Хайрт ахын минь захидал
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Том ах маань номлолд үйлчилж байсан тул миний 16 насны төрсөн өдрөөр байхгүй байж таарав. Гэвч түүний надад өгсөн зөвлөгөө миний үүрд нандигнаж явдаг бэлэг болсон юм.
Арван зургаан нас! Амьдралын ямар чухал мөч вэ! “Хэн ч үүнийг ганцаараа туулах шаардлагагүй шүү дээ” гэсэн бодол надад төрлөө.
Ухаалаг эцэг эх маань сайхан сэтгэлтэй хүмүүс байсан ба надад үргэлж оновчтой зөвлөгөө өгдөг байсан юм. Том эгч маань дөнгөж гэрлээд, мужаас нүүсэн байсан ба миний дүү 11 настныхаа асуудалтай тэмцэж байв. Би гайхалтай найзуудтай байсан бөгөөд Сүмийн удирдагчид маань надад санаа тавьдгийг мэддэг байлаа.
Гэсэн ч миний том ах Гари цорын ганц итгэлт анд минь байв. Би өсвөр насандаа бүхий л зүйлд түүнийг дагадаг байсан. “Түүнтэй ярилцах болгонд юм илүү утга учиртай болдог байсансан. Тэр яг одоо энд байсан ч болоосой” гэж би өөртөө хэлэв.
Гэвч тэр байхгүй байлаа. Тэр алс холын Япон оронд бүрэн цагийн номлолдоо үйлчилж байв.
Гарийг санаж байсан ч би төрсөн өдрөө хөгжилтэй сайхан тэмдэглэсэн юм. Ээж төрсөн өдрийн уламжлал болсон өглөөний ундыг надад зориулан хийсэн ба би хичээлдээ явахаасаа өмнө хэдэн бэлэг хүлээн авсан. Тэр орой би гэрийнхэнтэйгээ хамт гарч, пицца идэж, сүүлд нь төрсөн өдрийн бялуу идэв. Би болзоонд явах, жолоо барих мөн 16 настангуудын хийдэг сэтгэл догдлуулам зүйлсийг хийхийг мөрөөдөж ч үзлээ.
Гэсэн ч тэр өдөр авсан хамгийн сайхан бэлэг бол шуудангаар ирсэн захидал байсан юм. Гари миний онцгой чухал өдрийг мартаагүй байв! Энэ явдал э-мэйл гэсэн зүйл сураг ч үгүй үед болсон тул захидал Японоос АНУ-ын Ютагийн Каш Валлид иртлээ урт удаан хугацаа туулж ирсэн ба яг миний төрсөн өдрөөр ирсэн нь гайхалтай тохиолдол байлаа! Захидлыг гараараа бичсэн байсан тул унших үед ах минь дэргэд байгаа мэт санагдаж байв.
“Хүндэт Мэрилий:
Удахгүй маш чухал төрсөн өдөр чинь болно, тийм үү? Энэ захидлыг авах үед төрсөн өдөр чинь аль хэдийн өнгөрчихсөн байна байх даа. Чамайг 16 хүрч байгаад би нэг л итгэж өгөхгүй байна! Жижигхэн улаан ковбой малгайгаа өмсөөд явдаг байсан цаг саяхан мэт санагдаж байна.
Эелдэг, цэвэр ариун байж, Сүм чиний хувьд ямар нандин гэдгийг үргэлж хүмүүст хэлж байгаарай. Тэгвэл чи цаг нь болоход шийдвэр гаргах шаардлагатай хүнд хэцүү нөхцөлд орохгүй. Жишээлбэл, ахлах сургуульд хүн бүр намайг согтууруулах ундаа уух юм уу тамхи татах огтхон ч сонирхолгүй гэдгийг мэддэг байсан тул хэн ч иймэрхүү зүйл болдог үдэшлэгт урьж байгаагүй. Найзууд маань ч намайг ийм зүйл хийдэггүйг мэддэг байсан. …
Хэрэв чи хүмүүст өөрийнхөө жишгийг таниулах юм бол өөртэй чинь адилхан жишигтэй хүмүүс л чамайг тойрон хүрээлнэ. Чамайг хүн бүрд зарла гээгүй л дээ. Зүгээр л үйлдлүүд чинь үг хэлээгүй байсан ч бусдад харуулах болно. Чиний сүнс үнэхээр гайхалтай. Чи яг л нэрэндээ тохирсон. Чи бас гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй шүү. 16 насны төрсөн өдрийн мэнд хүргэе!” гэсэн байлаа. Хамгийн сүүлийн өгүүлбэрээ тэр улаанаар доогуур нь зурсан байв. Үүнээс илүү сайхан төрсөн өдрийн бэлэг байсангүй. Би захидлыг нь түүнийг Японоос гэртээ эргэн иртэл, нүүр тулан ярих боломжтой болтлоо ахин дахин уншиж билээ.
Энэ захидлыг авснаас хойш олон жил өнгөрсөн ч би өнөөг хүртэл хадгалсаар. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн ч ахыгаа хайрлах хайр минь хэвээр үлдсэн. Өнөөдөр би түүнийг зөвхөн ах бас найз гэдгээр нь бус, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсон хэмээн дэмжин баталдаг. Христийн онцгой гэрчийн хувьд бүх дэлхийд өгдөг зөвлөгөө нь яг л миний 16 насны төрсөн өдрөөр түүний илгээсэн захидал шиг миний амьдралд хүч нэмдэг юм.