Үйлчлэлийн илүү ариун загвар
2018 оны 5-р сарын 6-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр болсон залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт дээрх “A Hallmark of the Lord’s True and Living Church” хэлсэн үгээс авав.
Бид амьд Христийнхтэй адил тохинууллаараа дамжуулан үнэнч шавь нь байхын зэрэгцээ Түүнийг өөрийн хүслээр, илүү үр дүнтэй дагах болтугай.
Би 15, 16 орчим настай байхдаа маш хувиа хичээсэн нэгэн байсан ба өсвөр насны бүх хүүхдийн адил тогтворгүй, барьцгүй, эмзэг хүүхэд байсан. Би юу хийхээ сайн мэдэхгүй, бүрэг ичимхий, эв хавгүй нэгэн байв. Намайг Английн далайн эрэг дээрх алслагдсан сургуулийн дотуур байранд байхад, эцэг эх маань Саудын Арабт амьдардаг байсан нь асуудлыг улам хүндрүүлж байлаа. Сургуульдаа би нэг л дасаж өгөхгүй байв.
Эрэг хавиар цаг агаар таагүй байх нь элбэг байсан ч нэгэн өвөл Ирландын тэнгисийн дээгүүр хүчтэй хар шуурга дэгдэж билээ. Эргэн тойронд ойролцоогоор 5000 орон байр үерт автан, хүмүүс хоол хүнсгүй болж, гэр орон нь цахилгаангүй буюу дулаацуулж, гэрэлтүүлэх зүйлгүй үлдсэн юм.
Үерийн ус татарч эхлэхэд цэвэрлэгээнд туслуулахаар сургуулиас биднийг илгээв. Байгалийн гамшгийг ийм ойрхноос хараад би гайхан балмагдаж билээ. Хаа сайгүй ус, шавар шавхай байв. Үерт автсан хүмүүсийн царай ядарч туйлдан, цонхийсон байв. Тэд олон өдөр унтаж амраагүй байлаа. Би сургуулийнхаа хэдэн хөвгүүнтэй хамт усанд автсан эд хогшлыг дээд давхрууд руу зөөж, үерт сүйдсэн хивснүүдийг татан гаргав.
Гэхдээ намайг хамгийн их гайхшируулсан зүйл бол тухайн үед хүмүүсийн хооронд үүссэн найрсаг харилцаа байсан юм. Хүнд хэцүү нөхцөл байдалд зөв үйл хэргийн төлөө нэгдсэн хүмүүсийн дунд гайхалтай, маш сайхан харьцаа тогтсон байв. Хожим эргэн санахад, өсвөр насны ердийн бодлоос гардаггүй байсан түгшүүртэй мэдрэмжүүд хөршүүддээ туслах ажилд оролцож байхад мартагдсан байсныг би мэдсэн.
Бусдад туслах нь миний зожиг, амин хувиа хичээсэн байдлын эсрэг ерөндөг байсан гэдгийг ухаарч ойлгосон бол өөрчлөгдөх байлаа. Уг ухаарал зүрх сэтгэлийн минь гүн рүү ороогүй байсан тул би юу болж өнгөрсөн талаар сайтар эргэцүүлэн бодож чадаагүй юм. Харин тэр ойлголт хожим нь ирж билээ.
Тохинуулах урилга
2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар би Аврагчийн адил ахин дахин тохинуулах дуудлагын талаар сонссон бөгөөд үүнийг хайраар, бүх хүн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрснөөр хийх ёстой гэсэн захиасыг сонсохдоо энэ талаар бодож байв.
Бидний үйлчлэлийг тоолж, хэмждэг болохоор биш, харин Тэнгэр дэх Эцэгээ хайрладаг мөн илүү дээгүүр түвшний, нэр төртэй үйл хэргийн төлөө, Түүн рүү буюу гэртээ эргэн очих замаа олж, уг зам дээрээ үлдэхэд нь найз нөхдөдөө тусалж байгаа тул бид үйлчлэх болно. Бид үнэхээр хүмүүсийн амьдралыг сайжруулан, ачааг нь хөнгөлөхийг хичээж байгаа тул Есүс бидний оронд байсан бол хэрхэн үйлчлэх байсны адил хөршүүддээ үйлчлэх болно. Өөрсдийн хэмжээлшгүй үнэ цэн, бидний хүн нэг бүрийг гэх Бурханы мөнхийн хайрын талаарх мэдлэг, мэдрэмжийнхээ үр жимснээс хуваалцах үед өгөгч, хүлээн авагч хоёр хоёулаа баяр баясгалан, удаан үргэлжлэх сэтгэл ханамжийг хүлээн авдаг.
