2019
1-р бүлэг: Бүлэг гэгээнтнийг цуглуул
2019 оны 7-р сар


1-р бүлэг

Бүлэг гэгээнтнийг цуглуул

Баригдаад бараг дуусаж байсан Науву ариун сүмийн нэгдүгээр давхрын цуглааны том танхимд Люси Мак Смитийн дуу цуурайтахад мянга мянган гэгээнтэн чимээгүй болов.

Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн намрын чуулганы 3 дахь буюу сүүлийн өдөр болох 1845 оны 10-р сарын 8-ны өглөө байлаа. Алс холын өрнөд рүү шинэ гэр оронтой болохоор Наувуг орхин явахаар төлөвлөсөн гэгээнтнүүдэд хандан ярих боломж түүнд дахин олдохгүй болж байгааг мэдсэн Люси тамир тэнхээгүй, 70 гарсан хөгшин хүнд баймгүй хүчтэй хоолойгоор ярив.

“Өнгөрсөн 9-р сарын 22-нд, Иосефыг газраас ялтаснуудыг гаргаж авснаас хойш 18 жил өнгөрчээ” хэмээн тэрээр гэрчлэн, “Өнгөрсөн даваа гараг гэхэд, Иосеф Смит Их Эзэний бошиглогч болоод 18 жил болсон байна”1 гэлээ.

Тэрээр хэсэг чимээгүй болж, алагдсан хүү Иосефоо дурсан санав. Өрөөнд байсан гэгээнтнүүд Их Эзэний тэнгэр элч Иосефыг Кумора толгодод булагдсан алтан ялтаснууд руу хэрхэн удирдсаныг аль хэдийн мэдэж байв. Иосеф алтан ялтаснуудыг Бурханы бэлгээр болон хүчээр орчуулан, уг цэдгийг Мормоны Ном хэмээн хэвлэж гаргасныг тэд мэддэг байсан. Гэвч уг цуглааны танхимд байсан гэгээнтнүүдээс хэд нь түүнийг яг үнэндээ мэддэг байсан бол?

Иосеф хорин нэгхэн насандаа Бурхан түүнд ялтаснуудыг даатгасан тухай анх хэлж байсныг Люси яг л тэр хэвээр нь санаж байсан. Иосефыг өмнөх 4 жилийнхтэй адил толгодоос хоосон буцаад ирэх вий хэмээн бүхий л өглөөний туршид тэрээр сэтгэл түгшин айж байсансан. Гэвч тэрээр буцаж ирээд, түүний санааг түргэхэн тайвшруулжээ. “Битгий зовни. Бүх зүйл зүгээр” гэж тэрээр хэлэв. Тэгээд тэрээр гарын алчууранд ороосон хөрвүүлэгчийг Бурхан ялтаснуудыг орчуулахад зориулж өгсөн хэмээн Люсид гардуулсан нь бичээсийг олж авахад амжилт олсны баталгаа байлаа.

Тэр үед зөвхөн гарын арван хуруунд багтах итгэгчид байсан бөгөөд ихэнх нь Смитийн гэр бүлийнхэн байсан. Харин одоо арван нэгэн мянгаас илүү гэгээнтэн Хойд Америк, Европоос ирж, Иллинойн Наувуд амьдарч байгаа бөгөөд энд Сүм өнгөрсөн зургаан жилийн турш цугласан билээ. Тэдний зарим нь Сүмийн шинэ гишүүд учраас 1844 оны 6-р сард дээрэмчид Иосеф, түүний ах Хайрум нарыг буудан хөнөөхөөс өмнө тэдэнтэй уулзах боломж уг гишүүдэд олдоогүй байсан юм.2 Tийм учраас Люси нас барсан тэдний талаар ярихыг хүсжээ. Тэрээр Иосефын бошиглогч хэмээх дуудлага болон сайн мэдээний Сэргээлтэд түүний гэр бүлийнхний гүйцэтгэсэн үүргийн талаар гэгээнтнүүдийг нүүж явахаас өмнө гэрчлэхийг хүссэн.

Зохион байгуулалттай бүлэг дээрэмчин ойролцоох суурингууд дахь гэгээнтнүүдийн гэр орон, бизнесийг сар гаруй хугацаанд шатаасан аж. Олон гэр бүл амиа алдахаас айн, Наувугийн хамгаалалт руу зугтсан байна. Гэвч хоног хугацаа өнгөрөх тусам дээрэмчид хүчирхэгжиж мөн илүү зохион байгуулалттай болсноор удалгүй гэгээнтнүүд болон тэдний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарав. Энэ үеэр улсын болон мужийн засгийн газар гэгээнтнүүдийн эрхийг хамгаалахаар юу ч хийгээгүй.3

