Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Хугацаанаасаа өмнө номлолоос буусан номлогчдыг дэмжих
Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө номлолоосоо буусан номлогчдын эдгэрэх явцад дэмжлэг үзүүлэх талаар өгөх зөвлөгөө
Мормоны Номын хамгийн сонирхолтой түүхүүдийн нэг бол тулаанд шархдаж унасан Хиламаны 200 дайчны тухай түүх юм (Алма 57:25-ыг үзнэ үү). Би тэр 200 дайчин болон өнөө үед ямар нэгэн шалтгаанаас болж төлөвлөсөн хугацаанаасаа өмнө буух болсон номлогчид хоёрын хооронд олон ижил төстэй зүйл байгааг тодорхой хардаг.
Хэдийгээр 200 залуу асар их эр зориг гарган гэрээ орхин явсан ч тэднийг тулааны талбараас үүрэн гаргах хэрэгтэй болсон. Тэд өөрсдийгөө эр зоригтой байж, чадах бүхнээ хийлээ гэж үзэж байсан гэж би найдаж байгаа ч мөн өөртөө эргэлзэж, яагаад өөрийг нь бусдын адил хамгаалаагүй юм бол гэж асууж байсан байх гэж таамагладаг.
Хугацаанаасаа өмнө номлолоосоо буусан номлогчид Хиламаны дайчдын адил сайн дураараа явж, “тулаанд” орж, өөрийгөө мартан дайтсан гэдгээ олонтоо олж хардаггүй. Тэд номлолдоо бэлдэж, агуу их итгэл, Их Эзэнд үйлчлэх хүслээр дүүрэн байсан. Харин тэд “шархдаж унахдаа” (жишээлбэл, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас эсвэл бүр гэм буруугаас болж) хийж бүтээгээгүй зүйл дээрээ олонтоо анхаарлаа төвлөрүүлэн, сэтгэлээр унаж, ичиж зовон, урам хугардаг. Тэд бүр үйлчлэхэд хүргэсэн сүнслэг өдөөлтдөө эргэлздэг. Ийнхүү тэдгээр эргэн ирсэн номлогч бусад хүн эсвэл Их Эзэн тэднийг юу гэж харах бол гэдэгт санаа зовж болох юм. Тэд өөрсдийгөө бүтэлгүй хүн гэж эсвэл бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй гэж бодон, сөргөөр шүүж байж магадгүй.
Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө гэртээ ирсэн номлогчдод гэр бүл, найз нөхөд, тойргийн гишүүд нэгдэн, “эдгэрэхэд” нь туслах хэрэгтэй. Эргэж ирсэн номлогчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд мөн Сүмийн удирдагч, найз нөхөд, тойргийн гишүүдэд өгөх зарим зөвлөгөөг доор оруулав.
Хайртай хүмүүст нь өгөх зөвлөгөө: Эргэж ирсэн номлогчдод эдгэрэхэд нь туслан хийж болох 6 зүйл
-
Эргэж ирсэн номлогч бүрийг тулааны талбарт шархадсан дайчны адил үзэж, хайрлах сэтгэлээр хандан, тайтгаруулж, урамшуулан дэмжиж, халамжлах ёстой. Хийсэн үйлчлэлд нь талархаж, хийж бүтээгээгүй зүйл дээрээ биш, харин хийж бүтээсэн зүйл дээрээ төвлөрөхөд тэднийг урамшуул.
-
“Хугацаанаасаа өмнө ирсэн” эсвэл “хугацаанаасаа өмнө буусан” гэж биш, харин түүнийг “буцаж ирсэн номлогч” гэж дуудаарай. Эмзэг сэтгэлээр хандсан үгс эдгэрч, тэднийг хөл дээрээ босоход тусална.
-
Хэрхэн хамгийн сайн тус дэм болж болохоо олж мэдэхийн тулд тэднийг сонс.