“Их Эзэний үнэн бөгөөд амьд сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхдүүд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлсэн. “Энэ нь Их Эзэний Сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар Түүний хийсний адил тэрхүү нэгэнд тохинуулах болно. Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно”1 гэж тэр хэлсэн юм.
Хэрэв бид тохинуулах энэхүү дуудлагыг сонсох юм бол бусдыг боддог болж, итгэл, үнэмшил, аз жаргал маань өсөн нэмэгдэж, хувиа хичээсэн байдал болон үүнийг дагалдан ирдэг хоосрол, уйтгар гунигийг даван гарах боломж бидэнд олдоно гэдгийг ойлгосон билээ.
Тохинуулал биднийг өөрчилдөг
Ингэж тохинуулахын сайн тал нь бусдад туслах боломж олгохоос гадна биднийг сэтгэлийн зовнил, айдас, түгшүүр, эргэлзээнээс салгаж, өөрчилдөг явдал юм. Эхэндээ бусдад үйлчлэх нь бидэнд хувийн асуудлаасаа анхаарлаа холдуулахад тусалдаг боловч энэ нь тэр даруй хавьгүй дээд түвшний, илүү сайхан зүйл болон өсөж хөгждөг. Бид өөрсдөө ч анзааралгүй гэрэл гэгээ, амар амгаланг мэдэрч эхэлдэг. Бид тайвширч, халуун дулааныг мэдэрч, тайтгарал олж авдаг. Мөн бид өөр ямар ч арга замаар баяр баясгаланг олж авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) “Судруудад цэдэглэгдсэн элбэг дэлбэг амьдрал нь бусдад үзүүлсэн бидний үйлчлэлийг үржүүлж, өөрсдийн авьяас бэлгийг Бурханд болон хүмүүнд үйлчлэхэд зориулснаар ирдэг сүнслэг байдлын нийлбэр үр дүн юм” гэж тайлбарласан. Мөн тэрээр “Бид бусдад үйлчилснээр илүү бие даадаг. Үнэндээ, бидэнд өөрсдийнхөө талаар олж мэдэх зүйл маш их байдаг тул энэ нь өөрийгөө “олох” ажлыг бидэнд хялбарчилж өгдөг билээ!”2 хэмээн нэмж хэлэв.
Эзэнээс ирсэн дуудлага
Аврагч Петр, Андрей, Иаков, Иохан нарыг Өөрийг нь дагахад дуудах үед тэдний зүг чиг болон анхаарлаа хандуулж байсан зүйл шууд өөрчлөгдөж, “Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дага[сан]” (Матай 4:20).
Харин дараа нь, Аврагчийг тэднээс харгис хэрцгийгээр авч одоход тэд мэддэг зүйлээ хийсэн буюу эргэж загас барих болжээ. Нэгэн удаа амжилт муутайхан загасчилж байхад нь амилсан Аврагч тэдэн дээр ирсэн аж.
“Есүс тэдэнд—Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ” (Иохан 21:6).
Энэ нь Түүнийг хүч чадлаа алдаагүй гэдгийг харуулаад зогсохгүй, тэдний буруу газар, буруу зүйлд анхаарлаа төвлөрүүлж байсныг нь тод томруун харуулсан юм. Тэднийг эрэг дээр хамтдаа загасаа идэж суухад Аврагч Петрээс Өөрт нь хайртай эсэхийг гурван удаа асуусан. Асуух тоолонд нь Петр улам бүр сандран, тийм хэмээн хариулжээ. Петрийг хариулах бүрд Есүс түүнээс Өөрийн хоньдыг тэжээхийг хүсжээ. (Иохан 21:15–17-г үзнэ үү.)
