Үг хэлэхэд туслах долоон зүйл
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Ариун ёслолын цуглаан дээр удахгүй үг хэлэх гэж байна уу? Дараах аргуудыг туршиж үзээрэй.
Та нар яадгийг мэдэхгүй, гэхдээ намайг ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхээр хуваарилах үед би хэлэх үгээ бичих тухайд биш, харин үгээ хэрхэн хэлэх тухайд их санаа зовдог. Би дандаа “Би дэндүү уйтгартай байвал яана аа? Би ямар нэгэн зүйл хэлэхээ мартвал яана аа? Би буруу үг хэлчихвэл яана аа?” гэх мэтээр санаа зовдог.
Та нарт ингэж бодогдож байсан уу? (Ингэж бодож байсан хүн нь би ганцаараа биш байх гэж найдаж байна.) Тийм бол, энэ нь дэлхийн төгсгөл биш шүү. Ярих чадвараа нэмэгдүүлж, сонирхолтой үг хэлэхэд туслах дараах долоон аргыг туршиж үзээрэй.
Хэлэх үгээ бэлтгэх нь
-
Судруудыг болон орчин үеийн бошиглогчдын сургаалыг ашигла (С ба Г 52:9-ийг үзнэ үү). Энэ бол таны хэлэх үгийн гол цөм. Ер нь бидний Сүмд байгаа гол шалтгаануудын нэг нь Есүс Христийн сайн мэдээг зааж мөн суралцах явдал байдаг шүү дээ. Та сэдвээ Судруудын удирдамжийг ашиглан судалж болно (scriptures.lds.org), бас Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг ашиглан судалж болно (gc.lds.org дээрээс сэдвийн хайлт хийнэ үү). Хэлэх үгэндээ ашиглахаар төлөвлөж байгаа судар, эшлэлүүдийг ойлгож байгаа эсэхээ бататгаарай. Хэрвээ тусламж хэрэгтэй бол аав, ээжээсээ эсвэл Сүмийн гишүүдээс асуугаарай.
-
Сүнсийг урь. Үг хэлэх үедээ Сүнсийг өөртэйгөө хамт байлгахын тулд урьдаас залбирч мөн бэлтгэх нь зөв арга байдаг. Сүнс таны зовнилыг арилгаж, тайвшруулахаас гадна үнэний талаар гэрчилдэг (С ба Г 42:14-ийг үзнэ үү). Өөрийн үнэн гэж итгэдэг зүйлсийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар ариун ёслолын цуглаан дээр Сүнсийг урь.
-
Өөрт тохиолдсон түүхийн талаар бод. Бусадтай холбогдох хамгийн сайн арга замуудын нэг нь түүхээ хуваалцах явдал юм. Бид бусдад тохиолдсон явдлыг сонсож, тэдний амьдралын талаар сонсох дуртай. Тиймээс өөрт оногдсон сайн мэдээний зарчмын сэдэвтэй холбоотой бөгөөд өөрт тохиолдсон инээдтэй, өвөрмөц, бэрхшээлтэй явдлын талаар бодож олохыг хичээ. Та тэр явдлаас ямар сургамж авсан бэ? Энэ нь танд хэрхэн тусалсан бэ? Хэлэх үгээ хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол ингэж эхлэх нь их сайн арга шүү.
-
Ахин дахин дадлага хий! Та хэлэх үгээ бичсэнийхээ дараа өөрөө өөртөө, дараа нь гэр бүлийн гишүүд юм уу найзуудынхаа өмнө чанга ярих дадлага хийхийг хүсэж болох юм. Таны хэлэх үг өгөгдсөн хугацаанд багтаж байгаа эсэхийг мөн тодруулж хэлэх хэрэгтэй хэсгүүд байгаа эсэхийг олж мэдэж чадна. Хэрвээ бишоп чинь зөвшөөрвөл, та Сүмийн байр руу өмнө нь очиж, индэр дээрээс үг хэлэн, дадлага хийж болно.
Үг хэлэх
-
“Би энд баймааргүй байна” гэсэн байдлаар үгээ эхлэхээс зайлсхий. Эхний энэ үгийг ямар ч байдлаар илэрхийлж болох ч сонсогчдын ихэнх нь үүнийг даруй мэдэрдэг. Ихэнхдээ хүмүүс “Бишоп надаас үг хэлэх үү гэж асуухаар над руу утасдахад нь би үүнээс гарах шалтгаан хайхыг хичээсэн” гэж хэлдэг. Сүмийн ихэнх гишүүн үг хэлэхэд их хэцүү байдгийг ойлгодог ч таныг ерөнхийдөө “Би энд баймааргүй байна” гэж хэлэхэд хүмүүс үүнийг “Намайг битгий сонсоорой” гэж хэлж байгаа мэт сонсдог. Ийм байдлаар үгээ эхлэхээс зайлсхийж, өөрийн хэлэх сэдэвт урам зоригтой ханд!
-
Ойлгомжтой ярь. Хэн нэгэн хүн сандарснаасаа болж дэндүү хурдан эсвэл дэндүү намуухан ярих нь олонтоо тохиолддог. Би ч бас ингэж байсан. Гэхдээ цугласан олон таныг ойлгож болохын тулд үг хэлэхдээ ойлгомжтой ярих нь маш чухал. Үгээ удаан бөгөөд тод, чанга хэлж ярихад санаа тавь (тийм ээ, микрофонтой ч гэсэн дэндүү намуухан байж магадгүй юм шүү.) Хүмүүс таны хэлэх зүйлийг сонсохыг хүсэж байгаа!
-
Толгойгоо өндийлгө. Харц тулгарах нь сайн холбоо харилцааны маш чухал тал юм. Энэ нь та яриандаа чин сэтгэлээсээ төвлөрч, хандаж байгааг харуулдаг. Та үг хэлэхдээ цугласан олны хүн бүртэй харц тулгарах хэрэгтэй биш, гэхдээ та үе үе өрөөний урд эсвэл хойд хэсэг рүү харж байх юм бол маш сонирхолтой үг хэлж буй хүн байх болно. Бичсэн үгнээсээ хараа салгахгүй байхаас зайлсхий. Сонсож байгаа хүмүүс таны зулайг биш, таны инээмсэглэлийг харахыг хүсэж байгаа.
Энэ долоон аргыг дагасан ч гэсэн та үгээ буруу хэлж эсвэл гуравдугаар эгнээнд хэн нэгэн дугхийж байгааг анзаарч болох юм. Гэхдээ энэ нь та үгээ маш муу хэлсэн гэсэн үг үү? Мэдээж, үгүй!
Бид тавтай таатай орчноос бага зэрэг л гарахад санаа зовж, жижиг алдаа гаргах нь ердийн хэрэг байдаг. Гэхдээ, та чадах бүхнээ хийж, Сүнсийг урихаар хичээх аваас хэлэх үгэндээ гацах эсвэл нэг юмыг мартах эсэх нь хамаагүй. Та Бурханы ажлыг хийж байгаа бөгөөд Түүний хүүхдүүдэд сайн мэдээний талаар илүү ихийг ойлгож мэдэхэд нь тусалж байгаа билээ.
Хэрвээ та өөрийн итгэдэг зүйлсийн талаар зааж, гэрчлэх юм бол бүх зүйл зүгээр өнгөрөх болно.