Дээрэмчдийн Науву руу довтлохыг цаг хугацааны асуудал гэж итгэсэн Сүмийн удирдагчид хавар гэхэд гэгээнтнүүдийг уг гүнлэгээс нүүлгэн шилжүүлнэ хэмээн зөвшөөрч, тогтворгүй энх тайвны гэрээг байгуулжээ.4

Тэнгэрлэг илчлэлтээр удирдуулсан Бригам Янг болон Арван хоёр төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн гэгээнтнүүдийг 1600 гаруй км-т орших өрнөд рүү Хадат уулсыг өнгөрөн, Нэгдсэн улсын хилийн гаднахан нүүлгэхээр төлөвлөсөн байв. Сүмийн тэргүүлэх чуулгын хувьд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга энэ шийдвэрийг намрын чуулганы эхний өдөр гэгээнтнүүдэд зарласан байна.

“Их Эзэн илүү эрх чөлөөтэй үйлдэж болох газар луу биднийг удирдахыг хүсэж байна. Тэнд эрх чөлөө, эрх тэгш байдлын цэвэр зарчмуудад бид баясах болно” хэмээн төлөөлөгч Парлей Пратт тунхаглажээ.5

Хэрвээ Люсиг явахаар сонговол гэгээнтнүүд түүнд энэ аялалд нь туслах болно гэдгийг тэр мэдэж байсан. Илчлэлтүүдэд гэгээнтнүүдийг нэг газар хамтдаа цугларахыг зарлигласан бөгөөд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Их Эзэний хүслийг биелүүлэхээр шийджээ. Гэвч Люси хөгширсөн байсан ба өөрийгөө удаан амьдрахгүй гэдэгт итгэж байв. Тэрээр нас барах үедээ, өөрийгөө Иосеф, Хайрум, өөрийнх нь нөхөр болох Ахмад Иосеф Смит болон бусад нас барсан гэр бүлийнхэнтэй нь ойролцоо Наувуд нутаглуулахыг хүсжээ.

Үүнээс гадна амьд байгаа ихэнх гэр бүлийнхэн нь Наувуд үлдэхээр болсон байна. Түүний амьд буй ганц хүү болох Виллиам нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан ч тэдний удирдлагыг эсэргүүцэн, өрнөд рүү явахаас татгалзав. Түүний 3 охин болох Софрония, Катрин, Люси нар ч бас үлдэхээр болжээ. Бошиглогчийн бэлэвсэн эхнэр, түүний бэр Эмма ч бас үлджээ.

Люси цугласан олонд хандан ярихдаа хийх гэж байгаа аяллынхаа талаар санаа зовох хэрэггүй гэдгийг тэдэнд сануулав. “Гар тэрэг, бусад зүйлийг авч явж чадахгүй гэж хэлэн сэтгэлээр бүү уна” хэмээн тэрээр хэлжээ. Ядуурал, хавчлагаас үл хамааран түүний гэр бүл Мормоны Номыг хэвлэх Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлсэн билээ. Тэрээр тэдэнд удирдагчдаа сонсон, бие биенээ халамжлахыг уриалсан.

“Бригамын хэлсэнчлэн та нар бүгдээрээ шударга байх ёстой, эс бөгөөс тэнд хүрч чадахгүй” гэж Люси хэлжээ. “Хэрвээ та нар гомдож уурлавал асуудалтай тулгарах болно.”

Люси өөрийнхөө гэр бүлийн тухай мөн Миссурид болон Иллинойд тэдний амссан аймшигтай хавчлагын тухай, түүнчлэн гэгээнтнүүдийн өмнө тулгарах сорилтуудын талаар илүү ихийг ярьжээ. “Сүмийн удирдлагууд болох Бригамыг болон бусад ахыг Их Эзэн адислаасай хэмээн би залбирч байна.” “Би нөгөө дэлхийд очих үедээ та нартай бүгдтэй нь уулзмаар байна”6 гэж тэрээр хэлжээ.

1846 оны 1-р сард Бригам Наувугаас нүүлгэн шилжүүлэх, гэгээнтнүүдийн шинэ цугларах газрыг байгуулах хамгийн хурдан бөгөөд шилдэг арга замыг төлөвлөхөөр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгатай болон дэлхий дээрх Бурханы хаант улсын материаллаг хэрэгцээг анхаардаг Тавьтын зөвлөлтэй ойр ойрхон уулзав. Түүний анд төлөөлөгч Хибер Кимбалл өрнөд рүү гэгээнтнүүдийн цомхон бүлгийг маш хурдан удирдан гарахыг санал болгожээ.

“Өөрсдийгөө бэлдэж чадах бүлэг гэгээнтнийг цуглуул” гэж тэрээр зөвлөөд, “өөрсдийнхөө гэр бүл, ядуусын төлөөх газрыг бэлдэхийн тулд ямар ч цаг үед дуудахад урагш явахад бэлэн бай” хэмээн хэлсэн юм.