Яагаад Аврагч Петрээс Өөрт нь хайртай эсэхийг гурван удаа асуусан бэ? Үнэндээ өмнө нь Петрийг Өөрийг нь дагахад дуудах үед тэр шууд хариу үйлдэж, загасчлахаа больж байсан. Харин Есүсийг нас барахад Петр гашуудаж, юу хийхээ мэдэхээ больж, өөрийн хийж чадна гэж бодсон цорын ганц зүйл болох загасчлах ажилдаа эргэн оржээ. Есүс энэ удаа Петрийг үнэхээр Өөрийг нь сонсож, урилгынх нь ач холбогдлыг ойлгоосой хэмээн хүссэн юм. Тэрээр Өөрийн биеэр тэдэнтэй хамт байх боломжгүй болсон тул Петрт амилсан Христийн шавь байх нь юу гэсэн утгатай болохыг ойлгуулах хэрэгтэй байв.
Их Эзэн Петрээс юу хүссэн бэ? Есүс хургануудыг нь тэжээхийг Петрээс хүссэн. Энэ бол түүний хийх ёстой ажил байв. Петр Эзэнийхээ энэхүү намуухан дуугаар, нүүр тулан өгсөн дуудлагыг ахмад төлөөлөгчийн хувьд хүлээн авч, хийхээр дуудагдсан тохинуулалдаа үлдсэн амьдралаа зоригтой, айж эмээлгүйгээр зориулсан билээ.
Залбирлаар эхэл
Өнөөдөр дэлхий дээр өөр нэгэн ахмад төлөөлөгч бидэнд бий. Ерөнхийлөгч Нэлсон Есүсийн хоньдыг тэжээх урилгыг та бидэнд өгч байна. Харин одоо сорилт нь бидний эргэн тойронд байх анхаарал хандуулахыг шаардаж, сарниулдаг чухал бус олон зүйлийн дунд энэхүү урилгад хариу үйлдэх буюу үнэндээ ямар нэгэн зүйл хийн, үнэхээр өөрчлөгдөж, өөрөөр амьдрах явдал болж байгаа юм.
Танд одоо “Би хаанаас эхлэх вэ?” гэж асуумаар санагдаж магадгүй.
Залбирлаар эхэл. Ерөнхийлөгч Нэлсон “[биднийг] хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд”3 урьсан. Тэнгэр дэх Эцэгээсээ юуг хэнд зориулан хийж болохыг асуу. Хүлээн авсан мэдрэмж тань ач холбогдолгүй мэт санагдсан ч хариул. Үүнийхээ дагуу үйлд. Үнэндээ, нинжин сэтгэлийн үүднээс хийсэн бага ч болов ямар ч үйлдэл өөрсдийн гэсэн адислалыг дагуулж ирдэг. Энэ нь сайхан үгтэй, санаанд оромгүй мессежийг хэн нэгэнд бичих явдал байж болно. Энэ нь цэцэг, хэдхэн жигнэмэг, эелдэг сайхан үгс байж болно. Мөн энэ нь цэцэрлэг эсвэл хашаа цэвэрлэх, угаалга үйлдэх, машин угаах, зүлэг тайрах, цас цэвэрлэх эсвэл зүгээр л сонсох байж болно.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгчийн хэлснээр “Заримдаа бид хөршдөө үйлчлэхийн тулд ямар нэг агуу бөгөөд баатарлаг үйлс бүтээх ёстой гэж боддог. Гэвч үйлчлэлийн энгийн үйлдлүүд нь бусдад болон өөрсдөд маань хүчирхэг нөлөө үзүүлж чадна.”4
Та цаг зав байхгүй, өөрчлөлт хийж чадахгүй гэдэгтээ итгэсэн учраас эхний алхмыг дурамжхан хийж болох ч өчүүхэн зүйл хийх нь ямар их өөрчлөлтийг авчирдаг болохыг хараад гайхах болно. Ерөнхийлөгч Нэлсон та бидэнд илүү дээгүүр түвшний, илүү ариун үйлчлэлийн загварыг өгсөн. Энэхүү загварыг дагаснаар бид энэ нь ямар их сэтгэл ханамжийг өгч, эрх чөлөөтэй болгож, тайтгаруулдаг болохыг олж мэднэ. Мөн бид хэрхэн бусдын амьдралыг өөрчилж, тав тухыг авчирдаг хүчин зүйл нь байх боломжтой гэдгээ олж мэднэ.