-
Эцэг эхэд нь дэмжлэг туслалцаа үзүүл. Энэ нь номлогчийн эдгэрэх үйл явцад түлхэц өгдөг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байж болох юм. Буцаж ирсэн номлогчийн эцэг эхэд сэтгэл зүйн хувьд хэрэгтэй байгаа зүйлийг орхигдуулахгүй байхад анхаар.
-
Шаардлагатай бол мэргэжлийн зөвлөгөө ав. Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжилтнүүд буцаж ирсэн номлогчдод гэртээ буцаж ирэн дасан зохицож, энгийн амьдралд эргэн ороход нь тусалж чадна. Боломжтой газруудад ХҮГ гэр бүлийн үйлчилгээний алба хугацаанаасаа өмнө буусан номлогчдын хүсэлтээр тэдэнд 6 хүртэлх удаагийн зөвлөгөө авах ярилцлагыг үнэгүй авах боломжийг олгодог.
-
Сүнслэг удирдамж заавар эрэлхийл. Залбирлын хүчийг хэзээ ч дутуу үнэлэх ёсгүй. Тэдэнд хэрхэн сайн тусламж дэмжлэг үзүүлж, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэх талаар удирдамж заавар авахын тулд залбир.
Буцаж ирсэн номлогчдод өгөх зөвлөгөө: Эдгэрэх явцдаа санавал зохих 5 үнэн
-
Бурхан танд хайртай. Бидний хүн нэг бүр мөнх бус амьдралынхаа аянд өөр өөр цаг үед зовлон бэрхшээлтэй тулгардаг. Есүс Христэд итгэх итгэл нь зовлон бэрхшээлээс чөлөөлдөггүй. Харин энэ зарчим танд тэдгээрийг даван гарахад тусалж чадна. Есүс Өөрийн цагаатгагч золиосоор биднийг гэм нүглээс цэвэршүүлдэг төдийгүй тайтгарал, ойлголт, эдгэрэлт, дэмжлэг өгдөг. (Ахлагч Жэффри Р. Холландын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Хагарсан сав шиг” үгийг үзнэ үү.)
-
Судруудад эдгэрэлтийн талаар өгүүлдэг. Бурхан судрыг чин сэтгэлээсээ судалж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх зэрэг олон арга замаар дамжуулан Ариун Сүнсээр бидэнд ярьдаг. Амьдралыг туулах аянд ойлголт эрэлхийлэх замдаа шархадсан Хиламаны дайчид болон бусад хүний талаар уншина уу. Тэнгэрлэг Эцэг Өөрийг нь дагахыг эрэлхийлдэг байсан хүмүүст хэрхэн тохинуулж, эдгэрэхэд нь тусалсан тухай жишээнүүдийг олж мэд.
-
Үйлчлэл эдгэрэхэд тань тусална. Бурхан таныг сайн үйлсэд “санаа сэтгэлээ бүрэн зориулахыг” (Сургаал ба Гэрээ 58:27-ыг үзнэ үү) хүсдэг. Учир нь энэ нь танд эдгэрэхэд тусална. Өөрийн хүрээнээс гадуур харж, бусдад үйлчлэх боломжийг олохын төлөө залбир.
-
Залбирал таны нүдийг нээнэ. Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийл. Тэрээр эдгэрэхэд тань туслахыг хүсдэг. Түүнээс өөрийг тань хүчирхэгжүүлэн, нүдийг тань нээж мөн адислахыг түүнчлэн эдгээхийн тулд хийж буй зүйлийг нь олж харахад тусалж, өөрийгөө умартан бусдыг адислах хүч өгөхийг хүс.
-
Бусад хүн ойлгохгүй байж болно. Хүн бүр таны нөхцөл байдлыг ойлгохгүй, мэдэхгүйгээсээ болж янз бүрийн зүйл хэлж магадгүй. Гэхдээ үүнийг сэтгэлээр унах шалтгаан бүү болго. Таныг хүчирхэгжүүлдэг хүмүүст талархлаа илэрхийлж, нөхцөл байдлыг тань бүрэн ойлгохгүй байгаа хүмүүсийг уучлахад туслахын төлөө залбирахад анхаарлаа төвлөрүүл.