“Хэрвээ урьдчилж явсан бүлэг гэгээнтэн энэ хавар тариа тарихаар бол 2-р сарын 1-нээс эхлэх хэрэгтэй нь зайлшгүй” хэмээн Оорсон Пратт сануулжээ. Тэрээр тариалалтаа урагшлуулахын тулд арай ойрхон газар суурьшуулах нь илүү дээр гэж үзэв.

Уг санаа Бригамд таалагдаагүй. Их Эзэн гэгээнтнүүдийг Агуу Солт Лэйкийн ойр орчим суурьшуулахаар аль хэдийн удирдсан байлаа. Уг нуур нь Агуу их сав газрын хэсэг байсан бөгөөд уулсаар хүрээлэгдсэн асар том аяга хэлбэртэй бүс нутаг юм. Сав газрын ихэнх нь хуурай цөл газар бөгөөд үр тариа боловсруулахад бэрхшээлтэй учраас олон америк хүн өрнөд рүү нүүхийг хүсдэггүй байсан.

“Хэрвээ бид уг газар луу уулс дундуур анхааралтай явбал ямар ч үндэстний атаа жөтөө байхгүй байх болно” хэмээн Бригам тайлбарлажээ. Бригам уг бүс нутагт аль хэдийн уугуул хүмүүс оршин суудаг гэдгийг ойлгож байсан. Гэвч тэр гэгээнтнүүд тэдний дунд эв найрамдалтай суурьших боломж байгаа хэмээн найдаж байсан юм.7

Эшлэлүүд

  1. Түүхчийн хэлтэс, Сүмийн ерөнхий тэмдэглэл, 1845 оны 10-р сарын 8; “Conference Minutes,”Times and Seasons, 1845 оны 11-р сарын 1, 6:1013–1014. 1845 оны 10-р сарын чуулганы Люсигийн номлолын бүтэн тайланг тэмдэглэгээтэй нь хамт Реедер болон Холбрүүк, At the pulpit, х. 21–26-аас харна уу. Сэдэв: Люси Мак Смит

  2. Люси Мак Смит, History, 1844–45, book 5, [7]; Гэгээнтнүүд, 1-р боть8 4-р бүлэг болон 44; “How Large Was the Population of Nauvoo?” 92–93. Сэдэв: Иосеф Смит, Хайрум Смит хоёрын үхэл

  3. Соломон Ханкүүк болон Аалансон нар Бригам Янг дээр, 1845 оны 9-р сарын 11, Бригам Янгийн ажлын өрөөний хавтаснууд, CHL; “Mobbing Again in Hancock!” and “Proclamation,” Nauvoo Neighbor, 1845 оны 9-р сарын 11, [2]; Гарцууд, Сэтгүүл 2-р боть, 1845 оны 9-р сарын 13; Glines, Reminiscences and Diary, Sept. 1845 оны 9-р сарын 12; “The Crisis,” and “The War,” Warsaw Signal, 1845 оны 9-р сарын 17, [2]; “The Mormon War,” American Penny Magazine, 1845 оны 10-р сарын 11, 570–71; Жекоб Б.Бэкенстос Бригам Янг дээр, 1845 оны 9-р сарын 18, Бригам Янгийн ажлын өрөөний хавтаснууд, CHL; Oорсон Спенсер Томас Форд дээр, 1845 оны 10-р сарын 23; Томас Форд Жорж Миллер дээр, 1845 оны 10-р сарын 30, Бригам Янгийн түүхийн баримтууд, CHL; мөн Леонардын Nauvoo, 525–542-ыг харна уу.

  4. To the Anti-Mormon Citizens of Hancock and Surrounding Counties (Варшав, ИЛ: 1845 оны 10-р сарын 4), Chicago Historical Society, Collection of Manuscripts about Mormons, CHL; мөн Леонард, Nauvoo, 536–542-ыг харна уу.

  5. Тавьтын зөвлөл, “Record,” 1845 оны 9-р сарын 9, JSP,-д CFM:471–472; “Conference Minutes,” Times and Seasons, 1845 оны 11-р сарын 1, 6:1008–11.

  6. Сургаал ба Гэрээ 29:8 (Revelation, Sept. 1830–A, at josephsmithpapers.org); Сургаал ба Гэрээ 125:2 (Revelation, circa Early Mar. 1841, at josephsmithpapers.org); Түүхчийн хэлтэс, Сүмийн ерөнхий тэмдэглэл, 1845 оны 10-р сарын 8; “Conference Minutes,” Times and Seasons, 1845 оны 11-р сарын 1, 6:1013–14.

  7. Тавьтын зөвлөл, “Record,” 1846 оны 1-р сарын 11, JSP-д, CFM:514, 515, 518. Сэдэв: Тавьтын зөвлөл