуяа Мормоны Номонд хандаж болно. Бид түүнчлэн Тэнгэрлэг Эцэгийн болон бидний Аврагч Есүс Христийн хүслийг өнөөдөр бидэнд хэлж өгдөг өнөө үеийн бошиглогчдын үгсийг сонсдог.

Биднийг шинэ бөгөөд ярвигтай бэрхшээлтэй тулгарах үед амьд бошиглогчдын үгс биднийг удирддаг. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийнхэн болон тэдний үзэл бодол гэрлэлт болон гэр бүлийг бүрмөсөн өөрчлөхийг эрэлхийлж байгаа хэдий ч бошиглогчдын үгс гэр бүлийн ариун нандин байдлыг зоригтой, хайраар дүүрэн, баттай онцлон, “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”1 хэмээн тунхагласан билээ.

Түүнчлэн өнөөгийн бошиглогч, төлөөлөгчид гэртээ болон Сүм дээр Хүндэтгэлийн өдрийг сахих нь чухал болохыг мөн гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлаар дамжуулан өвөг дээдсээ аврах ажлын ач холбогдлыг онцолдог. Ерөнхий чуулган болгон дээр тэд Сүмийн төлөө сүнслэг удирдамжийг нэмж хэлж өгдөг.

Ариун Сүнс таныг удирдана

man sitting in a boat with telescope

Нифай “Хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” (2 Нифай 32:5) хэмээн заасан. Тийн Нифай, Христийн үгсийг эрэлхийлэхийн чухлыг бататгаад, Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн болох Ариун Сүнстэй шууд бөгөөд хувийн харилцаатай байх ёстой талаар бидэнд зааварчилдаг.

Нифай юун тухай ярьж байгаагаа сайн мэдэж байсан. 30, 40 жилийн өмнө түүний гэр бүл цөлд амьдарч, амлагдсан нутаг тийш аваачих усан онгоцыг барьж байх үед Нифай тэнгэр элчийн дуу хоолойг сонссоныхоо дараа ах нарыгаа алдас үйлдсэнийх нь төлөө зэмлэсэн.

Нифай тэдэнд “Та нар алдсыг үйлдэхдээ шаламгай боловч Их Эзэн Бурханаа санахдаа удаан юм. Та нар тэнгэр элчийг харсан, мөн тэрээр та нарт ярьсан; тийм ээ, та нар түүний дуу хоолойг цагаас цагт сонссон; мөн тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан, гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чадсангүй; иймийн тул, дэлхий салж хуваагдах мэт сэгсрэх аянгын дуугаар тэрээр та нарт ярьсан билээ” (1 Нифай 17:45) хэмээн хэлжээ.

Сүнслэг өдөөлтөд мэдрэг байцгаая

Бурхан Өөрийн хүүхдүүдтэй харьцахдаа ихэвчлэн Ариун Сүнсээр дамжуулан харьцдаг бөгөөд Ариун Сүнс бидэнтэй оюун бодол, зүрх сэтгэлд маань нэвтэрдэг хоолойгоор “бүх зүйлийг нэвт мөн цоо хатган шивнэдэг, намуухан аниргүй дуу хоолой”-гоор харьцдаг (С ба Г 85:6). Тэрхүү намуухан дуу хоолойг сонсож мөн хэн нэгнийг аянгын дуугаар бидэнтэй ярих ёстой болтол нь хүлээхгүй байцгаая! Елиа Их Эзэний дуу хоолой салхи шуурга, газар хөдлөлт болон галд байдаггүй болохыг ойлгож авсныг санаарай. Их Эзэн түүнтэй Ариун Сүнсээр дамжуулан намуун зөөлөн дуу хоолойгоор ярьсан.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) “Сүнсний дуу хоолой яриагаар биш, харин мэдрэмжээр ирдэг. Та нар миний ойлгож авсны адилаар, сонсогдохын оронд мэдрэгддэг дуу хоолойг сонсож сурах болно. …

… Энэ нь зүрх сэтгэлд чинь бодол эсвэл мэдрэмж төрөх мэт оюун ухаанд чинь орж ирдэг сүнслэг дуу хоолой билээ.”2

Бид чихээрээ сонсохоос илүүтэй оюун ухаан, зүрх сэтгэлдээ Ариун Сүнсний үгийг мэдэрдэг. Тэдгээр сүнслэг өдөөлтөд мэдрэг байцгаая! Бид бошиглогчдын үгийг хүлээн авахын тулд зүрх сэтгэл, оюунаа нээх болтугай. Бид намуун зөөлөн дуу хоолойгоороо дамжуулан бидэнд үргэлжлүүлэн заахыг Ариун Сүнсэнд зөвшөөрөх болтугай. Аврагч Өөрийг нь одсоны дараа шавь нарт нь илгээгдэх Ариун Сүнсний талаар заахдаа “Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд … бүгдийг сануулах болно” Иохан 14:26 хэмээн хэлжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүн болгон Ариун Сүнсээр дамжуулан тэнгэрээс хувийн удирдамж, сүнслэг өдөөлт, хувийн илчлэлтийг хүлээн авах эрхтэй төдийгүй ийм адислал хүртсэн.

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018): “Тэрхүү намуун зөөлөн дуу хоолойн нөлөөнд ор. Эрх мэдэл бүхий хэн нэгэн таныг гишүүнээр батлагдахад толгой дээр чинь гараа тавин, ‘Ариун Сүнсийг хүлээн авна уу’ хэмээн хэлснийг санаарай. Үнэнийг гэрчилдэг энэ онцгой дуу хоолойнд зүрх сэтгэлээ, бүр оюунаа нээгээрэй. Бошиглогч Исаиагийн амласнаар “Энэ бол зам. Үүгээр алхагтун гэсэн үгийг та нарын чих сонсоно” [Исаиа 30:21].”3

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2017 оны 11-р сар, 145.

  2. Боид К.Пакэр, “Залуучуудад зөвлөх нь,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21-ийг үзнэ үү.

  3. Томас С.Монсон, “Итгэ, дуулгавартай бай, тэвч” Liahona, 2012 оны 5-р сар, 129