Заримдаа бид номлолоо хийж дуусгасныхаа дараа “За, би хийчихлээ. Одоо өөр хүн үйлчлэх байлгүй. Би амрах хэрэгтэй байна” гэж хэлэхээр уруу татагдаж магадгүй. Гэвч жинхэнэ тохинуулалд зөвсарлага гэж байдаггүй. Энэ бол амьдралын хэв маяг. Бид ээлжит үйл ажиллагаа, баярын өдрүүдээр амарч, хүчээ сэлбэхийн тулд завсарлага авч болох ч Тэрээр биднийг хайрласан шиг бид бие биенээ хайрлахад мөн Түүний хоньдыг тэжээх гэрээний үүрэг хариуцлагад завсарлага гэж байдаггүй.
Дэлхийг хамарсан Сүмийн тохинуулал
Тохинууллыг амьдрал дээр хэрэгжүүлдэг Сүмд харьяалагддагтаа би бахархдаг. Зөвхөн 2017 онд гэхэд л, манай гишүүд ядууст болон тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хүнсний ногоо тарьж ургуулах, хураан авах, тараахад сайн дурын үйлчлэлийн 7 сая гаруй цагийг зориулсан. Сүм ундны цэвэр усгүй байсан хагас сая хүнийг усаар мөн 41 улс орны 49000 хүнийг тэргэнцрээр хангасан. Сайн дурынхан нүдний шил өгч, нүдний эмчилгээний үйлчилгээ үзүүлж, 40 орны харааны бэрхшээлтэй хүмүүсийн 97000 асран халамжлагчид сургалт явуулсан. 38 орны 33000 асран халамжлагчийг эх, нярайн асаргааны сургалтад хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд Тусламжийн гар хөтөлбөрөөр дамжин манай олон зуун мянган хүн олон сая цагаа хандивласан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд их, бага хэмжээний гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын зэрэгцээ орчин тойрноо болон орон нутгаа сайжруулах ажилд оролцоход бэлэн байдаг.
Үйлчлэл хийх боломжуудын жагсаалтыг гаргадаг JustServe хэмээх нэртэй Сүмийн цэцэглэн хөгжиж буй санаачилгад аль хэдийн 350000 гаруй сайн дурынхан бүртгүүлсэн байгаа бөгөөд тэд орон нутагтаа тусламжийн олон сая цагийн хандивыг өргөсөн байна.5
Энэ бол үйлдэл хийдэг Сүм. Энэ бол бидний хийдэг зүйл. Та нар үүнийг л хийдэг. Энэ нь та нарын хэн болохыг тодорхойлдог шинж чанар байх болтугай.
Гурван төрлийн үйлчлэл
Бидний хүн нэг бүр өргөн хүрээнд оролцож болох гурван төрлийн үйлчлэлийн талаар би онцлон ярих гэсэн юм.
1. Бидний сүм дээр үүрэг хариуцлагаа биелүүлэхээр томилогддог буюу уригдан хийдэг үйлчлэл. Бид харж халамжлах үүрэг хүлээн авсан хүмүүсийнхээ талаар бодож, залбирч мөн хэмжигддэг биш, харин үнэлэгддэг тохинууллыг хийхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно.
2. Өөрсдийн хүслээр хийдэг үйлчлэл. Энэ нь нэг дэх үйлчлэлийн үргэлжлэл бөгөөд бид өөрсдийгөө умартан, бусдад өөрсдийн санаачилгаар тусламж үзүүлэх тусам энэ нь бидний өдөр тутмын үйлдэл, харилцааны нэгэн хэсэг болж хувирдаг. Албан үүрэг даалгавар хүлээлгэн өгөөгүй ч бид Христийг дагах хүслээр өдөөгдөн, эргэн тойронд байх хүмүүстээ илүү эелдэг хандаж, анхаарал халамж тавьж эхэлдэг.
