2019
Хугацаанаасаа өмнө номлолоосоо буусан ч Христээр дамжуулан баяр баясгалан олох нь
2019 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Хугацаанаасаа өмнө номлолоосоо буусан ч Христээр дамжуулан баяр баясгалан олох нь

Би хугацаанаасаа өмнө номлолоосоо буухдаа дахин хэзээ ч баяр баясгалантай болж чадахгүй гэж бодож байлаа. Гэвч би чадсан. Та нар ч бас чадна.

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Номлолд явах хэцүү. Гэхдээ номлолоосоо гэртээ ирэх, ялангуяа төлөвлөснөөсөө эрт ирэх бүр ч хэцүү. Бусад хүнийг өөрийнхөө тухай юу гэж ярих бол мөн эргэн тойронд байхдаа хэрхэн хандах бол гэж та санаа зовдог. Тэд намайг шүүх болов уу? Надад урам хугарах болов уу? Миний хажууд тав тухгүй байх болов уу? Та хангалттай сайн, хүчтэй байгаагүй гэж бодох болно гэж санаа зовдог. Та ямар нэгэн зүйл буруу эсвэл явах шийдвэр маань буруу байсан юм болов уу ч гэж боддог. Би энэ бүхэнд санаа зовж байсан.

Би номлолд үйлчлэхээр шийдвэр гаргахдаа маш их баярлаж байлаа. Их Эзэн надаас үүнийг хүссэн гэдгийг би бас мэдэж байв. Дараагийн хэдэн сар миний амьдралын хамгийн аз жаргалтай үеүдийн нэг байсан ба номлогчийг бэлтгэх төвд хуримтлуулсан сайхан туршлагынхаа дараа Аргентин дахь номлол маань ч мөн адил сайхан байна гэж бодож байлаа. Гэвч тэгсэнгүй.

Би номлолдоо түгшүүр, айдас, найдвараа алдсан мэдрэмжийг урьд нь мэдэрч байгаагүйгээр буюу маш хурц мэдрэх болсон юм. Номлолын ерөнхийлөгч маань надад туслахыг чадлаараа хичээсэн. Эцэст нь би гэртээ буцахаар шийдэв. Тухайн үед ийм шийдвэр гаргах амархан байсан ч гэртээ ирсний дараа дээрх асуултууд толгойноос салахаа болив.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа чин сэтгэлээсээ эрэлхийлэх аваас Аврагч бидэнд эдгэрэлт, өөр өнцгөөс харах чадвар хоёрын аль алиныг өгдөг болохыг би мэдэж авсан. Амьдралын туршлага бүрд, сайн, муу байхаас үл хамааран тэдгээрээс авах сургамж бий гэдэгт би бат итгэдэг. Харин одоо миний нандигнан үзэх болсон үнэ цэнтэй сургамжийг Их Эзэн Өөрийн цаг хугацаанд надад өгсөн юм.

Номлолд явсан маань зөв шийдвэр байсан. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар би тэнд 18 сар үлдэх ёсгүй байв. Бурханд надад зориулсан өөр төлөвлөгөө байсан юм. Одоо ч гэсэн миний амьдрал хаашаа явж байгааг би мэдэхгүй ч би үүнд санаа зовохгүй байгаа. Яг одоо би Түүний хүсэж байгаа зүйлийг хийж байгаагаа мэднэ. Аргентинд 4 сар байх хугацаанд миний гэрчлэл, хөрвөлт гүн гүнзгий болсон. Би гайхалтай сайхан хүмүүстэй уулзсан бөгөөд амьдралд нь нөлөөлөх ёстой хүмүүстэйгээ уулзсан бололтой. Би өөрт тохиолдсон явдалд харамсан, өөрөөр байсан ч болоосой гэж хүсэхээ больсон. Энэ нь яг надад хэрэгтэй зүйл байсан бөгөөд ариун нандин сургамж болсон юм.

Саяхан би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл A. Максвэллын (1926–2004) хэлсэн үгийг уншсан ба энэ нь өөрийн туршлагыг өөрөөр харахад надад тусалсан. Тэрээр:

“Хүний амьдрал . . . итгэлээр дүүрэн атлаа сэтгэлийн дарамтаас ангид байж чадахгүй. . . .

Тиймээс, та бид ‘Их Эзэн минь, надад зовлон зүдгүүр, өвчин эмгэг, эсэргүүцэл, урвалтыг бус, бас мэдээжийн хэрэг, ганцаар хаягдахыг бус, гэхдээ туршлага суулгаж өгөөч. Их Эзэн минь, Таныг одоо хэн байгаад чинь хүргэсэн бүх туршлагыг надаас хол байлгаач! Тэгэхдээ Тан руу очиж, Тантай хамт амьдран, баяр баяслыг тань хуваалцах боломжийг надад соёрхооч!’ гэж гуйж байгаа мэтээр зовлон зүдгүүрээс ангид амьдарна гэж хэрхэн бодож болох билээ?” (“Lest Ye Be Wearied and Faint in Your Minds,” Ensign, May 1991, 88).

Аврагч Өөрийн туулсан саад бэрхшээлээс үл шалтгаалан тийм хүн болсон юм биш ээ. Тэрээр тэдгээр саад бэрхшээлтэй тулгарсан учраас л тийм хүн болсон юм. Тэдгээр нь Түүнд төгс зан чанарыг суулгаж, одоо мэдэрч байгаа баяр баясгаланг мэдрэх боломжийг өгсөн. Надад зан чанар суулгах туршлага өгсөнд би баярладаг. Энэ нь миний гуйсан, тэр ч бүү хэл хүссэн зүйл маань байгаагүй ч Бурхан миний чадавхыг мэддэг бөгөөд Өөрийнхөө баяр баясгаланг хуваалцахыг надаас хүсдэг. Энэ баяр баясгаланг би уй гашуу, зовлон, өвчин, саад бэрхшээлийг мэдрэхгүйгээр ойлгох боломжгүй. Хугацаанаасаа өмнө гэртээ ирэх нь надад тохиож байсан хамгийн хүнд цохилтуудын нэг байсан ч үүнийг өөр өнцгөөс харж суран, Аврагчийн тусламжийг хүлээн авсныхаа дараа эргээд харахад, олж мэдсэн зүйлийнхээ төлөө төлсөн төлбөр маань өчүүхэн жаахан байсан юм.

Тиймээс итгэлтэй бай. Аврагчид итгэ. Найдвараа бүү алд! Амьдрал хэзээ ч таны төлөвлөснөөр байхгүй. Энэ нь өвчин зовлон, дарамтгүй байх нь үгүй. Гэхдээ сүүдэр татсан хөндийг туулах бүрд таныг баяр баясгалан угтан авах болно. Баяр баясгалан бол Түүний танд өгөхийг ямагт хүсдэг яг тэр зүйл мөн.