3. Олон нийтэд үзүүлэх үйлчлэл. Шаардлагатай үед та хувь хүмүүсийг болоод нийгмийг хөгжүүлэх мөн тэдэнд үйлчлэх зорилгоор улс төрд оролц. Тив даяар тархсан хэт нэг талыг баримталсан, хүчирхэг, хор хөнөөлтэй улс төрийн намчирхах зөрчилдөөнөөс зайлсхий. Тус тусын харьяа нутгийнхаа хүрээнд мөн уг хүрээнээсээ гадуурх зовлон бэрхшээлтэй учирсан хүмүүст туслах зорилготой ажиллаж буй улс төрчидтэй нэгд. Та нийгмийн бүхий л хүрээнд шударга ёсыг сурталчлан, тэнцвэртэй байдал, эрүүл саруул ухааны дуу хоолой байх боломжтой. Ийм зүй зохистой нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд өөрсдийн эрч хүчийг зарцуулах эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.
Бид өөрсдийн ертөнцийг өөрчилж чадна
Мэдээ сонсоод, дэлхий сүйрч байна даа гэж бидэнд бодогдож магад. Бидний хүн нэг бүр өдөр бүр их, бага ямар нэг хэмжээгээр үйлдэл хийж л байвал бид өөрсдийн болон эргэн тойрныхныхоо ертөнцийг өөрчилж чадна. Та хөршдөө үйлчлэх үедээ мөн тэдэнтэй хамт орон нутагтаа үйлчилж байх явцдаа бусдад туслах хүслийг тань хуваалцдаг найз нөхөдтэй болно. Эдгээр нь бат бөх нөхөрлөл болж хувиран, соёл, итгэл үнэмшлийг холбох гүүрийг тавина.
Хэрэв та Есүсийн адил тохинуулах урилгыг хүлээн авах юм бол та өөрчлөгдөж, амин хувиа хичээсэн биш, харин амь биеэ үл хайрлахгүй үйлчилдэг нэгэн болно. Та Аврагчийн арга замаар тохинуулснаар ирэх баяр баясгаланг олж нээн, дутагдал гэж үздэг зүйлээс ирэх сэтгэлийн түгшүүр, эргэлзээ, гуниг зовлонгоосоо салах болно.
Хэн нэгний нэр эсвэл ямар нэг ажил үйлс бодолд тань орж ирж магадгүй. Энэ нь Сүнсний урилга байж болох бөгөөд та үүнийг урьд нь хүлээн авч байсан байж болох юм. Тусламжийн гараа сунган, эргэн тойрноо ажиглан харж, өргөн дэмж. Энэ урилгад хариулж, өнөөдөр юу хийж болохоо мэдэхийн тулд залбир. Ингэснээр та нарт болон та нарын тохинуулж буй хүмүүст ямар адислалыг авчирч байгааг харж, мэдрэх юм бол та нар үүнийг өдөр бүр хийж хэвшихийг хүсэх болно.
Есүс Христийн сайн мэдээний гэрэл, найдвар, баяр баясгалан, зорилгыг Бурханы бүх хүүхэдтэй хуваалцаж, гэртээ харих замаа олоход нь тэдэнд туслах нь бидний хийж чадах хамгийн эрхэм дээд, хамгийн сайхан үйл хэрэг. Тэдэнд тусалж, үйлчилж, тохинуулж байгаа нь сайн мэдээ бодит байдал дээр хэрэгжиж байгаагийн бодит илрэл юм. Бид үүнийг өөрсдийн амьдралын хэв маяг болговол өөр хаанаас ч авах боломжгүй сэтгэлийн таашаалыг авч мөн мэдрэхгүй байсан амар амгалан, баяр баясгалангаа олох арга зам гэдгийг олж мэдэх болно.
Аврагч Өөрийн агуу, эцэс төгсгөлгүй гэтэлгэлийн бэлгээрээ дамжуулан төгс гавар, илааршлыг бидэнд өгөхийн тулд ийнхүү амьдарч байсан юм. Бид амьд Христийнхтэй адил тохинууллаараа дамжуулан үнэнч шавь нь байхын зэрэгцээ Түүнийг өөрийн хүслээр, илүү үр дүнтэй дагах болтугай.